Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2016/0199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М******* а******* ХХК, Бэст ******* ХХК

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар бүхий 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тайлан, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай тогтоол болон Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Газрын тухай хууль болон Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/31 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг захиргааны хууль бус акт болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц*******, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: "...М******* а******* ХХК нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо 31 дүгээр байрны урд, давхар гараажийн зориулалтаар нэгж талбарын 17/5111 дугаар бүхий 1628 м.кв газрыг Баянгол Дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжийн дагуу эзэмшиж Аж ахуй нэгж байгууллагын газар эээмших эрхийн 0293314 тоот гэрчилгээ авч дүүргийн газрын албатай 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан ажиллаж уг газрыг,

Б******* колумбиа" ХХК нь Баянгол дүүргийн 12 дугаар хороо 16, 17 дугаар байрны урд давхар гараажийн зориулалтаар нэгж талбарын 16/5177 дугаар бүхий 4750 м.кв газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжийн дагуу эзэмшиж Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 0293313 тоот гэрчилгээ авч дүүргийн газрын албатай 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан ажиллаж уг газрыг хууль ёсоор тус тус эзэмшиж байсан.

Гэтэл Баянгол дүүргийн Засаг дарга 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр А/31 дүгээр Газрын тухай хууль болон Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж гаргаж манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Бид энэ захирамжийн талаар дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан боловч "олон компани байгаа тул нэг мөр шийдвэрлэнэ, дараагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлнэ" гэх мэтээр удтал хүлээлгэсний эцэст шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандаж байна.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол нь дүүргийн Засаг д******* олгогдоогүй үүргий! ногдуулсан хууль бус захиргааны шийдвэр тул түүнийг үндэслэн гаргасан дүүргийн Засаг даргын захирамж нь мөн хууль бус юм.

Иймд дээрхи тогтоол, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож эдгээр компаниудын газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаартай захирамжаар "М******* а*******" ХХК-д Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 31 дүгээр байрны урд талд давхар гаражийн зориулалтаар 1628 м.кв газар, "Бэст *******" ХХК-д тус дүүргийн 12 дугаар хорооны 16, 17 дугаар байрны ард давхар гараашийн зориулалтаар 4750 м.кв газрын газар эзэмших эрхийг 2 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Дээрх газар эзэмшүүлсэн захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасан "энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах", мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна", 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан "энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно". 33.4 дэх хэсэгт заасан "Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглано" гэсэн заалтуудыг зөрчиж газар эзэмших эрхийг олгосон.

Баянгол дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмыг зөрчин газар эзэмших эрх олгосон. шийдвэрийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгтк, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн-29.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл "эс үйлдэхүй"-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэсэн заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 /Эрхийн гэрчилгээ эзэмшипн болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй/, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах6.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны акгыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана, 6.2-т Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна, Энэ хуулийн 6.1,-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэи нь тогтоогдвол захиргааны байгууллага, албан тушаалтан уг хугацааг хэтэрснээс хойшхи гурван сарын дотор нөхөн сэргээж болно. Хугацаа сэргээхтэй холбогдсон гомдлыг шүүхэд гаргана.

Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай тогтоолын 3 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан "...хөөн хэлэлцэх хугацаа..." нь мөн зүйлийн 6.1-д заасан "холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоног" гэсэн хугацаагаар тодорхойлогдоно. Энэ хугацаанд гомдлоо хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргаж чадаагүй иргэн, хуулийн этгээд, байгууллага нь зөвхөн "хөөн хэлэлцэх хугацаа"-г сэргээлгэхээр урьдчилан шийдвзрлэх эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтанд хандана" хэмээн заасан байдаг.

Гэтэл маргаан бүхий дүүргийн Засаг даргын захирамж гарснаас хойш 3 жил өнгөрсөн, хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан байх бөгөөд Газрын тухай хуульд заасан хугацаа сэргээсэн шүүгчийн захирамж гараагүй болно.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар "М******* а*******" ХХК-д тус дүүргийн 15 дугаар хороо, 31 дүгээр байрны урд давхар гражийн зориулалтаар 1628 кв.м газар, мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар "Бэст*******" ХХК-д тус дүүргийн 16 дугаар хороо, 17 дугаар байрны урд давхар гражийн зориулалтаар 4750 кв.м газрыг.эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, "Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна", 33 дугаар зүйлийн 33.1.2, дугаар зүйлд "газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэж заасан байхад тухайн заалтыг ноцтойгоор зөрчин газар эзэмшүүлсэн байна. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заажээ.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээн заасан зориулалтын дагуу ашиглаагүй, зар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

 

Иймд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай 20 дугаар 20.1.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг үндэслэн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаанаас Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар эрын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар "М******* а*******" ХХК-д тус дүүргийн 15 дугаар хороо, 31 дүгээр байрны урд давхар гражийн зориулалтаар 1628 кв.м газар, мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар "Бэст*******" ХХК-д тус дүүргийн 16 дугаар хороо, 17 дугаар байрны урд давхар гражийн зориулалтаар 4750 кв.м газрыг холбогдох хэсгийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг д******* даалган шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч М******* а******* ХХКомпани болон Б******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

М******* а******* ХХКомпани болон Б******* ******* ХХКомпани тус шүүхэд хандаж Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар бүхий 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тайлан, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай тогтоол болон Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Газрын тухай хууль болон Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/31 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг захиргааны хууль бус акт болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь өөрт олгогдоогүй бүрэн эрхийг эдэлж Дүүргийн засаг д******* хууль бус үүрэг ногдуулсан...уг хууль бус тогтоолыг үндэслэн гаргасан Дүүргийн засаг даргын захирамж нь үндэслэлгүй... хэмээн тодорхойлон маргаж, хариуцагч нар үүнийг эс зөвшөөрч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчиж газрыг хуульд заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам зөрчиж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон тул хүчингүй болгосон... гэж тайлбарлаж байна.

М******* а******* ХХКомпанид Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 31 дүгээр байрны урд давхар гараашийн зориулалтаар нэгж талбарын 17/5111 дугаар бүхий 1628 м2 газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосноор Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ авч дүүргийн газрын албатай 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай,

Б******* ******* ХХКомпанид Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 16, 17 дугаар байрны урд давхар гараашийн зориулалтаар нэгж талбарын 16/5177 дугаар бүхий 4750 м2 газрыг мөн дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар эзэмшүүлж Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 02393313 дугаар бүхий гэрчилгээ олгосноор дүүргийн газрын албатай 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан үйл баримтууд тогтоогдов.

Нэхэмжлэгч компаниудад Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжаар ...тус дүүргийн орон сууцны хорооллууд доторхи төмөр бетон болон тоосгон гараашуудыг цэгцлэн газар ашиглалтыг сайжруулах замаар орчны тохижилт бүхий нэгдсэн давхар гарааш байгуулах ажлыг тухайн орчны оршин ёуугчид болон гарааш авто зогсоол ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын дэмжлэг оролцоотойгоор зохион байгуулах, дахин төлөвлөх зорилгоор газрыг олгож, уг захирамжийн 2 дахь заалтаар тус газарт байрлах нэг давхар гараашуудын эзэмшигч нартай урьдчилан тохиролцож төлөвлөлтийн дагуу цэгцлэх асуудлыг иргэдийн оролцоотой шийдвэрлэх-ийг нэхэмжлэгч нарт үүрэг болгосон байна.

Маргаж буй захиргааны акт болох Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтыг зөрчин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг зөрчсөн гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгч компаниудын газар эзэмших эрхийг хүчингүй болгохыг тус дүүргийн Засаг д******* даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга уг тогтоолыг үндэслэн маргаан бүхий акт болох 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 33 дугаар зүйлийн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлж газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр М******* а******* ХХК болон Б******* Колумбиа ХХК-иудад газар эзэмшүүлсэн Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/38 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахи нийтлэг бүрэн эрхтэйг, тухайлбал 20.1.1-д Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх, 20.1.2-т Тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах эрхтэйг, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт Аймаг нийслэл сум дүүргийн Засаг даргын газрын харилцааны талаархи нийтлэг бүрэн эрх-ийг... 20.2.1-д Нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус ялгамжтайгаар зохицуулжээ.

Хуулийн дээрхи заалтаас үзвэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, дуусгавар болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байхад өөрийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар 4/02 дугаар тогтоол гарган, улмаар нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгохыг дүүргийн Засаг д******* даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэргийн материалд авагдсан Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 9/04 дүгээр тогтоолоор тус дүүргийн газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөө баталсан байх ба уг тогтоолын хавсралтын Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, орон сууцны 31 дүгээр байрны урд талд 0,2 га газрыг олон давхар гаражийн зориулалтаар төлөвлөсөн, энэ нь М******* а******* ХХК-ийн эзэмших эрх бүхий газар байх тул тус компанид газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байхад эзэмших эрх олгосон гэх үндэслэлээр захирамжийг хүчингүй болгосон гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбарын тухайд, маргаан бүхий захиргааны акт болох Дүүргийн засаг даргын А/31 дүгээр захирамжийн 5 дахь хэсэгт ...газар эзэмших эрх, гэрчилгээ нь хүчингүй болсон болохыг газар эзэмшигч байсан этгээдэд албан ёсоор бичгээр мэдэгдэх, мэдэгдэл хүлээлгэн өгөхдөө хүлээн авсан болохыг баталгаажуулах арга хэмжээ авахыг Баянгол дүүргийн өмч газрын харилцааны албанд даалгасан, ийнхүү мэдэгдэл хүргэснээс хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой боловч нэхэмжлэгч компаниудад мэдэгдэл хүргээгүй байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

 

 

 

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн нэхэмжлэгч компаниудад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.1, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн М******* а*******ХХК болон Б******* ******* ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН