Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж Улсын яллагч: Б.Мээпам Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ Хохирогчийн өмгөөлөгч: В.Удвал Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Должин Иргэний хариуцагч: Г.Гарам-Очир Шүүгдэгч: Э.Бат-Эрдэнэ Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Энхтуяагийн Бат-Эрдэнэд холбогдох 201703000130 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан баг “Байшинтын гол” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овгийн Энхтуяагийн Бат-Эрдэнэ /РД:АК79091516/ Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Э.Бат-Эрдэнэ нь Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр “Байшин” гэх газар 2017 оны 03 дугаар сарын газарт иргэн Б.Болдын гэрийн гадаа 30-58 улсын дугаартай, Пронтер маркийн авто машиныг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож ухраах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн С.Батхолбоогийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Должингийн мэдүүлсэн: ...2016 оны 03 сарын 18-ны өдөр энэ хэрэг болсон. Миний нөхрийг гэрт нь байхад, эрүүл саруул авч явчхаад ийм хэрэг болгоод амь насыг нь хохироосонд маш их гомдолтой байна. Миний зүгээс Г.Гарам-Очирт гомдолтой байна. Тийм учраас хүүгээ тэжээн тэтгэхтэй холбоотой тэтгэмжийг Г.Гарам-Очироос гаргуулах хүсэлттэй байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.Гарам-Очирын мэдүүлсэн: ... Өвөлжөөнийхөө ондилыг ухах гээд өвөлжөөн нь дээрээ ирэхэд манай нутгийн ах дүү нар, найз нөхөд намайг ондилоо түүх гэж байгааг мэдээд ондилыг чинь түүгээд өгье гээд манай өвөлжөөн нь дээр ирсэн байсан. Тухайн үед 10 гаруй хүний хамт хөрзөнгөө ухсан. Би талийгаачийг албан шаардлагаар ондил түүгээд өгөөч гэж дуудаагүй, гэрээс нь очиж аваагүй. Өмнөх өдрүүдэд нь 5 айлын ондил түүгээд өөрийн машинаараа зөөж хаяж өгч байсан. Тухайн үед би машиндаа бензин хийлгэж, мөнгө аваагүй, өөрийн сэтгэлээрээ л тусалсан. Ажлаа дуусаад би за баярлалаа одоо бүгдээрээ гэр гэр рүүгээ явцгаая гэж хэлсэн чинь дүү ах нарыгаа сумын төв рүү хүргээд өгөөч гэж гуйсан. Би ажлаа дууссан учраас гээд хүргэж өгсөн. Би талийгаачийн оршуулгын зардалд 1.800.000 төгрөгийг Э.Бат-Эрдэнэ ахад хандивлаарай гэж өгсөн гэв. Мөрдөн байцаалтын үед: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Должингийн мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн үед миний нөхөр Батхолбоог хажуухан айлын Гарам-Очирынх ондол ухуулна гээд аваад явсан. Тэгтэл 2017 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн үед Болдын гэрээс утсаар яриад Батхолбоог цус алдаж эмнэлэг явсан гэж хэлэхээр нь би сумын эмнэлэг дээр очтол Батхолбоо нас барчихсан байсан, нүүр ам нь халцарсан харагдаж байсан. Би хүнээс сонсоход талийгаач, Гарам-Очир, Бат-Эрдэнэ, Батболд, Болд нар архи уугаад Болдын гэрийн гадна талд талийгаачийг машинаар дайрч амь насыг нь хохироосон байсан. Тийм болохоор Бат-Эрдэнэ гэдэг хүнд маш их гомдолтой байна. Би 5 настай хүүхэдтэйгээ хоёулаа үлдэж байна. Талийгаач Санжаанямбуугийн Батхолбоо нь 1981 онд Хашаат суманд төрсөн, айлын хамгийн том нь бөгөөд 4 дүүтэй, Хашаат суманд 10 жилийн сургуульд сурч төгссөн, цэргийн алба хааж байсан, 2009 онд бид хоёр гэр бүл болж байсан. Талийгаач зан байдлын хувьд тайван, дөлгөөн, хүнтэй нийтэч, 100 гаруй толгой мал маллаж амьдардаг хүн байсан. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй, явцдаа нэхэмжилнэ, гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/ ...Гарам-Очирт их гомдож байна. Гарам-Очир миний нөхрийг эрүүл байхад нь хэрэг болдог өдөр ирж авч яваад архи уулгаж амь насыг нь хохироосонд гомдож байна. Гарам-Очир өөрийн машинаа хөдөлгөхгүй байлгах арга хэмжээг авах ёстой гэсэн үүргээ биелүүлээгүй байгаад гомдож байна. Талийгаачийн оршуулга болон бусад зардалд нийт 7207050 төгрөг болсон бөгөөд тийм учраас буруутай этгээдүүдээс уг мөнгийг нэхэмжилнэ. Одоогоор мөнгө аваагүй байгаа, би маш их гомдолтой байна. Цаашид талийгаачийн 49 хоногийн буян номонд гарах зардал, хуулийн байгууллагад ирж буцсан замын зардал, насанд хүрээгүй хүү Төгөлдөрийг 18 нас хүртэл сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэжээн тэтгүүлэх гэм хорын хохирол төлбөрийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/ Гэрч Д.Туяагийн мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед миний нөхөр Болдыг гэртээ байхад манай нутгийн Батболд гэдэг залуу ирээд Гармаагийнх ондил ухах гэж байна хамт очъё гээд дагуулаад явсан. Тэгээд 18 цагийн үед ондил ухаад дууссан гэж Батхолбоогийн эхнэр утсаар ярьсан. Шөнийн 01 цагийн үед миний нөхөр Болд нь Бат-Эрдэнэ, Батболд, Гармаа хочтой Гарам-Очир, Батхолбоо нар нилээн их согтуу байдалтай ирсэн. Нөхөр Болд гэртээ орж ирээд их согтолттой бололтой шууд гэрийн хоймор хэвтчихсэн, удалгүй Батхолбоо бие заслаа гээд ганцаараа гарсан, араас нь Баяга хочтой Бат-Эрдэнэ гэрээс гарсан. Тэгээд 5 орчим минут болоод гэрийн гадна талд пэд хийсэн дуу гарсан. Би гайхаад машины хаалга ингэж хаагддаг м байхдаа гэж бодсон. Тэгээд манай гэрээс Гарам-Очир, Батболд 2 гараад орилоод эхэлсэн. Би гайхаад гэрээсээ гартал Гарам-Очирын пронтер маркийн машин анх манай гэрийн үүдний харалдаа гэрлээ асаасан, хөгжим нь дуугарсан зогсож байсан газраасаа хойшоо газрын уруу руу өнхөрчихсөн байдалтай зогсож, машины урд Батхолбоо хэвтчихсэн, толгойноос нь цус гарсан, 2 хөл нь миний гэр рүү харсан байдалтай байсан. Гармаагийн машин дотор руль дээр нь Бат-Эрдэнэ суучихсан байсан, Гармаа машин дээрээ очоод, та яагаад машины руль дээр суусан юм бэ гээд машинаас буулгаж авсан. Тэгээд Батхолбоо ухаангүй байсан учир эмнэлэг орж үзүүлье гээд Гармаагийн машинаар бид нар Хайрхан сумын төв рүү явсан. Батхолбоогийн нүүр, толгойноос цус их гарсан бөгөөд сумын эмнэлэг дээр очиж, үзүүлэхэд нас бараад удчихсан байсан гэж хэлсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/ Гэрч Б.Болдын мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 18-ны өглөө Батболд намайг гэрээс ирж аваад Гарам-Очирын өвөлжөөний ондилыг ухсан юм. Гарам-Очир, Бат-Эрдэнэ, Батболд, Батхолбоо, бид нар 18 цаг хүртэл ондил ухаж дуусгаад цэргийн баяр тэмдэглэнэ гээд Гарам-Очир, Батболд 2 сумын төв явж 5 шил Ерөөл нэртэй 0.5 литрийн архи авч ирсэн бөгөөд бид нар тэр архийг хувааж уусан. Тэгээд би шөнө гэртээ хүргүүлж харьсан бөгөөд гэрт байж байхад гадаа шуугиан, орилоон болохоор нь би гараад хартал Батхолбоо машины урд хэвтсэн, толгойноос нь цус их гарсан, ухаангүй байдалтай байсан. Би бодохдоо Гарам-Очирын машин талийгаачийг ухраад дээгүүр нь гарсан юм шиг байсан би өөрөө мэдэхгүй байгаа, хараагүй болохоор. Би талийгаачийг хараад бараг уусан архи гарчихсан, тэгээд бид нар бүгдээрээ талийгаачийг аваад сумын төв оруулж эмнэлэгт үзүүлтэл эмч нас барчихсан гэсэн. Манайх уулын уруу энгэр газар байдаг бөгөөд талийгаач машины ард байж байгаад машинд мөргүүлсэн юм шиг байна лээ... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/ Гэрч Т.Батболдын мэдүүлсэн: ... Тэгтэл Батхолбоо, Бат-Эрдэнэ хоёр гэрээс гарсан. Ойролцоогоор 5 минутын дараа Гарам-Очир гэрээс гараас цус болчихсон байна ш дээ гэж орилохоор нь би гүйгээд гартал, Батхолбоогийн толгойноос цус гоожсон, машины урд талд ухаангүй хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/ Гэрч Г.Гарам-Очирын мэдүүлсэн: ... Тэгээд Болд ахын гэрт орж нэг шил архи задлаад архинаас уух чадвартай хүнгүй болтлоо согтсон байсан. Тэгтэл Батхолбоо, Бат-Эрдэнэ 2 гэрээс гарч явсан. Болд ах гэрийнхээ хойд хэсэгт унтчихсан, удалгүй Туяа эгч гадаа Батхолбоо уначихсан байна гэж хэлэхээр нь гүйгээд очтол миний машин хойшоогоо ухраад зогсчихсон байсан. Би машиныхаа подвоорыг гэрлийг асаагаад машины онгорхой үлдээж Болд ахын гэрт орсон байсан бөгөөд манай машины урд гуперийн урд подвоорын гэрэлд Батхолбоогийн толгой машин руу харсан, 2 хөл нь Болд ахынх руу харчихсан байсан санагдаж байна. Би Батхолбоо ахыг хэвтэж байхад нь тэвэрч аваад толгойг нь барьтал цус ихээр гоожоод байхаар нь сандарч, шоконд орж орилсон. Тэгээд машин руу хартал руль дээр Бат-Эрдэнэ сууж байсан. Би Батхолбоог ухаангүй, цус гоожсон байдалтай хэвтэж байхыг нь хараад хяналтаа алдчихсан, ухаангүй шахам болчихсон болохоор зарим зүйлээ сайн санахгүй байна. Тэгээд Болд ах, Батболд ах, Бат-Эрдэнэ ах, бид 4 талийгаачийг сумын эмнэлэгт авч ирэхэд нас барчихсан гэж хэлсэн. Миний машины гэрэл түлхүүргүй ч гэсэн асчихдаг. Би тэрийг мэдэхгүй байна, яасан ч Бат-Эрдэнэ ах машины руль дээр байсан, би сүүлдээ айж сандраад зарим зүйлээ санахгүй байна. Батхолбоо, Бат-Эрдэнэ нар нилээн согтсон, сүүлдээ архи уухгүй биеэ цэнээд байна уу эсхүл уух тэнхэлгүй болчихоод байна уу гэдгийг би мэдээгүй. Талийгаач миний машины ард зогсож байхад нь Бат-Эрдэнэ ах машины руль дээр сууж байгаад конс гишгэж газрын уруу руу машиныг өнхрүүлж, улмаар талийгаачийг дайрч дээгүүр нь гарсан байх гэж бодож байна. Гэрийн гадаа машин асах чимээ гараагүй, надад машины түлхүүр байсан, машин онгорхой байсан, машин өнхрөх чимээ гараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/ Гэрч Л.Ичинноровын мэдүүлсэн: ...2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал 23 цагийн үед Гарам-Очир өөрийнхөө машиныг унасан, Батхолбоо, Бат-Эрдэнэ, Болд, Батболд нарын хамтаар манай гэрт ирсэн. Тэд нар архи уусан халаалттай явсан бөгөөд цэргийн баярын өдөр гээд 2 шил 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи задалж уусан, мөн хажуугаар нь том савтай “Боргио” нэртэй пиво задалж уусан бөгөөд архи, пивоноос Гарам-Очир уугаагүй, бусад нь жигдхэн уусан, тэгээд 01 цагийн үед манай гэрээс тэд нар явсан. Гарам-Очир машинаа жолоодож явсан. Би өөр зүйл мэдэхгүй. Батхолбоо нэг их согтоогүй байсан. Бат-Эрдэнэ нилээн их согтсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуу/ Гэрч Н.Дэлгэржаргалын мэдүүлсэн: ...2017 оны 03 сарын 19-ний өдөр 01 цаг 45 минутад Хайрхан сумын эмнэлгийн жижүүрийн утаснаас сувилагч яриад хүнд хүн ирлээ гэж надад хэлсэн. Би түргэн хугацаанд ажил дээрээ яваад очтол ажлын газрын үүдэнд хар ногоон өнгийн пронтер маркийн машин дотор ухаангүй хүн байхаар нь хамт явсан хүмүүсээр нь өргүүлж эмнэлэгт оруулан үзлэг хийхэд Батхолбоо гэдэг хүн нас барчихсан, цогцос нь хөрсөн байдалтай ирсэн. Гадна талдаа нүүрэндээ 2 хэсэг зүсэгдсэн шархтай, хэвлийн доод талд зүүн цавь орчимд алга дарам хөхөрсөн шархтай байсан. Талийгаачтай хамт явсан хүмүүс бүгд согтуу байсан бөгөөд машин ухраад дээгүүр нь гарчихсан гэж ярьж байсан. Миний бодлоор Гарам-Очир арай бага согтуу, бусад нь их согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47 хуу/ Гэрч М.Баатарболдын мэдүүлсэн: ...2017 оны 03 сарын 18-ны өдөр буюу цэргийн баярын өдөр би сумын төвд гэртээ байж байтал гадаа харанхуй болчихсон байхад яг хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна, манай гэрт Болд, Бат-Эрдэнэ, Батхолбоо 3 орж ирсэн. Гарам-Очир, Батбод 2 сумын төв рүү архи авах гээд явчихсан гэсэн. Тэгээд би Болд, Бат-Эрдэнэ, Батхолбоо нарыг орж ирлээ гээд гэрт байсан тал шилтэй “Улаанбаатар” нэртэй архийг хийж өгөөд гэрээс гарч хэсэг байж байгаад буцаж иртэл манай гэрт Гарам-Очир, Батболд 2 ирээд тавуулаа болчихсон байсан. Би тал шилтэй архиа хундагалж өгөөд дуустал надад 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи өгөхөөр нь тэр архийг шууд задалж бүгдэд нь хийж өгсөн бөгөөд Гарам-Очир ах архи нэг их уухгүй байсан, бусад нь уугаад байсан. Би архины хажуугаар нэг том савтай “Боргио” пиво задалж ах нарт өгсөн боловч нэг их уухгүй байсан. Манай гэр тэд нар нэг цаг гаруй юм ярьж суусан бөгөөд нэг их согтоогүй эрүүл шахам л байсан. Тэгээд гэр рүүгээ явлаа гээд Гарам-Очир машинаа унаад нөгөө 4 машинд нь суугаад яваад өгсөн. Маргааш өдөр нь Батхолбоо ахыг нас барсан гэдгийг сонссон. Манай гэрт орж ирэхдээ хашааны хөрзөнг гаргаад явж байна гэж ярьж байсан бөгөөд нүүр, ам бөөн өтөг болчихсон явж байсан. Манай гэрт орж ирээд явтлаа хоорондоо маргалдаж муудалцсан зүйл болоогүй, бүгд л хэвийн хоорондоо эвтэй найртай явж байсан. Болд ахын нүүр манай гэрт орж ирэхдээ халцарсан гэх шархгүй хэвийн байх шиг байсан. Хэрэв халцарсан байсан бол би харах байсан, надад халцарсан шарх харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/ Гэрч Ц.Алтантөгсийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Хайрхан сумын Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагчийн ажлыг 2017 оны 03 дугаар сарын 18-нй өдөр 17 цагаас эхлэн 2017 оны 03 сарын 19-ний өдрийн 09 цаг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын байранд хонож ажилласан. Шөнө 01 цаг 45 минутад эмнэлэг дотор Гарамаа гэдэг залуу орж ирээд эмч байна уу гэдээ нэг хүн эвгүй болчихлоо, та гараад хурдан үзээдэхээ гэж хэлсэн. Би эмч Дэлгэржаргал руу утсаар ярьж хэлсэн бөгөөд эмчийн гэр ажлын хажууд ойрхон байдаг болохоор маш хурдан хугацаанд орж ирсэн. Би Гарамаа гэх хүнд гадаа байгаа хүнээ оруулаад ир гэж хэлсэн бөгөөд эмнэлгийн гадна гартал пронтер маркийн машинаас дээлэнд боосон эрэгтэй хүнийг манай эмнэлгийн сахиул Хоохоо хочтой Энхбат болон нэг хүнтэй хамт өргөөд эмнэлэг дотор оруулж ирсэн. Гарамаатай хамт Болд, Батболд болон миний танихгүй нэг залуу нар явж байсан. Миний танихгүй залууг бат-Эрдэнэ гэдэг байсан. Талийгаачийг эмнэлэгт оруулж ирэхэд Гарамаагийн гар, нүүр цус болж хатсан, Болдын уруул халцарсан, нүүр гар нь цус болсон байдалтай байсан. Талийгаачийг машинаас буулгаж байх үед эмч Дэлгэржаргал ирчихсэн байсан бөгөөд талийгаачийг эмнэлгийн хүлээн авах өрөөнд оруулж эмч Дэлгэржаргал, бид хоёр өмссөн дээлийг тайлж үзлэг хийхэд нүүр, ам нь их эвгүй болж, хэлбэрээ алдчихсан байсан, зүүн талын цавь их тод хөх болчихсон гэмээр харахад л нас барсан байна гэдэг нь мэдэгдэж байсан, талийгаачийн 2 гар дэлгэгдэж хөшсөн байсан. Би талийгаачийг авч ирсэн хүмүүсээс та нар хоорондоо зодоон хийсэн үү гэж асуухад хэн ч дуугарахгүй байсан бөгөөд Гарамаа л эрүүл байсан бөгөөд бусад гурав нь их согтуу байдалтай байж байсан. Тэгээд талийгаачийг өмссөн байсан хувцастай нь шууд эмнэлгийн ноорогт оруулж байрлуулсан. Манай сумын сувилагч нар 5 гэдэг дэвтэр дээр тухайн гарсан ээлжтэй байх үед эмнэлэг дотор болсон бүх зүйлийг бичиж тэмдэглэдэг юм. Би энэ дуудлагыг мөн адил 5 минут дэвтэр дээр бичсэн юм. Би талийгаачийг биед гараараа хүрээгүй, эмч Дэлгэржаргал гараараа цээжин дээр нь дарж үзлэг хийсэн. Би талийгаачийн хувцсыг биед нь хүрэхгүйгээр тайлсан. Талийгаач гаднаас харахад нас барсан нь илт байсан бөгөөд эмч Дэлгэржаргал талийгаачийн 2 дээр дарахад хөшсөн байсан. Би талийгаачийн биед хүрээгүй болохоор хөрсөн байсныг нь мэдээгүй. Гарамаа эрүүл байсан, Болд, Батболд, Бат-Эрдэнэ нар нилээн согтуу байгаа нь харагдаж байсан. Гарамаагийн нүүр, хацар, гар нь цус болж хатсан байсан. Болдын уруул нь халцарсан, гар, нүүр нь цус болсон байсан. Батболд хана руу хараад л уйлаад байсан. Бат-Эрдэнэ дан цамц өмссөн байсан бөгөөд нүүр, ам нь цус болоогүй цэвэрхэн харагдаж байсан. Би эмч Дэлгэржаргалтай эмнэлгийн гадна зогсож байхад энэ хүнийг аваарай гэж орилолдоод айж сандарсан байдалтай байгаад байсан бөгөөд Болд, Батболд, Бат-Эрдэнэ нар согтуу байсан болохоор Гарамаа Энхбат нар талийгаачийг өргөж эмнэлэгт оруулсан байх гэж бодож байна. Гарам-Очир нь ярихдаа бид нар нийлж хөрзөнг ухаж дуусгаад архи уусан, тэгээд талийгаач машинд дайруулчих шиг боллоо гэдэ байдлаар юм яриад байсан, нөгөө гурав нь юу ч ярихгүй байсан. Хүлээн авахын өрөөнд том цаг байдаг бөгөөд ийм ноцтой дуудлага ирсэн үед цаг хугацааг нь байнга бичиж тэмдэглэж авдаг юм. 01 цаг 45 минутад Гарамаа анх орж ирээд дуудлага өгч байхад би цаг харж тэмдэглэсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/ Шинжээч Б.Отгонжаргалын мэдүүлсэн: ...Миний гаргасан 38 дугаартай дүгнэлт үнэн зөв. Хүн нас бараад ойролцоогоор 2-4 цагийн дараа эрүү, хүзүү, гарын булчингаар хөшиж, дараагаар нь хөлийн булчин хөшиж эхэлдэг. Хөрөлт нь хүн нас барснаас хойш аажим буурч эхэлдэг бөгөөд эхлээд гарын хуруу, уруулнаас эхлээд хөрдөг. Хайрхан сумын эмнэлгийн тэмдэглэл болон эмчийн мэдүүлэг зэргээс харахад талийгаач 23 цагаас 01 цагийн хооронд нас барсан байх боломжтой гэж үзэж байна. Талийгаач С.Батхолбоогийн биед дух ясны зүүн хэсгээс тэгш өнцөг үүсгэн зулай ясны голоор титэм заадал руу чиглэсэн шугаман хугарал, титэм заадлын салалт, гавлын зүүн урд хонхорын жижиг цөмөрхийт болон шугаман хугарал, дагз ясны шугаман хугарал, духны дэлбэнгийн урд хоёр талын чамархай, их тархины гол, бага тархины голоор тархины аалзан бүрхүүл доорх тархмал харвалт, баруун зулай, чамархай орчмын тархины эдийн голомтлог няцрал, дух орчмын хуйхан доор цус хуралт цээжний хөндийн битүү гэмтэл буюу зүүн талын 3,4,5,6-р хавирганы эгэмний дунд шугамаарх хугарал, зүүн хөхний доор харалдаа зөөлөн эдэд цус хуралт гэмтэл учирсан байсан. Талийгаачийн биеийн гадаргуу дэх гэмтлээс харахад талийгаачийн духны зүүн хэсэгт хүчтэй цохих, цохигдох үйлчлэлийн улмаас унаж ойчих, хатуу мохоо зүйлд цээжний зүүн урд хэсгээр цохигдох үед үүссэн нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой, зулгаралт, цус хуралт, унаж, ойчих, унасны дараа шүргэх нидрэгдэх, цохигдох үед үүссэн байх боломжтой. Талийгаач духны зүүн хэсгээр хатуу мохоо зүйлд цохигдох, доргих үед зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, зулгаралт үүсч, шархны харалдаа хуйхан доор тэгш өнцөг үүсгэсэн /Г хэлбэртэй/ өнцөг хүртэл 2 см хэмжээтэй, духнаас зулай ясны голоор титэм заадал руу чиглэсэн шугаман хугарал, гавлын ясны зүүн урд хонхорын жижиг цөмөрхийт болон шугаман хугарал үүссэн байгаа нь машин ухрах үед машины төмөр эд ангид цохигдож дээрх гэмтэл үүссэн байх боломжтой. Мөн дагз ясанд аалзны тор мэт шугаман хугарал үүссэн байсан нь талийгаач машинд мөргүүлж арагш унах үед дагз яс хугарсан байх боломжтой. Талийгаач машинд мөргүүлэх, унах үед машины доор байрлах төмөр эд ангиудад цохигдож, эгэмний дунд шугамаар цээжний зүүн талын 3,4,5,6-р хавирганы хугарлууд үүсэх боломжтой... гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 хуу/ Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаартай дүгнэлт: 1. Талийгаач С.Батхолбоогийн биед оношийн 1-рт тусгагдсан гавал тархи, цээжний битүү хүнд гэмтэл, 2-р тусгагдсан түүний хүндрэл, 3А-д тусгагдсан зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, зүүн ташаанд цус хуралт, баруун хөхний доод хэсэгт өнгөц зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих цохигдох, доргих үед үүсэх боломжтой. 3. Талийгаач нь гавал тархины битүү хүн гэмтлийн улмаас нас баржээ. 4. Шинжилгээгээр элэгний жижг зангилаат хатуурал, баруун уушигний архаг хууч өвчтэй байна. Энэ нь үхэлд хүргэхгүй. 5. Талийгаач С.Батхолбоо нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. 1-р бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /хх-ийн 68-70 хуу/ Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн химийн шинжилгээний 16 дугаартай дүгнэлт: 1. Шинжилгээнд авсан цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Э.Бат-Эрдэнийн цусанд 0.8 промиль спиртийн алкоголь илрэв. 3. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 78 хуу/ Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14 тоот дүгнэлт: 1. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 225-ны өдрийн 16 тоот дүгнэлтээр Э.Бат-Эрдэнийн цусанд 0.8 промиль спиртийн алкоголь илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэг хамаарна гэсэн нь жолооч Э.Бат-Эрдэнэ нь МУ-н ЗХД-ийн 2.7 а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг мөн ЗХД-ийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Жолооч Э.Бат-Эрдэнэ нь МУ-ын ЗХД-ийн 2.7 а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг мөн ЗХД-н “Хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчиж явсан буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан гэж дүгнэв. 3. Жолооч Э.Бат-Эрдэнэ нь “В” ангилалын 463453 дугаарын жолооны эрхийн үнэмлэхтэй байна. Хуулбарыг хавсаргав. 4. Г.Гарам-Очир нь МУ-н ЗХД-н 11.3 “Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө” ...гэх дүгнэлт /хх-ийн 83 хуу/ Э.Бат-Эрдэнийн сэжигтнээр мэдүүлсэн: ... Тухайн үед Гарам-Очир жолоо барьж байсан болохоор бага ууж байсан. Болдын гэрт очоод нэг архи задалж уух гэтэл архи уух чадвартай хүн байхгүй болтлоо согтсон байсан. Тэгээд би Болдын гэрт сууж байгаад гэртээ харъя гээд босоод гадаа гарснаа санаж байгаа юм, тэгээд юу болсныг санахгүй байна. Нэг сэртэл нэгнийгээ алчихлаа ш дээ гээд уйлалдаад машин сумын төв рүү явж байсан. Би хэн хэнийгээ яагаад алах болсныг мэдээгүй. Намайг машины жолооч талын суудал дээр сууж байсан гэсэн, тэгээд Гарам-Очирын машин өнхөрсөн байдалтай зогссон, урд талд нь талийгаач нас барсан байсан гэсэн. Би яаж яваад машины жолооч талын суудал дээр суусан болохоо мэдэхгүй байгаа юм. Хамт нөхөрлөж явсан сайхан найзыгаа архин дээрээсээ болж ингээд алчихаж байгаад харамсаж байна. Би машинд сууж байгаад машины конс дээр гишгээд машиныг газрын уруу өнхрүүлсэн юм шиг байгаа юм, тэр үед талийгаач машины ар талд байж байгаад мөргүүлж нас барсан байх гэж би бодож байгаа. Болдын гэрийн гадна талд уулын уруу байдаг юм. Бид нар хоорондоо маргалдаж муудалцаагүй. Би дэн дун зарим зүйлээ санаад байгаа бөгөөд яг хэрэг болох үеийн зүйлсийг санахгүй байгаа юм. Би өөрийн гэсэн ухаантай байсан бол машины жолооч талд суугаад конс дээр гишгэхгүй л байсан гэж бодож байна. Тухайн үед тасарчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 94-95 хуу/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05 хуу/ Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-08, 10, 12-13 хуу/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09, 11 хуу Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 103-119 хуу/ Шүүх хуралдааны үед хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 148-161 хуу/ зэргийг шинжлэн судлав. Шүүх хуралдаанаар шинжлэн судласан дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд 2017 оны 03 сарын 18-19-нд шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан баг, Байшин гэх газарт айлын гадна зогсож байсан 30-58 АРХ улсын дугаартай Пронтер маркийн автомашины хурдны хайрцагны арааг Э.Бат-Эрдэнэ нь согтуугаар салгасаны улмаас иргэн С.Батхолбоо нь уг автомашинд дайрагдаж нас барсан нөхцөл байдал тогтоогдлоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Должин гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн гэх 3.890.050 /гурван сая найман зуун ерэн мянга тавин /төгрөг, хүү Б.Төгөлдөрийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг 18 нас хүртэл нь сар бүр гаргуулахаар нэхэмжилж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нийт 6.891.850 / зургаан сая найман зуун ерэн нэгэн мянга найман зуун тавин / төгрөгийн баримт хавтаст хэрэгт хавсаргажээ. Гэрч Д.Туяа, Б.Болд, Т.Батболд Г.Гарам-Очир, шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нар нь тухайн өдөр нийлж согтууруулах ундаа хэрэглэсэн, Б.Болдын гэрт байх үедээ Э.Бат-Эрдэнэ, С.Батхолбоо нар нь гэрээс хамт гарсан бөгөөд пэд гэх дуу гарсны дараа гэрээс гарч харахад Г.Гарам-Очирын автомашин байрнаасаа ухарсан, Э.Бат-Эрдэнэ машины жолоон дээр сууж байсан, талийгаач С.Батхолбоо машины урд талд толгой нь цус болсон байдалтай хэвтэж байхаар нь эмнэлэгт хүргэж өгөхөд нас барсан байсан, тухайн автомашин нь түгжээгүй, түлхүүр нь Г.Гарам-Очирт байсан талаар, гэрч Н.Дэлгэржаргал, Ц.Алтантөгс нар нь талийгаачийг Б.Болд, Т.Батболд, Г.Гарам-Очир, Э.Бат-Эрдэнэ нар эмнэлэгт хүргэж ирсэн талаар, шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар дүгнэлтэд... талийгаачийн биед гавал, тархины болон цээжний хөндийн битүү гэмтэл, нүүр,цээж, зүүн ташаа хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтлүүд учирсан, талийгаач нь хүчтэй зэргийн согтолттой байсан, гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан талаар тус тус дурджээ. Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас нотлох баримтад тооцохгүй байх тухай прокуророос санал, оролцогчдоос хүсэлт гаргаагүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзлээ. Улсын яллагчийн зүгээс Э.Бат-Эрдэнийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтын дагуу зүйлчлэхэд энэ гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгтэй харьцуулахад оногдуулж болох тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын доод дээд хэмжээ ихэссэн, хорих ялын дээд хэмжээ ихэссэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан эрхзүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасанаар гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн үйлдлийн хувьд маргаагүй бөгөөд харин түүний үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжгүй, өөрөөр хэлбэл Э.Бат-Эрдэнийг уг гэмт хэргийн субьект болох жолооч биш гэж үзэн түүний үйлдлийг хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилж шийдвэрлүүлэх тухай дүгнэлт гаргасан. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заажээ. Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн үед шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь автомашиныг жолоодсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд Э.Бат-Эрдэнийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжтэй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж Э.Бат-Эрдэнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Боржигон овгийн Энхтуяагийн Бат-Эрдэнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан нөхөн төлж хор уршгийг арилгасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв. Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Должин нь оршуулгын зардал болон бусад зардалд 3.890.050 /гурван сая найман зуун ерэн мянга тавин /төгрөг нэхэмжилж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нийт 6.891.850 / зургаан сая найман зуун ерэн нэгэн мянга найман зуун тавин / төгрөгийн баримт хавтаст хэрэгт хавсаргажээ. Үүнээс мөрдөн байцаалтын үед шүүгдэгч Э.Бат-Эрдэнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Должинд төлсөн гэх 5.000.000 / таван сая/ төгрөгийг хасаж үлдэх 1.891.850 төгрөгийг Э.Бат-Эрдэнээс гаргуулж, 3.890.050 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 1.998.200 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхив. Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно” гэж заасан байх бөгөөд талийгаачийн сарын цалин хөлс, орлогыг тодорхойлсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул уг төлбөрийн хэмжээг тооцож гаргуулах боломжгүй гэж үзэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Должингийн нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг сар бүр гаргуулах тухай нэхэмжлэлийг хангахгүй орхиж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдийн 14 дүгээр дүгнэлтэнд Г.Гарам-Очирыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчсөн талаар дурдсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Г.Гарам-Очирын үйлдэл болон талийгаачийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж үзлээ. Г.Гарам-Очирын дээрх үйлдэл нь Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 37 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч энэ зүйлийн 35, 36 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар тээврийн хэрэгслийг түр, удаан зогсоох журам зөрчсөн” зөрчлийн шинжтэй байх бөгөөд Зөрчлийн тухай хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон ба уг хуулийг 2017 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө үйлдэгдсэн зөрчилд буцаан хэрэглэх үндэслэлгүй байна. Монгол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Бат-Эрдэнийг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 2. Боржигон овгийн Энхтуяагийн Бат-Эрдэнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй. 4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд заасны дагуу Э.Бат-Эрдэнэд хяналт тавихыг Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 5. Шүүгдэгч Э.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай. 6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Должины гаргасан тэжээгчээ алдсаны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл болон хангахгүй орхисон 1.998.200 төгрөгийн нэхэмжлэлүүдийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай. 7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ