Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0504/З |
Дугаар | 128/ШШ2019/0834 |
Огноо | 2019-11-28 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2019/0834
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н******* ХХК /РД:******* /,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: Манай компанийн эзэмших эрхтэй нэгж талбарын 18642309615029 дугаартай Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2,194 м.кв хэмжээтэй газрыг өмнө нь Ц******* ХХК эзэмшиж байсан ба манай компани уг газрын эзэмших эрхийг 2009 онд шилжүүлж авсан. Манай компани дээрх газрын эзэмших эрхийг шилжүүлж авах үед газар эзэмших эрхийн талбайн хэмжээ 1,970 мкв байсан ба бид зохих журмын дагуу Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 тоот захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг 2,194 м.кв болгож өөрчлүүлсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжаар зохих журмын дагуу газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгуулсан. Манай компани газрын эзэмших эрхийг өөр компаниас шилжүүлэн авах, газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу хийлгэсэн.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно, 48.2.2 бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж заасан байдаг. Үүнээс харвал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримталж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлаагүй нь захирамжийн үндэслэл болгосон зохицуулалтаас харагдаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь зохицуулалтаас үзэхэд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгоход тодорхой хязгаарлалтуудыг хийж өгсөн байдаг. Үүнд, эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох нь захиргааны үйл ажиллагаа хууль ёсны байх зарчмаас үүдэлтэй шаардлага хэдий ч нөгөө талаас нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж буй эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын зохицуулалтад иргэд итгэн (тухайн захиргааны актыг хууль ёсны буюу хүчин төгөлдөр гэдэгт) өөрийн үйл ажиллагаагаа нийцүүлэн төлөвлөсөн, эсхүл улмаар уг захиргааны актыг хэрэглэн үйл ажиллагаагаа явуулж байдаг учир уг захиргааны актын үйлчлэлийг хэвээр хадгалах сонирхолтой байдаг.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсгийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамж нь дараах гурван нөхцлийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд хууль ёсны дагуу захиргааны акт болохоор байгаа:
1. Нэхэмжлэгч Н******* ХХК-д газар эзэмших эрх олгосон захирамж буюу өмнөх захиргааны акт нь хууль бус байх;
2. Дээрх хууль бус захиргааны актын улмаас бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх;
3. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх.
Нэг. Нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь хууль бус захиргааны акт уу? Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд:
1. Хамгийн анх уг газарт Нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 433 дугаар захирамжаар Төвшин трейд ХХК-д 0,08 га хэмжээтэй газар ашиглуулахаар шийдвэрлэсэн,
2. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар газрын эзэмших эрхийг Төвшин трейд ХХК-аас иргэн Г.Баттөмөрт шилжүүлж, зочид буудал, үйлчилгээний цогцолборын зориулалтаар эзэмшүүлсэн,
3. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар захирамжаар газрын эзэмших эрхийг иргэн Г.Баттөмөрөөс Ц******* ХХК-д шилжүүлсэн.
4. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 313 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар захирамжийн Ц******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон.
5. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 313 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
6. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 463 дугаар захирамжаар Ц******* ХХК-д газар эзэмших эрхийн талбайн хэмжээг 2,194 м.кв болгон нэмэгдүүлэн, зочид буудал, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн.
7. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дугаар захирамжаар газрын эзэмших эрхийг Ц******* ХХК-аас Н******* ХХК-д шилжүүлсэн бөгөөд ийнхүү шилжүүлэхдээ талбайн хэмжээг 1,970м.кв болгож, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн.
8. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг 2,194 м.кв болгон өөрчилж, газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасан.
9. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/677 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2 жилээр сунгасан.
10. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06~ны өдрийн А/532 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг үйлчилгээ гэж байсныг үйлчилгээтэй орон сууц гэж өөрчлөн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна.
Нэхэмжлэгч Номинхолдинг ХХК газар эзэмших эрхийг өмнө нь хүчин төгөлдөр эзэмшиж байсан этгээдээс зохих журмын дагуу шилжүүлэн авсан, энэхүү газрын эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн, газар эзэмших эрхийн талбай болон зориулалтыг зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж өөрчлүүлсэн тул нэхэмжлэгчийн уг газарт эзэмших эрх олгосон захирамжийг хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл огт байхгүй байна.
Хоёр. Номинхолдинг ХХК-д газар эзэмших эрх олгосон нь хууль бус тохиолдолд үүний улмаас бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн эсэхэд:
Нэхэмжлэгч Номинхолдинг ХХК нь газрын эзэмших эрхийг зохих журмын дагуу Ц******* ХХК-аас шилжүүлж авсан. Энэхүү газрын эзэмших эрх өөр этгээдийн газрын эрхтэй давхцаагүй, өмнө нь энэ газрыг эзэмших хүсэлт гаргасан этгээд байхгүй тул бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэх боломжгүй.
Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж , байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна гэж заасан. Иймд энэхүү газрыг Номинхолдинг ХХК-аас өмнө Ц******* ХХК эзэмшиж байсан тул уг газар нь нийтийн эдэлбэрийн газарт тооцогдох боломжгүй, ийнхүү ашиглагдаж байгаагүй, аж ахуйн нэгжийн эзэмшилд хамаарч байсан газар тул хариуцагчийн нэхэмжлэгч Номинхолдинг ХХК-д нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байсан газарт эзэмших эрх олгож нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн шийдвэр гаргасан гэх үндэслэл, тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд маргаан бүхий актын 1 дэх хэсэг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбартаа дурдсан ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа 2,194м.кв газрыг Номинхолдинг ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих нөхцөл байдал үүсгэсэн гэх тайлбар нь дээрх нотлох баримт, нөхцөл байдлуудаар үгүйсгэгдэж байна.
Гурав. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан уу?
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг үйлчилгээ гэж байснаас үйлчилгээтэй орон сууц болгож, зөвхөн газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчилснөөр нэхэмжлэгч Н******* ХХК уг газрыг эзэмших эрхтэй болсон дүгнэх боломжгүй байна.
Учир нь хариуцагч дараагийн захирамж гаргахдаа өмнөх захирамжаа хүчингүй болгож явсан байдаг. 2010 оны 204 дугаар захирамжийг гаргахдаа өмнөх 2009 оны 671 дугаар захирамжийг хүчингүй болгосон. 2015 оны А/677 дугаар захирамжийг гаргахдаа өмнөх 2010 оны 204 дугаар захирамжийг хүчингүй болгосон. 2017 оны А/532 дугаар захирамжийг гаргахдаа өмнөх 2015 оны А/677 дугаар захирамжийг хүчингүй болгосон.
Энэ нь хэлбэр талаасаа өмнөх захирамжийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон гэж үзэж болох ч, агуулга талаас нь үзэхэд нэхэмжлэгч Номинхолдинг ХХК-д газар эзэмших эрх олгосон анхны захирамжийн эрх зүйн зүйлчлэл нь (хариуцагч уг захиргааны актыг хүчингүй болгосон ч гэсэн) дараа дараагийн захирамж (захиргааны акт)-аар үргэлжилж байна. Нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захиргааны акт хууль бус гэж үзээд үүнээс хойш тооцож үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасан эерэг нөлөөлөх бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
Дөрөв. Нэхэмжлэгч Номинхолдинг ХХК нь Ц******* ХХК-иас газрын эзэмших эрхийг зохих журмын дагуу шилжүүлэн авсан, хариуцагч захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэрийн дагуу тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагаврууд үүсгэж үйл ажиллагаа явуулсан тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай. Дээрхээс дүгнэхэд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцлүүдийг хангахгүй байх тул хууль бус захиргааны акт бөгөөд уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэсэн байдаг. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг баримтлан хүчингүй болгосон шүүхийн шийдвэрээс харахад 2 зүйлийг хангасан байхаар байдаг.
Нэгдүгээрт, өөрийн шийдвэр, эс үйлдэхүйгээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн байх, хоёрдугаарт, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх ёстой юм. Нийтийн эдэлбэрийн газарт газар олгосон гэж хариуцагч хэлж байгаа ч энэ газар анхнаасаа Төвшин трейд ХХК, иргэн Баттөмөр, Ц******* ХХК-уудын эзэмшилд байсан газар учраас нийтийн эдэлбэрийн газар гэж үзэх боломжгүй. Газрын тухай хуульд нийтийн эдэлбэр газрыг иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд бус байгаа газрыг хэлнэ гэж заасан. Иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг нийтийн эдэлбэр газар гэж илт хуулийг гуйвуулж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. 2019 онд барилгаа барихаар самбар байршуулан иргэдээс санал авах ажиллагаа хийгдсэн. Манай газрын хойно, орчлонгийн зүгээр баруун хойд талд нь 1964 онд ашиглалтад орсон 16 дугаар орон сууц байдаг. Иргэдийн зүгээс барилга барихтай холбоотой эсэргүүцлийг 16 дугаар байрны оршин суугчид биш ойр хавьд нь байрладаг эсхүл хамааралгүй байрны оршин суугчид гаргасан байдаг. 16 дугаар байрны оршин суугчдын зүгээс энэ газарт барилга барихыг зөвшөөрсөн, баригдсан байрнаас өөрсдийн орон сууцыг тооцон солих зэргийн үйл ажиллагааг дэмжсэн зүйлүүд байдаг. Тухайн орчинд амьдарч байсан хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан зүйлүүд байхгүй.
Одоо тухайн газарт ямар нэгэн байшин барилга байхгүй. Модыг нь бүхэлд нь оруулна гэсэн зүйл байхгүй юм билээ. 50, 60 жилийн настай улиас моднууд нь "Номин Холдинг" ХХК-ийн барилга баригдах газартай хамааралгүй зам дагуу юм байна лээ. Арилжааны гэрээ байгуулаад байрных нь м.кв-ыг нь томруулаад шинээр барих байрандаа оруулъя гэсэн арилжааны гэрээ байгуулсан 8, 9 айл байгаа. 16 дугаар байр 4 орцтой, 32 айлтай. Шүүхээр яваад та нарын газар чинь цуцлагдсан юм чинь нэмэргүй гээд тоохоо больж байгаа. Газар эзэмших эрх сэргэвэл дахиад айлуудтайгаа тохиролцоо хийгээд явна. 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас самбараа байршуулаад иргэдээс зөвшөөрлийн бичиг авч ир гэсэн агуулгатай албан бичгийг тухайн үедээ нэг удаа өгсөн, бас 2019 онд өгч байсан. Журмын дагуу иргэдээс зөвшөөрөл авахын тулд хашаа барьж, самбар байрлуулах ёстой юм байна лээ. Хашаагаа бариад самбар байрлуулаад эхлэнгүүт иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад эхэлсэн. Техникийн нөхцлүүдээ аваагүй байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгавар гараагүй. Оршин суугчдаас зөвшөөрөл авч байж архитектур төлөвлөлтийн даалгавар гарч шийдэгдэнэ.
Хариуцагчийн хувьд газар дээр хашаагаа бариад самбар байршуул гэж хэлж шийдвэр гаргасан нь бидэнд итгэл үнэмшил төрүүлж байсан. Гэтэл уг шийдвэрээ нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Хариуцагчийн зүгээс нийтийн эрх ашгийг хамгаалж уг А/562 захирамжийг гаргаагүй гэж бодож байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг барьж гаргасан шийдвэрээ хууль бус гэж байгаа нь үндэслэлгүй юм. Нийтийн ашиг сонирхлыг хамгаалъя гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу газрыг нь нөхөн олговортойгоор буцааж авах зохицуулалтыг хэрэглэж болно. 16 дугаар байрны оршин суугчидтай тохиролцвол газрын хэмжээг хойшоо сунгах, ногоон байгууламжийг хойшоо татах боломжтой байтал нэхэмжлэгч талд хохиролтой байдлаар шийдэж байна. 1964 онд баригдсан байшин 16 дугаар байрыг буулгаад дахин төлөвлөлтөд оруулъя гэвэл арай өөр агуулгаар хариуцагчтай тохиролцоо явагдах байх. "Номин Холдинг" ХХК-ийг энэ газар дээр урд талд нь барилга барихтай холбогдуулан 16 дугаар барилгыг дахин төлөвлөлтөд оруулах боломж гарч ирж байгаа гэж би харж байгаа.
2012 онд хашаа барьсан боловч эсэргүүцэлтэй тулгараад хашаагаа буулгасан байдаг. 2017 онд дахиад орон сууцтай үйлчилгээний барилга болгож зөвшөөрөл авъя гэхэд дахиад эсэргүүцэлтэй тулгарсан. Уул нь манай зөвшөөрлийг цуцлаагүй бол зөвшөөрөл авах боломж гарахаар байсан. 2012 онд хашаагаа бариад эсэргүүцэлтэй тулгарсан. Тухайн үед зөвхөн үйлчилгээний зориулалттай барих бус үйлчилгээтэй орон сууц бариад 16 дугаар байрныхантай тохиролцъё гээд боломжоо хэрэгжүүлэх гээд самбараа барихаар эсэргүүцээд байсан. Урд талд нь шинэ байр бариад хуучны орон сууцтай хүмүүс нь шинэ орон сууцанд амьдрахыг хүсэж байгаа.
Нийтийн ашиг сонирхол тодорхой хэмжээнд байхыг үгүйсгэхгүй. Өөр газар олгоод нөхөн олговорыг нь төлөөд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах боломж байхад бусад хамааралгүй оршин суугчдын гомдлыг үндэслэж байгаа нь үндэслэлгүй юм. Газрын төлбөртэй холбоотой зардал, 2009 онд үйлчилгээний газрын барилгын эскиз зураг, 2011 онд үйлчилгээний зориулалттай орон сууцны барилга гэдгээр эскиз зураг зуруулсан, 2012 онд хашаа бариад буулгасан. 2009 онд Ц******* ХХК-ийн хувьд газрыг шилжүүлж авахдаа төлбөр төлсөн шийдвэрийн хувьд иргэний шүүх хууль бус гэж үзэхгүй гэсэн шийдвэр гаргасан байдаг. Эрх гэдэг эдийн бус хөрөнгө, зарахгүй гэж хуулиар хориглосон зүйл байхгүй гэж гаргасан. гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Номинхолдинг ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2194 м.кв газрыг эзэмшүүлсэн.
Газрын тухай хуулийн нийтийн эдэлбэрийн зам, талбайд газар эзэмшүүлж болохгүй нөхцөл байдлыг тайлбарлавал: Нийслэлийн нутаг дэвсгэр нь Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т зааснаар Монгол Улсын газрын нэгдмэл сангийн ангиллын хот, тосгон, бусад суурины газрын ангилалд хамаарах бөгөөд хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Хот тосгон, бусад суурины газрын ангиллын газрыг хот, тосгон, бусад суурины барилга байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр болон нийтийн эдэлбэрийн газар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтанд байгаа газар гэсэн гурван дэд ангилалд хуваадаг.
Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар нийтийн эдэлбэрийн газарт хот тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог, хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг хамаарахаар заасан. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасан хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар зохицуулж өгсөн байна.
Ийнхүү хуулиар хяналт тавих эрх бүхий байгууллагын хяналт зохицуулалттайгаар нийтээр эзэмшиж, ашиглахаар тогтоосон газрыг Номинхолдинг ХХК-д эзэмшүүлсэн нь тус газрын эргэн тойронд амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих нөхцөл байдал үүсгэж байх төдийгүй Газрын тухай хуулийг зөрчиж байх тул хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдпийг таслан зогсооно гэж заасны дагуу Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах зарчмыг баримтлан Н******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавих чиг үүргийн дагуу гаргасан захиргааны шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Номинхолдинг ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Анх Нийслэлийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 433 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 16 дугаар байрны урд талд 0,08 га газрыг зочид буудал, үйлчилгээний зориулалтаар Төвшин трейд ХХК-д эзэмшүүлж, 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг иргэн Г.Баттөмөрт шилжүүлж, 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай захирамжаар Ц******* ХХК-д шилжүүлж, 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 463 дугаар захирамжаар газрын хэмжээг 2194 м.кв болгон нэмэгдүүлж, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 671 дугаар захирамжаар Номинхолдинг ХХК-д 1970 м.кв болгон багасгаж шилжүүлсэн, 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дугаар захирамжаар Номинхолдинг ХХК-д эзэмшүүлсэн газрыг 2194 м.кв болгож дахин нэмэгдүүлсэн, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/677 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаар захирамжаар үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалттай болгож газар эзэмших зориулалтыг өөрчилжээ.
Гэвч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 Засаг даргын захирамж хуульд нийцээгүй бол өөрөө ... өөрчлөх буюу хүчингүй болгоно, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 газрын тухай хууль тогтоомж зөрчсөн шийдвэрээ уг албан тушаалтан өөрөө ... хүчингүй болгоно гэж заасныг баримтлан ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа 2194 м.кв газрыг Номинхолдинг ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих нөхцөл байдал үүсгэсэн үндэслэлээр Номинхолдинг ХХК-ийн дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх үйл баримтаас үзэхэд 2000 онд тухайн маргаан бүхий байршилд газар эзэмших эрх олгогдож, улмаар 2009 оны 671 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмших эрх шилжсэн ч ийнхүү шилжүүлэн авснаас хойш 2019 он хүртэл 10 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй буюу үйлчилгээний болон үйлчилгээтэй орон сууцны барилга бариагүй, барилга барихтай холбоотой зөвшөөрлүүд буюу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулаагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, үйлчилгээтэй орон сууцны барилгын эскиз зураг батлуулаагүй, техникийн нөхцлүүдийг аваагүй байна. Учир нь тухайн байршилд барилга барих тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдөж болзошгүй иргэдээс буюу ялангуяа уг газрын хойд талд буй орон сууцны 15, 16 дугаар байрны оршин суугчдын зүгээс орон сууцны нар хаана, ногоон байгууламж сүйтгэнэ гэх үндэслэлээр, мөн тухайн орчмын бусад байрны оршин суугчид ногоон байгууламж сүйтгэнэ гэж эсэргүүцэж Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт удаа дараа гомдол, шаардлага хүргүүлж байсан байна.
Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т хот, тосгон, бусад суурин газрын нийтийн эдэлбэрийн газрыг иргэд нийтээр ашиглаж болохоор заасан, суурин газрын нийтийн эдэлбэрийн газарт гудамж талбай, зам, иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшлийн бус амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг ... зэрэг газар хамаарахаар байна. Тухайн байршилд барилга барихыг эсэргүүцэж буй иргэд гомдлын үндэслэлээ нийтийн эдэлбэрийн гудамж талбай, цэцэрлэг гэж тайлбарлаж буйг, энэ үндэслэлээр хариуцагч уг газрыг ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газар гэж үзсэнийг буруутгахааргүй байна. Учир нь хэдийгээр тухайн газрыг 2000 оноос иргэн, аж ахуйн нэгжид үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байсан ч зориулалтын дагуу огт ашиглаагүй, агаарын зургаас үзэхэд 2009 онд хашаа барьж, гэр, зөөврийн контайнер түр байрлуулснаас өөрөөр энэ хугацаанд хашаалж, барилга байгууламж барьж ашиглаагүй, 16 дугаар байрны урд талд модтой ногоон байгууламж бүхий цэцэрлэг байдлаар нийтийн эдэлбэрт ашиглагдаж байсан тул Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасан хот суурины нийтийн эдэлбэрийн газар гэж үзэхээр байна.
Анх 2000 онд ашиглах эрх олгогдож байсан 800 м.кв газарт баталгаат хэмжээ тогтоосон акт[1] үйлдэгдсэн /16 дугаар байрны урд паралель байдлаар харалдаа 4 эргэлтийн цэгтэй тэгш өнцөгт хэлбэртэй/, 2008 онд 463 дугаар захирамжаар Ц******* ХХК газрын хэмжээг нэмэгдүүлсэн 2194 м.кв газар мэдээллийн санд нэгж талбарын 18642309617026 дугаартайгаар бүртгэгдсэн[2] /5 эргэлтийн цэгтэй болж баруун, зүүн, урагш нэмэгдсэн/, 2009 онд 671 дугаар захирамжаар Н******* ХХК-д 1970 м.кв хэмжээгээр шилжүүлсэн нь мэдээллийн санд 18642309616027 дугаартайгаар бүртгэгдсэн[3] /6 эргэлтийн цэгтэй, баруун урд талаас хасагдсан/, улмаар 2010 онд 204 дугаар захирамжаар газрын хэмжээ 2194 м.кв болж мэдээллийн санд өмнөх дугаараар дахин бүртгэгдсэн байдаг бөгөөд агаарын зургаас[4] харахад 15, 16 дугаар байрны урд хэсэг автозам хүртэл мод бүхий ногоон байгууламжтай байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ыг баталсан, уг журмаар тухайн барилга барьснаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй иргэн, аж ахуйн нэгжийг тухайн барилгын байршил, хэмжээ, зориулалтын талаарх үнэн зөв мэдээллээр хангаж, тодруулбал мэдээлэл бүхий самбар байршуулж, тэдгээрийн саналыг хугацаа тогтоож авах, барилга барих зөвшөөрөл олгохтой холбоотой шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн оролцоог хангах талаар зохицуулсан.
Энэ зохицуулалтын хүрээнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 02/199 тоотоор ... барилгын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх 3х2 хэмжээтэй самбарыг барилгажих талбайд тод харагдахуйцаар 7-оос доошгүй хоног байрлуулах шаардлагатай гэж тус компанийн 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 15/25 тоотоор гаргасан үйлчилгээний зориулалттай барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах хүсэлтэд хариу өгсөн, мөн Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 03/551 тоотоор ... эзэмшил газрынхаа баталгаажсан кадастрын зургийн дагуу хашаа барьж, баригдах барилгын талаар мэдээлэл бүхий самбарыг заагдсан хугацаанд байршуулснаас хойш барилга барих хүсэлтийг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ гэж, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 03/315, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03/1586 тоотоор тоотоор ... самбар байршлуулж санал өгвөл зохих иргэдийн 70 хувь дэмжсэн тохиолдолд Мэргэжлийн зөвлөлийн хурлаар 15 давхар барилга барих хүсэлтийг хэлэлцүүлэх боломжтой гэж Н******* ХХК-д удаа дараа мэдэгдсэн[5] байдаг ч санал өгвөл зохих 15 дугаар байрны зүүн талын 3 орцны болон 16 дугаар байрны өмчлөгч, оршин суугч иргэдийн 70 хувиас доошгүйн саналыг зохих журмын дагуу аваагүй байдаг.
Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянавал уг захирамжид дээр дурдсан Засаг дарга хуульд нийцээгүй шийдвэрээ өөрөө хүчингүй болгох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримталснаас гадна нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болох Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.3 дахь заалт болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн эерэг үйлчлэл үзүүлсэн хууль бус шийдвэрээ хүчингүй болгох мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан үндэслэлийг баримталсан байна.
Нэхэмжлэгч дээрх үндэслэлээр буюу сонсох ажиллагаа хийгээгүй, эерэг үйлчлэл үзүүлсэн захиргааны актыг хууль бус гэж хүчингүй болгох бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэл бүрдээгүй гэж маргажээ.
Захиргааны байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг агуулсан Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө бодит нөхцөл байдлыг тогтоож, тухайн шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох байдлаар сонсох ажиллагаа хийх ёстойг, мөн энэ ажиллагааг хийхгүй байж болох нөхцлийг тусгайлан зохицуулсан. Тухайлбал, дээр дурдсанаар нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болохоор заасан байна.
Тухайн байршилд нэхэмжлэгч Н******* ХХК барилга барихыг иргэд, оршин суугчид эсэргүүцэж, зохих байгууллагуудад гомдол гаргаж байсныг тус компани мэдэж байсан төдийгүй энэ талаар тус компанийн болон нийслэлийн Газар зохион байгуулалтын холбогдох албан тушаалтнууд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр уулзалт хийж тус компани нөхцөл байдлыг тайлбарласан байх тул сонсох ажиллагаа хийгээгүй гэж нэхэмжлэгч маргаж буй нь үндэслэлгүй байна.
Нөгөө талаас газар эзэмших эрх олгосон шийдвэр тус компанид эерэг үйлчлэл үзүүлсэн байх хэдий ч тухайн байршилд барилга барих нь 15, 16 дугаар байранд оршин сууж буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж үзээд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгахааргүй байна.
Нэхэмжлэгч нь тухайн газрыг 2009 онд шилжүүлж авснаас хойш 10 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, цаашид мөн зориулалтаар ашиглах боломжгүй нь, тодруулбал Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын дагуу тухайн газарт барилга барьснаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй 15, 16 дугаар байранд оршин сууж буй иргэдийн тодорхой хувиас зөвшөөрсөн санал аваагүй, ийнхүү санал аваагүй тохиолдолд барилга барихтай холбоотой бусад зөвшөөрлийн баримт бичгүүд олгогдохгүй буюу газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар цаашид ашиглах нөхцөл бодит байдал бүрдэхээргүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Газрын тухай хуульд заасан үндэслэл бүрджээ.
Иймд оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр, мөн нийтийн эдэлбэрийн газрыг ашиглах нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох замаар газар эзэмшүүлсэн өөрийн шийдвэрээ хууль бус гэж үзэж хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамж хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай Н******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА