Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2016/0245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны С танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б*******

Хариуцагч: Тахарын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр Б.Б*******, Г.М*******, Д.М нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Д, Д.Н, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: "...Миний бие Тахарын Ерөнхий газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар тушаалаар 9 дүгээр тойргийн Тахарын албаны Дэд бөгөөд Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцлийг бүрдүүлэх тасгийн даргаар томилогдон ажиллаж байсан билээ. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.Б******* 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А.Ш нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурлын дараа хэргийн холбогдогч нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шүүгчийн зөвшөөрөлгүй нэр бүхий 11 иргэнтэй уулзуулсан, хуяглан хүргэх харуул, туслах тахар Б.ыг ажлын 5 өдөр журам сахиулах хуяг, туслах тахар Э.Б, Ч.Б нарыг амралтын өдрүүдэд хувийн ажилдаа ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, Хууль зүйн сайд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны А/96, 90 дугаар тушаалаар батлагдсан Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4 дүгээр бүлгийн 4.15Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 208 дугаар тушаалаар батлагдсан Тахарын албаны албан хаагч, ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.14. 3.1.19, 3.1.204 дүгээр зүйлийн 4.1.7. 4.1.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ноогдуулсугай гэсэн Тахарын ерөнхий газрын даргын тушаалыг гардаж аваад 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан юм. Төрийн албаны зөвлөл миний гомдолыг хянаад хугацаа тогтоож, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1577 тоот албан бичгээр Тахарын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ц.А*******т шилжүүлсэн бөгөөд Тахарын Ерөнхий газрын дарга Ц.А******* 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 61/01 албан бичгээр дахин шалгалт хийх үндэслэлтэй гэсэн хариу өгсөн байна. Үүнээс үзэхэд тушаал гаргах үед байсан нотлох баримт нь үндэслэлгүй, зөрчлийг нотлох чадамжгүй болох нь маргаан шийдвэрлэх комиссийн хурлаар тогтоогдож, дахин шалгаж, нэмэлт баримт цуглуулан миний эрх зүйн байдлыг дордуулахаар шийдвэрлэсэн нь илт тодорхой юм.

Тушаалд дурдагдсан 2 зөрчлийн талаар шүүхэд тайлбар гаргах нь: Миний бие Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаад 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа ирэхэд А.Ш нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал эхэлсэн байсан. Албаны дарга Д.Мд ажилдаа орж байгаа тухай илтгэхэд албан хаагч нартаа хяналт тавьж, үүрэг өгч ажиллах үүрэг өгсөн. Шүүх хурлын хамгаалалт, зохицуулалтын төлөвлөгөө, томилгоо урд өдөр нь хийгдэж, албаны дарга баталж, албан хаагч нарт танилцуулагдаж, үүрэг тавигдсан байх журамтай. Энэ журмыг албаны дарга Д.М мөрдөөгүй байв. Хурал дуусаж, шүүгчийн зөвшөөрөлтэй иргэд шүүгдэгч нартай уулзаж, шүүгдэгч нарыг хуяглан Сэлэнгэ аймгийн цагдан хорих байранд хүргүүлсэн. Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр албан тушаалаа урвуулан ашиглаж, 11 хүнийг шүүгдэгч нартай уулзуулсан асуудал байхгүй. Хэн гэдэг хүн, хэн гэдэг шүүгдэгчтэй уулзсан болохыг тогтоож, шалгаагүй байж албаны дарга Д.Мөнхзулын энэхүү мэдээллийг үнэн гэж тушаалд дурдсан нь хууль тогтоомжид нийцэхгүй, гомдолтой байна.

Өөрийн эхнэрийн дэлгүүрийн засварт Хорих 445 ангиас гэрээгээр 2 ялтанг авч ажиллуулан, туслах Тахар Б.оор харуулсан нь үнэн бөгөөд чин сэтгэл гаргаж хянагчаар ажиллаж надад тусалсан. Энэ тухай өөрийнх нь бичсэн тодорхойлолтыг гомдолдоо хавсаргасан болно. Миний дүүгийнх Ерөө дулааны төмөр замд ажиллаж байгаад 179 дүгээр зөрлөгт томилогдож нүүх болоход нь туслах тахар Э.Б нь Ч.Быг гуйж, өвөлжөөнийх нь модыг ачилцуулсан энэ үйлдэлд албан тушаал ашиглаж, туслах тахар нарт дарамт шахалт үзүүлж, албадан ажиллуулсан асуудал байхгүй. Э.Б, Ч.Б нарын тодорхойлолт тайлбарыг мөн хавсаргав.

Миний бие төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахин Төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж хуульчилсныг миний бие зөрчөөгүй байхад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг удирдлага болгож, сахилгын шийтгэл ноогдуулсан нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн тушаалд тэмдэглэгдсэн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4 дүгээр бүлгийн 4.15 тахарын албан хаагч, ажилтаны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.14, 3.1.19, 3.1.20, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.8 заалтуудыг зөрчиж, сахилгын ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож, нотлогдоогүй, тушаалд дурдагдсан зөрчил, миний үйлдэл эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоогүй дурдагдсан зөрчлөөс учирсан гэм хор, хор уршиг бий болоогүй, сахилгын зөрчлийн бүрэлдэхүүнгүй байхад тахарын албаны дарга Д.Мөнхзулын нууц гэх нотлогдоогүй мэдээллийг үндэслэн шалгалт хийсэн нэрийдлээр ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байх тул ажилд минь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргав гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Тахарын ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Тахарын албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

Нэхэмжпэгч Б.Баттулгын нэхэмжлэлийн үндэслэл 1-д дурдсан А.Ш нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлын дараа хэргийн холбогдогч нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шүүгчийн зөвшөөрөлгүй нэр бүхий 11 иргэнтэй уулзуулсан нь эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд 2014 оны 11 дүгээр 17-ны өдөр шүүгдэгч А.Ш нарт холбогдох шүүх хуралдаанаас өөр шүүх хуралдаан зарлаагүй байсан бөгөөд тухайн шүүхэд нэвтрэгсдийн бүртгэлд бүртгэсэн иргэдийн нэрс дотор шүүгчийн зөвшөөрөлгүй Б.П*******, А.О*******, Д.С*******, Д.Эрдэнэчимэг, Д.Уранчимэг, Д.Ганзориг, Ц.У*******, Б.Д*******, Л.Насанбуян, Ж.Д******* нарын нэрс байсан.

Албаны шалгалтын явцад шүүгдэгч А.Шын шүүх хуралдаан журам сахиулах хуяг ажилтай, туслах тахар Г.М*******ын өгсөн тайлбарт: ... Би 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А.Ш нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны журам сахиулах хуягаар ажилласан ... даргын шийдвэрээр А.Ш нарын хэргийн холбогдогч нартай журам зөрчиж, журамд заасан тооноос илүү иргэдийг уулзуулсан, ... журам зөрчиж байгаа гэдгийг мэдсэн, асуудлыг таслан зогсоогоогүй нь миний буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна, ... би тахарын албаны ёс зүйн дүрмийн 3.1.7-д заасны дагуу дээд шатны удирдах албан тушаалтанд мэдэгдэх ёстой байсан бөгөөд уг асуудалтай эвлэрэхгүй байх гэсэн үүргээ биелүүлж ажиллаагүй үнэн. Үүнтэй холбоотой хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй гэдэг.

Мөн журам сахиулах хуяг, туслах тахар Э.Бы тайлбарт: ...хэргийн холбогдогч нартай зөвшөөрөлгүй хүмүүсийг уулзуул гэж Б.Б******* дарга хэлсэн, би тэр үед нь энэ хүмүүсийг уулзуулах шүүгчийн зөвшөөрлийн бичиг байхгүй учраас оруулж уулзуулах нь хориотой биз дээ гэж Б.Б******* даргад хэлсэн боловч тэрээр, наад улсуудаа нэг нь нэг, хоёр нь хоёр минут хамаагүй уулзуул би шүүгч болон шүүгчийн туслахад нь хэлж ярьчихсан байгаа гэж хэлсэн...мөн Б.Баттулга дарга өөрөө ч гэсэн тэдгээр хүмүүстэй гар барьж мэндэлж байсан, миний санаж байгаагаар 3-4 хүнтэй мэндэлж гар барьсан гэдэг.

Нэхэмжлэгч Б.Б******* нь Хууль зүйн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны А/96/90 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам-ын 4.15-д Шүүх хуралдаан дууссаны дараа баривчлах, хорих ял шийтгэгдсэн яллагдагчийг шүүгчийн зөвшөөрөлтэйгөөр гэр бүл, төрөл садангийн 2-оос илүүгүй хүнтэй уулзуулах бөгөөд уулзалтын хугацаа 10 минутаас хэтрэхгүй байна. Уулзалтын үед ялтны болон өөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана гэснийг баримтлан ажиллаагүй, Тахарын албаны албан хаагч, ажилтны ёс зүйн дүрэм-ийн 3.1.14-д захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, 3.1.19-д байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах, ажлаас хоцрох, таслахыг цээрлэх, 3.1.20-д хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах, 4.1.7-д бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөх, 4.1.8-д албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, хуурамчаар үйлдэх, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах гэснийг зөрчсөн билээ.

Тус дүрмийн 5.2-д Ёс зүйн хэм хэмжээг хэрхэн мөрдөж байгаа байдал нь Тахарын албанд тогтвортой ажиллах, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оруулах, дэвшүүлэн томилох, шагнаж урамшуулах, өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаал, цол бууруулах, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно гэж заасны дагуу Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсний дагуу сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Мөн 9 дүгээр тойргийн тахарын албаны алба хаагчдаар өвөлжөөний мод зөөлгөхдөө жолоодох эрхээ хасуулсан жолоочийн машинаар зөөсөн гэснийг албаны шалгалтын явцад ирүүлсэн бөгөөд жолооч гэх Х.Батсайханы тайлбараас тодорхой болох юм. Түүнчлэн өвчтэй байх 2014 оны 10 дугаар сарын 21-нд өвчтэй гэдэг талаар албан ёсны зөвшөөрлийг тойргийн тахарын албаны даргаас авалгүйгээр Тахарын ерөнхий газрын дэд дарга Б.Батзоригт хэлсэн талаарх тойргийн дарга Д.М даргын тайлбарт заасан байгаа.

Тахарын ерөнхий газар нь нэхэмжлэгч Б.Баттулгын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Б.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дугаар бүхий Б*******, Г.М*******, Д.М нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Б.Баттулгыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шүүгчийн зөвшөөрөлгүй нэр бүхий 11 иргэнтэй уулзуулсан, туслах тахар Б.ыг ажлын 5 өдөр, туслах тахар Э.Б, Ч.Б нарыг амралтын өдрүүдэд хувийн ажилдаа ажиллуулсан гэсэн үндэслэлээр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч Б.Б******* эс зөвшөөрч тус шүүхэд хандан Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр Б.Б*******, Г.М*******, Д.М нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актуудыг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ ...шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 11 хүнийг шүүгдэгч нартай уулзуулж, албан тушаалаа урвуулан ашигласан гэснийг зөвшөөрөхгүй...хорих 445 дугаар ангиас гэрээгээр 2 ялтанг авч ажиллуулан туслах тахар Б.оор харгалзуулсан нь үнэн бөгөөд тэрээр чин сэтгэл гаргаж хянагчаар ажиллаж тусалсан...туслах тахар Э.Б, Ч.Быг гуйж өвөлжөөний мод ачуулсан үйлдэлд албан тушаал ашиглаж, дарамт шахалт үзүүлж албадан ажиллуулаагүй...ноцтой зөрчил гаргасан болох нь нотлогдоогүй, гэм хор уршиг бий болоогүй, сахилгын зөрчлийн бүрэлдэхүүнгүй байхад сахилгын шийтгэл оногдуулсан... гэж, хариуцагчаас ...шүүхэд нэвтрэгсдийн бүртгэлд бүртгэсэн иргэдийн нэрс дотор шүүгчийн зөвшөөрөлгүй уулзсан хүмүүсийн нэрс байсан...хувийн дэлгүүрийн засварт 2 ялтанг ажиллуулахдаа Б.оор харгалзуулан ажлын 5 хоног ажиллуулсан, Э.Б, Ч.Б нараар өвөлжөөний мод зөөлгөсөн нь холбогдох баримтаар тогтоогдсон...холбогдох дүрэм журмыг зөрчсөн... гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Маргаан бүхий акт болох Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр тушаал нь Монгол Улсын Засгийн газрын Агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалтыг үндэслэж Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4 дүгээр бүлгийн 4.15-д Шүүх хуралдаан дууссаны дараа баривчлах, хорих ял шийтгэгдсэн яллагдагчийг шүүгчийн зөвшөөрөлтэйгээр гэр бүл, төрөл садангийн 2-оос илүүгүй хүнтэй уулзуулах бөгөөд уулзалтын хугацаа 10 минутаас хэтрэхгүй байна. Уулзалтын үед ялтны болон өөрийн аюулгүй байдлыг хангаж ажилланаТахарын албаны албан хаагч, ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, 3.1.19-д байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах, ажлаас хоцрох, таслахыг цээрлэх, 3.1.20-д хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах, 4.1.7-д бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөх, 4.1.8-д албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, хуурамчаар үйлдэх, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр гарсан байна.

Шүүгчийн зөвшөөрөлгүй нэр бүхий 11 иргэнтэй уулзуулсан зөрчлийн тухайд, хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б.Д*******, Д.Уранчимэг, Д.Ганзориг, Ж.Дунуу, Л.Насанбуян, Ц.У******* нарын гэрчийн мэдүүлэгт ...Б.Баттулгыг танихгүй...хоёр давхараас зөвшөөрлийн бичиг аваад хоёр, хоёроороо орж уулзсан...н.Цэнд өмгөөлөгч зөвшөөрлийн бичиг авч өгсөн... гэснээс үзвэл Б.Баттулгыг Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын 4 дүгээр бүлгийн 4.15-д Шүүх хуралдаан дууссаны дараа баривчлах, хорих ял шийтгэгдсэн яллагдагчийг шүүгчийн зөвшөөрөлтэйгээр гэр бүл, төрөл садангийн 2-оос илүүгүй хүнтэй уулзуулах бөгөөд уулзалтын хугацаа 10 минутаас хэтрэхгүй байна. Уулзалтын үед ялтны болон өөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллана гэж заасныг зөрчсөн гэж үзэхэ байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрчүүдийн мэдүүлэгт дурдсанаар шүүгдэгчтэй түүний гэр бүл төрөл садангийн нэр бүхий хүмүүс уулзах зөвшөөрлийг шүүгчийн туслахаас авч өмгөөлөгчөөр дамжуулж болон өөрсдөө орж үүлзсан болох нь тогтоогдож байх тул уг үйлдэлд Б.Баттулгыг зөвшөөрөл өгч уулзуулсан гэж буруутгах, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Туслах тахар Э.Б, Ч.Б нарыг амралтын өдрүүдэд хувийн ажилдаа ажиллуулсан зөрчлийн тухайдхавтаст хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Э.Бы тайлбарт ажлын бус цагаар амралтын өдөр ажил үүрэгт хамааралгүй ажилд дайчлагдахад таатай санагдаагүй, гэхдээ дарга гуйж байгаа юм чинь гэж бодоод өвөлжөөг нь буулгахыг бид 2 зөвшөөрсөн гэснээс үзвэл Тахарын албаны албан хаагч, ажилтны ёс зүйн дүрмийн 4.1.7-д бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөх гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл уг асуудал нь албаны үйл ажиллагаатай холбоогүй байх тул дээрхи заалтыг хэрэглэсэн нь буруу юм.

Туслах тахар Б.ыг ажлын 5 өдөр ажиллуулсан зөрчлийн тухайдТөрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заажээ.

Б.Б******* нь Хорих 445 дугаар ангиас 2 ялтан авч өөрийн хувийн хүнсний дэлгүүрт ажиллуулахдаа туслах тахар Б.оор харгалзуулсан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.оос авсан тайлбар, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б.ын гэрчийн мэдүүлэгт Б.Б******* даргын гуйлтаар түүнд сэтгэл гаргаж 2 ялтанг 5 хоног харгалзан ажилласан...даргын зүгээс дарамт шахалт үзүүлж байгаагүй гэснээс үзвэл туслах тахар Б.ыг ажлын 5 өдөр хувийн ажилд ажиллуулсан зөрчил нь тогтоогдож байх боловч Б.Баттулгын гаргасан зөрчлийн шинж байдал, түүнийг анх удаа буюу давтан үйлдсэнийг харгалзан үзэлгүйгээр мөн хуулийн 26.1.3-т заасан төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрхи хуулийг зөрчсөн байх тул Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 065-ны өдрийн 499 дүгээр тушаалын Б.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Тахарын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 499 дүгээр тушаалын Б.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Баттулгыг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Баттулгын ажлаас халагдсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр хүчинтэй болох хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих ёсоортооцож олгохыг Тахарын ерөнхий газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН