Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж Улсын яллагч Н.Цогтбаяр Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтанчимэг Шүүгдэгч Б.Шагжжав Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошгот овгийн Баатарсүрэнгийн Шагжжавт холбогдох 201703000132 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн Бортолгойн 19-10 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Хошгот овгийн Баатарсүрэнгийн Шагжжав /РД:АО88092518/ Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр / Яллагдагч Б.Шагжжав нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-Уулын 08-09 тоотод оршин суух иргэн А.Жаргалын гэрт хууль бусаар нэвтэрч ЛЖ /LG/ маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг, Самсунг Эс /Samsung S/ маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлс, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг хулгайлж, иргэн А.Жаргалд 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Шагжжавын мэдүүлсэн: 2017 оны 03 сарын 03-ны өдөр гэрээсээ гараад архи уусан, тэгээд айл руу явж байгаад замдаа А.Жаргал эгчийн гэр рүү орж хулгай хийсэн байсан. Маргааш нь гэртээ харьсан. Би хийсэн хэргээ хүлээж, А.Жаргал эгчид болсон үйл явдлыг хэлсэн. Тухайн үед ганцаараа хулгай хийсэн гэж хэлэх гэж байгаад А.Жаргал эгчээс айгаад Чинбаяр гэдэг найзтайгаа хамт хулгай хийсэн гэж хэлсэн бөгөөд Чинбаяр гэдэг нэр зохиогоод хэлчихсэн юм. Миний буруу гэв. Мөрдөн байцаалтын үед: Хохирогч А.Жаргалын мэдүүлсэн: ...Шагжжав бол миний хадам талын хүн байгаа юм. Тиймээс Шагжжавтай төрөл садангийн харилцаа холбоотой. Би 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17-18 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 08-09 тоотод өөрийн гэрээсээ цагаан өнгийн ЛЖ брэндийн андройд гар утас нэг ширхэг, цагаан өнгийн Самсунг брэндийн Эс 2 маркийн гар утас нэг ширхэг, бэлнээр 200.000 төгрөгийг алдсан. Би хохирлоо Шагжжаваас бэлэн мөнгө хэлбэрээр авсан. Шаагаа /Шагжжав/ нь манай гэрээс авсан ЛЖ брэндийн гар утсыг болон Эс 2 гар утасны батарей зэргийг Онхуунай гэх айлд аваачсан байсан. Онхуунайгаас утасны талаар асуухад Шаагааг авч ирсэн гэж хэлсэн. Тэгээд л Шаагаагаас асуухад хулгай хийснээ хэлсэн бөгөөд ганцаараа хулгай хийсэн талаараа хэлж байсан. Би Шаагаас Лж брэндийн гар утсаа болон Эс 2 маркийн гар утасны батарейг авсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/ Гэрч Б.Алтантуяагийн мэдүүлсэн: ...Шагжжав миний нөхөр, харин Жаргал бид хоёр нэг айлын бэрүүд учраас төрөл, садан гэр бүлийн харилцаа холбоотой. ...Би энэ талаар Шагжжав болон Жаргалаас сонссон, миний сонссоноор бол Шагжжав Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар баг Цогт-Уулын 08-09 тоотод байх Жаргалын гэрээс 2017 оны 03 дугаар сарын 03-ны 17-18 цагийн орчимд 2 ширхэг гар утас, бэлнээр 200.000 төгрөгийг хулгайлсан гэсэн. Надад бол ганцаараа л хулгай хийсэн гэж хэлсэн, харин Жаргалд бол Чинбаяр гэх хүнтэй хулгай хийсэн гэж хэлсэн байна лээ. Би уг Шагжжавын найз нөхдийг сайн мэднэ. Харин Чинбаяр гэх хүнийг угаасаа сонсоогүй. Шагжжав нь Чинбаяр гэдэг хүнийг угаасаа танихгүй. Жаргалаас айхдаа л Чинбаяр гэдэг хүнтэй хулгай хийсэн гэж нэр зохиогоод хэлсэн гэсэн. Би Шагжжавыг хохирол мөнгөө Чинбаяртай хувааж барагдуул гэхэд Чинбаяр хүн угаасаа байгаагүй гэж байсан. Шагжжав нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн орчимд гэрээсээ гарч яваад хоночихоод 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ баруун гарын чигчий хурууныхаа доод талыг хурц иртэй зүйлд исгэсэн шинэ шархтай ирсэн бөгөөд би түүнээс хаагуур хоночихоод ирж байгаа юм бэ гэхэд гадуур тоглож байгаад ирлээ л гэж байсан. Өөр нарийн зүйлээ ярихгүй байсан юм, гэрээсээ гарахдаа ганцаараа л гараад явсан, ганцаараа орж ирсэн. Шагжжав нь 1988 оны 09 дүгээр сарын 25-нд Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн. Шагжжав бид хоёр 2012 онд гэр бүл болж байсан бөгөөд одоогоор дундаасаа 2 хүүтэй. Том хүү 10 настай, бага хүү нь 6 сартай юм. Шагжжав нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа бөгөөд бага боловсролтой юм. Шагжжав бид хоёр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутаг Бортолгойн 19-10 тоотод оршин суудаг, Шагжжав нь хааяа найд нөхөдтэйгээ нийлэхээр архи дарс уудаг, тамхи татдаг, эелдэг зөөлөн ааштай, агсан согтуу тавиад эхнэр, хүүхдээ айлгаж дарамтлаад байдаггүй, мөрөөрөө хүн байгаа юм. Мөн цэргийн алба хааж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/ Гэрч Ж.Төмөр-Очирын мэдүүлсэн: ... Би 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17-18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар баг Цогт-Уулын 08-09 тоотод байх өөрийн байшингаасаа цагаан өнгөтэй дэлгэц нь хагарсан, андройд үйлдлийн системтэй, нэг сим карт уншдаг ЛЖ брэндийн гар утас, цагаан өнгөтэй Самсунг брэндийн Эс 2 маркийн гар утас, бэлэн 200.000 төгрөгийг тус тус алдсан. Манай байшингийн том өрөөний цонхны салхивчаар нэвтрэн орсон байсан ба хүүхдийн өрөөний цонхны салхивчийг хагалж, дотогш орох гэж оролдсон байдалтай, хага цохьсон байсан. Хэргийн газарт нэг хүний мөр л байсан, өөр хүний мөр анзаарагдаагүй. 35х40 см-ийн хэмжээтэй вакум цонх байсан. Шагжжав нь хохирол мөнгөө бүрэн барагдуулсан. Энэ хэрэгт манай эхнэр Жаргал нь хохирогчоор орж байгаа юм. Уг гар утаснууд болон бэлэн мөнгө нь Жаргалын эзэмшлийн утаснууд байгаа юм. Шагжжав нь хохирол мөнгөө бүрэн барагдуулсан. Шагжжав нь манай гэрээс ганцаараа хулгай хийсэн гэсэн. Шагжжав бол миний ээжийн дүүгийн хүү байгаа юм. Би түүнийг багаас нь мэднэ. Урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Уг нь их төлөв томоотой, заримдаа архи ууж худлаа ярьдаг зантай хүн юм. Шагжжав хулгайлсан эд зүйлээ Онхуунаагийн гадаа аваачсан гэсэн. Онхуунаагийн хүү нь ЛЖ брэндийн цагаан өнгийн гар утас болон Эс 2 маркийн гар утасны батарей зэргийг нь гэрийнхээ гаднаас олсон гэсэн. Шаагаа хулгай хийснийхээ дараа Онхуунаагийнд очсон гэсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ талаар манай эхнэр Жаргал сайн мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/ Гэрч Л.Батмөнхийн мэдүүлсэн: ... Намайг манай нутгийнхан болон танилууд маань Онхуунай гэж дууддаг. ...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Шагжжав манай гэрт ганцаараа ирсэн. Би тухайн үед согтуу байсан. Тэгээд Шагжжав ганц нэг пивотой ирсэн шиг санагдаж байна, түүнийг хувааж уусан. Харин маргааш нь байсан шиг санагдаж байна, цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна, манай хүү Эрдэнэбулган нь гэрийн ойролцоогоос олдлоо хэмээн цагаан өнгийн дэлгэц нь хагарсан хавтгай гар утас, нэг өөр утасны батарей зэргийг олж гэртээ оруулж ирсэн. Гэтэл ганц, хоёр хоногийн дараа шиг шиг санагдаж байна, Жаргал гэрээсээ гар утас болон мөнгө төгрөг алдсан сураг ажиг юу байна гэж асуухаар Шагжжавыг гар утас авч ирсэн талаар нь хэлсэн. Тэгээд Жаргал үзээд мөн байна гээд аваад явсан. Би бол Шагжжавыг л манай гэрийн ойролцоо авч ирсэн байх гэж бодож байсан учраас түүнд Шагжжавыг л манай гэрийн авч ирсэн байх гэж бодож байсан учраас түүнд Шагжжав авч ирсэн гэж хэлсэн. Манай хүү дөнгөж 11 нас хүрч байгаа бага насны хүүхэд байдаг юм. Тухайн гар утас нь ЛЖ брэндийн гар утас шиг харагдсан, дэлгэц нь хагарсан байсан. Өөр нарийн зүйлийг санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/ Гэрч Г.Гантуяагийн мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 03-ны орой 17-18 цагийн орчимд шиг санагдаж байна, цаг хугацааг нь сайн санахгүй байна. Б.Шагжжав нь манай гэрт согтуу халамцуу ганцаараа ирсэн. Тэгээд манай гэрт ганц, хоёр пиво ууж байгаад хоночихоод маргааш нь явсан. Тэгээд Шагжжавыг явснаас хойш 2-3 хоногийн дараа шиг санагдаж байна, манай хүү Эрдэнэбулган гэрийнхээ ойролцоогоос тоглож яваад дэлгэц нь хагарсан, ЛЖ брэндийн нимгэн цагаан өнгийн гар утас, нэг ширхэг батарей зэрэг зүйлийг олоод гэртээ оруулж ирсэн. Үүний дараахан Жаргал ирээд миний гар утас байна гээд аваад явсан. Ийм л зүйл болсон. Шаагаа л хулгай хийчхээд манай гэрийн ойролцоо тавьсан юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/ Гэрч Б.Нарангэрэлийн мэдүүлсэн: ...Би энэ талаар 2017 оны 03 дугаар сарын дунд үеэр л хүмүүсээс сонссон ба манай хамаатан Жаргалын гэрээс эд зүйл хулгайлсан хэмээн ярьж байсан. Нарийн зүйлийг сайн мэдэхгүй байна, ямар эд зүйлийг хэзээ, хэрхэн яаж хулгайлсан талаар мэдэхгүй. Манай хүү Шагжжав нь 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд манай хамгийн том хүүхэд болон төрсөн. Шагжжав доороос 3 дүүтэй хүн байгаа юм. Тэрээр эхнэр, 2 хүүхдийнхээ хамтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 19-10 тоотод оршин суудаг. Том хүүхэд нь Архангай аймгийн Хүмүүн цогцолбор 3 дугаар сургуульд 3 дугаар ангид сурдаг, бага хүүхэд нь найман сартай. Шагжжав нь цэргийн алба хаагаагүй. Ар гэрийн амьдралын хувьд гэвэл өөрсдийгөө л болгоод амьдардаг хүмүүс юм. Шагжжав нь хааяа модонд явдаг, уурхай руу явж ажил хийдэг. Яг тогтсон ажил төрөл байхгүй. Миний нүдэн дээр архи, дарс ууж харагдаагүй. Харин хүмүүсээс архи, дарс уучихсан согтуу явж байна гэж сонсдог. Ааш зангийн хувьд бол хүнд их тусархаг, хар бор ажилд сайн, ажилсаг, хичээнгүй л хүүхэд байгаа юм. Хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд зодоон цохион хийгээд байдаггүй. Архангай аймгийн төвд ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг талаар нь мэдэхгүй байна. Хөдөө бол Шагжжавтай найзалж нөхөрлөдөг хүмүүс байхгүй. Шагжжав аймгийн төвд амьдраад 2-3 жил болж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/ Насанд хүрээгүй гэрч Г.Эрдэнэбулганы...2017 оны 03 дугаар сарын 04-05-ны үед шиг санагдаж байна, би хашаан дотроо тоглож байгаад хашааны булангаас дэлгэц нь хагарсан том товчгүй цагаан өнгийн гар утас байсан, уг утастай хамт утасны батарей байсан:. Би түүнийг аваад гэртээ оруулж тавьсан. Тэгээд удалгүй хулгайн эд зүйл байсан байж таараад Жаргал гэгч ирээд аваад явсан. ...Сүүлд нь сонсоход Шагжжав ахыг айлаас хулгайлсан гэж байсан. 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17-18 цагийн үед согтуудаа ирсэн бөгөөд манай гэрт манай аав, ээж байсан ба манай гэрт хоносон. Цагаан өнгийн том л утас байсан, би нэрийг нь мэдэхгүй. Уг батарейг ч ямар гар утасны батарей гэдгийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/ Б.Шагжжавын сэжигтнээр мэдүүлсэн: ...Би 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17-18 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 8-9 тоотод байх хамаатны айл руугаа том өрөөнийх нь цонхны салхивчийг түлхэж онгойлгож дотогш нэвтрэн орж цагаан өнгийн дэлгэц нь нь цуурч хагарсан, ЛЖ брэндийн андройд дотогш нэвтрэн орж цагаан өнгийн Самсунг брэндийн Эс 2 маркийн гар утас 1 ширхэг, бэлэн мөнгө 200.000 төгрөгийг тус тус хулгайлсан. Би тухайн үед ганцаараа явсан. Би уг нь тухайн айлд хулгай хийнэ гэж бодож очоогүй, айл руу явах замдаа л гэрт нь очтол эзэнгүй байхаар нь хулгай хийсэн юм. Тэгээд Онхуунай гэх айлд очсон. Онхуунайгийнд архи дарс уусан, айлаас хулгайлсан гар утаснуудаа Онхуунайгийн гэрийн хажууд тавьчихаад орсон... Би хэрэг болох үед согтуу байсан учраас л архи уух гэж хулгай хийсэн юм. Би архи уух гэж л хулгай хийсэн. Би хэрэг болох үед нилээн согтуу байсан. Би тухайн салхивчаар нь дотогшоо орох гэж хагалсан бөгөөд болохгүй нь том өрөөнийх нь салхивчийг түлхэж гэрт нь нэвтэрсэн. Би хулгайлсан мөнгөөрөө Онхуунайгийнд очиж архи уусан. Тэгээд үлдэгдэл мөнгөөр нь дараа нь архи уугаад дуусгасан юм. Онхуунайгийн гэрт Онхуунай болон түүний эхнэр Туяа нартай л архи уусан бөгөөд өөр хүн байгаагүй. Онхуунайгийн нэг хүү нь байсан юм. Би Онхуунайгийнд очихдоо ганцаараа очсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/ Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 хуу/ Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04хуу/ Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-09 хуу/ 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27 хуу/ Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 хуу/ Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 41 хуу/ Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 хуу/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 43-44 хуу/ Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-45-46 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Шагжжавт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Шагжжав нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн нутаг дэвсгэр Цогт-Уулын 08-09 тоотод оршин суух иргэн А.Жаргалын байшингийн цонхоор орж ЛЖ /LG/ маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг, Самсунг Эс /Samsung S/ маркийн гар утас 1 ширхэг, 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг авсан нөхцөл байдал тогтоогдлоо. Шүүгдэгч Б.Шагжжав нь өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээний хувьд маргаагүй бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч А.Жаргал болон гэрч Б.Алтантуяа, Ж.Төмөр-Очир, Л.Батмөнх, Г.Гантуяа, Б.Нарангэрэл, насанд хүрээгүй гэрч Г.Эрдэнэбулганы мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. Шүүгдэгч Хошгот овгийн Баатарсүрэнгийн Шагжжав нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас 430.000 / дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд энэ нь 2002, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бага бус болон бага хэмжээний хохиролын аль алиных нь хэмжээнд хүрч байна. Архангай аймгийн Прокурорын газраас Б.Шагжжавт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заасан байна. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн...бол эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад “ хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй хууль гэдэгт гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, эрүүгийн хариуцлагын төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил хамаарна гэж үзэв. 2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Шагжжавт 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.Шагжжавыг бусдын эд хөрөнгийн хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Шагжжавд ял оногдуулахдаа Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх, 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Шүүгдэгч Б.Шагжжав нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн бөгөөд үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаа учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Шагжжав нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Хошгот овгийн Баатарсүрэнгийн Шагжжавыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Шагжжавыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Шагжжавт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 4. Шүүгдэгч Б.Шагжжав нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай. 5. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгийг журамлан Б.Шагжжавт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Шагжжавт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ