Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2016/0210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б*******

Хариуцагч: Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 209, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 210, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 226 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н*******, Г.Ө*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: "...Миний бие анх 2001 онд ажлын гараагаа төрийн байгууллагад ажилд орсноор эхэлж, 2005 онд тангараг өргөн Төрийн жинхэнэ албан хаагч болсон бөгөөд өнөөг хүртлэх хугацаанд нийт 11 жил Төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд 2004-2008 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2008-2012 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2012 оноос одоог хүртэлх хугацаанд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст гадаадын зээл тусламжийн санхүүжилт болон салбарын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

Ажиллаж байх хугацаандаа Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллаж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүй.

Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар тушаалаар тус салбарт хэрэгжүүлэх худалдан авах ажиллагаа цөөрсөн тул хангамжийн ажлыг нэмэлтээр хийх болсон. Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст Худалдан авах ажиллагаа, хангамж хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан.

Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төрийн захиргааны удирдлагын газрын дарга өрөөндөө дуудаж ирүүлээд "өнөөдрөөс худалдан авах ажиллагааг өөр хүнд давхар хариуцуулахаар болсон. Хангамжийн асуудлыг Төрийн захиргааны удирдлагын газраа харьяалуулж нярав гэсэн албан тушаалаар ажлуулах шийдвэр гарч байна. Чи энэ няравын ажлыг хийх эсэхээ өөрөө мэд гэсэн.

2015 оны 10 дугаар сарын 29-ний өглөө ажилдаа иртэл тушаал аль хэдийн гарчихсан Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны сарын 28-ны өдрийн 209 дүгээр тушаалаар намайг Худалдан авах ажиллагаа, хангамж хариуцсан мэргэжилтний ажлаас "Ажлын байрны орон тоо хасагдсан" гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 210 дугаар тушаалаар няравын ажлыг хөдөлмөрийн гэрээгээр, ТҮ-4 шатлалаар цалинжуулахаар албан тушаал бууруулсан шийдвэр гаргасан байна.

2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр "Санал болгосон ажлыг хийхгүй гэсэн учир чамайг өнөөдрөөс энэ няравын ажлаас 226 дугаар тушаалаар халж байна" гэсэн.

Энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах үндэслэлээр гомдолтой байгаа юм. Үүнд:

1.Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 сарын 28-ны өдрийн "Д.Б*******г ажлаас чөлөөлөх тухай" 209 дүгээр тушаалын үндэслэл болгож байгаа тогтоол шийдвэрүүд нь намайг ажлаас халах үндэслэл болохгүй байна. Тухайлбал "Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол гэж байгаа нь 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан байдаг бөгөөд тус тогтоол нь өмнөх Засгийн газарт хамааралтай шийдвэр байна. Мөн Засгийн газрын "Яамдын зрхион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" 2014 оны 382 дугаар тогтоолыг үндэслэжээ. Гэтэл миний ажлын байр нь Засгийн газрын "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" 2014 оны 382 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга, хот байгуулалтын яамны орон тооны хязгаарт багтсан.

Мөн Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны "Яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалт батлах тухай" 5 дугаар тушаал, "Ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, ажилд томилох, тэтгэлэг, тэтгэмж олгох, шилжүүлэн ажлуулах тухай" 06 дугаар тушаалын хавсралтаар миний ажлын байр тус тус баталгаажсан болно.

2.Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "Д.Б*******г ажлаас чөлөөлөх тухай" 209 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д "Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд .... энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ." гэснийг; Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д "Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно." гэснийг зөрчсөн.

3.Мөн Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн "Д.Б*******г хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай" 210 дугаар тушаап нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д заасан "Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих..." гэснийг; Төрийн албаны тухай хуулийн 19.2-д заасан "Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ." гэснийг тус тус зөрчиж, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан тул дээрх тушаалуудыг хүчингүй болгох, эрхэлж байсан ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны баигууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана" гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т "Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол ... гаргана" гэж заасны дагуу мөн зүйлийн 8-д "Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй" гэж тодорхойлон заасны дагуу хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж тушаал гаргасан юм. Аливаа захиргааны байгууллагын гаргасан захиргааны шийдвэр нь хугацаа заагаагүй бол батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр хуулийн зохицуулалттай.

"Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор тус яамны орон тооны хязгаарыг 64 байхаар баталсны дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 05 дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын нэгжүүдийн орон тоо, ажлын байрны жагсаалтыг баталсан. Уг тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст "хангамжийн мэргэжилтэн" /нярав/-ын орон тоог баталсан. Үүний дараа Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар тушаалаар албан хаагчдыг ажлаас чөлөөлж, ажилд томилохдоо Д.Б*******г тус хэлтэст "Худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтэн" гэж томилон 2015 оны 05 дугаар тушаал /өмнөх тушаал/-ыг зөрчиж гаргасан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" 2007 оны 354 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтын 11-т "Техникийн гүйцэтгэх албан хаагч: Байгууллагын үйл ажиллагаа, зорилтыг биелүүлэхэд тодорхой мэргэжил, боловсрол, ур чадвар шаардах ажил гүйцэтгэх үүрэг бүхий албан тушаал ТҮ-4 зэрэглэлийн ... нярав ..." байна гэж тогтоож өгснийг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 05, 06 дугаар тушаалууд нь "хангамжийн мэргэжилтэн" гэсэн нэршилтэй албан тушаал бий болгож, ангилал зэрэглэл тогтоосон дээрх тогтоолыг зөрчсөн байсныг залруулсан.

Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт "Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам"-ын дагуу яамны мэргэжилтэн нь үр дүнгийн гэрээ байгуулж, уг гэрээнд заасан зохицуулалтын дагуу үнэлүүлж дүгнүүлдэг.

Тус яамны орон тоо Засгийн газраас баталсан орон тооны хязгаараас хэтэрсэн байсан тул хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, ажил, албан тушаалын жагсаалт, чиг үүргийг шинэчлэн баталсан бөгөөд ингэхдээ "Худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтэн"-ий орон тоог хасаж "хангамжийн мэргэжилтэн" гэснийг залруулан "нярав" болгон баталсны дагуу Д.Б*******г мэргэжилтнээс чөлөөлж, няравын албан тушаалд томилсон.

Томилсны дараа хөдөлмөрийн гэрээ байгуулах байсан боловч тус ажлын байранд ажиллахгүй гэж шалтгаангүйгээр ажилдаа ирэхгүй Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшсэн тогтвортой байх, тасралтгүй хэвийн үйл ажиллагаатай байх зарчмыг алдагдуулж байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр байсан няравын ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгчийн хувьд мэргэжилтнээр ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зөрчсөн гэх заалтууд яамны мэргэжилтний хувьд хамаархааргүй юм.

Д.Б*******г худалдан авалт, хангамжийн мэргэжилтэнээс чөлөөлсний дараа мэргэжлийнх нь дагуу адил түвшний "Програм хангамж, цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтэн"-ий ажлын байрны сул орон тоон дээр ажиллах саналыг тавихад татгалзаж Санхүү, эдийн засгийн хэлтэстээ үлдэх санал гаргасан няраваар ажиллуулах тушаал гарсан. Няраваар ажиллахаас мөн татгалзсан учир ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэлд "Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ." гэснийг зөрчсөн гэж үзжээ. Энэ нь Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх зохицуулалт тул зөрчсөн зүйлгүй байна.

Барилга, хот байгуулалтын яамын Төрийн нарийн бичгийн даргын зүгээс хууль тоггоомжийг хэрэгжүүлж, өмнөх шийдвэрийг залруулах үүднээс Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т "... төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэнэ." гэж, мөн хуулийн 36.2-т "... төрийн байгууллага чиг үүргээ, төрийн албан хаагч албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн менежментийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг тогтооно." гэсэн төрийн албаны үндсэн стандартыг хэрэгжүүлж, дээд шатны байгууллага болох Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрүүдийг биелүүлж, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн шийдвэр гаргасан тул иргэн Д.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Д.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 209, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 210, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 226 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан үеийн цалинг нөхөн олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 209 дүгээр тушаалаар Ажлын байрны орон тоо хасагдсан үндэслэлээр Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтсийн Худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтэн Д.Б*******г ажлаас нь чөлөөлж, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 210 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газарт няравын албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажилллуулахаар томилсон боловч 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 226 дугаар тушаалаар ...Д.Б*******д өөр ажлын байр санал болгон томилсон боловч татгалзсан... гэх үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актуудыг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ ...миний ажлын байр нь Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Барилга, хот байгуулалтын яамны орон тооны хязгаарт багтсан...06 дугаар тушаалын хавсралтаар миний ажлын байр баталгаажсан...209, 210 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн... гэж, хариуцагчаас ...06 дугаар тушаалаар Д.Б*******г тус хэлтэст "Худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтэн" гэж томилон 05 дугаар тушаалыг зөрчиж гаргасан... Засгийн газраас баталсан орон тооны хязгаараас хэтэрсэн байсан тул 207 дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, ажил, албан тушаалын жагсаалт, чиг үүргийг шинэчлэн баталсан... "хангамжийн мэргэжилтэн" гэснийг залруулан "нярав" болгон баталсан... гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар бүхий Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай тогтоолоор Барилга, хот байгуулалтын яамны бүтцийг 6 газар 64 орон тоотой байхаар тогтоосны дагуу Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар тушаалын хавсралтаар тус яамны бүтэц орон тоо, ажил, албан тушаалын жагсаалтыг 64 орон тоотойгоор баталж, мөн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар 58 албан хаагчдыг ажил албан тушаалд нь томилсны дотор Д.Б******* нь Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст Худалдан авалт, хангамж хариуцсан мэргэжилтэн /ТЗ7/-ээр томилсон байна. Үүнээс үзвэл Д.Б*******гийн томилогдсон ажлын байр нь Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор баталсан орон тооны хязгаарт багтсан байх тул орон тооны хязгаараас хэтэрсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаар тушаалаар тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, ажил албан тушаалын жагсаалт чиг үүргийг шинэчлэн батлахдаа Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг 9.8, 10 дугаар зүйлийн 10.2, Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоол, 402 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтыг үндэслэн өмнөх 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5 дугаар тушаалд заасан Д.Б*******гийн ажлын байр болох Санхүү, эдийн засгийн хэлтсийн Худалдан авалт хангамж хариуцсан мэргэжилтний орон тоог хасч нярав-ын орон тоог шинээр бий болгон ТҮ-4 зэрэглэлтэйгээр томилсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Д.Б*******г нярав /ТҮ4/-ын албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т 27.2.4. төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар  зохицуулнаХөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж тус тус зааснаас үзвэл Д.Б******* нь 2 настай /тушаал гарах үед/ хүүхэдтэй байхад түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатарын Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэх тайлбар хамаарахгүй гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Иймд Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 209, 210, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 226 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Д.Б*******г өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаал /ТЗ-7/-д томилж, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж нэхэмжлэгч Д.Б*******д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 209, 210, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 226 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож,

 

Д.Б*******г Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Санхүү, эдийн засгийн хэлтэст өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаалд /ТЗ7/ эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Б*******гийн ажлаас халагдсан 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих ёсоор нөхөн төлөхийг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН