Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 286

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Дашням хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Ц.А-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ц-ийн А-д холбогдох эрүүгийн 201726030466 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хэвлэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, ,,,,, тоотод оршин суух,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 121 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, А овогт Ц-ийн А,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.А- нь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо ,,,,, тоотод оршин суух Н.Ж-ы эзэмшлийн зуны амбаарт хууль бусаар нэвтэрч 220 вольтийн гагнуурийн аппарат 1 ширхэг, 380 вольтийн аппарат 1 ширхэг, суурин таслагч багаж зэрэг эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Ц.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзав.

 

Мөн хавтаст хэргээс

1. Шүүгдэгч Ц.А- мөрдөн байцаалтанд 2017.06.15-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу Цэргийн баяраар Н.Н- болон бас хэдэн хүнтэй хамт архи ууж байгаад дахин архи уумаар санагдахаар нь Н.Н-ыг дагуулаад гарахад “хаашаа явах вэ, чамд мөнгө байгаа юм уу” гэж асуухаар нь “байхгүй, гэхдээ хоёулаа олъё” гээд явцгаасан. Би Н.Н-ыг замдаа үлдээгээд “чи эндээ байж бай, аав ээжид харагдаж болохгүй шүү” гэж хэлчихээд хүргэн Ж-ы гэрт очиход тэднийх хүнгүй байсан. Тухайн үед Ж- өөрөө архи ууж байгаад баривчилгаанд явчихсан, эхнэрийнх нь бие өвдөөд эмнэлэгт хэвтсэн, бага насны хүүхэд нь манайд байсан. Ж-ы  гэр онгорхой байхаар 2 ширхэг таслагч багаж, 2 ширхэг дрилл, гагнуурын аппаратыг авч гараад 80.000 төгрөгөөр зарсан. Би танихгүй хүмүүст зарсан. Харин 2 ширхэг таслагч багажийг Н.Н-ынд барьж очоод “энэ хоёрыг дэлгүүрт барьцаанд тавьчихъя, мөнгө олсонгүй” гэж худал хэлсэн. Худал хэлэхгүй бол гагнуурын аппарат, дрилл авсныг өөр хүнд хэлчихэж магадгүй гэж бодсон. Н.Н- бид хоёр 2 ширхэг таслагчийг дэлгүүрт 30.000 төгрөгөөр барьцаанд тавьж 0.75 литрийн 2 ширхэг, 0.5 литрийн 2 ширхэг, нийт 4 ширхэг “Монгол Стандарт” нэртэй архи авсан. Н.Н- таслагч багажийг “хаанаас авсан юм бэ” гэхээр нь “минийх” гэж хэлсэн. Ингээд авсан архиа хамт ууж байсан хүмүүс дээр очоод хамт ууцгаасан. Би нилээд согтсон байсан...гэх мэдүүлэг  /хх-ийн 52-53, 102-103-р хуудас/,

 

2. Хохирогч Н.Ж- 2017.05.08-ны өдөр   мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жолоодох эрхийн үнэмлэхгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаад шүүхээр орж 30 хоногийн баривчлах шийтгэл аваад 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гарч ирсэн. Намайг баривчлах байранд байх үед эхнэрийн өвчин нь сэдрээд Шар хадны эмнэлэгт хэвтсэн байсан. Манай хоёр хүүхэд хадам аавынд байсан юм. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр баривчилгааны хугацаа дуусч гэртээ ирэхэд амбаарын цоож эвдэрхий байхаар нь дотогшоо ортол найз П.Г-аас түр хугацаагаар авсан ногоон өнгөтэй суурин таслагч, миний улаан өнгөтэй гар таслагч, 220 вольтийн гагнуурийн аппарат 1 ширхэг, 380 вольтийн гагнуурийн аппарат 1 ширхэг, том дрилл 1 ширхэг, жижиг дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байхаар нь би өөрийн биеэр цагдаад хандаж өргөдөл гаргасан. Суурин таслагч П.Г-ынх бөгөөд үнийг нь асуухад 300.000 төгрөг гэж хэлсэн. Харин улаан өнгөтэй гар таслагчийг 2016 онд “44”-ийн гэх худалдааны төвөөс 70.000 төгрөгөөр, 380 вольтийн гагнуурийн аппаратийг 2015 онд Хархорин худалдааны төвөөс 350.000 төгрөгөөр, том гар дриллийг 2017 онд таньдаг хүнээс 75.000 төгрөгөөр, жижиг гар дриллийг 2016 онд “44”-ийн гэх худалдааны төвөөс 50.000 төгрөгөөр, 220 вольтийн гагнуурийн аппаратийг 2016 онд Хархорин захаас 250.000 төгрөгөөр авч байсан тул тус тусын үнээр нь үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

2017.06.15-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би өөрийн алдсан бүх эд зүйлсээ буцааж авсан. Одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

 2017.08.31-ний өдөр мэдүүлэхдээ: ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдсан эд зүйлээ Ц.А-аас буцаан авсан. Ц.А- манай ах бөгөөд ах дүүгээс өөрцгүй учраас ямар нэгэн гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 99-р хуудас/,

 

3. Хохирогч П.Г- 2017.05.14-ний өдөр   мэдүүлэхдээ: ...Манай хөрш Ж- 2016 оны 09 дүгээр сард ногоон өнгөтэй Такита гэсэн бичиглэлтэй суурин таслагч багажийг “юм хийчээд  өгье” гэж хэлж аваад буцааж өгөөгүй байсан. Хөршүүд болохоор би нэхээгүй. Тэгтэл Ж- “таны суурин таслагч багажийг А- хулгайлаад авчихсан байна” гэж хэлсэн. Удалгүй Ж- манайд ирээд “таны багажийг байцаагчаас авлаа” гэж хэлээд буцааж өгсөн. Би багажаа 2016 онд “44”-ийн гэх захаас 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан тул 300.000 төгрөгөөр үнэлнэ. Захаас авсан болохоор ямар нэгэн баримт бичүүлж аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, 

2017.06.15-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би өөрийн суурин таслагчаа буцааж авсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

2017.09.03-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн, надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 100-р хуудас/,

 

4. Гэрч Н.Н- 2017.05.11-ний өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би найз А-, Н-, бүтэн нэрийг нь мэдэхгүй Точил нарын хамт Н-ийн гэрт архи ууж байхад А- гараад явчихсан. Тэр үед би А-ыг бие засах гэж байна гэж бодоод тоогоогүй. Удалгүй улаан өнгийн жижиг гар таслагч, ногоон өнгийн суурин таслагч багаж аваад орж ирэхдээ “би гэрээсээ аваад ирлээ, хамт дэлгүүр орох хүн байна уу” гэхээр нь бүгд дэлгүүрт өртэй гэсэн тул би хамт яваад Умбаагийн дэлгүүр орж 0.75 литрийн “Монгол Стандарт” нэртэй архи 4 шилийг авч багажнуудаа барьцаанд нь тавьсан. Архиа аваад Н-ийн гэрт очоод ууцгаасан. Тэрнээс цааш болсон асуудлыг санахгүй байна. Хэдэн төгрөгний барьцаанд тавьсан эсэхийг мэдэхгүй, А- өөрөө ярилцаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

 

5. Гэрч А.Э- 2017.05.15-ны өдөр  мэдүүлэхдээ: ...2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би “Сорлог агт” нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүртээ байж байтал манай хороонд байдаг зүс таних А-, Н.Н- нар орж ирсэн. Хоёулаа нэг нэг ширхэг таслагч багаж барьчихсан, “үүнийг барьцаанд тавиад хэдэн шил архи авъя, хэд хоногийн дараа авъя” гэхээр нь би зүс таньдаг, манай дэлгүүрээр байнга орж гардаг болохоор зөвшөөрөөд, нийт 30.000 төгрөгөнд тааруулж архи өгсөн. Таслагч багажийн нэг нь улаан өнгийн гар таслагч, нөгөө нь ногоон өнгийн суурин таслагч багаж байсан. “Хаанаас авсан юм, хулгайн юм биш биз” гэхэд “үгүй, гэрээсээ авчирлаа” гэсэн. Тэднийх гэртээ таслагч багажтай эсэхийг нь мэдэхгүй болохоор би итгээд авсан...гэх мэдүүлэг / хх-ийн 26-р хуудас/,

 

6. Гэрч Л.Н 2017.06.02-ны өдөр мэдүүлэхдээ: ...СЭМҮТӨВ-ийн Донтох эмгэг судлалын тасагт Ц.А- гэх хүн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр архины донтох шинж оноштойгоор 10 хоног хэвтэж эмчлүүлэх бичигтэй ирсэн. Эхнэр хүүхдээсээ 1998 онд салаад тэрнээс хойш сэтгэл санаагаар унаад архи ууж эхэлсэн гэж хэлсэн. Одоо биед нь ямар нэгэн зовиургүй эмчлүүлэх хугацаанд гэмтэл авсан эсэх талаар шинж тэмдэг ажиглагдаагүй. Биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

 

7. Гэрч А.Б- 2017.05.12-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу Цэргийн баяраар Шувуун фабрикт гэр нь байдаг Н.Н-, А-, Н-, бас ганц хоёр хүн байсан, бүгд хамт гэрт архи ууцгаасан. Эхний архи дуусахад А- “би архи аваад ирье” гэж хэлээд Н.Н-ыг дагуулаад гарсан. 30 орчим минутын дараа “Монгол Стандарт” нэртэй архи авчирсан. Хэдэн шил архи авчирсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, 

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн № 05/353 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд хүргүүлсэн Ц.А-ын гарын хээний дардас нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд хүргүүлсэн Ц.А-ын гарын хээний дардас нь санд 2 удаа бүртгэгдсэн байна.

3. Харьцуулах шинжилгээнд тэнцэх Ц.А-ын гарын хээний дардас нь нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын мөрүүдтэй ерөнхий ба хувийн онцлог шинж тэмдгээрээ хороондоо тохирохгүй байна. /хх-ийн 36-37-р хуудас/,

 

9. Шүүх сэтгэц эмгэг судлалын  № 599 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ц.А- нь сэтгэцийн хувьд одоо Архины шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгтэй байна. Ц.А- нь хэрэг учрал болох үед сэтгэцийн хувьд Архины шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг, энгийн согтолттой байсан байна. Ц.А- нь хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа сэтгэцийн хувьд Архины шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгтэй байсан байна.

2. Ц.А-ын дээрхи сэтгэцийн эмгэг нь олдмол эмгэг болно.

3. Ц.А- нь юмыг зөвөөр тусган ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ц.А- нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байна.

5. Ц.А- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 40-р хуудас/,

10. Эд зүйл түр хураан авсан тогтоол болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12-14-р хуудас/

11. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001.04.19-ний өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-р хуудас/,

12. Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 68-69-р хуудас/,

13. Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 70-71-р хуудас/,

14. Шүүгдэгч Ц.А- урьд нь ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.А-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.А- нь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо ,,,,, тоотод оршин суух Н.Ж-ы эзэмшлийн амбаарт хууль бусаар нэвтэрч 220 вольтийн гагнуурийн аппарат 1 ширхэг, 380 вольтийн аппарат 1 ширхэг, суурин таслагч багаж зэрэг эд зүйлийг хулгайлж, 952.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч Н.Ж-ы “...2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр баривчилгааны хугацаа дуусч гэртээ ирэхэд амбаарын цоож эвдэрхий байхаар нь дотогшоо ортол найз П.Г-аас түр хугацаагаар авсан ногоон өнгөтэй суурин таслагч, миний улаан өнгөтэй гар таслагч, 220 вольтийн гагнуурийн аппарат 1 ширхэг, 380 вольтийн гагнуурийн аппарат 1 ширхэг, том дрилл 1 ширхэг, жижиг дрилл 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Суурин таслагч П.Г-ынх бөгөөд үнийг нь асуухад 300.000 төгрөг гэж хэлсэн. Харин улаан өнгөтэй гар таслагчийг 2016 онд “44”-ийн гэх худалдааны төвөөс 70.000 төгрөгөөр, 380 вольтийн гагнуурийн аппаратийг 2015 онд Хархорин худалдааны төвөөс 350.000 төгрөгөөр, том гар дриллийг 2017 онд таньдаг хүнээс 75.000 төгрөгөөр, жижиг гар дриллийг 2016 онд “44”-ийн гэх худалдааны төвөөс 50.000 төгрөгөөр, 220 вольтийн гагнуурийн аппаратийг 2016 онд Хархорин захаас 250.000 төгрөгөөр авч байсан тул тус тусын үнээр нь үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

2017.06.15-ны өдөр: ...Би өөрийн алдсан бүх эд зүйлсээ буцааж авсан. Одоо надад ямар нэгэн санал гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

 2017.08.31-ний өдөр: ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдсан эд зүйлээ А-аас буцаан авсан. А- манай ах бөгөөд ах дүүгээс өөрцгүй учраас ямар нэгэн гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 99-р хуудас/,

 

            2. Хохирогч П.Г-ын “...Ж- “таны суурин таслагч багажийг А- хулгайлаад авчихсан байна” гэж хэлсэн. Удалгүй Ж- манайд ирээд “таны багажийг байцаагчаас авлаа” гэж хэлээд буцааж өгсөн. Би багажаа 2016 онд “44”-ийн гэх захаас 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан тул 300.000 төгрөгөөр үнэлнэ. Захаас авсан болохоор ямар нэгэн баримт бичүүлж аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, 

2017.06.15-ны өдөр: ...Би өөрийн суурин таслагчаа буцааж авсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

2017.09.03-ны өдөр: ...Би өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн, надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 100-р хуудас/,

 

3. Гэрч Н.Н-ын “...А- улаан өнгийн жижиг гар таслагч, ногоон өнгийн суурин таслагч багаж аваад орж ирэхдээ “би гэрээсээ аваад ирлээ, хамт дэлгүүр орох хүн байна уу” гэхээр нь бүгд дэлгүүрт өртэй гэсэн тул би хамт яваад Умбаагийн дэлгүүр орж 0.75 литрийн “Монгол Стандарт” нэртэй архи 4 шилийг авч багажнуудаа барьцаанд нь тавьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

 

4. Гэрч А.Э-ий “...А-, Н.Н- хоёр орж ирэхдээ нэг, нэг ширхэг таслагч багаж барьчихсан “үүнийг барьцаанд тавиад хэдэн шил архи авъя, хэд хоногийн дараа авъя” гэхээр нь би зүс таньдаг, манай дэлгүүрээр байнга орж гардаг болохоор зөвшөөрөөд, нийт 30.000 төгрөгөнд тааруулж шил архи өгсөн. Таслагч багажийн нэг нь улаан өнгийн гар таслагч, нөгөө нь ногоон өнгийн суурин таслагч багаж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 26-р хуудас/,

 

5. Гэрч А.Б-ын “...Эхний архи дуусахад А- “би архи аваад ирье” гэж хэлээд Н.Н-ыг дагуулаад гарсан. 30 орчим минутын дараа “Монгол Стандарт” нэртэй архи авчирсан. Хэдэн шил архи авчирсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

6. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13-14-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

           Шүүгдэгч Ц.А- шүүхийн хэлэлцүүлэгт “...би хохирогч  Н.Ж-ыг эзгүйд гэрийг нь галладаг байсан” гэж мэдүүлж байгаа хэдий ч хэрэгт цугларсан баримтаар хохирогч Н.Ж- өөрийн гэр болон эд хөрөнгөө түүнд хариуцуулсан, гэртээ нэвтрэх эрх олгосон байдал тогтоогдохгүй, харин хохирогчийн эзгүйг мэдсээр байж бусдад мэдэгдэлгүйгээр сэм аргаар орж эд зүйлийг хулгайлсан нь бусдын агуулах саванд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ц.А- нь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт /Бусдын эд хөрөнгийг хулгайлах/ заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх буюу хэрэглэхгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т /хулгайлах/ заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.

           2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.А-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар өөрчлөн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч Ц.А- нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 121 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан /хх-ийн 66-р хуудас/ ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т “тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүй тооцно” гэж зааснаар ялтай байдал дууссан байх тул шүүгдэгч Ц.А-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.А- нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

 

           Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч Н.Ж-, П.Г- нар нь алдсан эд зүйлээ буцааж авсан тул шүүгдэгч Ц.А-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтанд мэдүүлсэн төдийгүй хүсэлтээ бичгээр /хх-ийн 111-р хуудас/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгч Ц.А- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                       

ТОГТООХ НЬ:

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.А-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. А овогт Ц-ийн А-г бусдын агуулах саванд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ц.А-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ц.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6. Шүүгдэгч Ц.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР