Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 288

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

            улсын яллагч Б.Соёлмаа,

     шүүгдэгч Ч.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ийн М-т холбогдох 1710001550054 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 07-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ,,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч-ийн М,

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ч.М- нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ,,,,, тоотод оршин суух Б.Г-ийн гэрт ороод гарахдаа гэрээс нь “Самсунг глакси Эс 6 эдж” /Samsung galaxy S-6 edge/ маркийн гар утас хулгайлж, Б.Г-д 415.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ч.М-ээс: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Б.Г-ийн: “...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ,,,,, тоотод эцэг, эх, 2 ах, нэг дүүгийн хамт амьдардаг. Би өнөөдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед дүү Гч- хамаатны дүү болох Н-ийн хамт гэртээ унтаж байхад гадаа машин сигналдах чимээ сонсогдсон тэгтэл манай дүү Гч- сэрээд байж байтал манай гэрт гаднаас нэг хүн орж ирээд манай дүү Гч-ийн хажууд зогсоод дүүгийн нүүр рүү тонгойж   харчихаад гараад явсан  тухайн үед манай дүү зүүрмэглээд нүдээ нээж харж амжаагүй, харин гарахад нь араас нь хартал хар цамц, хар иртүз, үсээ шууж боосон эмэгтэй хүн гэрээс гараад явж байхыг харчихаад буцаад унтсан гэсэн. Бид нарыг унтаж байхад  манай дунд ах Гэ- орж ирээд биднийг сэрээсэн би сэрэнгүүтлээ цаг харах санаатай  утсаа харах гэтэл манай гэрийн том өрөөний баруун талын хана дагуу байрладаг хөлдөөгч дээр байсан миний самсунг эс 6 эйж маркийн цэнхэр өнгөтэй, гадуураа алтлаг өнгийн гэртэй, гар утас алга болсон байсан. Тэгэхээр нь би өөрийн том ах Гт-ийг аваад явсан байх гэж бодоод дүү Гч-ийн утсаар залгахад манай ах би аваагүй гэж хэлсэн би гэртээ өөр газар тавьсан байж магадгүй гэж бодоод гэртээ хайтал олдоогүй гэтэл манай дүү Гч- өглөө биднийг унтаж байхад манай гэрт нэг хүн орж ирээд гарсан гэж хэлсэн манай дүү Гч- том ах руу дахиж залгаад өглөө манай гэрт нэг эмэгтэй хүн орж ирээд гарсан би тухайн үед зүүрмэглээд  сайн харж чадаагүй тухайгаа ахад хэлсэн  гэтэл манай ах цагдаа дуудсан. ...Би хохиролын мөнгө болох 415.000 /дөрвөн зуун арван таван мянган/ төгрөгийг хүлээн авлаа, ямар нэгэн гомдол санал байхгүй. . .” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 9-р хуудас/,

Хэргийн талаар бусад нотлох баримтууд

2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 12 дугаар хуудас/,

            2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч Ч.М-ийн: “...2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би найз нартайгаа архи уусан байсан. Маргааш өглөө нь буюу 2017.07.18-ны өглөө шартаад байхаар нь би 100 граммын савалгаатай Ерөөл архи нэгийг авч уусан. тэгээд дахин гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байхад Б.Г-ийн хашааны хаалга, байшингийн хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь байшинд нь ороод хартал бүгдээрээ унтаж байсан. Тэгээд тэдний гэрт байдаг хөлдөөгчин дээр нь гадна талаараа шаргал өнгийн гэртээ дэлгэц дээрээ мэдрэгчтэй андройд утас байсан. Тэгэхээр нь би тэр утсыг аваад баруун талын халаасандаа хийгээд гарсан. Би тухайн үед малгайтай хар хөх өнгийн ноосон цамц өмссөн байсан. Тэгээд би гэрээс гараад авсан утсаа ломбарданд тавина гэж бодоод яармагийн эцэс орсон. Тухайн үед өглөө эрт байсан учраас ломбард онгойгоогүй  байсан. Би тэгэж явахдаа хулгайлсан гар утсаа хаясан байсан. Тэгээд би буцаад гэр рүүгээ явж байхдаа хулгайлсан гар утасаа хаясанаа  мэдээд эргэж хайгаад олоогүй. Би дахин Б.Г-ийн гэрт очоогүй. Тэгээд 2-3 хоногийн дараа цагдаагаас дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/      

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 22 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 09 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

         Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ч.М- нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо ,,,,, тоотод оршин суух Б.Г-ийн гэрт ороод гарахдаа гэрээс нь “Самсунг глакси Эс 6 эдж” /Samsung glaxy S-6 edge/ маркийн гар утас хулгайлж, Б.Г-д 415.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 6, 9-р хуудас/, 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 42 дугаар хуудас/,  2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26-27 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.

Шүүгдэгч Ч.М- нь хохирогч Б.Г-д гар утасны үнэ болох 415,000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 52-54 дүгээр хуудас/, бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Ч.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл,  хувийн байдал  зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.М- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

 

ТОГТООХ нь:

  

1.Б овогт Ч-ийн М-ийг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Ч.М- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

4.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Ч.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ч.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ