Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 287

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа хөтлөн,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Н.С-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Н-ийн Н.С-т холбогдох 201526030540 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, Б дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ах, эгчийн хамт Н.С- дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 15-114 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын  08-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, Н.С- дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Н-ийн Н.С,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.С- нь Т.Ц-тай бүлэглэн, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Эко констракшн” ХХК-ны барилга дээрээс 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1 боодол буюу 15 метр обой, 1 хайрцаг буюу 0,944 метр кв плита, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 4 боодол буюу 60 метр обой, 2015 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 5 хайрцаг буюу 8.98 метр кв плита, 1 боодол буюу 15 метр обой, 18 литр буюу 1 сав эмульс зэрэг эд зүйл хулгайлж бусдад нийт 765.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Н.С-аас: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

   

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Г.Н-ийн:“...2015 оны 6 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг 30 минутанд ажилдаа ирэхэд гэрээт ажилтан Т.Ц-, тухайн үед харуулаар ажиллаж байсан Н.С- нар нийлж шөнө барилга дээрээс хулгай хийсэн гэж Д.Ц-өөс мэдсэн. Тэгээд барилга руу орж өрөөнүүдийг шалгаж үзэхэд 12 давхрын 1 тоотод обой байсан обой, 6 давхрын 3 тоотод байсан хайрцагтай плитанууд байхгүй байсан. Бусад зүйл нь байх шиг байсан. Урьд нь барилгын өрөөнүүдийг бүгдийг нь цоожлоод түлхүүрийг нь харуул дээр үлдээдэг байсан. Тэр өдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 23-нд харуул Н.С- дээр үлдээсэн байсан. Бүх өрөөнүүд цоожтой байсан ба 6 давхрын 3 тоот өрөө, 12 давхрын 1 тоот өрөөнүүдийг онгойлгож дээрх эд зүйлсийг авсан байсан. Нийт 448.000 төгрөгний эд зүйлс авч гарсан байсан. Т.Ц-, Н.С- нар камерт машиндаа эд зүйл авч ачиж байгаад баригдсан. Тухайн камерыг эргүүлэн шүүхэд Т.Ц-, Н.С- нарын дахин 2 удаагийн үйлдэл илэрсэн. Т.Ц- нь манай барилгын дотор заслын ажлын үүрэг гүйцэтгэгчээр гэрээ байгуулж хийж байсан. Харуул Н.С- нь манай компанитай гэрээт харуул хамгаалалтын “Их уул залаат” ХХК-ы хамгаалалтын ажилтан байсан. Т.Ц-, Н.С- нар нь хулгайлсан эд зүйлсийг буцааж хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг. \ хх-ийн 29-30 дугаар хуудас\

    Хохирогч Д.Б-ын: “...Урьд энэ хэрэгт хохирогчоор төлөөлж оролцож байсан. Г.Н- нь 2015 оны 12 сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. ...Би тухайн хэрэг болох үед тус компанид ажиллаж байсан байсан бөгөөд юу болсон талаар мэднэ. 2015 оны 06 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө манай дээр үүрэг гүйцэтгэгч компаний  Т.Ц- гэх хүн, харуул хамгаалалтын ажилтан Н.С-тай хэлэлцэн тохирч обой, эмульс, плита зэрэг барилгын материал гаргасан байсныг харуул хамгаалалтаас камераар шүүж илрүүлсэн юм. Би тэр үед сүлжээний инженер учраас хяналтын камерыг өөрийн биеэр шүүж байсан. ...Манай байгууллагаас хулгайлсан эд хөрөнгийн талаар гомдол санал байхгүй. Т.Ц-, Н.С- нарын зүгээс нийт 3 удаагийн үйлдлээр авсан барилгын материалуудыг тухайн үед бүгдийг нь хүлээн авсан. Т.Ц-ын эхнэр Б-ыг энэ хэрэгт холбоотой байж магадгүй гэж үзээд байгаа. Т.Ц-ын эхнэр Б- нь “Эко констракшн” ХХК-д туслах ажилтан байж байгаад энэ хэргээс болж ажлаас халсан...” гэх мэдүүлэг \ хх-ийн 128 дугаар хуудас\

    Гэрч Б.Г-ын: “...Би 2015 оны 06 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө манай камерууд бүгд унтарч техникийн саатал гарсан. Тэгэнгүүт манай компани өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад инженер, техникийн албаныхан болон харуулуудыг нэмэлтээр ажиллуулсан. Тэр үеэр би бас дуудагдаж ирээд, 4 дүгээр пост буюу “Кингийн-1” гэж нэрлэгддэг постны харуулаас гадна талаас гэрлээ унтраасан машин орж ирээд байна гэсэн мэдээлэл ирсэн. Тэгээд би тухайн постон дээр очиж камерийг шүүж үзээд “Кинг таур”-ын нэмэлтээр баригдаж байсан барилга руу харуул явуулахад хашааны хаалгаа нээж өгөхгүй байсан бөгөөд дотроос нь харуул нь “ эдгээр хүмүүс нь багаж авч байгаа гэрээт ажилчид” гэж хэлсэн. Манай харуул буцаад явангуут барилга доторх харуул нь тухайн машиныг гаргаж явуулсан. Би тэр үед үйл явцыг камераар харж байсан. Би өөрийн биеэр очиж харуултай нь уулзаж рапортон дээр бичсэн зүйлийг үзэхэд гар дрилл, төмөр хайрцаг гэх мэт ойр зуурын гар багажнууд авч гарсан гэж бичсэн байсан. Тэр талаар Д.Ц-т хэлэхэд “бичлэгээ байлгаж байгаарай маргааш үзнэ шүү” гэж хэлсэн. Тэгээд өглөө 08 цагт Д.Ц- ирээд камерыг шүүж үзээд юм хулгайлсан байсныг мэдсэн. Тэгээд тэр хүмүүсийг “Эко констракшн”-ныхан цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг \хх-ийн 33 дугаар хуудас\

     Гэрч Д.Ц-ийн: “...Манай “Эко констракшн” ХХК-ны захиалгаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал”хотхонд баригдаж буй “Кинг Таур” барилга дээрээс 2015 оны 6 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 00 цагийн үед хулгай хийж байна гэсэн мэдээллийг 01 цагийн үед “Маршал” хотхоны “Юниверсаль нетворк” харуул хамгаалалтын Б.Г- гэдэг хүн мэдэгдэхэд нь “би өглөө очиж байгаад камерыг чинь шүүж шалгая” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 06 дугаар сарын 24-ны өглөө 10 цагийн үед Камер шүүлгэж үзэхэд цагаан өнгийн “Соната-6” маркийн автомашин нь “КИНГ ТАУР” барилгын харуултай хаалгаар “Эко констракшн”-ы гүйцэтгэгч байгууллага “Идэр жавхлант мөрөн” барилгын компаний захирал Т.Ц- гэх орж ирэн барилгын материал ачиж байгаа бичлэг, харуул Н.С- нь өөрөө ачиж өгөөд гаргаж байгаа байдлаар камерийн бичлэгт бичигдсэн байсан. Тэгээд тэр өглөө Т.Ц- өөрөө байсан бөгөөд түүнтэй уулзахад барилгын материал авсан гэдгээ хүлээж, өнгөрсөн шөнө авсан материалуудаа буцааж өгсөн. Тэр өдрөө цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гаргах болсон. 40х40 хэмжээтэй харьцаатай 4 хайрцаг плита, 1 ширхэг боодол обой, 10 литрийн эмульс зэрэг зүйлсүүд авч гарсан байсан. Тухайн хэрэг гарсан “Кинг Таур-1” барилга нь “Кинг Таур” цогцолборын хойд хэсэг юм. Тэр хойд хэсгээр хог ачих ачааны машин л орж гардаг. Жижиг машин орж гарах ёсгүй газар юм. Тэр хэсэгээрээ нэг харуултай нэг камер байдаг нь “Юниверсаль нетворк” харуул хамгаалалтын компаний камер юм. Тэр үед жижиг тэрэг орж гарсан байсан нь сэжигтэй байсан тул камерыг шүүж ирүүлсэн...” гэх мэдүүлэг \хх-ийн 34 дүгээр хуудас\

             

        Шинжээчийн дүгнэлт болон хэргийн бусад нотлох баримтууд

2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-21 дүгээр хуудас/,

2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/,

2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн CD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл \ хх-ийн 24 дүгээр хуудас\

2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 63 дугаар хуудас/,

2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/,

2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 66 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.Ц- сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2015 оны 03 дугаар сараас Эко констракшнтай гэрээ байгуулж дотор заслын ажил хийхээр гэрээ байгуулж ажиллаж байсан. 2015 оны 05 дугаар сард Н.С- гэдэг харуултай танилцсан. Харуул Н.С- “Юм авч гарч болно шүү” гэж санал тавьсан. 2015 оны 05 дугаар сарын 30-нд орой 21 цагийн үед 1 ширхэг Обой, 1 хайрцаг плитаг авч гарсан. 2015 оны 06 дугаар сарын 08-нд өглөө 05 цагийн үед 4 хайрцаг плитаг авч гарсан. Хамгийн сүүлд 2015 оны 06 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 00 цагийн үед 1 ширхэг обой, 30*30 см хэмжээтэй 3 хайрцаг плита, 30*60 см хэмжээтэй 2 хайрцаг плита, 18 литрийн савтай эмульс авч гарсан. Эдгээрийг авч гарахдаа харуул Н.С-тай ярьж байгаад авч гарч байсан. ,,,,, улсын дугаартай Соната 6 маркийн автомашинаар тухайн эд зүйлсийг тээвэрлэж авч явсан. Хамгийн эхэнд юм авч гарахад туслах Түвшинбаттай авч гарсан. Түвшинбат хулгай авч гарч байгааг мэдээгүй. Аваад гар гэснийг л авч гарсан. Нийт 6 ширхэг обой авсан. 1 ширхэг обой нь 1 метрийн өргөнтэй, 15 метрийн урттай. 18*60  см хэмжээтэй плита 1 хайрцаг, 30*30  см хэмжээтэй плита 3 хайрцаг, 30*60 см хэмжээтэй 2 хайрцаг плита, 1 тал эмульс авсан. Эхнийх нь 12 давхарын 1 тоотоос, хоёр дахь эд зүйлсийг 8 давхрын 4 тоот, гурав дахийг нь обойг нь 12 давхрын 1 тоотоос, плитануудыг 6 давхраас тус тус авсан. Н.С-т эхний удаа 6000 төгрөг өгсөн. Дараагийн удаа 10000 төгрөг өгсөн, 3 дахь удаад нь юм өгөөгүй...Н.С-ын ээлжин дээр л юм авч гарч байсан. ,,,,, Соната 6 маркын автомашинд ачиж авч явсан. Би Б гэдэг хүнээс зээлээр авсан машин юм. Одоогоор Б гэх хүний нэр дээр гэрчилгээ нь байдаг...” гэх мэдүүлэг \хх-ийн 40 дүгээр хуудас\

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.С- сэжигтнээр мэдүүлэхдээ: “...2014 оны 7 дугаар сарын 17-нд “Их-Уул залаат” ХХК-д харуул хамгаалалтын ажилд орсон. Тухайн “Эко констракшн”-ны барилга дээр 2015 оны 5 дугаар сарын 02-ноос гарч эхэлсэн. Тэнд гарах хугацаандаа гэрээт ажилчин Т.Ц- гэдэг хүнтэй танилцсан. Т.Ц- надад хэлэхдээ “би байшин янзалж байгаа тэгээд энд жаахан юм бэлдсэн байгаа. Би үүнийг аваад гарах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд 2015 оны 05 дугаар сарын 30–нд оройны 21 цагийн үед машинтайгаа ирээд, нэг боодол обой, 1 хайрцаг плита авсан. Дараагийнх 2015 оны 06 дугаар сарын 08-нд өдөр 12 цаг 30 минутаас 14 цагийн хооронд цайны цагийн үед над дээр ирээд  “3 обой байгаа, энэ гурвыг авах гэсэн юм” гэж хэлсэн. Орой 21 цагийн үед ажилчид буусан үед авч явсан. 2015 оны 06 дугаар сарын 23-нд орой 19 цагийн үед орж ирчээд, 00 цаг 30 минутын үед 3 хайрцаг плита, 1 ширхэг обой, 20 орчим литрийн савтай эмульс авсан. Эхнийх нь яг хаанаас гарсныг мэдэхгүй байна. 2 дахийг Т.Ц- 7 давхараас гаргасан. 3 дахийг нь 12 давхрын 1 тоотоос гаргасан...хамгийн эхэнд Т.Ц- хашаан дотроос юм авсны дараа надад тамхи аваарай гэж 6 мянган төгрөг өгсөн. 2 дахь удаагаа юм гаргасны маргааш буюу 2015 оны 06 дугаар сарын 09-ны өглөө манаачийн путкинд орж ирээд 10000 төгрөг өгсөн. Сүүлд нь мөнгө аваагүй. 2015 оны 06 сарын 23-ны шөнө 01 цагийн үед юм авч гарсны дараа камерт гарч явж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг. \хх-ийн 45 дугаар хуудас\

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- Н.С-ын иргэний үнэмлэхний лавлагаа \ хх-ийн 67, 109 дүгээр хуудас\

- Н. Н.С-ын ял шийтгэгдсан эсэхийг шалгах хуудас \ хх-ийн 68 дугаар хуудас\

- Н.С-ын зан байдал засрал хүмүүжлийн тодорхойлолтын хуулбар, суллагдсан тухай лавлагааны хуулбар \ хх-ийн 72 дугаар хуудас\,

- “Их Уул Залаат ХХК-ийн захиралын тушаал” 2015 оны 06 дугаар 27-ны өдөр  ажилд авах ,ажлаас халах тушаал \ хх-ийн 73, 79 дүгээр хуудас\

- Н.С-ын ам бүлийн тодорхойлолт \ хх-ийн 77 дугаар хуудас\

- Н.С-ын цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт \ хх-ийн 78 дугаар хуудас\

- Н.С-ын 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт \ хх-ийн 80-84 дүгээр хуудас\

- Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар \хх-ийн 107-108 дугаар хуудас\,

- Н.С- дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар \ хх-ийн 70-71 дүгээр хуудас/, гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь Б, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Н.С- нь Т.Ц-тай бүлэглэн, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Эко констракшн” ХХК-ны барилга дээрээс 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1 боодол буюу 15 метр обой, 1 хайрцаг буюу 0,944 метр кв плита, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 4 боодол буюу 60 метр обой, 2015 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 5 хайрцаг буюу 8.98 метр кв плита, 1 боодол буюу 15 метр обой, 18 литр буюу 1 сав эмульс зэрэг эд зүйл хулгайлж бусдад нийт 765.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,  хохирогч Г.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас, 128 дугаар хуудас/, гэрч Б.Г-ын мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч Д.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч Д.Түвшинбатын мэдүүлэг /хх-ийн 95 дугаар хуудас/, гэрч Ц.Ганхуягийн мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр хуудас/, гэрч М.Түвшинжаргалын мэдүүлэг /хх-ийн 166 дугаар хуудас/, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-21 дүгээр хуудас/,2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар хуудас/, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн CD-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 24 дүгээр хуудас/,2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 63 дугаар хуудас/, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/,2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.С-ыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

        Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал.

Шүүгдэгч Н.С- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо /эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/ буцааж өгсөн болно.

Шүүгдэгч Н.С-т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол,хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо буцаан өгч нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

        Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ****** улсын дугаартай “Соната-6” маркийн автомашины битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.С-ын цагдан хоригдсон 116 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

            1. Т овогт Н-ийн Н.С-ыг бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Н.С-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Н.С-т оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С-ын цагдан хоригдсон 116 /нэг зуун арван зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

           5.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, Н.С- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          

6. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ****** улсын дугаартай “Соната-6” маркийн автомашины битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

          

7. Н.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 10 дугаар сарын 18-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ