Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/293

 

 

 

 

 

 

          

Б.Ц, Н.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Б.Ц, Н.Э, тэдгээрийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,  

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц, Н.Э нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн тэдэнд холбогдох 2107000000190 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ......оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

2. ......тоотод оршин суух бүртгэлтэй, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дугээр сарын 02-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан;

Шүүгдэгч Б.Цнь ганцаараа Налайх дүүргийн 1 дүгээр хороо Нарлагийн 22-2 тоотод оршин суух Ж.Бийн хоньдоос 2021 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хар зүсмийн, хар алаг зүсмийн 2 хонь, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шар толгойтой 1 хонь, 2021 оны 7 дугаар сарын 24, 25-ны үед улаан зүсмийн 1 хонь, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хар халзан зүсмийн 2 хонь, нийт 6 тооны хонь хулгайлж, 1,080,000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Э, Б.Цнар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр машин механизм ашиглан Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энгэршанд гэх газрын арын жалганд бэлчээрт байсан Ж.Бийн хоньдоос шар халзан зүсмийн 1 хонь хулгайлж, Ж.Бэд 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Ц-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус зааснаар, Н.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлсан, шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Н.Э нарыг цагдан хорьж, хохирогч Ж.Бэд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.260.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Б.Ц-ы эзэмшлийн 275.148 /хоёр зуун далан таван мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийн үнэлгээтэй, улсын дугааргүй, Чансаа маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.    

Шүүгдэгч Б.Цгомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа бүрэн хүлээж, мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Цаашид гэмт хэрэг үйлдэж, бусдыг хохироохгүй, үнэн зөв, шудрага хөдөлмөрлөж амьдрах чин хүсэлтэй, амьдралын үнэ цэнийг маш ихээр ухаарч ойлгож байна. Би өндөр настай эмээгээ харж хандаж, хамт байдаг ганц хүн нь юм. Мөн хохирогчоос уучлалт гуйж, хохирол төлж, хохиролгүй болсон. Иймд надад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ялыг оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Э гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд том охин 2 настай, бага хүү 1 нас хүрээгүй. Эхнэр, хүүхдээ харахын хажуугаар мал маллаж амьдардаг. Би ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Энэ хэрэгт Ц-ы ятгалгаар хамт явж, найздаа туслаж байна гэж бодож явсан. Надад анхнаасаа мал хулгай хийх санаа байгаагүй. Би болохгүй талаар хэлсэн боловч миний үгэнд оролгүй, ийм байдалд хүрсэнд харамсаж байна. Би Ц-ыг ийм олон удаагийн үйлдлээр мал хулгайлсан гэдгийг мэдээгүй. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ц, Н.Э нарын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Бага хэмжээний хохирол буюу Б.Цнь 1.080.000 төгрөг, Н.Э 180.000 төгрөгийн хохирол учруулсан. Бусдын олон тооны малыг хулгайлсан боловч мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нийгмийн хор аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх боломжтой. ...” гэв. 

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар нь бүлэглэн машин, механизм ашиглан уг гэмт хэргийг үйлдсэн. Хэдийгээр хохирогчийн хохирлыг төлсөн боловч Б.Цнь 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын малыг хулгайлсан байдаг. Н.Э нь өмнө нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж байсан. Уг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тохирсон. Иймд шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Ц, Н.Э нарт холбогдох 2107000000190 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Цнь ганцаараа Налайх дүүргийн 1 дүгээр хороо Нарлагийн 22-2 тоотод оршин суух Ж.Бийн хоньдоос 2021 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хотноос нь хар зүсмийн, хар алаг зүсмийн 2 хонь, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бэлчээрлэсэн хоньдоос нь шар толгойтой 1 хонь, 2021 оны 7 дугаар сарын 24, 25-ны үед бэлчээрээс нь  улаан зүсмийн 1 хонь, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бэлчээрээс нт хар халзан зүсмийн 2 хонь, нийт 6 тооны хонь хулгайлж, 1,080,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Н.Э, Б.Цнар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б.Ц-ы мотоциклийг унаж Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энгэршанд гэх газрын арын жалганд бэлчээрт байсан хониноос шар халзан зүсмийн 1 хониг мотоцикл дээрээ дүүрэн хулгайлж, Ж.Бэд 180.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ж.Бийн: “...2021 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хоттой хониноосоо хар зүсмийн, хар алаг зүсмийн хоёр тооны эр хонь алдсан, мөн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэрийн урд талын Улаан уулын хойд жалганд бэлчиж байсан хониноос шар толгойтой нэг тооны эр хонь алдсан, 2-3 хоногийн дараа Бааст голын хажуугаас улаан зүсмийн нэг тооны эр хонь алдсан, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Энгэршандын хойд овоон дээрээс хар халзан зүсмийн 2 эр хонь, эвэртэй хар толгойтой нэг эр хонь нийт 3 хонио алдсан. ...2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед ...манай урд айлын Беке гэх залуу ирээд “Ахаа мотоциклтой хоёр хүн танай хониноос нэг хонь дүүрээд зугтаачихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь хонин дээр яваад очтол манай хонь Цэцэгсүрэн эгчийн гэрийн ойролцоо байж байсан. Тэгсэн эгч надад хэлэхдээ нэрийг нь мэдэхгүй гэхдээ сайн харж байсан, энэ хавиар байнга явдаг залуу танай хониноос нэг хонь аваад явчихлаа гэж хэлэхээр нь би Ц-г гэж таниад цагдаад ирж мэдэгдсэн. ...бүх алдсан хонио тоолж үзээд нийт 8 тооны хонь алдсан байхаар нь 8 хонь хулгайд алдсан гэж мэдүүлсэн юм. Харин сүүлд хонио хариулж явж байгаад бэлчээрийн ойролцоо жалганд үхсэн хонины сэг зэм байхаар нь очоод шалгаад үзэхэд нуруу орчим нь манай хонинуудад тэмдэглэгээтэй байдаг цэнхэр өнгийн тамгатай эвэртэй хар толгойтой хонь маань мөн байсан. ...7 хонь л хулгайд алдсан юм байна лээ. Би өөрт учирсан хохирлоос үнэлгээнийх нь дагуу гаргасан хохирлыг бол гаргуулаад авчихсан байгаа тул одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” /хх 10, 12/,

 гэрч Ж.Цэцэгсүрэнгийн: “...манай гудамжны гадаа улаан өнгийн мотоциклтой 2 залуу ирчихсэн манай хашааны үүдэнд бэлчиж байсан Ж.Бийн хонинуудыг гудамжны ар талын жалга руу шахаж явсаар байгаад нэг хонь шүүрч аваад зугтаагаад явсан. ...Би тэр хоёр залуугаас цагаан өнгийн алчуураар толгойгоо ороосон, цагаан өнгийн дээлтэй, шар өнгийн бүстэй залууг хараад хэн болохыг нь таньсан. Би тэр залууг өмнө нь нэлээн хэдэн удаа манай энэ хавиар яг энэ хувцсаа өмсөөд үхэр саагаад явж байхад нь олон удаа тааралдаж, барааг нь харж байсан учраас шууд таньсан юм. Харин нөгөө хар бараан өнгийн хувцастай залууг өмнө ерөөсөө харж байгаагүй танихгүй хүн байсан. Тэр залуу намхан нуруутай, жижиг биетэй, үс их ургасан байдалтай өмнө нь ерөөсөө харж байгаагүй залуу байсан. ...” /хх 14/,  

гэрч Т.Бекепийн: “...манай хөрш айлын хүн болох Ж.Цэцэгсүрэн гаднаас нэлээн айж сандарсан байдалтай орж ирээд гудамжинд бэлчиж явсан Ж.Бийн хэдэн хонинуудыг мотоциклтой 2 залуу хүрч ирээд 1 хонийг нь шүүрээд аваад явчихлаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Ж.Цэцэгсүрэнгээс юу учирсан, ямар залуус байсан юм бэ гэж асуухад надад “улаан өнгийн мотоциклтой цагаан өнгийн дээлтэй, шар бүстэй, цагаан өнгийн алчуураар толгойгоо ороочихсон нэг залуу, нөгөө залуу нь хар бараан өнгийн хувцастай 2 залуу байсан. Цагаан дээлтэй залууг нь би өмнө нь харж байсан залуу юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд би шууд Ж.Бийнд очиж уулзан юу болсон талаар хэлэхэд тэр цагаан хувцастай залууг нь хэн болохыг нь гадарлаад байх шиг байсан. ...” /хх 16/, 

гэрч Г.Ган-Очирын: “...2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед Ц гэх залуу бензиний мөнгө хэрэг болчихоод байна нэг хонь байна чамайг авна гэвэл би шууд чамд одоо зарлаа” гэхээр нь би түүнээс яг юун хонь юм бэ гэж асуухад надад “манай өөрийн хонь байгаа юм, мөнгөний хэрэгцээ гараад л зарах гээд байгаа юм” гэсэн. ...хонийг нь авах гээд очтол зүс таних Н.Э гэх залуу зогсож байсан. ...” /хх 18/ гэх мэдүүлгүүд, 

шүүгдэгч Б.Ц/хх 47-49/, Н.Э /хх 56/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

Б.Ц-ы улсын дугааргүй, Чансаа гэсэн нэр бүхий мотоциклийг хэрэгт холбогдуулан эд мөрийн баримтаар тооцож хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх 6-7/, 

“...Улаан зүсмийн толгойтой эр хонь 1 ширхэг-180.000 төгрөг, Хар зүсмийн эр хонь 1 ширхэг-180.000 төгрөг, Хар алаг эр хонь 1 ширхэг-180.000 төгрөг, Шар толгойтой цагаан эр хонь 1 ширхэг-180.000 төгрөг, Халзан эр хонь 1 ширхэг-180.000 төгрөг, Халзан хязаалан эр хонь 1 ширхэг-180.000 төгрөг, Хар толгойтой эвэртэй хязаалан эр хонь 1 ширхэг-180.000 төгрөг, Хар халзан хязаалан эр хонь 1 ширхэг-180.000, төгрөг нийт 1.440.000 төгрөгөөр үнэлэв.” гэх “Дамно” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 26-27/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Шүүгдэгч Б.Ц-ы ганцаараа бусдын 6 тооны хонийг, Н.Этай бүлэглэн  1 тооны хонийг нийт 7 тооны хонийг эзнээс нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг, Н.Эы Б.Ц-тай бүлэглэн бусдын 1 тооны хонийг эзнээс нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...Бусдын малыг бүлэглэж хулгайлсан...”, 2.4 дэх заалтад заасан “...машин механизм ашиглаж үйлдсэн, ...” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн анхан шатны шүүхийн:

Б.Ц-ы ганцаараа 2021 оны 7 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хотноос нь хар зүсмийн, хар алаг зүсмийн 2 хонь, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бэлчээрлэсэн хоньдоос нь шар толгойтой 1 хонь, 2021 оны 7 дугаар сарын 24, 25-ны үед бэлчээрээс нь  улаан зүсмийн 1 хонь, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр бэлчээрээс нь хар халзан зүсмийн 2 хонь, нийт 6 тооны хонь хулгайлж, 1,080,000 төгрөгийн хохирол учруулсан, Н.Этай бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б.Ц-ы мотоциклийг унаж Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Энгэршанд гэх газрын арын жалганд бэлчээрт байсан хониноос шар халзан зүсмийн 1 хониг мотоцикл дээрээ дүүрэн хулгайлж, Ж.Бэд 180.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасныг хэрэглэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэсэн нэг гэмт хэргийг үйлдсэнд тооцсон нь,

Б.Ц-ы “Бусдын мал хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, Чансаа гэсэн нэр бүхий мотоциклийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хурааж, улсын орлого болгосон нь тус тус хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Бэд учруулсан 1,260,000 төгрөгийн хохирлоо шүүгдэгч Б.Ц, Н.Э нар төлсөн болох нь хохирол хүлээн авсан баримт /хх 111/-аар нотлогдож байна.

Давж заалдах шатны шүүх тэдний үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн шүүгдэгч нарын хувийн байдлыг болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирогч Ж.Бийн “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” /хх 12/ гэсэн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар ононгдуулсан 2 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар ононгдуулсан 2 жилийн хорих ял тус тус оногдуулсныг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;...” гэж заасныг хэрэглэхээр шийдвэрлэлээ.  

Иймд шийтгэх тогтоолд Б.Ц, Н.Э нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээв.   

Шүүгдэгч Б.Ц, Н.Э нь шийтгэх тогтоол гарсан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс магадлал гарсан 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 89 хоног цагдан хоригдсоныг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Шүүгдэгч Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч Боржгон овгийн Нямбатын Эрдэнэчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 1 жил 1 сар /нэг жил нэг сар/-ын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 1 жил /нэг жил/-ийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй....” гэж ,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, мөн шүүгдэгч Н.Эд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг, Н.Эд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Н.Э нар нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тус тус 89 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ОЧ

                     ШҮҮГЧ                                                      Т.ӨСӨХБАЯР

                     ШҮҮГЧ                                                      Д.ОЧМАНДАХ