Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 285

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтлөн,

улсын яллагч Г.Мөнхбаяр,

шүүгдэгч Х.Э-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

насанд хүрээгүй хохирогч Э.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Х-ийн Э-т холбогдох 1710001160023 дугаартай хэргийг 2017 оны 09 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,  Өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ,,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Х-ийн Э,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Э- нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ,,,,, тоотод оршин суух Э.М /13 настай эрэгтэй/-ийг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодож Э.М-ийн биед нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцаж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Х.Э-ийн: “...2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүү М-ийг би зам хөндлөн битий гараарай гэж хэлсэн. Тэгэхэд миний үгэнд орохгүй зам хөндлөн гараад утсаа авахгүй алга болчихлоо гэх шалтгаанаар араас нь хайж яваад халуун өдөр байсан болохоор гэнэт даралт ихсэн уур хүрээд зодсон уг үйлдэлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.М-ийн: “...Аав намайг тухайн өдөр зодсон. Би тэр өдөр үгэнд нь ороогүй зам хөндлөн гарсан болохоор сур элдэж байсан модоор зодсон. Би ийм юм болно гэж мэдээгүй гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ийн: “...Тэр өдөр би ажил дээрээ байж байхад цагдаагийн газраас яриад хүүхэд чинь цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн. Та хүүхдээ аваад цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүрээд ир гэсэн. Тэгээд би гэртээ очиход манай нөхрийг аваад явсан байсан. Би хүүхдээ аваад цагдаагийн хэлтэс дээр очход хүүхэд чинь насанд хүрээгүй, та асран хамгаалагч нь учраас өргөдөл, гомдол бичиж өгөх ёстой гээд би өргөдөл бичиж өгсөн. Х.Э- нь хүүхдээ байнга зоддоггүй. Хааяа аашилж загнадаг...” гэв.

 

    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Насанд хүрээгүй хохирогч  Э.М-ийн: “...2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр манай ээж ажилдаа явсан, гэртээ дөрвөн настай дүү Н, аав Х.Э- бид гурав байсан. Тэгтэл 16 цагийн үед аав надад “чи Яармагийн эцэс рүү арьс шир авч байна уу, үзчихээд хүрээд ир” гэж хэлээд явуулсан. Би дугуйгаа унаад Яармагийн эцэс орох замд аав миний утас руу залгасан байсан. Тэгэхэд би сонсоогүй. Хоёр дахь удаагаа залгахаар нь аваад ярьтал “чи хаана яваад байгаа юм бэ” гэхээр нь би одоо очлоо гэж хэлсэн. Гэртээ очтол “чи залгахад утсаа аваагүй, мөн дугуйны ард байсан насосны таг нь алга байна, тоглоод алга болчихлоо” гээд уурлаад сур элдэж байсан хавтгай модоороо “чи наанаа хөдлөхгүй зогсож бай” гэж хэлээд миний нуруу, бөгс, гуя хэсэгт зөндөө олон удаа цохьсон. Тоолоогүй болохоор яг хэдэн удаа цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Би гараад замдаа өөрийнхөө 94****** дугаарын утаснаас 102 дугаарын утсанд залгаж “Аав намайг зодоод байна” гэж дуудлага өгсөн....” гэсэн мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №8820 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,

2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09 дүгээр хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Х.Э-ийн: “... Би 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ,,,,, тоотод байх гэртээ хүү М /13 настай/ охин Н /4 настай/ хоёртой хамт гурвуулаа байсан юм. Тэгээд би хүү М-ийг замын зүүн талд нэхий авч байгаа хүмүүс байвал замын наад талаас хараад ир гээд явуулсан.тэгээд би хүү М-ийг 1 цаг гаруй хүлээж байгаад араас нь гараад хүү М-ийн 94****** дугаарлуу залгахад утсаа таслаад байхаар нь дахин залгахад утсаа авахаар нь яагаад утсаа таслаад байгаа юм бэ? гээд том өрөөний пийшингийн ард байсан 2 талд нь тээглүүр хийсэн хананы модыг аваад хүү М-ийн нуруу, хөл, бөгс рүү нь олон удаа цохьсон юм. Яг хэдэн удаа цохьсоноо мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 39 дүгээр хуудас/,

- Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.Э-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий хүүхдийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Э.М-ээс “...Аав намайг тухайн өдөр зодсон. Би тэр өдөр үгэнд нь ороогүй зам хөндлөн гарсан болохоор сур элдэж байсан модоор зодсон...” гэсэн мэдүүлэг,  түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ээс: “...дугуйтай юманд яваад удлаа гэх шалтгаанаар зодсон гэсэн. Х.Э- нь хүүхдээ байнга зоддоггүй. Хааяа аашилж загнадаг...” гэсэн мэдүүлгээр Х.Э- нь гэр бүлийн хамаарал бүхий хүүхдийг байнга зодож, харгис хэрцгий хандсан нь тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт болгон өөрчлөх нь зүйтэй байна.

 

   Шүүгдэгч Х.Э- нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ,,,,, тоотод оршин суух Э.М /13 настай эрэгтэй/-ийг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж бага насны хүүхдийг зодож хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.М-ийн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ийн мэдүүлэг, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №8820 дугаартай дүгнэлт

  1. Э.М-ийн биед баруун бугалга, нуруу, дух, эрүү, дагзны хуйх, 2 талын өгзөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт бүхий гэмтлүүд  тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр нь тухайн хэргийн цаг хугацаанд үүссэн үүсгэгдсэн шинэ гэмтэлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Х.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж бага насны хүүхдийг зодож хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Х.Э-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

         Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Э- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

 

ТОГТООХ нь:

 

            1.Хан-Уул дүүргийн прокурорын газраас Х.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй

 

            2.Т овогт Х-ийн Э-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж бага насны хүүхдийг зодож хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Э-ийг 450 /дөрвөн зуун  тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурсугай.

 

                  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Х.Э-тэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ