| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 1809000840355 |
| Дугаар | 2022/ДШМ/331 |
| Огноо | 2022-03-24 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2022/ДШМ/331
М.М-, Б.Д- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Болорзул,
хохирогч Б.А-,
иргэний хариуцагч Ж.Н-, Н.Х-,
шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,
шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Д.Гомбо,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Ж.Ганболд, шүүгдэгч Б.Д-, иргэний хариуцагч Ж.Н- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.М-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн 1809 00084 0355 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. М.М-, 1991 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
2. Б.Д-, 1985 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;
Шүүгдэгч Б.Д-, М.М- нар нь ганцаараа болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын автомашиныг “хоногоор түрээсэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний буюу нийт 244.345.000 төгрөгийн хохирол учруулсан, Үүнд:
Шүүгдэгч Б.Д-, М.М- нар бүлэглэн:
1. 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мed Town” оффисын гадаа хохирогч Г.Э-гийн эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Premio” загварын автомашиныг залилан авч, 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, хуучнаар Тээврийн товчооны буудлын орчимд хохирогч Д.Б-ын эзэмшлийн 94-29 УНУ улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 65 дугаар байрны гадаа хохирогч О.У-ын эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянмонгол хорооллын орчим хохирогч Т.З-гийн эзэмшлийн *** улсын дугаартай “Mitsubishi Pajero” загварын автомашиныг залилан авч, 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 99 дүгээр байрны гадаа хохирогч С.Г-ын *** улсын дугаартай, “Lexus-470” загварын автомашиныг залилан авч, 43.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2018 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Батлан Хамгаалах Их сургуулийн ойролцоо хохирогч Ц.А-ын *** улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хорго 20/4 дүгээр байрны гадаа хохирогч Э.Ц-ын эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Prius 11” загварын автомашиныг залилан авч, 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Д- нь ганцаараа:
1. 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Багшийн дээд сургуулийн өмнөх автобусны буудлын орчим хохирогч З.М-ын эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, хохирогч Э.Т-гийн эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын автомашиныг залилан авч, 12.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын гадаа хохирогч Э.Б-ын эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Alphard” загварын автомашиныг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, гэрээ байгуулах замаар хохирогч Ц.Ал-ийн эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын автомашиныг залилан авч, 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, гэрээ байгуулах замаар хохирогч Д.З-ийн эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 1 дүгээр байранд хохирогч Ү.О-ын эзэмшлийн “Canon 5D mark2” загварын камер, “2470F 2.8” мэргэжлийн дуран, “Sony” загварын хөл зэрэг эд зүйлийг түрээслэх нэрийдлээр залилан авч, 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цээнэ 3-80б тоотод үйл ажиллагаа явуулдаг “Т-” ХХК-иас *** улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, хохирогч И.Т-т 7.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Алтан төгрөг” худалдааны төвийн урд хохирогч Г.Г-ийн эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын автомашиныг залилан авч, 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2020 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, арктай шар байрны зогсоол дээр хохирогч Н.Н-ийн эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Crown 204” загварын автомашиныг иргэн Б.Ц-гийн жолоочийн үнэмлэхийг үзүүлэн залилан авч, бусдад худалдан борлуулж 15.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн дэргэд хохирогч Ж.Б-ын эзэмшлийн *** улсын дугаартай, “Тoyota Sai” загварын автомашиныг залилан авч, бусдад худалдан борлуулж 17.700.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, хохирогч А.Ш-ийн эзэмшлийн *** улсын дугаартай, “Тоyota Prius” загварын автомашиныг залилан авч, бусдад худалдан борлуулж 7.950.000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангарьд” ордны үүднээс хохирогч С.У-ын эзэмшлийн *** улсын дугаартай, “Тoyota Prius” загварын автомашиныг залилан авч, бусдад худалдан борлуулж 8.995.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч М.М- нь ганцаараа:
1. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Багшийн дээдийн сургуулийн өмнөх автобусны буудал дээр хохирогч Б.Х-ийн эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Prius 20” загварын автомашиныг залилан авч, 8.700.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Яллагдагч Ж.Ба-тай бүлэглэн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, хохирогч Б.О-ийн эзэмшлийн *** улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын автомашиныг залилан авч, 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.М-, Б.Д- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д-, М.М- нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Д-г 7 жилийн хорих ялаар, шүүгдэгч М.М-г 5 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч М.М-г Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэснийг энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, эдгээр ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Д-гийн цагдан хоригдсон 725 хоног, шүүгдэгч М.М-гийн цагдан хоригдсон 777 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-гаас нийт 76.045.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Т-д 12.045.000 төгрөг, Э.Ц-од 2.400.000 төгрөг, Г.Г-т 13.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Г-ад 5.000.000 төгрөг, Б.С-д 1.750.000 төгрөг, Б.А-од 13.300.0000 төгрөг, Б.Х-т 700.000 төгрөг, П.Б-эд 4.000.000 төгрөг, С.Ч-ад 4.000.000 төгрөг, М.Л-т 3.350.000 төгрөг, Н.Г-ид 5.000.000 төгрөг, Д.Ө-д 6.000.000 төгрөг, Б.О-т 5.000.000 төгрөг нарт олгож, шүүгдэгч М.М-гаас нийт 28.050.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ц-од 2.400.000 төгрөг, Б.Х-ид 8.300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Г-ад 5.000.000 төгрөг, Б.С-д 1.750.000 төгрөг, Б.А-од 7.500.000 төгрөг, Ц.П-д 3.100.000 төгрөг, иргэний хариуцагч Ж.Н-оос нийт 7.950.000 төгрөг гаргуулж хохирогч А.Ш-т тус тус олгож, хохирогч Б.О-э, Н.Г-, Б.Х-, Э.Б-а нар нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд миний цагдан хоригдсон хугацааг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 725 хоног гэж дутуу бодсон байгааг залруулж өгөхийг хүсье. Би 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 30 хоног, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног, 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног, 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 243 хоног, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 485 хоног, нийт 764 хоног хоригдож байгаа болно. Мөн иргэний нэхэмжлэгч С-д 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хохиролд 400.000 төгрөгийг өөрийн 5133142303 дугаарын данснаас шилжүүлсэн тул хохирол төлбөрөөс хасаж өгөхийг хүсэж байна. Түүнчлэн хохирогч Г-ийг *** улсын дугаартай, “Тoyota Prius 30” загварын автомашиныг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр аваад 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Буянт гэх хүнд барьцаалж 2.350.000 төгрөгийг өөрийн 5133142303 дугаарын дансаар болон бэлнээр авсан болохоо мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд удаа дараа мэдүүлсэн боловч прокурор “Тээврийн цагдаад мэдэгдэж эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн” гэж няцаасан. Мөрдөн байцаалтын шатанд Буянт гэх хүнийг зааж утасны дугаар, дансны дугаар, гэрийн хаяг зэргийн мэдүүлсээр байтал “Цар тахал, хөл хориотой” гэх шалтгаанаар автомашиныг хураан аваагүйгээс нь автомашины үндсэн үнэлгээгээр тооцож хохирол төлөх болсон тул дахин шалгуулах хүсэлтэй байна. Хохирогч Ц-, Т- нарын автомашиныг Б- гэх хүнд барьцаанд болохоо мэдүүлсэн, мөн нотариат орж зээлийн гэрээ хийсэн, 2 удаагийн дансны гүйлгээгээр нотолсоор байтал 1 жил гаруй хугацааны дараа дуудан байцаалт авч “Нотлогдохгүй байна” гэж үгүйсгэж байгаад гомдолтой байна. Эцэст нь, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогчийн автомашиныг хураан авахад дэмжлэг үзүүлж зааж өгсөн, ял эдлэх хугацаандаа хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч М.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний болон өмгөөлөгчийн гаргасан үндэслэл, тайлбаруудыг няцаан үгүйсгээгүй, мөрдөгч, прокурорын зөрчилтэй ажиллагаа, шийдвэрийг засаагүйд гомдолтой байна.
Би ”автомашинаа түрээслүүлнэ” хэмээн өөрийн хүсэл З- илэрхийлсэн хүмүүстэй зарын дагуу холбогдож уулзаад тавьсан нөхцөлөөр нь автомашин түрээслэх гэрээг өөрийн нэрээр байгуулж, гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг урьдчилан төлж, барьцаа мөнгө өгөх зэргээр автомашиныг эзэмших, ашиглах эрхийг иргэний эрхийн хэлцлийн дагуу олж авсан. Өөрөөр хэлбэл хохирогч эд хөрөнгөө гэрээний дагуу итгэмжлэн хариуцуулсан болох нь хохирогч Г-, Э-, Ц-, Б-, У-, А-, З-, Х-, О-э нарын мэдүүлгээр тогтоогдоно. Залилах гэмт хэргийн үндсэн шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн диспозицид заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй. Харин бусдын итгэмжлэн, хариуцуулж, эзэмших ашиглах эрх олгосон эд хөрөнгийг цааш нь бусдад барьцаалж мөнгө зээлсэн үйлдэл нь уг эд хөрөнгийн өмчлөгч биш захиран зарцуулах эрхгүй атлаа ”буцаагаад авчихна” гэж хөнгөмсгөөр найдаж бусдын эд хөрөнгийн барьцаа болгон мөнгө зээлж завшиж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.
Миний хувьд дангаараа Ц-, А- нарын, Б-тай бүлэглэн Х-ийн нэр бүхий 3 хохирогчид нийт 22.200.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулан завших гэмт хэрэг үйлдсэн. Харин шүүгдэгч Д-гийн бусадтай гэрээ байгуулж автомашин түрээслэн авсан үйлдэлд түүний нэг тал болж хамтран үүрэг хүлээж оролцоогүй, хохирогчийн ятгах, хуурах хэлбэрээр залилах, хөрөнгө завших гэмт хэргийн обьектив талыг хэрэгжүүлэхэд хамтран оролцоогүй бөгөөд Д-гийн түрээсэлсэн автомашиныг барьцаанд тавьж байгаа үйлдэл нь залилах, хөрөнгө завших гэмт хэргийн бүлэглэн үйлдсэн гэх хэм хэмжээг хангахгүй гэж үзэж байна. Уг эд хөрөнгийг өөрийн нэрээр зээлийн гэрээ байгуулж зээлийн барьцаанд тавьж буй этгээд нь тухайн эд хөрөнгийг түрээслэх гэрээг өөрийн нэрээр байгуулсан буюу бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээгээгүй этгээд байх тул хөрөнгө завших гэмт хэргийн субьект болж чадахгүй юм. Түүнчлэн ”Залилах” гэмт хэргийн тухайд бусдын эд хөрөнгийг бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авснаар төгсдөг тул Д-, Ба- нарын үйлдэл төгссөний дараа уг эд хөрөнгийг бусдад би өөрийн нэрээр барьцаалж байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн обьектив талыг хамтран хэрэгжүүлээгүй болохыг анхаарч Д-тай бүлэглэсэн гэх 5 үйлдэл, Ба-тай бүлэглэсэн гэх 1 үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч буюу түрээслүүлэгч Х-ийн автомашиныг Б-гийн хамт түрээсэлж авсан байдаг. Уг автомашиныг барьцаанд тавих, мөнгийг ашиглах зэрэгт огт оролцоогүй. Гэтэл уг хэргээс Б-г ямар үндэслэлээр тусгаарласан болох нь тодорхойгүйгээс гадна, намайг уг хэрэгт буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Б- бид хоёрын түрээсэлж авсан хохирогч Х-ийн автомашиныг Д-, Ганбаяр нар “Цаца” гэгчид 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьж уг мөнгийг завшсан байдаг ба уг эд хөрөнгө нь 8.700.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ үнэлгээгээр нь гаргуулахаар нэхэмжилсэн байна. Гэтэл тухайн үед буюу 2018 оны 5 дугаар сард өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч Болор-Эрдэнэд уг автомашиныг “Цаца” гэдэг хүнд зээлийн барьцаанд тавьсан болохоо мэдүүлсэн. Үүний дагуу бидний зааж өгснөөр “Цаца”-г дуудаж мэдүүлэг авсан. “Цаца” нь автомашин барьцаалж мөнгө зээлдүүлсэн гэж мэдүүлсэн. Зээлдүүлсэн 4.000.000 төгрөгийг найз хүүхнийхээ данснаас Д- руу шилжүүлсэн. Тэр хүн нь олны танил учраас асуудал үүсгэхгүй мөнгөө өгөөд автомашинаа ав гэсэн. Тийм учраас та хэд хурдан мөнгө олж “Цаца”-д өгөөд автомашиныг нь эзэнд нь авч өг гэж мөрдөгч Болор-Эрдэнэ нэхээд бид мөнгө олж өгч чадаагүй, мөрдөгч автомашиныг хурааж авахгүй. Мөн миний түрээсэлж авсан хохирогч Ц-ын автомашиныг Д- нэр бүхий хүнд 2.000.000 төгрөгт барьцаалсан. Уг автомашиныг барьцаалсан хүн нь М- гэж хохирогчийн автомашиныг Д-гаас мөн барьцаалж авсан үйлдэлд мөрдөгч Болор-Эрдэнэд мэдүүлэг өгсөн ба тухайн үед хохирогч Ц-ын автомашиныг түүнд барьцаалсан гэдгээ мөрдөгч Болор-Эрдэнэд хэлсэн боловч ямар ч ажиллагаа хийгээгүй, мөрдөгч солигдоход хэлсэн боловч мөн л ажиллагаа хийгээгүй. /Прокурор уг автомашинуудыг олдоогүй алга болсон гэдэг/ Гэтэл уг эд хөрөнгө 5.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба энэ хэмжээгээр нь нэхэмжилсэн байдаг. Бидний хувьд дээрх 2 автомашиныг хаана, хэнд барьцаалуулсан болохоо тухай бүр нь мөрдөгчид зааж мэдүүлсэн. Харин мөрдөгч нар болон прокурор зохих ажиллагаа хийгээгүйгээс хохирогч Х-, Ц- нар эд хөрөнгөө эргүүлэн олж авч чадаагүй. Түүнчлэн мөрдөгч, прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүйгээс уг эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээгээр нь хохирол төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зүй нь мөрдөгч, прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед эд мөрийн баримтыг хурааж авах ёстой байсан. Иймээс эдгээр ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү.
Миний Баянбүрд орчмоос түрээсэлж авсан “Toyota Prius 20” загварыг автомашиныг иргэний нэхэмжлэгч П-д 3.000.000 төгрөгт барьцаалсан үйлдэлд яллагдагчаар татсан атлаа яллах дүгнэлтэд байхгүй, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулаагүй, танилцуулаагүй болно. Үүнийг шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч прокурор Болорзул хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарласан тэгсэн атлаа иргэний нэхэмжлэлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн нь ойлгомжгүй ба шүүхээс нийт төлбөр болох 6.200.000 төгрөгийг Ба-тай хувь тэнцүүлэн гаргуулахаар тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тодруулбал, иргэний нэхэмжлэгч П-д “Toyota Prius 20” загварын автомашиныг 3.000.000 төгрөгт, “Toyota Prius 30” загварын автомашиныг 3.200.000 төгрөгт барьцаалсан. Гэтэл “Toyota Prius 20” загварын автомашин барьцаалсан үйлдэл гэмт хэрэг биш юм бол яагаад 3.000.000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Үүнийг шалгаж тогтоож өгнө үү.
Иймд хуулийн хэм хэмжээ, шаардлагад нийцүүлэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж, зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож, процессийн зөрчилтэй ажиллагааг тухайн шатанд нь засуулахаар хэргийн прокурорт буцааж миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.М-гийн өмгөөлөгч Ж.Ганболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
Шүүгдэгч М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.
Учир нь, “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд тухайн төрлийн хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулсан байдал, гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалжаа болгосон байдаг онцлогтой юм.
Гэтэл шүүгдэгч М-гийн үйлдлийн хувьд гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах зорилгыг агуулаагүй нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж байгаа тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн шийтгэх тогтоолын 40 дэх талд “...шүүгдэгч М.М-, яллагдагч Ж.Ба-тай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-эд 13.200.000 төгрөгийг хохирол учирсан байна. Хохирогч тээврийн хэрэгслээ буцааж авсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон, харин иргэний нэхэмжлэгч Ц П-д 6.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжпэгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч М.М-гаас 3.100.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ц.П-д олгохоор...” шийдвэрлэжээ. Энэ үйл баримтыг тухайд гэмт хэргийг хамтран үйлдсэн Ба-г гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад М-г гэмт буруутайд тооцож, хохирлыг хувааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шийтгэх тогтоолын 5 дахь талд “...М.М-, Б.Д- нар бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Мэд таун оффисын гаднаас хохирогч Г.Э-гийн эзэмшлийн 45-64 УНМ улсын дугаартай “Toyota Premio” загварын автомашиныг залилан авч, 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэлд М-г гэм бурууд тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М- нь энэ хэрэгт оролцоогүй болох нь шүүгдэгч Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би Э-тэй утсаар холбогдож машин авах талаар тохиролцсон, энэ талаар М- мэдээгүй юм. Харин би М-тай уулзаад “Би хүнээс мөнгө авах ёстой, би чамаас зээлсэн мөнгөө өгье, хамт явах уу” гэж хэлээд М-тай хамт явсан, энэ үйлдэлд М- оролцоогүй...” гэх, шүүгдэгч М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...уг машиныг Д- авсан, харин Д- надад 140.000 төгрөг өгөх ёстой байсан юм. Энэ мөнгөө л авсан, би энэ хэрэгг хамтран оролцоогүй...” гэх, хохирогч Г.Э-гийн “...Д- надтай зарын дагуу холбогдож машин авсан...” гэх мэдүүлэг /1хх 21/ гэх мэдүүлгүүдээр нотлогдож байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагч Ж.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Гэмт хэргийн замаар алдагдсан гэх “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийг миний бие иргэн Е- гэх хүнээс 4.500.000 төгрөгөөр, иргэн Е- нь иргэн Ш- гэх хүнээс 3.500.000 төгрөгөөр тус тус худалдан авсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн намайг тухайн автомашиныг худалдан борлуулж ашиг орлого олсон гэх байдлаар дүгнэж иргэний хариуцагчаар татаж хохирогч Ш-т учирсан 7.950.000 төгрөгийн хохирлыг бүрэн хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Е-, Ш- нарт холбогдох үйлдэл, холбогдлыг нарийвчлан шалгаж мухарлаагүйгээс иргэний хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүргээд байна. Хэдийгээр миний бие гэмт хэргийн замаар алдагдсан гэх тээврийн хэрэгслийг мэдэлгүйгээр худалдан авч задалж борлуулсан үйлдэл нь хуульд харшлах үйлдэл болов ч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчмын дагуу тухайн үйлдэлд холбогдох хүн нэг бүр ялангуяа гэмт хэргийн замаар алдагдсан нэг тээврийн хэрэгслийг дамжуулан худалдан борлуулж ашиг орлого олж буй этгээдүүд ашиг орлого олж буй хэмжээгээрээ хохирлыг хариуцах хууль зүйн зохицуулалттай. Ийм байхад анхан шатны шүүх тухайн нөхцөл байдалд ямар ч дүгнэлт хийгээгүй. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны үед тухайн тээврийн хэрэгслийг Д-гаас худалдан авсан гэж мэдүүлээгүй атал анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэн зөв дүгнэж чадаагүй байна.
Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Д.Гомбо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянадаг. Хэрэг үйлдэж байхдаа шүүгдэгч нар идэж уугаад зарцуулж байсан. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж хэргийг зүйлчлэхийн тулд 3 буюу түүнээс дээш олон давтамжтай байх ёстой. Мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг амьжиргааны эх үүсвэрээ залгуулахад зарцуулсан байх ёстой. Олон давтамжтай үйлдэгдсэн үү гэвэл үйлдэгдсэн. Гэхдээ байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж зүйлчлэх ганц шалгуур нь биш байгаа. Гэмт хэрэг үйлдсэн мөнгө мөрийтэй тоглоом руу орсон байдаг. Энэ нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч нар тухайн гэмт хэргийн мөнгөөрөө байр түрээсэлсэн, идэж уусан гэж хууль эрх зүйн дүгнэлт хийж байгаад гомдолтой байна. Хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Хэргийн гол мөнгө нь мөрийтэй тоглоом руу орсон байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Ийм учраас амьдралын эх үүсвэрээ болгосон гэдгийг зүйл ангиар нь хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар их хэмжээний хохирол учруулсан гэж хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Шүүгдэгч Б.Д-гийн хорих ял шийтгэлийг боломжит хэмжээгээр бууруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Б.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Иргэний хариуцагч Н.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайхаас 700.000 төгрөгийн аппаратаа тавьж зээлсэн байдаг. Гэхдээ Болортуяа гэх эмэгтэй тавьж зээлсэн. Шүүгдэгч Б.Д-тай холбогдуулсныг асуумаар байна. Энэ хэрэг 4 жилийн хугацаанд яагаад шийдвэрлэгдэхгүй байгаа юм бол гэж асуумаар санагдсан. ...” гэв.
Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.М-, Б.Д- нарт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч М.М-, Б.Д- нарын гэмт хэргийн шинж, хувийн байдал, хохирогч, иргэний хариуцагч нарын мэдүүлэг, хохирол төлбөрийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.М-, Б.Д- нар нь 2017 оноос 2020 оны хугацаанд буюу 3 жилийн хугацаанд үйлдлийн аргаа давтан үйлдсэн байгаа. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч М.М-, Б.Д- нар нь ямар нэгэн ажил төрөл хийгээгүй. Ямар нэгэн орлогогүй цаг хугацаа байсан. Анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэж, эрүүгийн хариуцлагыг шударга ёсны зарчимд нийцүүлэн оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос Б.Д-г 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрүүдэд ганцаараа 12 удаагийн, М.М-тай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр нэр бүхий 19 иргэний автомашин, гэрэл зургийн төхөөрөмж, хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг түрээслэх нэрийдлээр гэрээ байгуулах, хэлцэл хийх замаар залилан авсны улмаас бусдад 222.445.000 төгрөгийн,
М.М-г 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрүүдэд ганцаараа 1 удаагийн, Б.Д-тай бүлэглэн 7 удаагийн, Ж.Ба-тай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр нэр бүхий 9 иргэний автомашиныг түрээслэх нэрийдлээр гэрээ байгуулах, хэлцэл хийх замаар залилан авсны улмаас бусдад 119.900.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч М.М-, Б.Д- нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хэмжээний хүрээнд хорих ялыг тус бүрд оногдуулж, нийт эдлэх хорих ялын хэмжээ, хорих ял эдлэх байгууллагын дэглэм, нөхцөл болон хариуцан арилгавал зохих хохирлын хэмжээг тус тус тогтоож шийдвэрлэжээ.
Гэвч дээрх байдлаар шийдвэрлэхдээ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ДШМ/985 дугаартай магадлалд заасан “...шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэх 7 удаагийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг ялгах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагуудыг баримтаар нотлогдсон хэмжээнд хэрхэн үнэлсэн талаар тодорхой дүгнэлтийг хийх, тодруулбал зарим хохирогч болох Ц.Ал-, О.У-, Т.З-, С.Г-, Ц.А- нараас нэхэмжилсэн “дутуу авсан түрээсийн төлбөр, автомашинд учирсан хохирол, автомашинаа хайж олоход гарсан зардал, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбогдох торгууль” гэх зэрэг шаардлагыг хангаагүй орхих болсон үндэслэл, хохирогч Г.Г-, А.Ш- тус бүрд олговол зохих хохирлын хэмжээнээс барьцаа, түрээсийн төлбөрт урьдчилан авсан мөнгийг хасаагүй шалтгаан зэргийг бичих, хохирогч О.У-ын эзэмшлийн автомашины загварыг зөвтгөх...” гэсэн заалтуудад төдийлөн ач холбогдол өгөлгүй дурдсан зөрчлийг давтан гаргаснаас гадна, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч М.М-д тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулсан болон шүүгдэгч М.М-, Б.Д- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоох болсон шалтгаан үндэслэлээ тодорхойлоогүй, шийтгэх тогтоолыг бичгийн хэлбэрээр үйлдэж хэрэгт хавсаргахдаа “2 дахь тал”-ыг давхардуулж хавсаргасан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5 дахь заалтуудын шаардлагад нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.М-, Б.Д- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч М.М-гийн урьд энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж, тэнсэж хянан харгалзсан хугацаандаа дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал, гэм буруугийн асуудлаар маргаж буй талаар тодорхой дүгнэлт хийлгүй орхигдуулж, гэмт хэрэгт оролцсон хэлбэрийг ялгаагүй атлаа оролцоо, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзсэн мэтээр дүгнэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцэхгүй.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг чанд баримталж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.
Нөгөөтэйгүүр, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан болно.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд эдгээр асуудлыг нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож М.М-, Б.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийг цагаатгасан, ял эдлэхээс чөлөөлсөн, ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана.” гэж зааснаас үзвэл цагаатгах тогтоол гаргасан, эсхүл шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан буюу ял эдлэхээс чөлөөлсөн, ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллах ба тухайн этгээдийг баримт бичиг бүрдүүлэх болон өөр бусад шалтгаанаар суллах, хойшлуулахыг хориглосон байна.
Иймээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч М.М-, Б.Д- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Ж.Ганболд нарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох, хэргийг прокурорт буцаах тухай”, шүүгдэгч Б.Д-гийн гаргасан “цагдан хоригдсон хоногийг зөвтгүүлэх, ял хөнгөрүүлэх тухай”, иргэний хариуцагч Ж.Н-ийн гаргасан “хохирлыг хамтран хариуцах тухай” давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.
Харин хэргийн материалыг судлахад анхаарч үзэлгүй орхигдуулсан, иргэний эрхийг хязгаарласан дараах асуудлууд байна. Үүнд:
1. Иргэний хариуцагч Ж.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны бүхий л үе шатанд “хохирлыг хамтран хариуцах” талаар маргаж байсны гадна, шүүх хуралдаанд оролцох эсэх байр сууриа тодорхой илэрхийлээгүй байхад 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдээгүй, түүнийг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “шүүх хуралдаанд оролцох” иргэний хариуцагчийн эрх, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох” иргэний эрхийг хязгаарласан зөрчил болохын сацуу шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт иргэний хариуцагч Ж.Н-ийн хариуцан арилгавал зохих хохирлын хэмжээг хэрхэн тогтоосон талаар хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй,
2. Шүүгдэгч Б.Д- нь 2018 оны 1 дүгээр сарын 19-нөөс 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 2 хоног, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 30 хоног, 2018 оны 9 дүгээр сарын 29-нөөс 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл 247 хоног, 2020 оны 9 дүгээр сарын 14-нөөс 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 485 хоног, нийтдээ 764 хоног цагдан хоригдсон байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...725 хоног цагдан хоригдсон...” гэж буруу тооцож эрх зүйн байдлыг нь дордуулсан байгааг тус тус буруутган тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.М-, Б.Д- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл М.М-, Б.Д- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН