Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 295

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтлөн,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Н.Ш- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Н-ийн Ш-д холбогдох эрүүгийн 1710000000127 дугаартай хэргийг 2017 оны 10 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 31-ны өдөр Булган аймаг Рашаант суманд төрсөн. 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ажилтай, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо ,,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Н-ийн  Ш,

 

Холбогдсон хэргийн талаар   

 

Шүүгдэгч Н.Ш- нь  Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2017 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүх хуралдаанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Н.Ш-: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Б.Э-ын:  “...2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 00:00 цагийн үед би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд Хуур хөгжмийн наадам үзэх гээд явж байтал найз Н.Ш-тай таарсан юм. Тэгээд бид хоёр ойр зуурын зүйл яриад зогсож байгаад “чи надад зарсан гар утсаа сольж өгнө гэсэн яасан бэ” гэж асуутал “уг нь солиулах гэсэн боловч сольж өгөх хүн маань олдохгүй байна” гэж хэлээд гэнэт миний хамар руу мөргөсөн. Тэгээд би Н.Ш-аас чи надад нойтон сальфетка авчраад өгчих гэж хэлтэл чи хэдийг авмаар байна гэж хэлээд цаашаагаа яваад өгөхөөр нь цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа нар ирэх үед Н.Ш- яваад өгчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №11028 дугаартай дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч Н.Ш-ын:  “... 2017 оны 08 дугаар сарын 25-ний өдөр 00 цагийн үед би  Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд хуур хөгжмийн наадам үзэх гээд явж байтал найз Б.Э-тай таарсан юм. Тухайн үед бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба Б.Э- “надад зарсан утас чинь эвдэрхий байна” гэж гомдоллоод хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэр үед миний уур хүрээд Б.Э-ын нүүр рүү нь толгойгоороо нэг удаа мөргөхөд хамраас нь цус гоожсон. Тэгэхэд миний хажууд явж байсан манай нэг найз намайг салгаад цаашаа шоу үзэхээр явсан. Тэрнээс хойш Б.Э-тай тааралдаагүй явсаар хэдэн сарын дараа намайг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс дуудсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 20 дугаар хуудас/,

-Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 21 дүгээр хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Н.Ш- нь  Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2017 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Э-ын мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн №11028 дугаартай дүгнэлт

  1. Б.Э-ын биед хамрын яс ил хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Уг гэмтэл нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой. /хх-ийн 13 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Н.Ш-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэнийг хянавал шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Э-тай эвлэрсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан  байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ш- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Н-ийн Ш-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ш-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Ш- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  Н.Ш- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.         

.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ