Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/336

 

 

С.Тт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Майбаяр,

хохирогч Н.Бгийн өмгөөлөгч Б.Дамба,

шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч С.Тэгшжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/177 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Майбаярын бичсэн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2 дугаартай прокурорын эсэргүүцэл болон хохирогч Д.Нийн өмгөөлөгч Б.Чинбат, хохирогч Н.Бгийн өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан давж заалдах гомдлоор С.Тт холбогдох 2111001601149 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Сгийн Т, 1969 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар уг ялаас 4.393.000 төгрөгийг төлж, 5.706.000 төгрөгийн үлдэгдэлтэй;

            Шүүгдэгч С.Т нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан худалдааны төвд үсчингээр ажиллаж байхдаа тус төвд алт, үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч иргэдтэй тогтоосон танилын харьцаа, өмнө нь зээл авч мөнгийг нь буцаан өгдөг байсан зэрэг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “маргааш зарж борлуулаад мөнгийг нь өгнө, нөхрийнхөө барьж байгаа барилгыг дуусахаар өөрийнхөө мэдлийн байрнаас орон сууцыг хямд өгнө” гэх зэргээр хуурч, Д.Нээс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 71.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгө аяга, эмээл, алтан гинж зэрэг эд зүйлийг, Н.Бгээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 88.219.050 төгрөгийг бэлнээр болон өөрийн нэр дээрх Хаан банкны - дугаарын дансаар авч, нийт хоёр иргэнд их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Прокуророос үйлдсэн ... яллах дүгнэлтээс харахад шүүгдэгч аль дүүрэг, аймгийн нутаг дэвсгэрт гэмт хэргүүдийг үйлдсэн эсэх, шүүгдэгч гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасан “...үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймд яллах дүгнэлтэд гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн эсэх нь тодорхойгүй, мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх зэрэг асуудлыг дутуу хянаснаас шалтгаалж дараах ноцтой зөрчлүүд үүсчээ.

Гэмт хэрэг хаана гарсан эсэхийг тогтоосноор гэмт хэргийн харьяаллын асуудал тогтоох учиртай юм. Иймд дараах зүйлсийг зайлшгүй шалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Үүнд:

...С.Т нь хохирогч Д.Нээс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 71.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аяга, эмээл, алтан гинж, зэрэг эд зүйлийг хэнтэй, хаанаас ирж авсан, уг эд зүйлсээ цаашаа хэнд өгсөн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна, яагаад гэхээр шүүх мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрч С.М, шүүгдэгч С.Т нарын зүгээс “...Д.Нээс авсан эд зүйлсээ Од өгсөн” гэж мэдүүлдэг. Хохирогч Н.Бгээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 88.219.050 төгрөгийг бэлнээр болон өөрийн нэр дээрх Хаан банкны - дугаартай данснаас авч, ... их хэмжээний хохирол учруулсан” гэжээ.

Иймд Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд 436.602.650 төгрөгөөс бэлнээр хэзээ, хаана ямар газар хэдэн төгрөгийг өгсөн, хэний ямар дугаартай данснаас хэзээ, хаанаас аль банк, хаана байдаг АТМ-ээс хэний ямар ямар дугаартай данс руу хэд хэдэн төгрөгийг шилжүүлсэн эсэхийг нарийвчлан шалгаж тогтоох, мөн хохирогч Н.Б “2020 онд 3.800.000 төгрөгийг С.Тт өгсөн түүнийг нэхэмжилж байна “гэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байх тул дээрх 3.800.000 төгрөгийг хэзээ, хаана хэнд өгсөн эсэхийг шалгаж тогтоох,

...Шүүгдэгч С.Т, гэрч С.М нар нь ... Д.Нээс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 71.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн аяга, эмээл, алтан гинж, зэрэг эд зүйлийг аваад эдгээр зүйлсээ Од өгсөн гэж мэдүүлж байх тул дээрх мэдүүлэгтээ холбогдуулж Ог энэ гэмт хэрэгт ямар үүрэг, оролцоотой оролцсон, хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох,

...мөрдөн шалгах ажиллагааны явцад, болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, хохирогч нарын зүгээс авах ёстой мөнгөн дүн, төлөх ёстой мөнгөн дүнгүүд хоорондоо зөрүүтэй мэдүүлэг төдийгүй, шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогч Н.Бд илүү мөнгө төлсөн талаар маргаж прокурортой, болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчтэй мэтгэлцэж байна. Хохирогч Н.Б 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрүүдэд 436.602.650 төгрөгөөс бэлнээр хэзээ, хэзээ, хаана ямар газар хэдэн төгрөгийг өгсөн, хэний ямар дугаартай данснаас хэзээ, хаанаас аль банк, хаана байдаг АТМ-ээс, хэний, ямар ямар дугаартай данс руу, хэд хэдэн төгрөгийг шилжүүлснээс одоо үлдэгдэл 88.219.050 төгрөг болж байгааг, шүүгдэгч С.Т 379.896.670 төгрөгийг дансаар аваад буцаагаад 413.747.000 төгрөгийг Н.Бгийн дансанд шилжүүлсэн илүү 43.000.000 төгрөг төлсөн гэж маргаж байх тул С.Т нь ямар дугаартай данснаас хэзээ, хэзээ, ямар данс руу хэдэн төгрөгийг шилжүүлсэн, хэдэн төгрөгийг хаана, хаана бэлнээр өгсөн, одоо яагаад хохирогч Н.Бд төлбөр төлөхгүй, харин яагаад 43.000.000 төгрөг илүү төлсөн гээд байгааг нарийвчлан шалгаж тогтоох,

мөн хохирогч Н.Б “2020 онд 3.800.000 төгрөгийг С.Тт өгсөн түүнийг нэхэмжилж байна” гэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байх тул дээрх 3.800.000 төгрөгийг хэзээ, хаана хэнд өгсөн эсэхийг шалгаж тогтоох,

иймд шүүгдэгч С.Т нь Н.Бгээс яг хэдэн төгрөгийг бэлнээр авч, хэдэн төгрөгийг дансаар авч, хэдэн төгрөгийг бэлнээр буцаан өгч, хэдэн төгрөгийг хэний ямар дугаартай данс руу хийж, одоо яг хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа эсэхийг шалгаж тогтоох, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс эдийн засгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах, дээрх ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгдэгч, хохирогч нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчихгүй байх, шаардлагатай тохиолдолд дүгнэлт гаргуулахад, дансанд үзлэг хийхэд шүүгдэгч, хохирогч талыг байлцуулах шаардлагатай, хохирлыг нарийн тооцож, шалгах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхийг дурдах нь зүйтэй байна.

...Мөрдөн шалгах, болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч шүүгдэгч нар нь бие биенээ таньдаг, мөнгө зээлж авалцдаг байсан талаараа хэн аль нь зөрүүгүй мэдүүлж байгаа төдийгүй хохирогч Н.Бгээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 88.219.050 төгрөгийг авсан гэж байгаа нь шүүгдэгчийн “...би Н.Бгээс хүүтэй мөнгө зээлээд буцааж өгдөг” гэдгийг нотолж энэ талаар хохирогч Н.Б “...би хүүтэй мөнгө өмнө нь зээлдэг байсан, эргэн төлж байсан” талаар мэдүүлж байх тул шүүгдэгчийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн ямар сэдэлт, санаа зорилготой байсан, бусдыг залилах гэмт хэргийн шинжтэй эсэхийг нарийвчлан шалгаж тогтоох, эсхүл иргэд хоорондын зээлийн харилцаа эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй байна. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг зайлшгүй тогтоох шаардлагатай байна гэж шүүх дүгнэлээ. Иймд дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэн хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч Д.Нийн өмгөөлөгч Б.Чинбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр болсон шүүх хуралд хохирогч Д.Н болон түүний өмгөөлөгч Б.Чинбат бид нар өөрийн биеэр оролцсон билээ. Гэтэл шүүгчийн захирамжид хохирогч Д.Н болон түүний өмгөөлөгч Б.Чинбат бид нарыг шүүх хуралд оролцоогүй, байгаагүй мэт бичсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Шүүгч С.Батжаргал нь шүүхийн шийдвэрийнхээ талаар амаар танилцуулахдаа “Хэрэгт авагдсан фото зургаар үнэлгээ тогтоосон нь эргэлзээтэй байх тул хохирогч Д.Нийн хувьд мөнгөн аяга, эмээл, алтан гинж зэрэг эд зүйлүүдийг үнэлгээг шинжилгээний байгууллагаар дахин үнэлүүлэх шаардлагатай.” гэж тайлбарласан юм. Гэтэл дээрх асуудлыг захирамжид дурдаагүй, амаар гаргасан шийдвэртэй дурдаагүй зүйл болох “шүүгдэгч С.Т нь Д.Нээс авсан эд зүйлсээ Од өгдөг гэж мэдүүлдэг тул дээрх мэдүүлэгтэй холбогдуулан Ог энэ гэмт хэрэгт ямар үүрэг, оролцоотой хамтран оролцсон, эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай” гэсэн асуудлыг шүүгчийн захирамждаа дурдсан нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Харин шүүгч С.Батжаргал шийдвэрээ амаар танилцуулахдаа “...хохирогч Н.Бгээс Огийн данс руу шилжүүлсэн мөнгө, Огаас шүүгдэгч С.Туналаг руу шилжүүлсэн мөнгөн дүнгийн асуудлыг шалгах, хохирогч Н.Бгээс мөнгө залилсан гэх үйлдэлд Огийн үйлдэл оролцоог шалгах шаардлагатай” гэж танилцуулсан юм. Шүүгчийн захирамжид дурдсан “...шүүгдэгч С.Т нь Д.Нээс авсан эд зүйлсээ Од өгдөг” гэж мэдүүлдэг тул дээрх мэдүүлэгтэй холбогдуулж Ог энэ гэмт хэрэгт ямар үүрэг, оролцоотой хамтран оролцсон эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай” гэж энэ хэрэгт ямар ч холбогдолгүй, илтэд үндэслэлгүй зүйлээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтууд болох 1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд байх яллагдагч С.Тийн хохирол төлөх талаар гаргасан тодорхойлолт, 17 дугаар хуудсанд байх хохирогч Д.Нийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч С.Тийн мэдүүлсэн “...1 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд байх “Д.Нийн хохирлын мөнгийг төлнө” гэсэн бичиг миний бичиг мөн. Би цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ Д.Нийн мөнгөн аяга, эмээл, алтан гинж зэрэг эд зүйлүүдийн хохирлыг төлж барагдуулна гэж өөрөө сайн дураараа бичиж өгсөн” гэх мэдүүлэг, шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд миний бие шүүгдэгч Д.Таас “2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Д.Нээс дээрх эд зүйлийг авах үедээ хэнтэй хамт явсан бэ?, О гэх хүнд дамжуулан өгнө гэж хэлж ярьж авсан уу?” гэсэн асуултад шүүгдэгч Д.Т “2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Д.Нээс дээрх эд зүйлийг авах үедээ би ганцаараа явсан. О гэх хүн дамжуулан өгнө гэж Д.Нт хэлж яриагүй” гэх мэдүүлэг, хохирогч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би С.Тийг урьд нь таньдаг байсан болохоор 2 хоногийн хугацаатай мөнгөн аяга, эмээл, алтан гинж зэрэг эд зүйлүүдийг өгсөн юм. Тэр надаас дээрх эд зүйлийг зээлээр авах үедээ өөр хүнд дамжуулан өгнө гэж хэлж ярьж байгаагүй” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч С.Батжаргал өөрөө шүүгдэгч С.Таас “Та Д.Нээс дээрх үнэт эд зүйлийг нь зээлээр авах үедээ өөр хүнд дамжуулан өгнө. Тэр хүнээс мөнгийг нь аваарай” гэж хэлж ярьж авсан юм уу?” гэсэн асуултад шүүгдэгч С.Т “Би хэд хоногийн дараа мөнгийг нь өгнө” гэж хэлж ганцаараа авсан. Тэр үед О байгаагүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Т ганцаар үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Т нь хохирогч Д.Нээс 2 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэж ганцаараа мөнгөн аяга, эмээл, алтан гинж зэрэг эд зүйлүүдийг нь залилан аваад хуулийн байгууллагад шалгуулах үедээ Монгол Улсын хилээр гараад явсан О гэх хүнд дамжуулан өгсөн гэж худал мэдүүлээд байгаа нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад энэ хэрэгт ямар ч хамааралгүй, ач холбогдолгүй дээрх зүйлийг шалгуулахаар шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Хохирогч Д.Нийн шүүгдэгч С.Тт залилуулсан мөнгөн аяга, эмээл, алтан гинж зэрэг эд зүйлүүдийг фото зургаар үнэлүүлсэн нь эргэлзээтэй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсэн хуулийн заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүхийн шатанд дахин шинжээч томилон, нөхөн гүйцэтгэх боломжтой юм. Учир нь, хохирогчийн зүгээс С.Тт залилуулсан мөнгөн аяга, эмээл, алтан гинж зэрэг эд зүйлүүдтэй хамт зарж борлуулж байсан нэг загварын хийц бүхий мөнгөн аяга, эмээл, алтан гинж зэрэг эд зүйлүүдийг одоо хүртэл худалдаалж байгаа тул дээрх зүйлүүдийг ашиглан шүүхийн шатанд шинжилгээ, үнэлгээ гаргуулах бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр эцэслэн шийдүүлж өгнө үү. ...” гэжээ.

            Хохирогч Н.Бгийн өмгөөлөгч Б.Дамба давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Б нь Чингэлтэй дүүргийн, 3 дугаар хороо, Урт цагаан Худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг талаар мэдүүлдэг ба түүний энэхүү мэдүүлгийн талаар шүүгдэгч, гэрч нар маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Хохирогч Б нь өөрийн ажил дээр байхдаа шүүгдэгч Тт бэлнээр мөнгө өгч байсан гэж мэдүүлдэг ба энэ нь хохирогчоос шүүгдэгч Тт бэлнээр мөнгө өгсөн тухай /1хх 201-205/ баримтуудыг өөрийн гараар бичсэн гэх шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдоно. Түүнчлэн хохирогч Н.Б нь хэзээ, хаанаас аль банк, хаана байдаг АТМ-ээс шүүгдэгч С.Тт мөнгө шилжүүлж байснаа мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б нь “...Би ажил дээр байхдаа Урт цагааны дэргэдэх АТМ-ээс эсхүл гар утаснаасаа Интернет банкаар Т руу мөнгө шилжүүлдэг байсан. ...” гэж мэдүүлсэн. Гэмт хэрэг эхэлсэн, төгссөн газар нь хохирогчийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр юм.

            ...Хохирогч Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “... 2020.05.08-ны өдөр Т . нь өөрийн охин Цэнд-Аюушийн хамт манай ажил дээр ирж, 2.000.000 төгрөг надаас бэлнээр авсан. Мөн 2020.08.30-ны өдөр ажил дээр ирж, 3.000.000 төгрөг авсны 1.350.000 төгрөгийг дансаар, үлдэх 1.650.000 төгрөгийг бэлнээр авсан. Энэ мөнгөө нэхэмжлээгүй орхигдуулсан тул 3.650.000 төгрөгөө нэмж нэхэмжилж байна.” гэж мэдүүлсэн. Хохирогчийн энэхүү мэдүүлэг нь хохирогчоос шүүгдэгчид бэлнээр мөнгө өгсөн тухай баримтаар нотлогддог /1хх 201-205/ ба энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй болно. Харин шүүгчийн захирамжид хохирогчийн нэмж нэхэмжилсэн мөнгөн дүнг 3.800.000 төгрөг гэж ташаа бичсэн байсныг дурдая.

            Хохирогч Н.Б нь шүүгдэгч С.Тт яг хэдэн төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн, хэдэн төгрөгөө буцааж авсан, одоо яг хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б, шүүгдэгч С.Т нарын мэдүүлэг, хохирогч Н.Бгээс шүүгдэгч Тт бэлнээр мөнгө өгсөн тухай баримтууд болон хохирогч Н.Б, шүүгдэгч С.Т нарын дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар хангалттай нотлогддог. Тодруулбал, дээрх баримтуудаар 2017 онд хохирогч Н.Б нь Хаан банк дахь өөрийн - дугаар данснаас шүүгдэгч С.Тийн Хаан банк дахь - дугаар данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 20.900.000 төгрөг, шүүгдэгчийн охин О.Цэнд-Аюушийн данс руу 1 удаагийн гүйлгээгээр 3.000.000 төгрөг шилжүүлсэн. шүүгдэгч С.Т нь 2017 онд өөрийн данснаас хохирогч Н.Бгийн дээрх данс руу 7 удаагийн гүйлгээгээр 15.878.400 төгрөг буцаан шилжүүлсэн. 2018 онд хохирогч Н.Б нь Хаан банк дахь өөрийн - дугаар данснаас шүүгдэгч С.Тийн Хаан банк дахь 501968218.0 дугаар данс руу 62 удаагийн гүйлгээгээр нийт 357.523.650 төгрөг, шүүгдэгчийн охин О.Цэнд-Аюушийн данс руу 1 удаагийн гүйлгээгээр 12.000.000 төгрөг, О.Огийн Хаан банк дахь - дугаар данс руу шүүгдэгчийн утасны дугаар бүхий “9905-6372” гэх гүйлгээний утгатай 24.000.000 төгрөг бүгд 393.523.650 төгрөг шилжүүлсэн. Мөн бэлнээр 5 удаа нийт 65.000.000 төгрөг бүгд 458.523.650 төгрөг өгснөөс шүүгдэгч С.Т нь 2018 онд өөрийн дээрх данснаас хохирогч Н.Бгийн данс руу 68 удаагийн гүйлгээгээр нийт 378.726.700 төгрөг, өөрийн охин О.Цэнд-Аюушийн данснаас 5 удаагийн гүйлгээгээр 2.960.000 төгрөг бүгд 381.686.700 хохирогчид буцаан шилжүүлсэн.Зөрүү нь 76.836.950 төгрөг юм. 2019 онд хохирогч Н.Б нь Хаан банк дахь өөрийн - дугаар данснаас шүүгдэгч С.Тийн Хаан банк дахь - дугаар данс руу 1 удаагийн гүйлгээгээр 1.000.000 төгрөг, шүүгдэгчийн охин О.Цэнд-Аюушийн данс руу 3 удаагийн гүйлгээгээр 3.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Шүүгдэгч С.Т нь 2019 онд өөрийн дээрх данснаас хохирогч Бгийн данс руу 5 удаагийн гүйлгээгээр 2.600.000 төгрөг буцаан шилжүүлсэн. Зөрүү нь 1.400.000 төгрөг юм. 2020 онд Хохирогч Н.Б нь Хаан банк дахь өөрийн - дугаар данснаас шүүгдэгч С.Тийн Хаан банк дахь - дугаар данс руу 4 удаагийн гүйлгээгээр 2.185.000 төгрөг, шүүгдэгчийн охин О.Цэнд-Аюушийн данс руу 13 удаагийн гүйлгээгээр 12.994.000, бэлнээр өгсөн 3.650.000 төгрөг бүгд 18.829.000 төгрөг өгсөн, шүүгдэгч С.Т нь 2020 онд өөрийн дээрх данснаас хохирогч Н.Бгийн данс руу 19 удаагийн гүйлгээгээр 16.868.500 төгрөг буцаан шилжүүлсэн. Зөрүү нь 1.960.500 төгрөг юм. Бүгд зөрүү нь 88.219.050 төгрөг төгрөг юм. Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бд 88.219.050 төгрөгийн хохирол бодитой учирсан болно. Гэмт хэргийн сэдэлт,зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаар дурдвал шүүгдэгч С.Т нь хохирогчтой тогтоосон танилын харилцаа, зарим зээлээ эргэн төлсөн харилцаагаар хохирогчоос итгэл олж авч, үүнийгээ урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар буюу нөхрийнхөө барьж байгаа орон сууцны барилгаас үлдэгдэл мөнгөндөө тооцож, хямд үнээр орон сууц авч өгнө гэж хохирогчийн төөрөгдөлд оруулсан шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч, хохирогч нарын хооронд чатаар болон мессежээр харилцаж байсан тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогддог. Иймд өмгөөлөгч би дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ц.Майбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хууль ноцтой зөрчсөн зөрчил байхгүй. Мөн мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүй, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүгчийн захирамжид шалгуулахаар дурдсан зүйлсийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн шалгаж тогтоосон. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу яллах дүгнэлт үйлдэгдсэн. Яллагдагч С.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол, яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр” гэж бичсэн бөгөөд яллагдагч С.Тийн хоёр иргэнийг залилсан үйлдлийг үргэлжилсэн үйлдэл гэж дүгнэн хохирлын хэмжээгээр хүндрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн болно. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол, яллах дүгнэлтэд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлаж” гэж дурдаагүй нь хэргийн зүйлчлэл, шийдвэрт нөлөөлөхгүй юм. Мөрдөн байцаалтаар хохирогч Д.Н, Н.Б нар нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фреш” худалдааны төв, Урт цагаан худалдааны төвд тус тус үйл ажиллагаа явуулдаг ба гэмт хэрэг эхэлсэн болон төгссөн газар нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр болох нь хохирогч нараас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, хохирогч, яллагдагч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Хэдийгээр яллагдагч С.Т, гэрч С.М нар нь хохирогч Д.Нээс авсан эмээл, мөнгөн аяга зэрэг эд зүйлийг Д.Од өгсөн, Д.Од байгаа, түүнээс мөнгөө авч чадаагүй талаар мэдүүлэх боловч хохирогч Д.Нээс эд зүйл хүлээн авсны маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Д.Огийн Хаан банк дахь - тоот данснаас С.Тийн Хаан банк дахь - тоот дансанд 60, 70 сая төгрөг шилжиж орсон байдаг. С.Тийн Хаан банк дахь - дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийхэд, мөн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд С.Тийн данснаас Д.Огийн - тоот дансанд 218.750.000 төгрөг, С.Тийн дансанд Д.Огийн данснаас 311.476.000 төгрөг тус тус шилжиж орсон болох нь тогтоогдсон. Хохирогч Д.Н, Н.Б нар нь Д.О гэх хүнийг огт танихгүй талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн.

            Хохирогч Д.Н нь “С.Т нь 3.500.000 төгрөгөөр зарахаар 26.6 лангийн жинтэй гар хийцийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөн 1 ширхгийг нь 3.500.000 төгрөгөөр зарахаар 28 лангийн жинтэй, их гарын мөнгөн аяга 2 ширхэг, 3.500.000 төгрөгөөр зарахаар 26 лангийн жинтэй, шүрэн шигтгээтэй, оюу шигтгээтэй 2 ширхэг аяга, 40.000.000 төгрөгөөр зарахаар 100 лангийн жинтэй, үндсэн тагштай, гар сүлжмэл хийцийн идээний цар таваг 1 ширхэг, 12,500,000 төгрөгөөр зарахаар Батноров бүтэн эмээл 1 ширхэг болон нийт 200 грамм эрэгтэй, эмэгтэй хүний 750-ийн сорьцтой алтан гинжүүд 1 грамм (гинжүүдийг)-ыг нь 100.000 төгрөгөөр бодож, нийт 20.000.000 төгрөгт бодож, гинж, эд зүйлийг нийт 68.500.000 төгрөгөөр авсан талаар мэдүүлж, энэ талаар баримт үйлдэж С.Таар гарын үсэг зуруулсан баримт /1хх 79/-ыг гаргаж өгсөн хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бодитой тогтоохын тулд шинжээч томилж “Дамно” хөрөнгийн үнэлгээний газраар хөрөнгийн үнэлгээний тайланг гаргуулж, түүнд хохирлын хэмжээг 71.600.000 төгрөгөөр тогтоосон. Хэрэв “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг нотлох, эргэлзээтэй, дахин шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүсэлтээ гаргаж шүүхийн шатанд шинжилгээ хийлгэх боломжтой байсан. Хохирогч Д.Н нь “би С.Ттай зарна гэж анх тохиролцсон үнээрээ, түүнээс надад өгсөн мөнгөн дүнг хасаж хохирлоо нэхэмжилнэ, би түүнээс үнэлгээний дагуу илүү мөнгө нэхэхгүй” гэж мэдүүлдэг.

            Мөрдөн байцаалтын ажиллагаагаар болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч Н.Бгээс С.Тт бэлнээр мөнгө өгсөн тухай баримт болон Н.Б, С.Т, О.Цэнд-Аюуш, Д.О нарын дансны хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хохирогч Н.Бд учирсан хохирлын хэмжээ 88.219.050 төгрөг болох нь хөдөлбөргүй тогтоогдсон. Хохирогч Н.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын хэмжээг буруу тооцсон буюу С.Т нь охин О.Цэнд-Аюушийн хамт ирж 2020 оны 5 сард 2.000.000 төгрөг бэлнээр, 2020 оны 8 сард 3 сая төгрөг авсны 1.350.000 төгрөгийг дансаар өгч, үлдэх 1.650.000 төгрөгийг бэлнээр өгсөн байснаа буюу 5 сард бэлнээр өгсөн 2 сая төгрөг, 8 сард бэлнээр өгсөн 1.650.000 төгрөг, нийт 3,650,000 төгрөгийг хохиролдоо оруулалгүй орхигдуулсан талаар мэдүүлсэн. Мөн яллагдагч С.Т нь “99056372” дугаарыг өөрийнх нь дугаар болохыг, мөн хохирогч Н.Б, Д.Н нараас гаргаж өгсөн мөнгө өгсөн тухай болон мөнгө өгөх тухай баримтад зурагдсан гарын үсгүүд өөрийнх нь бөгөөд өөрөө сайн дураараа зурсан болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Яллагдагч С.Т, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж нар нь “Н.Б нь хүүтэй мөнгө зээлдүүлдэг, тийм ч учраас С.Тийн - тоот данс руу 381.608.500 төгрөгийн зарлагын, С.Тийн данснаас Н.Бгийн данс руу 414.073.600 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, С.Т нь хохирогч Н.Бд 43 сая төгрөг илүү төлсөн, харин ч авлага” гэх боловч мөрдөн байцаалтаар хэрэгт цугларсан С.Тийн Хаан банк дахь -, Н.Бгийн Хаан банк дахь -, О.Цэнд-Аюушийн Худалдаа хөгжлийн банкны -, Хаан банкны -, Д.Огийн Хаан банкны - тоот дансны хуулга, тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэлээр Н.Бгийн данснаас С.Т, О.Цэнд-Аюуш, Д.О нарын данс руу нийт 436,602,650 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж, тухайн данснуудаас Н.Бгийн данс руу нийт 417.033.600 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, зөрүү 19.569.050 төгрөгийг үлдсэн буюу буцаан өгөөгүй болох нь тогтоогдог. Яллагдагч С.Тийн хохирогч Н.Бгээс бэлнээр авсан мөнгөн дүнтэй дансаар авсан мөнгөнөөс буцаан төлөөгүй 19.569.050 төгрөг нийлээд нийт хохирлын хэмжээг тогтоосон болно.

            Мөрдөн шалгах болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч, шүүгдэгч нар нь бие биеэ таньдаг, мөнгө зээлж авалцдаг байсан талаараа хэн аль нь зөрүүгүй мэдүүлдэг ба энэ талаар шүүгчийн захирамжид ч тусгасан бөгөөд яллагдагч С.Т нь танилын харьцаа, өмнө нь зээл авч мөнгийг нь буцаан өгдөг байсан зэрэг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “маргааш зарж борлуулаад мөнгийг нь өгнө, нөхрийнхөө барьж байгаа барилгыг дуусахаар өөрийнхөө мэдлийн байрнаас орон сууцыг хямд өгнө” гэх зэргээр хуурч, хохирогч нараас эд зүйлийг шилжүүлэн авсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн хохирогч нарын болон О.Нармандах, С.М, Ё.Ганцоож нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Яллагдагч С.Т нь хохирогч нараас шилжүүлсэн авсан эд зүйл, мөнгийг буцаан төлөх зорилгогүй байсан нь хэрэг үйлдэгдсэнээс хойш төлж барагдуулаагүй байгаагаар давхар нотлогдоно. Шүүхийн шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Чинбат, хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Дамба, гэрч О.Алтанцэцэг, С.М нарыг шүүх хуралдаанд оролцуулсан талаар тусгаагүй, орхигдуулсан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой тул шүүгчийн 2022/ШЗ/177 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

            Шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч С.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Миний үйлчлүүлэгч С.Тт холбодох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн үйлдэл хэзээ, хаана, яаж гарсан, хэдий хэмжээний хохирол, хор уршиг учруулсан гэдэг асуудлыг хэрэгт авагдсан баримтаар тал бүрээс нь эргэлзээгүй тогтоох ажиллагаа дутуу хийгдсэн. Энэ хэргийн хоёр хохирогчийн нэгээс нь эд зүйл, үнэт эдлэл авсан байдаг бол нөгөөхөөс нь мөнгөний үлдэгдэл гэх асуудлыг ярьдаг. Эмээл, алтан гинж, бусад үнэт эдлэлтэй холбоотой гаргасан шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжилгээний обьектгүй дүгнэлт болсон. Өөрөөр хэлбэл, хохирогч ямар үнэт эдлэлийг бусдад өгч, хэдий хэмжээнд хохирсон гэдгийг ямар нэг обьект, баримт бичиг харахгүйгээр дүгнэлт гаргана гэдэг ойлголт байхгүй. Холбогдох хуулиараа заавал обьекттой байхыг заасан шаардлагыг хангаагүй тул дахин дүгнэлт гаргуулах асуудал яригдсан. Түүнээс биш банкны хуулгад дүгнэлт гаргана гэдэг байдлаар шүүх буцаагаагүй. Тухайн эд зүйлийг С.Т авч Д.О гэгчид дамжуулан өгсөн эсэхтэй холбоотой харилцаа юу болох, хамтран оролцогчийн шинж байгаа эсэх, уг эд хөрөнгийг хэн авсантай холбоотой ажиллагааг шалгуулах нь хэргийн шалтгаан нөхцөлтэй холбоотой тул хэргийг буцаасан нь үндэслэлтэй. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн нотолбол зохих ажиллагаа буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудал маргаантай байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Н.Бгээс 4 жилийн хугацаанд их хэмжээний мөнгө авсан харилцаа үүссэн байна. Энэ харилцаа нь залилах гэмт хэргийн шинжтэй асуудал уу, Иргэний хуульд заасан иргэн хоорондын зээлийн гэрээтэй холбоотой харилцаа юу. С.Тийн мэдүүлгийг эс тооцвол мөнгөний үлдэгдэл үлдсэн, эсхүл давуулж төлсөнтэй холбоотой баримтууд хэрэгт авагдсан. Энэ байдлыг тодорхойлох, иргэний шинжтэй харилцаа юу, илүү төлөлтийн асуудал яагаад гарсан,  хохирлын асуудлыг зөв тодорхойлсон уу зэрэг шалгах асуудал их байсан тул шүүх хэргийг буцаасан. Мөн хэдий хугацаанд ямар үйлдлүүдээр үргэлжилсэн гэмт хэрэгт тооцож, яллах дүгнэлт үйлдсэн болох нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, прокуророос хянавал зохих ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй, хуулийн хувьд алдаатай гэх ойлголтын хүрээнд хэргийг буцаасан. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрхэн үйлдсэн, хор уршиг, хамтран оролцсон асуудал шийдвэрлэгдээгүй байх тул шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй харилцаанууд үүссэн учир хэргийг дахин шалгах нь зүйтэй гэсэн. Зөвхөн Шүүхийн шинжилгээний асуудал дутуу үндэслэлээр буцаасан биш олон нөхцөл шалтгааны улмаас буцаасан. Хэрэв зөвхөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзвэл шүүх дахин шинжилгээ хийлгэж болно. Иймд эдгээр байдлуудыг харгалзан үзэж, шалгах шаардлагатай гэсэн үндэслэлтэй захирамж гарсан тул шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Прокуророос С.Тийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан худалдааны төвд үсчингээр ажиллаж байхдаа тус төвд алт, үнэт эдлэлийн худалдаа эрхлэгч иргэдтэй тогтоосон танилын харьцаа, өмнө нь зээл авч мөнгийг нь буцаан өгдөг байсан зэрэг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “маргааш зарж борлуулаад мөнгийг нь өгнө, нөхрийнхөө барьж байгаа барилгыг дуусахаар өөрийнхөө мэдлийн байрнаас орон сууцыг хямд өгнө” гэх зэргээр хуурч, Д.Нээс 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 71.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгө аяга, эмээл, алтан гинж зэрэг эд зүйлийг, Н.Бгээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 88.219.050 төгрөгийг бэлнээр болон өөрийн нэр дээрх Хаан банкны - дугаарын дансаар авч, нийт хоёр иргэнд их хэмжээний хохирол учруулан учруулсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шалгавал зохих байдлуудыг хангалттай тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан байдлуудыг нотлох талаар мөн зүйлд заажээ.

            Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай оролцогчийг талуудын хүсэлтээр оролцуулж, яллагдагчийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийг хэлэлцэж гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

            Түүнчлэн шүүгдэгч С.Тт холбогдох хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хэргийн оролцогчдоос шинжээч томилж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргавал анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хориндолдугаар бүлэгт заасан Шинжилгээ хийлгэх эрх зүйн зохицуулалт нээлттэй.

            Иймд прокурор Ц.Майбаярын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Тт холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/177 дугаартай захирамжийг хүчингүй болгож, С.Тт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцтэл С.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ОЧМАНДАХ

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ