Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хэргийн индекс: 114/2016/0042/3/

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1б байрны ******* тоотод оршин суудаг Өндөрийнхөн овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: 1.  Дархан-Уул аймгийн Аудитын газар

                                2. Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

    Нэхэмжлэлийн шаардлага:  “Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 296 тоот Нийцлийн талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 тоот тогтоолын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд иргэдийн Төлөөлөгчдийг сонгох сонгуулийн 3 дугаар тойрогт О.*******г бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй  захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд:

                 Нэхэмжлэгч:                                                                 О.*******

                 Хариуцагч Аудитын газрын   

                       итгэмжлэгдсэн төлөөлөгч:                                    Б.Алтанзул

                 Хариуцагч Сонгуулийн хорооны

                        итгэмжлэгдсэн төлөөлөгч:                                   Ч.Энхбат

                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:                  Б.Саранчимэг  нар оролцов.  

                                               

                                                            ТОДОРХОЙЛОХ  нь:

 

         Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ын  *******  миний  бие нь  Дархан-Уул  аймгийн  орон  нутгийн  сонгуулийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 3 дугаар C:\Documents and Settings\Захиргаа\Desktop\ Шийдвэр.doc

тойрогт бие даан нэр дэвших мөрийн хөтөлбөрөө Дархан-Уул аймгийн Аудитын газарт 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хянуулж дүгнэлт гаргуулахаар өгсөн. 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Аудитын газраас мөрийн хөтөлбөрт залруулга хийлгэх тухай  32/60 тоот албан шаардлага өгсөн.

            Миний бие нь уг албан шаардлагыг хүлээж аваад холбогдох хууль тогтоомжинд нь нийцүүлэн мөрийн хөтөлбөртөө залруулга хийгээд 2016 оны 05 дугаар 04-ний өдөртөө багтаан аймгийн Аудитын газарт буцаан өгсөн.

            Аймгийн аудитын газраас миний мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийгээд 2016 оны 05 дугаар сарын  06-нд 296  тоот Нийцүүлэн  дүгнэлт  ирүүлсэн.  Уг   дүгнэлтэд   миний   мөрийн хөтөлбөрөөс 4,5-р заалт нь хуульд нийцсэн байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Би 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сонгуулийн хуулийн холбогдох зүйлүүдэд заасан бие даан нэр дэвшигчийн бүрдүүлэх бичиг баримтыг бүрдүүлж аймгийн Сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн. Аймгийн Сонгуулийн хорооноос сонгуульд нэр дэвшигчид ингэж хайнга хандаж байгаа нь цаанаасаа зохион байгуулалттайгаар бие даан нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах үйлдэл гэж үзэж байна. Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний 07 тоот тогтоолд миний нэрийг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байх шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр 3 дугаар тойрогт бие даан нэр дэвшихийг бүртгэхээс татгалзсан хариу өгсөн.

            Сонгуулийн хуульд бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр нь тодорхой тоон үзүүлэлттэй байна гэж заагаагүй бөгөөд миний мөрийн хөтөлбөрөөс 2 арга хэмжээ нь аудитын дүгнэлтэд нийцсэн байхад Сонгуулийн хорооны 07 тоот тогтоолоор аудитын дүгнэлтэд нийцээгүй гэсэн үндэслэлээр иргэн миний сонгогдох болон сонгогч нарын сонгох эрхийг зөрчсөн шийдвэр гаргажээ. Мөн аудитын 296 тоот дүгнэлтэнд миний мөрийн хөтөлбөрөөс 6 арга хэмжээ нь холбогдох хууль тогтоомжийн заалттай нийцээгүй, судалгаа шинжилгээгүй гэсэн буруу дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

            Миний бие Аймгийн Аудитын газрын дарга Б.******* нь ашиг сонирхолын зөрчилтэй улмаас миний сонгох сонгогдох эрхэнд халдаж байна гэж үзээд 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Үндэсний аудитын газарт гомдлоо факсаар болон өөрийн биеэр очиж гаргасан. Үндэсний аудитын газар миний гомдлыг хүлээж аваад Үндэсний аудитын дэд дарга Н.Баттуяа, Нийцлийн газрын дарга Алтанзул нар нь шууд утсаар ярьж Дархан-Уул аймийн аудитын газрын дарга Б.*******д үүрэг даалгавар, чиглэл өгсөн учраас орон нутгийн сонгуулийн хороонд материалаа өгч болно гэсэн. Сонгуулийн хуулийн 124.4 дэх заалтыг үндэслэнэ гэж хэлээд буцаасан гэжээ.

 

             Нэхэмжлэгч О.*******  шүүх хуралдаан дээр гаргасан  тайлбартаа:  Би анх Дархан-Уул аймгийн Аудитын газарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 296 тоот “Нийцлийн талаарх дүгнэлтийг” хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан харин одоо энэ хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

            Харин Аймгийн аудитын газраас миний мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийгээд 2016 оны 05 дугаар сарын  06-нд 296  тоот Нийцүүлэн  дүгнэлт  ирүүлсэн.  Уг   дүгнэлтэд   миний   мөрийн хөтөлбөрөөс 4,5-р заалт нь хуульд нийцсэн байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Сонгуулийн хуульд бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр нь тодорхой тоон үзүүлэлттэй байна гэж заагаагүй бөгөөд миний мөрийн хөтөлбөрөөс 2 арга хэмжээ нь аудитын дүгнэлтэд нийцсэн байхад би сонгуульд энэ 2 мөрийн хөтөлбөрөөрөө орж болно гэж үзэж байгаа тул Сонгуулийн хорооны 07 тоот тогтоолоор аудитын дүгнэлтэд нийцээгүй гэсэн үндэслэлээр иргэн миний сонгогдох болон сонгогч нарын сонгох эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 тоот тогтоолын өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд иргэдийн Төлөөлөгчдийг сонгох сонгуулийн 3 дугаар тойрогт О.*******г бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Соёлмаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д дараах этгээд сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна. Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5.2-т  “ бие даан нэр дэвшигч гэж заасан байна. Аймгийн Сонгуулийн хороо нь Аудитын газрын дүгнэлтийг үндэслэн олонхийн саналаар бүртгэхээс татгалзсан болно.

            О.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

 

         Нэхэмжлэгчийн “Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 тоот тогтоолын О.*******д  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, О.*******г Дархан-Уул  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

         Нэхэмжлэгч О.******* нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийнхээ нэг шаардлага болох хариуцагч Дархан-Уул аймгийн Аудитын газарт холбогдох Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 296 тоот “Нийцлийн талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа амаар болон бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна .

Аймгийн аудитын газраас О.*******гийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийгээд 2016 оны 05 дугаар сарын 06-ны 296 тоот “Нийцлийн талаархи  дүгнэлт” гаргасан байх бөгөөд  уг   дүгнэлтэд бие даан нэр дэвшигч О.*******гийн мөрийн хөтөлбөрт тусгасан нийт 8 арга хэмжээнээс 4-т тусгагдсан “Хоггүй баг” аяныг өрнүүлж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд санаачлага гарган ажиллана, 5-д тусгагдсан” Жишиг гудамж, жижиг гэр хороолол” бий болгох санаачлагыг өрнүүлж, аймаг, сумын хөгжлийн хөтөлбөрт тусгуулж, ИТХ-д танилцуулж хэрэгжилтийг хангаж ажиллана гэснээс бусад 6-н арга хэмжээ нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх гэсэн заалттай нийцээгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

 

       Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо нь дээрхи аудитын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 296 тоот “Нийцлийн талаархи дүгнэлт”-ийг үндэслэн  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт О.*******г бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргахдаа нэхэмжлэгчийн мөрийн хөтөлбөрөөс 2 арга хэмжээ нь Сонгуулийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д заасан “... сонгуулийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдалд болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаархи тооцоо, судалгааг төрийн аудитын байгууллагаар хянуулсан байна” шаардлагыг хангасан эсэхэд үнэлэлт өгөөгүй, нэр дэвшигчийн материалыг 5 дугаар сарын 14-нд хүлээн аваад нэр дэвшигчээс тодруулах боломжтой байсан, мөн О.*******г хуульд нийцсэн 2 мөрийн хөтөлбөрөөрөө сонгуульд оролцох эрхийг Сонгуулийн тухай хуулиар хориглоогүй байхад нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус байх бөгөөд   нэхэмжлэгч О.*******гийн  Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэстэй байна.              

 

             Мөн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаар “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” тогтоолоор  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч  О.*******г  бүртгэхээс татгалзахдаа Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т ”нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэх заалтыг баримталсан нь хуульд нийцээгүй зэрэг үндэслэлүүдээр  маргаан бүхий захиргааны актын О.*******г  холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

   

            Мөн аймгийн Сонгуулийн хороо түүний гишүүд нь сонгуулийн үйл явцыг зохион байгуулахдаа хууль дээдлэх,  ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих, маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчим, хуралдааныхаа дэгийг баримтлаж ажилладаггүй болох нь хэрэгт авагдсан Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний  өдрийн 05 дугаар “Хуралдааны тэмдэглэл”  хариуцагчийн тайлбараар нотлогдож байгааг дурьдах нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.2.1, 70.2.4, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан О.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07 тоот тогтоолын О.*******д  холбогдох хэсгийг хүчингүй болгож, О.*******г Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 3 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай.

 

            2.Захиргаааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4-т зааснаар нэхэмжлэгч нь, хариуцагч Дархан-Уул аймгийн Аудитын газарт холбогдох Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 296 тоот “Нийцлийн талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсугай.

 

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

            4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээд  шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНЧИМЭГ