Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/12

 

Г.Б холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Г.Эрдэнэ,

          Цагаатгагдсан этгээд Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням,

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулгын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/116 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор Б.Ганбулганы эсэргүүцлээр Г.Б холбогдох  201416010167 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль-эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

          Яллах дүгнэлтэд зааснаар:

Шүүгдэгч Г.Б нь И дэх газарт мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, Захиргааны хэлтсийн даргаар буюу нийтийн албанд ажиллаж байхдаа хууль ёсны орлогоос гадна өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох:

          1. Өөрийн эцэг Н.Г-ийн:

Хаан банкны дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1,453,574.29 юань буюу 323,703,943.34 төгрөг,

          Голомт банкны  дугаартай юанийн дансанд 12 дугаар сарын 07-ны өдрөөс 7 удаагийн гүйлгээгээр 16,305,656 юань буюу 36,650,020.52 төгрөг,

          2. Эцэг Н.Г, төрсөн дүү Г.З нарын хамтарсан:

          Хаан банкны дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926,841.27 юань буюу 260,262,865.27 төгрөг,

          3. Өөрийн төрсөн ах Г.З-ын:

          Хаан банкны дугаарын дансаар 2012 оны 05  дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565, 303.87 юань буюу 119,554,501.46 төгрөг,

          4. Өөрийн эхнэр Б.С-ийн:

          Хаан банкны дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466, 383.93 юань буюу 111,731,243.25 төгрөг,

          5. Өөрийн салсан эхнэр О.Н-ийн:

          Хаан банкны дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын  29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4,102.94 юань буюу 971,695.10 төгрөг,

          6. Г.Б нь өөрийн:

          Хаан банкны дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5,002 юань буюу 1,266,950.64 төгрөг, нийтдээ өөрийн болон бусдын дансаар нийтдээ 182 удаагийн гүйлгээгээр 3,584, 264.67 юань буюу 854,141,219.58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир нь Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Ө аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Нийслэлийн Прокурорын газраас Г.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201416010167 тоот хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Хорчид овгийн Гансүхийн Бийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б холбогдох 20141601067 тоот эрүүгийн 11 хавтас хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тоот орон сууц, Мерсдэс бенз маркийн,  улсын дугаартай автомашин, Г.З-ийн нэр дээр бүртгэлтэй тоот орон сууцыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөгчийн 2014 оны 12 сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол, 2015 оны 01 сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож,

шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт холбогдуулан нийт 134 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Г.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж хэргийг шийдвэрлэжээ.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган эсэргүүцэлдээ: Үндэслэл: 1. Прокурорын яллах дүгнэлтэд “...Г.Г нь И дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоос гадна...” гэж тусгасан ба хэрэгт авагдсан баримтуудаар 2010 оны 07 сарын 15-ны өдрийн 130 дугаартай улсын байцаагчийн эрх олгох тухай, 2012 оны 09 сарын 04-ний өдрийн гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын даргын тушаалаар Д аймгийн албан хяналтын байцаагчаар, 2012 оны 11 сарын 26-ны тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж 2012 оны 11 сарын 29-ний өдрөөс Ө аймаг дахь албаны эхлэх мэргэжилтнээр дэвшүүлэн томилсон, 2014 оны 04 сарын 01-ний өдрөөс Ө, Д, Ө, Б, Г аймгийн Захиргааны хэлтсийн даргаар томилсон байдаг ба эдгээр албан тушаалууд нь тасралтгүй үргэлжилсэн Нийтийн болон нийтийн албан ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу нийтийн албан тушаалтан байсан болох нь тогтоогддог, мөн хууль бус эд хөрөнгө бий болсон цаг хугацаа,нийтийн албан тушаалтны албан тушаал эрхэлж байсан цаг хугацаатай давхцалтай буюу 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд Г.Б нь нийтийн албан тушаалтнаар тасралтгүй ажиллаж байсан.

Өөрөөр хэлбэл дээрх цаг хугацаанд газар орон зайг үл харгалзан нийтийн албан тушаалтны хамаарал бүхий хүмүүсийн дансаар их хэмжээний мөнгө орлого орсон ба өөрийн хөрөнгө орлогыг эх үүсвэрийг нуух зорилгоор бусдын буюу өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансанд бусдаас шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгааг шүүх буруу тайлбарлаж тогтоолдоо зөвхөн мөнгө шилжүүлсэн газарт ажиллаж байхыг ойлгон дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.

Үндэслэл: 2. Нэр бүхий гэрчүүдийн шилжүүлсэн хэнд ямар зорилгоор, ямар эх үүсвэрээс шилжүүлсэн болох, хууль ёсны эсэх, шүүгдэгч Г.Б-ийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдэж, ямар хөрөнгө, орлого нэмэгдсэн талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлан чадаагүй бол...” гэж хуульчилсан, ямар зорилгоор, ямар эх үүсвэрээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох талаар хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг хангалттай хийсэн, мөнгөн хөрөнгөний эх үүсвэр, тогтоогдоогүйн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Мөрдөн шалгах ажиллагаанд нэр бүхий БНХАУ-ын иргэдээс мэдүүлэг авсан ба тус нотлох баримтуудыг нотлох баримтаас хасах эсэх асуудал шүүхийн эрх хэмжээний асуудал юм, харин бусад нотлох баримтыг үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасныг орхигдуулсан нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна.

Үндэслэл: 3. Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол... гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Г.Б болон түүний хамаарал бүхий хүмүүсийн дансаар орсон мөнгөний эх үүсвэрийг, хууль ёсны эсэхийг тогтоох талаар мөрдөгч, прокурор нь шүүхийн өмнөх шатанд хийгдвэл зохих бүхий л мөрдөн шалгах ажиллагаа хийсэн боловч шүүгдэгч Г.Б нь тус мөнгөн хөрөнгөө хууль ёсны болохоо тайлбарласан нь нотлох баримтуудаар үндэслэлтэй болох нь тогтоогддоггүй, гэмт хэргийг нотлох үүргийг мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулан бэхжүүлсэн, прокурорын үнэлсэн нотлох баримтуудыг үнэлэлгүй, түүнд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн шүүгдэгчээр өөрөөр нь гэм буруугүй нотлуулах талаар нотлох баримт цуглуулсан мэт дүгнэсэн байгаа нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг хангаагүй байна.

Шүүх тогтоолдоо үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн үндсэн шинж болох нийтийн албан тушаалтан байх, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаанд эх сурвалж нь тодорхойгүй хөрөнгө, орлоготой болсон байх, тус хөрөнгө орлогын эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй байх зэрэг үндсэн шинжүүд, гэмт хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн гэж дүгнэв.

Иймд Ө аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Эрдэнэ тайлбар, дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг мөрдөгч, прокурорт байдаг. Г.Б-ийн холбогдсон хэргийг тухайд бусад гэмт хэргээс мөрдөн шалгах ажиллагааны ялгаатай, онцлогтой. Учир нь тухайн гэмт хэргийн субъект өөртөө бий болсон эд хөрөнгийн хууль ёсны болохыг нотлох ёстой бөгөөд түүний тайлбарыг мөрдөгч прокурор шалгадаг. Ханбогд сумын Г боомтын Хаан банкнаас уг гэмт хэргийн холбогдох данснууд руу мөнгө шилжүүлсэн болохыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Мөн Хятад Улсын иргэний мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлттэй санал нэгдэж байна.

Харин Г.Б-ийн өөрийнх нь эрхэлж байгаа ажил албан тушаалаа ашиглан өөртөө ашиг хонжоо авч байсан болохыг холбогдох гадаад улсын иргэд мэдүүлдэг. Энэ нь Эрүүгийн хуульд заасан өөр бусад гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байдаг. Харамсалтай нь тэдгээр гадаад иргэдийн мэдүүлгийг үнэн гэж үзэн нотлох баримтаар үнэлэх боломжгүй буюу процесс ажиллагаа зөрчигдсөн. Тухайн иргэд манай улсад байхгүй. Дахин мэдүүлэг авах боломжгүй. Энэ талаар Дээд шүүхээс тухайн ажиллагааг заавал дахин хийх шаардлагагүй гэж дүгнэсэн.

Энэ хэрэгт холбогдох дансанд орсон орлогыг Г.Б тайлбарлахдаа ах З-ын үйл ажиллагаанаас олсон орлого, Хятад улсын иргэдээс шилжүүлсэн мөнгийг ах мэдэх ёстой. Надаас визний талаар мэдээлэл авахаар ирэхэд нь би З-тай холбож өгдөг байсан гэдэг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт холбогдох дансаар орсон орлого нь хууль ёсны гэж үзэх үндэслэл үгүйсгэгдсэн.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй. Хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн прокурор Амгалангийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.

Б-ийн үйлдэл нь хахууль авах, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байдаг. Дансанд орсон орлогын гүйлгээний утга дээр нэр, дансны мэдээллийг үндэслэн Өвөрмонгол иргэдээс мэдүүлэг авсан. Хятад улсын иргэдээс авсан мэдүүлэг хэдийгээр нотлох баримтаар тооцох боломжгүй боловч худал мэдүүлэг өгсөн, мөрдөгч хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг шүүр анхаарч үзнэ үү. гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Г.Б тайлбартаа: Би 8 жилийн хугацаанд өөрөө хэргийн учрыг олох гээд үүнийг шалгаад өгөөч гээд л явж байна. Омог цагаан шонхор 30 хүний квоттой хирнээ 100 гаруй машин явуулдаг гэдгийг дахин шалгахыг хүссэн.

Өвөрмонголын иргэд бүгд надаар торгуулсан. Энэ шийтгэврийн хуудсыг авч үзэхийг хүссэн хүсэлтийг хангаагүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ц.Цэрэнням тайлбар, саналдаа: Прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна. Нотлох баримтуудыг бүрэн шинжлэн судалсны үндсэн дээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Б-т цалингийн болон зээлийн орлогоос өөр орлого байхгүй.

Бусад хамаатан садан хүмүүс нь өөрийн орлогыг нотолсон. Улсын яллагчийн дурдаад байгаа гадаад улсын иргэдийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох ёстой гэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Монгол хэл, бичиг мэдэхгүй хүн өмгөөлөгч болон орчуулагчтай мэдүүлэг өгнө гэж заасан. Өвөрмонгол иргэд гэсэн нэр л байгаа болохоос бичиг баримт, ажлын газар нь тодорхойгүй. Гэтэл эдгээр хүмүүсийн мэдүүлэг нотлох баримтын шаардлагаа алдсан байхад яллах үндсэн баримт болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Иймээс цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хэрэв Б үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол 8 жилийн хугацаанд тэр хөрөнгийг хэрхэн зарцуулсныг тогтоох хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар ийм ажиллагаа хийгээгүй. Энэ хүмүүсийг олоод хуульд заасан шаардлагыг хангаад дахин мэдүүлэг авахыг хүсдэг боловч энэ талаар мөн ажиллагаа хийдэггүй. Энэ нь эдгээр хүмүүсийг бодит гэдэгт эргэлзэх үндэслэл болж байна. Залилуулсантай холбоотой ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байхад прокурор үндэслэлгүйгээр гүтгэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх нь прокурор Б.Ганбулганы 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 68 дугаартай эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Г.Б холбогдох 201416010167 дугаартай эрүүгийн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх зөрчлүүд тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангасан байна.

3. Ө аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадоржийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 201416010167 дугаартай тогтоолоор Г.Б-ийн И газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээний ашиг олсон үйлдэл нь хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 2701 дугаар зүйлийн 2701.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалт явуулахаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс болон Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 152 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг уг шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЗ/177 дугаар захирамжаар хэрэг гарсан газрын шүүх болох Ө аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд харъяаллын дагуу шилжүүлжээ. /1 дүгээр хавтасны 01 хуудас, 7 дугаар хавтасны 125-126, 179-180 дугаар хуудас, , 10 дугаар хавтасны 99-103, 119 дүгээр хуудас/

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Б-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

4. Хэрэгт авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн мөрдөгч, прокурорын шийдвэрийн талаар:

4.а. Мөрдөн байцаагч А.Цэдэн-Иш нь  Г.Б-ийг 2012-2014 онд Ө аймгийн Г боомтын харъяатын улсын байцаагч, ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани болон уг компанид хөтөч, орчуулагч ажилтай БНХАУ-ын иргэдээс өөрийн эцэг Н.Г, ах Г.З, дүү Г.З, эхнэр Б.С нарын Хаан, Голомт банкны дансаар их хэмжээний БНХАУ-ын юанийг шилжүүлэн авч хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээний орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж Эрүүгийн хуулийн 2701 дугаар зүйлийн 2701.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар татаж 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр  24 дугаартай яллах дүгнэлт үйлджээ. /хэргийн 4 дүгээр хавтасны 150, 5 дугаар хавтасны 013 дугаар хуудас/

Уг яллах дүгнэлтээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорын газарт буцаасны дагуу нэмэлт мөрдөн байцаалт явуулж 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 131 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байна. /хэргийн 5 дугаар хавтасны 60-61, 8 дугаар хавтасны 66 дугаар хуудас/

4.б. 131 дугаартай яллах дүгнэлттэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд дээд шатны прокурорын эсэргүүцлээр хянагдаж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 249 дугаар тогтоолоор тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасны дагуу анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, прокурорын “хэргийн талаар нотолбол зохих зүйлийг нотлоогүй буюу прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байна гэсэн Дээд шүүхийн тогтоол гарсан тул хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах шаардлагатай” гэсэн саналаар хэргийг шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЗ/202 дугаартай захирамжаар Нийслэлийн прокурорын газарт буцаасан байна. /хэргийн 8 дугаар хавтасны 210-220, 239-240 дугаар хуудас/

 4.в. Нэмэлт ажиллагаа явуулсан хэрэгт Нийслэлийн Прокурорын газрын прокурор Н.Ням-Очир нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай тогтоолоор Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татжээ. /хэргийн 9 дүгээр хавтасны 223, 225-226 дугаар хуудас/

Прокурор Н.Ням-Очир нь 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 145 дугаар тогтоолоор 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай тогтоолын тодорхойлох хэсэгт “...нийт орсон орлогын дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь учир дутагдалтай. Иймд 9 дүгээр хавтаст хэргийн 191-201 дүгээр хуудсанд авагдсан ... тооцооллоор ... орсон орлогыг бодож гаргах нь зүйтэй. Үүнд: ...нийт 182 удаагийн гүйлгээгээр 3,582,264.67 юань буюу 854,141,219.58 төгрөгийг шилжүүлэн авч хууль бусаар хөрөнгөжсөн гэж яллагдагчаар татсан зүйл, хэсгийг өөрчлөх /нэмэлт оруулах/ шаардлагатай. ...Эдгээр орлого нь ямар эх үүсвэрээс бий болсон болохыг яллагдагч Г.Б болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөх явцад өөрийн хөрөнгө биш болохыг эсхүл хууль ёсны болохыг баталж үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй, ... Г.Б нь дээрх орлогыг олох үйлдлийн аргыг өөрийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүсийн дансанд орлого хэлбрээр нийт 182 удаагийн гүйлгээгээр мөнгөн орлого олж өөрөө болон бусдаар дамжуулан уг хөрөнгийг захиран зарцуулах эрх бий болсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж дүгнэв.” гэж,

Тогтоох хэсэгт 1 дэх заалтын “...харилцан хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр данс нээн тэдний дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 168 удаагийн гүйлгээгээр 1,354,699,227.26 төгрөгийг шилжүүлэн авч хууль бусаар хөрөнгөжсөн үйлдэлдээ ” гэснийг “Яллагдагч Г.Б нь Иргэний харъяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, Захиргааны хэлтсийн даргаар буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн болон өөрийн юанийн дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3,584,264.67 юань буюу 854,141,219.58 төгрөгийн орлого олж өөрийн орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна. /хэргийн 10 дугаар хавтасны 94-97 дугаар хуудас/

2015 онд батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хууль буцаан хэрэглэх үндэслэлийг тодорхойлсон.

Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан зүйлчлэлийн талаар прокурор Н.Ням-Очир мөн өдрөө буюу 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бичсэн 152 тоот яллах дүгнэлтдээ бичээгүйг яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэл болно. /хэргийн 10  дугаар хавтасны 99-106 дугаар хуудас/

Мөн шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамждаа заагаагүйг шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчөөгүй гэж үзэж болохоор боловч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолдоо хууль хэрэглэх үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй, хуулийг буцаан хэрэглэсэн зүйл, хэсгийг хэрэглээгүйг шүүхийг хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болох боловч Г.Б-ийг эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаагүй тул энэ зөрчлийг шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзлээ. /хэргийн 10 дугаар хавтасны 138, 11 дүгээр хавтасны 159-172 дүгээр хуудас/ 

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, хэргийг хэлэлцсэн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорууд нь хуулийн уг зүйлчлэлийн  талаар санал, дүгнэлт гаргаж байгаагүй нь шүүхийн шийдвэрүүд, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Прокурор нь энэ үндэслэлээр эсэргүүцэл бичээгүй ба давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлт гаргаагүй болно.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т “яллаж байгаа гэмт хэргийн агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгана гэж заасны дагуу Прокурорын яллах дүгнэлтэд тусгасан болон шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой зэрэг бүх талаас нь харьцуулан судалж үзвэл дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.а. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын гэрч, хохирогч болох иргэд БНХАУ-д амьдарч байгаа үндэслэлээр мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсайн гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 5119 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон байна. / хэргийн 7 дугаар хавтас, 175, 189-190 дугаар хуудас/

Прокурор 2019 онд бичсэн 152 дугаартай яллах дүгнэлтдээ 2014 оны 10 дугаар сараас дүгээр 11 сарын хооронд хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлгийг нэрлэн зааж, мөн тухайн хугацаанд БНХАУ-ын иргэн Э, З, А.Ч, Д.Ш гэх хүмүүсээс гэрчээр асуусан мэдүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд шинжлэн судлуулжээ. /хэргийн 4 дүгээр хавтасны 48-49, 52-54, 62, 64, 66, 69, 72, 10 дугаар хавтасны 99-106, 11 дүгээр хавтасны 162-163 дугаар хуудас/

Иймээс прокурорыг Ө аймгийн Прокурорын газрын орлогч прокурорын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар тогтоолоор түдгэлзүүлж, улмаар гэрчүүдийг олж тогтоон 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаагч А.Цэдэн-Ишийн Ө аймгийн Г боомтод БНХАУ-ын иргэн гэх Ч, Д.Ш нараас болон Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж Ц, Ө.Г нараас авсан мэдүүлэг зэргийг яллах талын нотлох баримт болгоогүй, харин уг мөрдөн байцаалтын ажиллагаа түдгэлзэхээс өмнө цугларсан мэдүүлгүүдийг нотлох баримт болгосон гэж үзнэ. /хэргийн 1 дүгээр хавтасны 04, 08, 4 дүгээр хавтасны 50, 55-56, 7 дугаар хавтасны 240-243, 245-247 дугаар хуудас/  

Гэрчүүдийн мэдүүлэгт авагдсан мэдээллийг судалж үзвэл:  яллах дүгнэлтийн “9. гэрч А.Ч.../4хх48-49/” нь Ч биш А овогт Ч гэж,  БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Б н” ХХК-ий хөтөч орчуулагч ажилтай гэж ажлын байдал бичигдэн, гарын үсгээ крилл болон уйгаржин монгол бичгээр бичигдэж, хэргийн 51 дүгээр хуудсанд түүний жолоочийн үнэмлэхийн хуулбар авагдсан, 

“10.гэрч Ш.../хэргийн 4 дүгээр хавтасны 43 дугаар хуудас/” нь нэр нь Ш биш “H” гэж,  “В” ХХК-д хөтөч ажилтай гэж ажлын байдал нь бичигдэн, гарын үсгээ хятад болон уйгаржин монгол үсгээр зурсан байна. Мөн түүний биед яваа бичиг баримт, дугаарыг бичсэн байхаас гадна 57 дугаар хуудсанд биеийн байцаалтыг тодорхойлох баримт байж болох баримт авагдсан, 

“11.Э.Э...хэргийн 4 дүгээр хавтасны 69 дүгээр хуудас/” нь нэр нь  Э биш, “E” гэж, нэр нь, “З” ХХК-д хөтөч орчуулагч ажилтай гэж ажлын байдал бичигдэн, хятадаар гарын үсэг зурсан, арын хуудсанд мөн биеийн байцаалт байж болох баримт авагдсан,

“12. гэрч Ш.З...хэргийн 4 дүгээр хавтасны 73 дугаар хуудас” нь нэр нь Ш овогт З гэж бичигдсэн байна.

Мөн БНХАУ-ын иргэдээс авсан гэрчийн мэдүүлгийн тэмдэглэл нь он, сар, өдрийг зассан, мэдүүлэг авах ажиллагаанд орчуулагч оролцуулаагүй, мэдүүлгийг хэрхэн уншиж танилцуулсан нь тодорхойгүй бичигдсэн байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э нь “Хятад Улсын иргэний мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлттэй санал нэгдэж байна”, “Цэ, Г гэх хоёр хүнээс дахин авсан мэдүүлгийг анхан шатны шүүх дүгнэлт өгөлгүй орхигдуулсан” гэж хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй тайлбар гаргаж, мөн уг иргэдээс хэзээ авсан мэдүүлгийн тэмдэглэлд авагдсан ямар мэдээлэл нь хэрэгт ач холбогдол бүхий ямар үйл баримтыг тогтоож буй үндэслэлээ заагаагүй тул прокурорыг нотлох баримтад үндэслээгүй тайлбар гаргасан гэж үзнэ. Мөн анхан шатны шүүх  нь цагаатгах тогтоолынхоо үндэслэл болгон БНХАУ-ын иргэн Ө.Г, Ц нарын мэдүүлгийг заасан байгааг прокурор анхаараагүй байна.  

Иймд  яллах дүгнэлт үйлдсэн болон анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар, түүнчлэн цагаатгах тогтоолд эсэргүүцэл бичсэн болон эсэргүүцлийг дэмжиж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорууд нь БНХАУ-ын иргэдийн мэдүүлгүүдийг шүүгдэгч Г.Б-ийг буруутгах үндэслэл болгоогүй гэж үзнэ. Энэ нь  Г.Б-ийн үйлдсэн гэх хэрэгт хохирогчоор БНХАУ-ын иргэд тогтоогдоогүй гэж үзэх  үндэслэл бий болж байна.

5.б. Г.Б холбогдох хэрэгт хамтран оролцсон хэлбэрээр шалгагдсан яллагдагч нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 6 дугаар сарын 247, 248, 249, 269, 90 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгожээ. Тухайлбал,

5.б.1. Яллагдагч Н.Г-ийг Г.Б, Г.З нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас зайлсхийхэд нь тусалж, онц их хэмжээний валютыг өөрийн дансаар оруулж, хууль бус мөнгийг халхавчлах, хувиргах зорилгоор мөнгө угаасан гэмт хэргийг үйлдэж оргил гудамжны тоот 189м.кв амины орон сууц, Лексус 570 маркийн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж, онц их хэмжээний орлого олсон гэх гэмт хэрэгт,

5.б.2. Яллагдагч Г.З-г Г.Б, Г.З нарын үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас зайлсхийхэд нь тусалж, онц их хэмжээний валютыг өөрийн дансаар оруулж, хууль бус мөнгийг халхавчлах, хувиргах зорилгоор мөнгө угаасан гэх гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад Г.Б-ийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр,

5.б.3. Яллагдагч Г.З-ыг Г.Б-ийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт хамтран оролцсон үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад дээрх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон нь тогтоогдохгүй үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар, 

5.б.4. Сэжигтэн Ц.С-ийг  худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогдуулан шалгасан хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар тус тус хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хэргийн 8 дугаар хавтасны 54-57, 59-62 дугаар хуудас/

Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр тогтоолд “...Улсын дээд шүүхийн ...249 дугаартай тогтоолд Албан тушаалтанд бий болсон их хэмжээний хөрөнгийн эх сурвалж буюу ямар аргаар, хэнээс шилжин ирсэн нь тодорхойгүй, эх үүсвэр тогтоогдохгүй байгаа үед хууль бус орлого олсных нь төлөө албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжийг үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн томъёолол олгодог бөгөөд дээрх нөхцөл байдлууд нотлогдвол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох шинжээр хэргийг зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж заасны дагуу уг тогтоолд дурдсан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн нотлох байдлыг нэг мөр шалгасны үндсэн дээр зүйлчлэлийг өөрчлөн сонсгох нь зүйтэй” гэх дүгнэлт хийж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан байна./ хэргийн 9 дүгээр хавтас, 003 дугаар хуудас/

Хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл авах, баримт бичиг гаргуулах Прокурорын зөвшөөрлөөр Татварын Ерөнхий газраас 2015 оны Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд Н.Г, Г.З, Б.С, Г.З нарын тайлангийн нэгтгэлийг гаргуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн хүсэлтээр үзлэг хийх зэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, цуглуулсан баримтыг яллах дүгнэлтэдээ заажээ. /хэргийн 9 дүгээр хуудас, 239-242, 247, 10 дугаар хавтас, 01-89 дүгээр хуудас/

Энэ хугацаанд Г.Б холбогдох хэрэгт хамтран оролцсон хэлбэрээр шалгагдсан яллагдагч нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон 2017 оны тогтоолууд болон Г.Б-ийг яллагдагчаар татсан тогтоолд заасан буруутгаж буй гэмт хэргийн шинж, хэргийн үйл баримтад өөрчлөлт оруулсан шийдвэр гаргаагүй нь нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр тогтоолд заасан нөхцөл байдлыг тогтоож нотолж чадаагүй, харин Г.Б-ийн үйлдсэн гэх хэрэгт хамтран оролцогчоор шалгуулж байсан, түүний хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийг нотлон  тогтоосон гэж үзэх үндэслэл болно.

Ингэснээр хамаарал бүхий этгээдүүд нь хоорондоо болон Г.Б-той гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, үйлдэл оролцоог хуваарилж, урьдаас төлөвлөж, эсхүл гэмт хэрэг үйлдэх тухайн цаг мөчид бие биеийнхээ үйлдэл, оролцоог үйлдэл болон эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас бий болох үр дагаврыг хүсэж бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ.

Иймд прокурорын 2019 оны 145 дугаар тогтоолд заасан “...хамаарал бүхий этгээдүүд нь гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөх явцад өөрийн хөрөнгө биш болохыг эсхүл хууль ёсны болохыг баталж үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй байна...” гэсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

5.в. Яллах дүгнэлтийн хавсралтад “Иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор Н.Г-ийн өмчлөлийн гудамж орон сууц, Г.З-ийн нэр дээр бүртгэлтэй мөн хаягт байрлах дугаартай орон сууцыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан тухай” бичигдсэн./10 дугаар хавтасны 106 дугаар хуудас/

Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоолд дугаартай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн дугаар улсын бүртгэлтэй гэж, 97 дугаартай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн дугааргүй гэж, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд 97 дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн дугаарыг  гэж бичигдэж, харин өмчлөгч, эзэмшигчийн нэр бичигдээгүй байх бөгөөд тогтоолын дагуу ажиллагааг явуулж Г.З-д хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн байна. /хэргийн 3 дугаар хавтасны 239, 245, 246 дугаар хуудас/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6/17372 дугаартай албан бичгийн болон 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгийн хавсралтууд, Нийслэлийн Хан уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн  2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3397 дугаартай албан бичигт авагдсан лавлагаа, мэдээлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бусад нотлох баримтуудаар 97А дугаартай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч Н.Г нь үл хөдлөх хөрөнгөө 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхээ Г.З-д, 97 дугаартай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч Б.Б, Х.М нар нь 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн худалдах худалдах авах гэрээгээр өмчлөх эрхээ Г.З-т шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 45, 6 дугаар хавтасны 72-73, 75-123 дугаар хуудас/

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн “97А, 97 дугаартай амины орон сууцны захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 06/10404 тогтоол хүчинтэй байгаа тул дээрх үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд өөрчлөлт орсон эсэх тухай” мэдээллийг хүссэн 2017 оны 4 сарын 21-ний өдрийн албан бичигт бүртгэлийн хэлтсээс “эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот хувийн орон сууцны өмчлөгчөөр иргэн Г.З, Эрхийн улсын бүртгэлийн тоот хувийн орон сууцны өмчлөгчөөр иргэн Г.З бүртгэлтэй байгаа тухай хариуг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 676 тоот албан бичгээр ирүүлжээ /хэргийн 7 дугаар хавтасны 224, 225 дугаар хуудас/

Битүүмжлэгдсэн 97 тоот хувийн орон сууцны өмчлөгчийг дээрх албан бичигт Г.З гэж, хэргийн 6 дугаар хавтасны 123 дугаар хуудсанд авагдсан үл хөдлөх хөрөнгө  өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өмчлөгчийг Г.З гэж өмчлөгчийн нэр зөрүүтэй, харин регистрийн дугаар нь адилхан гэж бичигдсэн. Г.З нь регистртэй байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан.

Иймд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад нотлох баримтуудаар 97А дугаартай үл  хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Г.З, 97 дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Г.З нар гэж үзэх тул прокурорыг хөрөнгө битүүмжилсэн ажиллагаагаар хөрөнгийн эзнийг зөв тогтоогоогүй гэж үзнэ. Тодруулбал, эрх бүхий этгээдээс гаргасан хөрөнгө битүүмжилсэн тогтоолд болон яллах дүгнэлтэд 97А дугаартай үл хөдлөх хөрөнгийг Н.Г-ийн өмчлөлийн, 97 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Г.З-йн нэр дээр бүртгэлтэй гэж бичигдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор шинжлэн судлуулах санал, тайлбар  гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Прокурор нь дээрх хөрөнгийг Г.Б-ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох, эсхүл Г.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, эсхүл хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор битүүмжилсэн эсэхийг тайлбарлаж, үндэслэлээ нотлоогүй гэж үзэх тул анхан шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр нь хууль зөрчөөгүй.

5.г. Нийтийн албан тушаалтан нь өөрийн хөрөнгө, орлого, их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрдэхээр хуульчилсан.

Тухайн гэмт хэрэгт шалгагдаж буй этгээд нь тусгай субъект тул өөртөө бий болсон хөрөнгөө хууль ёсны болохыг тайлбарлах үүрэгтэй ч хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмын дагуу прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийг гэм хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүргээс чөлөөлөгдөхгүй.

Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтанд эд хөрөнгөө хууль ёсны болохыг тайлбарлах үүрэг үүсэх бол прокурорт нийтийн албан тушаалтны өөрийн нэмэгдсэн их хэмжээний хөрөнгө орлогоо хууль ёсны гэж үзсэн тайлбарыг няцааж, нийтийн албан тушаалтны өөрийнх нь хөрөнгийн үнэ нэмэгдсэн, эсхүл эд хөрөнгийн бүрэлдэхүүнээс зайлшгүй гарах зардал гараагүй, эсхүл эзэмшил, өмчлөлд ирсэн хөрөнгө орлого нь хууль, гэрээний дагуу ирээгүй болохыг, хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-т заасан тавин мянган нэгжтэй тэнцэх төгрөг, түүнээс дээш хэмжээгээр хөрөнгө орлого нэмэгдсэн нь гэмт хэргийн шинжтэй, гэм буруутай зэргийг, нөгөө талаар нийтийн албан тушаалтанд хөрөнгө орлогоо шилжүүлсэн этгээдийн хувьд тэрээр албан тушаалтанд хууль, гэрээнд үндэслээгүй гагцхүү албаны үйл ажиллагаатай нь холбоотойгоор шилжүүлж, тодорхой хэмжээгээр түүний хөрөнгө багассан, хууль бус үйлдлийн улмаас шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах, хохирлоо арилгуулах эрхтэй болохыг нотлох үүрэг үүснэ.

Прокурорын 2019 оны 145 дугаар тогтоол болон 152 дугаартай яллах дүгнэлтэд зааснаас үзвэл нийт 182 удаагийн гүйлгээнээс үүнээс өөрийнх дансанд орсон 6 удаагийн гүйлгээг хасч тооцвол банкин дахь хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх харилцах дансанд 176 удаагийн гүйлгээгээр шилжсэн 3,579,159.73 юань буюу 852,874,268.84 төгрөг нь Г.Б-ийн орлого бөгөөд Г.Б уг орлогоо хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй гэж буруутгаж байна./хэргийн 10 дугаар хавтасны 94-97, 99-106 дугаар хуудас/

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т “харилцах данс” гэж гэрээний үндсэн дээр банк, цахим мөнгө гаргах зорилгоор төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан этгээдээс иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдэд төлбөрийн үйлчилгээ үзүүлэхээр нээсэн дансыг ойлгоно гэж тайлбарласан. /Энэ хууль хүчингүй болж, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөгдсөн/

Прокурор нь уг тогтоолынхоо хууль зүйн дүгнэлт гэсэн хэсэгт “... өөрөө болон бусдаар дамжуулан уг мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бий болсон...” гэж дүгнэснээс үзвэл Г.Б-ийн хөрөнгө, орлого нь бэлэн бусаар бусдын дансанд шилжсэн гадаад улсын мөнгөн тэмдэгтээр нэмэгдэж, уг валютыг өөрийн мэдлээр зарцуулж, ашиглах боломж бүрдсэн гэж үзэхээр байна.

Захиран зарцуулах эрх гэдэг нь аливаа этгээд нь өөрийн мэдэлд байгаа хөрөнгийг өөрийн хүсэл зоригийг дагуу бусдын эзэмшил, өмчлөл, ашиглалтад үнэ төлбөртэй ба үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар өөрийн мэдлээсээ хэзээ ч гаргах, өөрийн ашиг сонирхлын төлөө зарцуулах бүрэн боломж бүрдсэн байхыг ойлгодог.

Прокурор нь Г.Б-ийг дээрх данс эзэмшигч этгээдүүдийг хамтран оролцсон хэлбэрээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа тэдний дансанд гүйлгээгээр хийгдсэн мөнгөн хөрөнгийг Г.Б-ийн хууль бус орлого гэж үзэж уг мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг нотлохыг Г.Б хүлээлгэж байгаа нь ойлгомжгүй./энэ магадлалын тодорхойлох хэсгийн 5.б./

Дээрх этгээдүүд нь уг мөнгөн хөрөнгийг Г.Б-ийн хууль бус ашиг сонирхлын төлөө, түүний хууль бус үйлдлийг нуух зорилгоор өөрсдийн мэдэлд хадгалж байгаа, мөн зарлагын гүйлгээгээр Г.Б бэлэн, бэлэн бусаар мөнгөн тэмдэгтээр шилжүүлсэн, эсхүл Г.Б-ийн бусдын өмнө хүлээсэн гүйцэтгэвэл зохих үүрэгт шилжүүлсэн, эсхүл Г.Б-ийн өмчлөл, эзэмшилд хөрөнгө худалдан авсан зэргээр зарцуулагдаж улмаар хөрөнгийг нь нэмэгдүүлэх эх үүсвэр болсон эсэх зэрэг үйл баримтууд тогтоогддохгүй байна.

Иймд прокурорын Г.Б-ийг яллагдагчаар татах тогтоолд заасан “бусдын харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бий болсон” гэх, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн “...Н.Г-ийн, Н.Г болон Г.З нарын хамтарсан, Г.З-ын, С-ийн, Н-ийн дансаар орсон орлогыг өөрийн болохыг нотолж чадаагүй...” гэх агуулгаар гаргасан дүгнэлтүүдийн үндэслэл үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

Хөрөнгө төвлөрсөн гэх банкны салбар нэгж байрлаж буй газар, цаг хугацаанд Г.Б нь нийтийн албан тушаал эрхэлж байсан нь тогтоогддог ч уг банкны нэгжтэй холбоотойгоор биш харилцах дансаар хийгдсэн мөнгөн хөрөнгийг Г.Б нь өөрийн орлого биш тайлбар гаргаж байгаа тул давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Эрдэнийн “Ханбогд сумын Г боомтын Хаан банкнаас холбогдох дансууд руу мөнгө шилжүүлсэн болохыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэх тайлбар нь хэрэгт ач холбогдолгүй байна.

Г.Б нь өөрийн дансанд орсон 6 удаагийн гүйлгээний нийт 5002 юань буюу 1,266,950.64 төгрөгний орлогыг нотолж чадаагүй гэж үзэх боловч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан их хэмжээнд хүрэхгүй байна.

6. Яллагдагч Г.Б нь гэрч нарыг орчуулагчгүй байцаасанг залруулах, лавлагаа гаргуулах зэрэг нэмэлт ажиллагаа хийж өгөх хүсэлтүүд гаргаж байжээ. /хэргийн 4 дүгээр хавтасны 242 дугаар хуудас/

7. Дээр дурдсан үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл:

7.а. Прокурор нь Г.Б холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулах даалгаврыг хэд хэдэн мөрдөгчид өгөх, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөрдөгчид буцаах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөх зэрэг ажиллагааг явуулж 3 удаа яллах дүгнэлт үйлдэж, 2014 оноос 2019 оны 6 сарын хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Г.Б-ийн тайлбарыг үгүйсгэж, түүнийг нэр бүхий этгээдүүдийн харилцах дансаар дамжуулан их хэмжээний /гадаад улсын мөнгөн тэмдэгт/ орлого олсон, уг орлого нь түүний эзэмшил, ашиглалт, өмчлөлд байж, хөрөнгөө нэмэгдүүлсэн гэх үйл баримтыг прокурор нотолж чадаагүй гэх үндэслэл болж байна.

Иймд анхан шатны шүүхийн “...Прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй бүрэн тогтооно гэж зааснаар хэргийн бодит байдлыг хангалттай тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдохгүй байна...” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

7.б. Прокурор нь Г.Б-ийн гэм буруутай болохыг нотлох зорилгоор хуулийн этгээд болох компаниудын дэлгэрэнгүй бүртгэл, үйл ажиллагааны мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа болон Г.М, И.И, Т.С зэрэг гэрч нарын мэдүүлгийг шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан боловч яллах үндэслэл болгосон нотлох баримтдаа тулгуурлалгүйгээр “шүүгдэгч өөрөө орлогоо нотлох үүрэгтэй” гэсэн агуулгаар тайлбар, дүгнэлт гаргасан нь  шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлэх, 34.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн үндэслэл, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллах үүргээ тус тус зөрчсөн гэж үзнэ.

7.в. Прокурор нь анхан шатны шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгсөн гэрч, шинжээч нарыг оролцуулах, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтад авагдсан мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд холбогдох баримт сэлтийг гаргаж өгөх, шалгуулах зэргээр хүсэлт, саналыг шүүхэд гаргаж байгаагүй байна.

7.г. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор нь “...Г.Бийн өөрийнх нь эрхэлж байгаа ажил албан тушаалаа ашиглан өөртөө ашиг хонжоо авч өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байдаг...” гэж тайлбарлах боловч Авилгалын эсрэг НҮБ-ын Конвенцийн III бүлэгт заасан гэмт хэргээс орсон орлогыг угаах, нуун дарагдуулах,  хувийн хэвшлийн эд хөрөнгийг завших зэргээр гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж нотлоогүй тул анхан шатны шүүхийг яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзлээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Давж заалдах шатны шүүх нь прокурор Амгалангийн бус Б.Ганбулганы эсэргүүцлийг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж байхад прокурор Г.Эрдэнэ нь прокурор Амгалангийн эсэргүүцлийг дэмжсэн дүгнэлт гаргаж оролцсон нь түүний шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэхээр байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/116 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Ганбулганы эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                      Ц.ОТГОНЦЭЦЭГ