Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/MA2017/0632

 

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0632

Улаанбаатар хот

 

Х.Цэдэнбалын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Х.Цэдэнбал нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0470 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Цэдэнбалын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0470 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 32 дугаар зүйлийн 32.4-д заасныг тус тус баримтлан Х.Цэдэнбалын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, Х.Цэдэнбалыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгажээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Иргэн Х.Цэдэнбалын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0470 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дүүргийн Засаг дарга болон 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал нар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаас дүүргийн Засаг даргын өмнө хүлээх үүрэг, үйл ажиллагааны гэрээ байгуулсан байдаг ба тус гэрээний 2 дугаар зүйлийн 2б-д “хорооны Засаг дарга нь Засаг даргын захирамж, өгөгдсөн үүрэг даалгаврыг шуурхай хэрэгжүүлэх, түүний гүйцэтгэлийг хангах ажлыг Засаг даргын өмнө бүрэн хариуцна” гэж заасан байдаг. Гэтэл 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал нь дүүргийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй юм.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/101 дүгээр тушаалаар дүүрэг, хороодын 2016 оны үйл ажиллагаа дүгнэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шалгалтын удирдамжийг 2 дугаар, үнэлгээний хуудсыг 3 дугаар хавсралтаар тус тус баталж, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор ажлын тайланг танилцуулахыг ажлын хэсгүүдэд даалгасан. Ажлын хэсэг заасан хугацаанд шалгалт явуулж, 20 дугаар хорооны 2016 оны үйл ажиллагааны бодлогын зорилт, үндсэн үзүүлэлт, мэдээллийн чанар, үнэн бодитой байдал, мэдээллийн тайлагналт, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, шинэ санаачилга, үр дүн, хэрэглэгчийн үнэлгээ гэсэн хүрээгээр 26 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэхэд 57.6 хувь авч үйл ажиллагааны үр дүнгээр хангалтгүй үнэлэгдсэн юм.

Хэдийгээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар 28.4, 28.5, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар хорооны Засаг даргыг огцруулахдаа хорооны иргэдийн Нийтийн Хурлаас хорооны Засаг даргыг огцруулах санал дүүргийн Засаг даргад ирүүлсэн тохиолдолд эсвэл дүүргийн Засаг дарга хорооны Засаг даргыг огцруулахаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд саналаа хүргүүлж шийдвэрлэх хэдий ч 20 дугаар хорооны Засаг даргаас дүүргийн Засаг даргын өмнө хүлээх үүрэг, үйл ажиллагааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “үүрэгт ажилд харшлах ноцтой зөрчил, дутагдлуудыг хоёр буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй тохиолдолд нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, хорооны Засаг даргын үүрэгт ажлаас огцруулна” гэж заасан.

Дүүргийн Засаг даргын өмнө хүлээх үүрэг, үйл ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул дүүргийн Засаг дарга, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаас дүүргийн Засаг даргын өмнө хүлээх үүрэг, үйл ажиллагааны 2013 оны гэрээг тус тус үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар огцруулсан нь хууль тогтоомж зөрчөөгүй болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0470 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Х.Цэдэнбал “Баянзүрх дүүргийн Засаг даргын  2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчаас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “дүүргийн Засаг даргын өмнө хүлээн үүрэг, үйл ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үр дүнгээр хангалтгүй үнэлэгдсэн” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд “Баг, хорооны Хурлын бүрэн эрх” гээд 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах”, 28 дугаар зүйлийн 28.4-д “28.4.Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж тус тус заажээ.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар “...идэвх санаачлага муутай ажиллаж, 2016 оны хороодын үйл ажиллагааг дүгнэх ажлын хэсгийн дүгнэлтээр “хангалтгүй” үнэлгээ авч дүүргийн Засаг даргын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр Х.Цэдэнбалыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр огцруулсан байна.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол огцруулах саналыг хүргүүлэхээр, 32.4-д дээд шатны Засаг дарга хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэхээр заасан бөгөөд хариуцагч Х.Цэдэнбалыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргаас огцруулах тухай саналаа тус хорооны иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлээгүй дээрх хуулийн зүйл, заалтыг зөрчсөн байна.

Энэ талаар анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                                Ц.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                                Э.ЗОРИГТБААТАР