Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.А холбогдох эрүүгийн 1720001380063 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхийн хамт оршин суух хаягтай, засварчин ажилтай, Б овогт Б.А,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагийн үед Замын-Үүд сумын 1 дүгээр баг ДЕПО дээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Ц.Э-тэй үл ялих зүйлээр маргалдаж, гараараа түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: “...Би 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 09 цагийн үед Илчит тэрэг орж ирээд А-8 дугаар цлендрийн даралтыг үзэх гээд хамт ажилладаг засварчин Ц.Э-д хэлсэн чинь наад ямбийгаар чинь яаж үздэг юм бэ гэхээр нь би Ц.Э-д хандан чи ажлаа хийгээч гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гөлөг минь гэхээр нь би юу хуцаад байгаа юм бэ гээд түүнрүү дөхөөд очсон чинь Ц.Э миний баруун шанаан тус газар руу цохихоор нь би түүний хамран тус газарт нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл  Ц.Э-н хамраас цус гараад эхэлсэн. Тэгээд бид салаад Ц.Э цусаа гоожуулаад гараад явчихсан...” гэжээ. /хх-ийн 4/

-Хохирогч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Б.А бид хоорондоо маргалдаж байгаад тэрээр миний хамран тус газарт баруун гараараа нэг удаа цохиж миний хамарнаас тухайн үедээ цус гарсан бөгөөд шинжээч эмчийн дүгнэлтээр миний биед хөнгөн хохирол учирсан...” гэжээ. /хх-ийн 09-10/

- Гэрч Ш.Д мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16/

- 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Ц.Э-н биед хамар ясны далд хугарал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 20/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/

- Б.А-н ажлын үнэмлэхний хуулбар /хх- ийн 30/

- Хохирогч Ц.Э-д хохирлын төлбөр төлсөн баримт /хх-ийн 31/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагийн үед Замын-Үүд сумын 1 дүгээр баг ДЕПО дээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Ц.Э-тэй үл ялих зүйлээр маргалдаж, гараараа түүний нүүрэн тус газар нь цохиж хамар ясны далд хугарал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон.

Шүүгдэгч нь хохирогч Ц.Э-н нүүрэн тус газар нь цохиж  хамар ясны далд хугарал, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.

Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.А-т холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б н овогт Б.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.А нь оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг  2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Э.БОЛОРМАА