Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2024/00372

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ж.Батнасан нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1964 онд Баянхонгор аймагт төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал Усны аж ахуйн Удирдах газрын системийн ажилтан, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг дуустал музейд жижүүрээр ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн 006871 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 292 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 63 болон 1986 оны 12 дугаар сарын 25-ны 200 дугаартай тушаал, түүний хавсралт, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 516425 дугаартай бат илэрхийлэх, сонингийн зарлал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Отгон, Ч.Ачиймаа нараас мэдүүлэг авчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Ж.Батнасан нь 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйг удирдах газарт системийн ажилчнаар, 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт системийн ажилчнаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс Баянхонгор аймгийн Орон нутгийг судлах музейд жижүүрээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Ж.Батнасан нь 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйг удирдах газарт системийн ажилчнаар ажиллаж байсан болох нь Ж.Батнасанг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалуудыг бичиж тэмдэглэсэн, тус байгууллагын тамга дарагдсан хөдөлмөрийн 006871 дугаартай дэвтрийн хуулбар, шагнах тухай болон ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 63 болон 1986 оны 12 дугаар сарын 25-ны 200 дугаартай тушаал, түүний хавсралт, ажиллаж байх хугацаанд татвар төлж байсныг батлах Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 516425 дугаартай бат илэрхийлэх, тус газрын ажилчин гэж тодорхойлсон сонингийн зарлал зэргээр,

мөн 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт системийн ажилчнаар ажиллаж байсан болох нь Ж.Батнасанг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалуудыг бичиж тэмдэглэсэн, тус байгууллагын тамга дарагдсан хөдөлмөрийн 006871 дугаартай дэвтрийн хуулбараар,

мөн 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс Баянхонгор аймгийн Орон нутгийг судлах музейд жижүүрээр ажиллаж байсан болох нь Ж.Батнасанг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалуудыг бичиж тэмдэглэсэн, тус байгууллагын тамга дарагдсан хөдөлмөрийн 006871 дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Н.Отгон, Ч.Ачиймаа нарын мэдүүлэг зэргээр тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч Ж.Батнасангийн хөдөлмөрийн 006871 дугаартай дэвтрийг 1980 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захиргаа нь нээсэн, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил, зураг зэргээр нь Ж.Батнасангийн дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтрийг ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.

 5. Иймд хүсэлт гаргагч Ж.Батнасангийн 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйг удирдах газарт системийн ажилчнаар, 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт системийн ажилчнаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс Баянхонгор аймгийн Орон нутгийг судлах музейд жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Батнасангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*******гийн 1985 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйг удирдах газарт системийн ажилчнаар, 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт системийн ажилчнаар, 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг 1991 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс Баянхонгор аймгийн Орон нутгийг судлах музейд жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Батнасангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА