Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2024/00374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ө.Мэнджаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ө.Мэнджаргал нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1964 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Одоогоор 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

1986 оны 11 сарын 27-ны өдрөөс 1988 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл Заг сумын 8 жилийн сургуульд жижүүрээр, Заг сумын Давшилт нэгдлийн чанарын хэсгийн ажилтнаар 1988 оны 05 сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл тус сумын Мал аж ахуйн үйлдвэрлэлд 3 жилийн гэрээгээр ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, хөдөлмөрийн 029056 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Заг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 47, 1987 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 6 дугаартай тушаалууд, Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1990 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар хурлын протокол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Оюунчимэг, П.Наран нараас мэдүүлэг авчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Ө.Мэнджаргал нь 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын 8 жилийн дунд сургуульд жижүүр, 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Заг сумын Давшилт нэгдлийн чанарын хэсгийн ажилчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Ө.Мэнджаргал нь 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын 8 жилийн дунд сургуульд жижүүрээр ажиллаж байсан болох нь Ө.Мэнджаргалыг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 029056 дугаартай дэвтрийн хуулбар, 1987 оны 1-5 дугаар саруудад цалин гарсан тухай Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаартай лавлагаа, ажилд авах тухай, түр ажиллуулах тухай Баянхонгор аймгийн Заг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 47, 1987 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 6 дугаартай тушаалууд зэргээр,

мөн 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Заг сумын Давшилт нэгдлийн чанарын хэсгийн ажилчнаар ажиллаж байсан болох нь 1989 оны 1-7 дугаар саруудад цалин гарсан тухай Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаартай лавлагаа, Ө.Мэнджаргалыг чанарын хэсгийн ажилчнаар томилох тухай Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 21 дугаартай тушаал, илгээлтээр малчин болох хүсэлтийг хэлэлцсэн Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1990 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 8 дугаар хурлын протокол, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Ц.Оюунчимэг, П.Наран нарын мэдүүлэг зэргээр тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.

4. Иймд хүсэлт гаргагч Ө.Мэнджаргалын 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын 8 жилийн дунд сургуульд жижүүр, 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Заг сумын Давшилт нэгдлийн чанарын хэсгийн ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Мэнджаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*******ын 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын 8 жилийн дунд сургуульд жижүүр, 1988 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг дуустал Заг сумын Давшилт нэгдлийн чанарын хэсгийн ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Мэнджаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА