Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/349

 

 

 

 

 

 

       2022          03            31                                       2022/ДШМ/349

                                                       

 

Б.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ь, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Д.Тамир,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлоор Б.Э-д холбогдох эрүүгийн 2108000000415 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Э-,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

 

            Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** тоотод Э.Ө-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүр, толгойн тус газар нь цохиж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

           

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 /арван нэгэн/ жилийн хорих ял оногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 жил 2 сар 10 хоногийн хорих ял болж байгаагаас 2 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 10 хоногийн хорих ялыг 11 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 11 /арван нэгэн/ жил 2 /хоёр/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогчид 12.000.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь гэм хорын улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 509 дүгээр зүйлийн 509.1-д тус тус зааснаар Ө-ын Э-ийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/  шүүгдэгч Б.Э-өөс сар бүр 33.333 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ьд олгож, Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Д.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүргээ хэрэгжүүлээгүй буюу хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэх, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулгад бүрэн дүүрэн нийцсэн шийдвэр гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн цаг хугацаа, гэмт хэргийг хэн үйлдсэн, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцөл зэргийг нотлохоор заасан бөгөөд уг хэргийн хүрээнд амь хохирогчийн нүүрэн хэсэгт цохисноос, аль эсхүл Б.Э-ийн өөрөөсөө холдуулахаар эргэх хүчинд нь автаж амь хохирогч унасны улмаас толгойдоо гэмтэл авсан уу, эсхүл согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн хүмүүс нь амь хохирогчийг гэрт нь хүргэхдээ өргөж оруулах явцдаа толгойгоор нь хатуу зүйл мөргүүлэх, шатан дээр толгойгоор нь унагааж гэмтэл учруулсны улмаас нас барсан эсэх зэргийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж тус тус заасан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд зайлшгүй хийх шаардлагатай ажиллагаануудыг бүрэн дүүрэн хийгээгүй гэж үзэж байна. Тухайлбал, хавтас хэрэгт хүний биед үзлэг хийсэн баримт болон фото зургууд авагдсан бөгөөд уг зурагт амь хохирогчийн дал, нуруу хэсэгтээ зулгаралтуудтай байдаг, уг гэмтэл нь хэзээ, ямар цаг хугацаанд, ямар байдлаар үүссэн болохыг юуны өмнө нарийвчлан тогтоох шаардлагатай байсан боловч тогтоогоогүй, үүнийг тогтоосноор хохирогчид учирсан бусад гэмтлүүдийг хэзээ, хаана ямар байдлаар хэн учруулсан байж болох, бусад гэмтлүүдтэй нэг цаг үед үүссэн хоорондоо хамааралтай эсэх, гэмтлүүд нь миний үйлчлүүлэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой байгаа юм. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 564 дугаартай дүгнэлтээр: “...талийгаачид үүссэн гавал тархины гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн ба толгойн орой зулай хэсэгт хатуу хязгаарлагдмал, өргөн гадаргуутай зүйлийн нэгээс дээш удаагийн цохилтын хүчээр үүссэн гэмтэл байна, талийгаач дээрх гавал тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. ... “ гэсэн дүгнэлт нь тухайн үед болсон үйл явдлыг нарийвчлан дүрслэн шалгах шаардлагатайг илтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, амь хохирогчид учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэх дүгнэлтээс гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байгаа юм. Хэрэв миний үйлчлүүлэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас болж амь хохирогч амиа алдсан болох нь тогтоогдсон гэж үзэж байгаа бол миний үйлчлүүлэгийн үйлдэл нь хохирогчийн амь насанд шууд үхэлд хүргээгүй, хохирогч эмнэлгийн тусламж авалгүй, хугацаа алдсаны улмаас нас барсан зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэх эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Анхан шатны шүүх, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр Б.Э- нь амь хохирогчийн нүүрэн хэсэгт нь цохиж унагасны улмаас амь насыг нь хохироосон үйл баримт хангалттай тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж, яллаж буй нь миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Миний үйлчлүүлэгчийн амь хохирогчийг өөрөөсөө холдуулахаар эрчтэй эргэхэд хүчинд нь унасан, эсхүл нүүрэн тус газарт нь цохисон гэж үзвэл талийгаачийн үхлийг хүссэн, түүнийг амиа алдахад зориуд хүргэх зорилгоор хийсэн гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй юм. Хэрэв миний үйлчлүүлэгчийн үйлдлийн улмаас амь хохирогч амиа алдсан болох нь тогтоогдсон гэж үзэж байгаа бол “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан хандлага буюу бодит санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож, дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтооно. Тухайлбал, “хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бол “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэг нь бусдад хүнд гэмтэл учруулах үйлдлийг санаатайгаар хийсэн боловч энэ үйлдлийн улмаас хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа ялгагддаг гэсэн Улсын Дээд шүүхийн тайлбар байдаг. Энэ гэмт хэргийн тухайд, Б.Э- нь хохирогчийг араас нь татаад байхаар нь өөрөөсөө холдуулах зорилгоор эргэж харахад хохирогч эрчинд нь унасан гэдэг ба гэрчийн мэдүүлгээр бол нүүрэн тус газарт нь нэг удаа гараар цохисны улмаас хохирогч арагш унасан гэж мэдүүлдэг. Хохирогчийг машинд өргөж оруулаад гэр лүү нь хүргэхдээ замаараа дэлгүүрээс архи авсан, гэрт нь очоод машинаас өргөж гаргаад хашаа руу нь оруулсан гэж гэрчүүд мэдүүлдэг ба энэхүү нөхцөл байдлыг шалгахдаа “мөрдөн байцаалтын туршилт” хийсэн гэх боловч хуулийн шаардлага хангаагүй “Туршилт” гэх ажиллагааг хийсэн байна. Өөрөөр хэлбэл, туршилт хийхдээ дүрс бичлэгээр бэхжүүлж авсан бол хохирогчийг тухайн 3 хүний хэн нь хаанаас нь өргөж ямар байдлаар машинд оруулсан, машинаас хэн ямар байдлаар өргөж гаргасан, ямар байдлаар хэн нь хаанаас нь өргөж ямар замаар хаашаа явж аль хашаа руу орсон, тухайн газар орны байдал ямар байсан, газар нь шороотой, цастай, цементэн хучлагатай, плита гэх мэт замтай байсан эсэхийг харуулах, газар нь тэгш эсэх, байшин нь өгсүүр эсэх, байшингийн байрлал, байшинд ороход шаттай эсэх, өргөж оруулсан хүмүүс нь шатаар ямар байдлаар оруулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үедээ хохирогчийг өргөж дийлж байгаа эсэх, алдаж унагахгүйгээр гэрт нь оруулах боломжтой байсан эсэх зэргийг дүрс бичлэгээр дүрслэн тогтоож хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн жинхэнэ бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ь тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн  гэж үзэж байна. Миний хувьд гомдолтой байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны,  үндэслэлтэй гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд зөв үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд тусгагдсан асуудлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай яригдсан. Энэ хэрэг мөрдөн байцаалтад буцсан ч ямар ч нэмэлт ажиллагаа хийгдэхгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...“шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дүгнэлтэд дурдагдсан олон тооны гэмтэл, шархыг миний үйлчлүүлэгч учруулсан нь тодорхойгүй. ...” гэсэн агуулга бүхий зүйлийг шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон тухайн хэрэг гарсан өглөөнөөс авхуулаад гэмтэл авах цаг хугацаа хүртэл амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл, шархыг хэзээ, хаана, яаж хэн үүсгэсэн болохыг н.Э-, н.Ц-, н.Г- нар гэрчилж мэдүүлсэн. ...Мөн хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ь болон н.Г- нарын мэдүүлгээр Б.Э- болон амь хохирогч Э.Ө- нар урьд нь хэд хэдэн удаа маргалдаж байсан. Хэдийгээр багын найз гэдэг боловч хоорондоо хэд хэдэн удаа зодолдож байсан бөгөөд Б.Э- дандаа Э.Ө-ыг зоддог байсан, дээрэлхдэг, хувийн таарамжгүй харьцаатай байсан гэдэг нь нотлогдон тогтоогддог. Хэрэг гарсан өдөр “н.Э-ыг гэрт оруулах гэлээ. Хачин юмыг чинь гэртээ оруулахгүй шүү” гэж Б.Э- хэлснээс болж маргаан үүссэн. Н.Г-, Б.Э-, Э.Ө- нар тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл уусан. Хэсэг хугацааны дараа н.Э-, н.Ц- нар амь хохирогчийг очиж авахаар Б.Э-ийнд очсон. Хашаа руу нь оронгуут н.Г- өөдөөс нь гарч ирээд “Машиндаа сууж бай. Э.Ө-, Б.Энхбат нар удахгүй гараад ирнэ” гээд тэр хоёрыг Б.Э-ийн гэрт оруулахгүйгээр автомашиндаа аваад суусан. ...Б.Э-ийн өмгөөлөгчтэйгөө өгсөн мэдүүлэгт “н.Г-ийг гараад явсны дараа би Э.Ө-тай маргалдаад хэд хэдэн удаа нүүрэн тус газар нь цохисон” гэсэн байдаг. Хэдийгээр яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй ч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэрч нарын мэдүүлгээр гэртээ Б.Э- нь Э.Ө-ыг цохисон үйл баримт нотлогдон тогтоогддог. Хэсэг хугацааны дараа амь хохирогч Э.Ө-, Б.Э- нар нь хашаанаас гарч ирэхдээ Б.Э- маш ууртайгаар н.Г-ийн тал буюу жолооч талын хаалган дээр очиж жолоочийн хажууд сууж байсан н.Э-ы нүүрэн тус газарт “Та нар бөөнөөрөө бүлэглэж намайг зодохоор ирсэн юм уу” гэж хэлээд хоёр удаа цохисон. Тэгэхэд н.Г- Б.Э-ийг түлхэж машинаас гаргах үед Б.Э- эргэж харахдаа амь хохирогчийг цохисон болохыг арын суудал дээр сууж байсан н.Ц- гэрчилдэг бөгөөд хэрэг шалгагдаж эхэлсэн цагаас тогтвортой мэдүүлдэг. Амь хохирогч Б.Э-д цохиулан савж унаснаас хойш дахиж идэвхтэй үйлдэл хийгээгүй бөгөөд ухамсарт ой нь сэргээгүй. Яг тухайн цаг хугацаанд шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан амь насыг нь аврах боломжгүй гэмтлийг амь хохирогч авсан юм. Хэрэг гарсан үеэс 16 цагийн хугацаанд буюу нас барах хүртлээ ганц ч идэвхтэй үйлдэл хийгээгүй, ухаан ороогүй. Амь хохирогчид учирсан гэмтлүүдийг шинэ гэмтэл гээд шинжээчийн дүгнэлтэд тодорхойлчихсон байгаа. Тийм учраас дахин шинжээчийн дүгнэлт гаргах ямар ч үндэслэл байхгүй. 2021 оны 5 дугаар сард шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамир прокурорт хандан энэ хэрэгт н.Г-ийг холбогдуулан шалгах, мөн энэ хэрэгт туршилт хийлгэх хүсэлт гаргасан. Прокурорын зүгээс хүсэлтийг хангаж мөрдөн шалгах ажиллагааны явцад туршилт хийж, хэргийн материалтай оролцогч нар буюу Д.Тамир өмгөөлөгч танилцсан бөгөөд тухайн үед оролцогч нараас гомдол гаргаагүй. Мөн туршилтыг заавал дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулах ёстой гэсэн хууль байхгүй. ...Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломж байхгүй. Учир нь, Б.Э-, Э.Ө- нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа буюу маргаан урьд нь байсан бөгөөд тухайн хэрэг гардаг өдөр ч үүссэн. Амь хохирогчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч аль хэзээний хожимдсон байсан. Иймд хэргийг прокурорт буцаах талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн  гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ****** тоотод Э.Ө-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүр, толгойн тус газар нь цохиж, ар дагзаар нь газар савж унаган гавал тархины битүү гэмтэл, зулайн хуйханд тархмал цус хуралт, зулайн заадас салсан хугарал, зүүн духны дээд хэсэг болон дагзны баруун төвгөр хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа доорх хатуу хальсны дээрх ялтаслаг хэлбэрийн цусан хураа, зулай, 2 талын чамархайн гүдгэр болон суурь хэсэг, зүүн дагзны дэлбэнгийн гүдгэр болон суурь хэсэг дэх хатуу хальс доорх цусан хураа, их тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн дээд хэсэг, үзүүр, доод хэсгээр тархмал аалзан хальс доорх цус хуралт, зүүн зулайн хэсэг болон зүүн чамархайн дэлбэнгийн сууриар аалзан хальс доорх цус хуралт, тархины эдийн няцрал, гипоталамусын нэвчмэл цус хуралт, бага тархины хоёр тал бөмбөлгийн ар дээд гадаргуун аалзан хальсан доорх голомтлог цус хуралт бүхий гэмтэл учруулан, амь хохирогч Э.Ө- нь гавал тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ийн “...16 цаг өнгөрч байхад гэртээ ирээд ойр зуурын юм хийж байгаад нөхөр Ө-ыг очиж авчирая гээд гартал Г-, Ц-, Э- гурав Ө-ыг Г-ийн машины арын хаалгаар тал талаас нь өргөж буулгаж байхаар явж очтол талийгаачийн уруул хавдаж цус болсон, урд нэг бэхэлгээтэй хиймэл шүд нь унаад байхгүй болчихсон, өөрөө ухаангүй, толгойн ар дагз хэсэг нь цус гарч шалбарсан юм шиг улайсан харагдсан. “Юу болсон, яасан бэ, нүүр ам нь яасан, шүд нь яачихсан юм” гэж асуухад Д.Г- надад “шатнаас уначихсан, архиндаа тасарчихсан” гэж хэлэхээр нь тэр үед тасарчихсан юм байх гэж бодоод шүдийг нь хайхад олдоогүй. Мөн машины арын суудал цус болчихсон байсан. Талийгаачийг Г-, Э-, Ц- нар дамжилж гэрт оруулаад том өрөөний голд хивсэн дээр хэвтүүлээд Г-, Ц- хоёр гэрээс гараад явсан. Э-ы зүүн талын эрүүл хардаг нүд нь хавдчихсан байхаар нь “та нар худлаа яриад байгаа юм биш үү, хоорондоо зодолдсон юм уу” гэхэд Э- шатнаас унаагүй, Э- үгийн зөрүүгүй машины хаалга онгойлгож намайг цохиод, тэгээд талийгаачийг зодсон гэж хэлсэн. ...” /1хх 29-30/,

гэрч С.Э-ы “...Э.Э- миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би “яаж байгаа юм бэ? би ямар буруутай юм бэ?” гэж хэлэхэд Төрөө цаашаа эргээд явсан. Зүүн нүд рүүгээ цохиулсан болохоор нүднээс нулимс гараад бүрэлзээд байж байх хооронд Төрөө алхаад Соогий руу очиж байгаа харагдсан. Тэрхэн зуур би нулимсаа арчаад харсан чинь Соогий газар унасан байсан. ...” /1хх 38-41, 75-76/, /3хх 218/,

гэрч Х.Ц-ийн “...Эркагийн талын хаалгыг онгойлгоод учир зүггүй “та нар намайг зодох гэж ирсэн юм уу” гээд нүүр лүү нь цохиод авсан. Эргэж хараад хажуудаа байсан талийгаачийн толгой, нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиж талийгаачийг ар дагзаар нь газарт унагаасан юм. Тэгээд бид нар бууж талийгаачийг авто машинд суулгаж гэрт нь хүргэж өгөөд явсан. Бид нарыг талийгаачийг гэрт хүргэж өгөхөд амнаас цус гарчихсан, хиймэл шүд нь уначихсан байсан. ...Талийгаач нь унахдаа толгойгоороо хойш  савж унасан. ...” /1хх 43-44/,

гэрч Д.Г-ийн “...Э- машины хаалга онгойлгоод Эрка гэх залуугийн нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би салгаад “юу болоод байгаа юм бэ” гээд Э-ийг тэврээд холдуулсан чинь Ө- миний машины хажууд уначихсан хэвтэж байсан. ...Бид гурав Өлийбатыг өргөөд босгосон чинь ухаангүй, амнаас нь цус гарчихсан байхаар нь миний машинд өргөж оруулсан. ...Ц-ээ, Э- хоёр машинаас буучихсан сая Э- цохиод унагаачихсан гэж хэлсэн. ...” /1хх 47-49, 72-73/, /3хх 215/,

гэрч Д.Б-ийн “..талийгаачийн эхнэр Э.Н-ь тухайн үед уйлаад Б.Э- буюу Төрөө гэдэг залуу цохисон, хажууд нь баз хүргэн Эрка болон нэг найз нь байсан гэрчилж байгаа гээд уйлаад байсан. ...” /1хх 62/,

гэрч Л.О-ын “...Г-той шөнө утсаар яриад юу болсныг тодруулахад Ц-, Э- бид нар машинд сууж байхад Э- ирээд Э-ыг цохиод би салгаж гэрт нь оруулсан. Тэр үед ахыг чинь Э- цохисон юм байна гэж хэлсэн. ...” /1хх 78-79/,

шинжээч эмч Б.Ариунзулын “...Э.Ө-ын биед учирсан гэмтлүүд нь уналт эсхүл цохилтын үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл. ...Гавал тархины гэмтэл нь толгойн орой зулайн хэсэгт хатуу хязгаарлагдмал болон өргөн гадаргуутай зүйлийн нэгээс дээш удаагийн цохилтын хүчээр үүссэн гэсэн гэмтлийг дан нүцгэн гараар цохиход үүсэх боломжгүй гэмтэл юм. ...” /1хх 97-98/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...талийгаач дээрх гавал тархины хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 564 дугаартай дүгнэлт /1хх 85-93/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-10/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 219-228/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Б.Э- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-ийг “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 11 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Д.Тамир “...амь хохирогчийг нүүрэн хэсэгт цохисноос, аль эсхүл Б.Э-ийн өөрөөсөө холдуулахаар эргэх хүчинд нь автаж амь хохирогч унасны улмаас толгойдоо гэмтэл авсан эсэх, эсхүл согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэсэн хүмүүс нь амь хохирогчийг гэрт нь хүргэхдээ, өргөж оруулахдаа толгойгоор нь хатуу зүйл мөргүүлэх, шатан дээр унагаах зэргээр гэмтэл учруулж амь хохирогч нас барсан эсэхийг бүрэн дүүрэн шалгаж тогтоох. ...Мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, амь хохирогчид учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэх ба гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байгаад дүгнэлт хийгээгүй. ...Хэрвээ Б.Э-ийг буруутай гэж үзвэл миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь хохирогчийн амь насанд шууд үхэлд хүргээгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлэхэд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 564 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба уг дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдсонгүй. Түүнчлэн шинжээч эмч Б.Ариунзулын гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлсэн “...Э.Ө-ын биед учирсан гэмтлүүд нь уналт, эсхүл цохилтын үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Гавал тархины гэмтэл нь толгойн орой зулайн хэсэгт хатуу хязгаарлагдмал болон өргөн гадаргуутай зүйлийн нэгээс дээш удаагийн цохилтын хүчээр үүссэн гэсэн гэмтлийг дан нүцгэн гараар цохиход үүсэх боломжгүй гэмтэл юм. ...”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ийн “...16 цаг өнгөрч байхад гэртээ ирээд ойр зуурын юм хийж байгаад нөхөр Ө-ыг очиж авчирая гээд гартал Г-, Ц-, Э- гурав Ө-ыг Г-ийн машины арын хаалгаар тал талаас нь өргөж буулгаж байсан. ...Талийгаачийн уруул хавдаж цус болсон, урд нэг бэхэлгээтэй хиймэл шүд нь унаад байхгүй болчихсон, өөрөө ухаангүй, толгойн ар дагз хэсэг нь цус гарч шалбарсан юм шиг улайсан харагдсан. ...”, гэрч С.Э-ы “... Х.Ц-ийн хамт Ө-ыг хүргэж өгсөн Төрөө гэх айлын гадаа 15 цаг 40 минут орчим болж байхад очсон. ...Зүүн нүд рүүгээ цохиулсан болохоор нүднээс нулимс гараад бүрэлзээд байж байх хооронд Төрөө алхаад Соогий руу очиж байгаа харагдсан. Тэрхэн зуур би нулимсаа арчаад харсан чинь Соогий газар унасан байсан. ... Ганаа, Ц-ээ хоёр цээжнээс өргөөд би хөлөөс нь өргөөд гэрт нь оруулаад орон дээр нь хэвтүүлээд Ганаа машинтайгаа гэр лүүгээ яваад Ц-ээ бид хоёр манай гэрт орж ирэх үед 17 цаг болж байсан. ...”, гэрч Х.Ц-ийн “...хоёулаа алхаж очоод Ө-ыг аваад ирье гээд 16 цаг өнгөрч байхад явсан. ...Э- эргэж хараад хажуудаа байсан талийгаачийн толгой, нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиж талийгаачийг ар дагзаар нь газарт унагаасан юм. ...Талийгаач унахдаа толгойгоороо хойш  савж унасан. ...”, гэрч Д.Г-ийн “...Э- машины хаалга онгойлгоод Эрка гэх залуугийн нүүр рүү хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би салгаад “юу болоод байгаа юм бэ” гээд Э-ийг тэврээд холдуулсан чинь Ө- миний машины хажууд уначихсан хэвтэж байсан. ...Бид гурав Ө-ыг өргөөд босгосон чинь ухаангүй, амнаас нь цус гарчихсан байхаар нь миний машинд өргөж оруулсан. ... Талийгаач ухаангүй хэвтээд хурхираад байхаар нь шууд гэрт нь хүргэж өгье гээд 16-17 цагийн хооронд хүргэж өгсөн. ... Ц-ээ, Э- хоёр машинаас буучихсан сая Э- цохиод унагаачихсан гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт,  “...Э.Ө-ын ам, хамраас гарсан хар хүрэн өнгийн зүйлээс авсан дээж, виноны шилэн дээрээс авсан хоёр ширхэг, архины шилэн дээрээс авсан гурван ширхэг гарын мөр, арван ширхэг тамхины иш, хатсан цус мэт зүйлийн дээж, “Хараа” нэртэй дотроо шингэн агууламжтай архины шил 1 ширхэг. ...” зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Э- нь амь хохирогчтой согтууруулах ундааны зүйл хэрэглэж, амь хохирогчийг авахаар тэдний гэрийн гадаа ирсэн С.Э-ыг “та нар намайг зодох гэж ирсэн юм уу” гэж нүүр лүү нь цохиж, улмаар эргэж харан хажуудаа байсан амь хохирогчийн  толгой, нүүр хэсэгт цохиж амь хохирогч нь ар дагзаараа газар савж унасны улмаас гавал тархины хүнд гэмтэл авч амь насаа алдсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Б.Э-өөс өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн дээрх гэрч нарын мэдүүлгүүдэд хэргийн талаар эрс зөрүүтэй мэдүүлсэн байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж өгнө үү гэх гомдлын тухайд,

 

Хүнийг алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

 

Шүүгдэгч Б.Э-ийн үйлдсэн хэргийн тухайд, тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Ө-ын толгой, нүүр хэсэгт гараараа цохиж амь хохирогч нь ар дагзаараа газар савж унасны улмаас “...гавал тархины битүү гэмтэл, зулайн хуйханд тархмал цус хуралт, зулайн заадас салсан хугарал, зүүн духны дээд хэсэг болон дагзны баруун төвгөр хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа доорх хатуу хальсны дээрх ялтаслаг хэлбэрийн цусан хураа, зулай, 2 талын чамархайн гүдгэр болон суурь хэсэг, зүүн дагзны дэлбэнгийн гүдгэр болон суурь хэсэг дэх хатуу хальс доорх цусан хураа, их тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн дээд хэсэг, үзүүр, доод хэсгээр тархмал аалзан хальс доорх цус хуралт, зүүн зулайн хэсэг болон зүүн чамархайн дэлбэнгийн сууриар аалзан хальс доорх цус хуралт, тархины эдийн няцрал, гипоталамусын нэвчмэл цус хуралт, бага тархины хоёр тал бөмбөлгийн ар дээд гадаргуун аалзан хальсан доорх голомтлог цус хуралт зэрэг...” гавал тархины хавсарсан эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлсэн ч эмчлэгдэх, амь нас аврагдах боломжгүй гэмтэл авч, богино хугацаанд нас барсан нөхцөл байдал тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэж зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Амь хохирогчийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг шүүгдэгч баримтаар нотлогдсон хэмжээнд төлсөн, тооцоолох боломжгүй хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, нас барсан хохирогчийн асрамжинд байсан насанд хүрээгүй хүүхдэд 16 нас /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ шүүгдэгч Б.Э-өөс сар бүр 33.333 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгчийн цагдан хоригдсон 55 хоногийг 85 гэж буруу тооцсон байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Э-ийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 85 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулахаар заав..

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-ийн цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э- нь 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 85 /наян тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН