Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/313

 

 

 

 

       2022          3            17                                          2022/ДШМ/313

 

С.А, Т.П, Д.Б,

О.О нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Баянмөнх,

Шүүгдэгч С.А-ын  өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.А, Т.П, Д.Б, О.О нарт холбогдох эрүүгийн 2105000001500 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. /,

Урьд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар үйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ба уг ялыг эдэлж дууссан,

2. тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй,

3. тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй

4. тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрийн гудамжинд явж байсан хохирогч Д.А-ын биед халдан хүч хэрэглэж, улмаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон түүний эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А9 Про загварын гар утсыг илээр хууль бусаар дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: С.А, Т.П, Д.Б, О.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ................... нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч С.А-ыг  1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.А-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүдэгч Д.Б-ыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг СД-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Оын өмгөөлөгч Г.Наранбаатар гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Наранбаатар би Эрүүгийн 2105000001500 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон Баянцагаан овгийн Одхүүгийн Очбаатарын өмгөөлөгчөөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр давж заалдах шатны шүүхийн шатнаас эхлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа юм.

Өмгөөлөгчийн хувьд Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх манай үйлчлүүлэгч О.Оыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тухайлбал:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт: “...Шүүгдэгч О.О-ын хувьд дээрэмдэж авсан гар утсыг зарж борлуулсан мөнгөнөөс хувьдаа аваагүй, мөн дээрэмдэх гэмт хэргийн үйлдэлд идэвхитэй оролцсон гэхээргүй байх боловч тэрээр нэр бүхий бусад шүүгдэгч нартай хамт байснаар гэмт хэрэг үйлдэгдэж буйг мэдэж байсан, тухайн цаг хугацаанд хохирогч тал, гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийн хоорондын хүчний харьцаанд харагдах байдлаараа нөлөөлөхөөр хохирогчийг айдастай байлгах, түүний сэтгэл зүйд дарамт үүсгэхээр, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд санаа зорилгоороо нэгдсэн нь тухайн цаг үе, нөхцөл байдалд нөлөөлөхүйц байдалтай байжээ” гэж дүгнэсэн нь шүүхийн тогтоолд заасан уг дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн үйл баримтуудаас үзэхэд манай үйлчлүүлэгч О.О-ын үйлдэл холбогдлын хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон нэгээхэн ч баримт нотолгоо байхгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэсэн хохирогчийг айдастай байлгах, сэтгэл зүйд нь нөлөөлөх ямар ч үйл хөдлөл, заналхийлэл хийгээгүй, бодит байдал дээр хохирогчтой харилцаагүй байсан гэдгийг хохирогч Д.А-ын мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Түүнчлэн төвөөс зугтах байдлаар хохирогчийн дэргэд байгаагүй, утас авсныг тухайн үед мэдээгүйн дээр гар утсыг зарж борлуулсан мөнгө төгрөгнөөс ганцаараа нэг ч төгрөг хувьдаа аваагүй зэргээс дүгнэхэд тэрээр уг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байгаа болно.

2. Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 411 дүгээр тогтоолд “...Дээрмийн гэмт хэргийг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэсэн шинж тус тусдаа хуульчлагдсан бөгөөд энэхүү хоёр ойлголтыг тус тусд нь авч үзэж хэргийн үйл баримттай холбон тайлбарлах шаардлагатай” гэж тайлбарласан ба О.Оын хувьд бусадтай бүлэглэж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл байхгүй зөвхөн хэрэг болох цаг хугацаанд С.А, Т.П, Д.Б нартай хамт явсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог нарийвчлан тогтоож шударга ёсны зарчмын хүрээнд шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

3. О.Оын хувьд урьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, одоо МҮИС-ийн 4 дүгээр курст суралцдаг, тухайн хэргийн хувьд гэрч тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж миний үйлчлүүлэгч О.От холбогдох хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.О гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.О намайг С.А, Т.П, Д.Б нартай бүлэглэн хохирогч Д.А-ын гар утсыг дээрэмдэн авсан гэх хэрэгт анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, миний хувьд тухайн дээрмийн гэх гэмт хэрэгт ямар ч оролцоогүй бөгөөд гэмт хэрэг болсон цаг хугацаанд дээр дурдсан нэр бүхий хүмүүстэй хамт явж байсан болохоос биш дээрэмдэх гэмт хэргийн үйлдэлд оролцоогүй, дээрэмдэж авсан гэх гар утсыг зарж борлуулсан мөнгөнөөс хувьдаа нэг ч төгрөг авч ашиглаагүй болно. Хэрэг болох үед би тухайн дээрмийн хэрэгт оролцоогүй. Харин ч эдгээр хүмүүсээс хол зайтай байсныг хохирогч мэдүүлсэн болно. Анхан шатны шүүх зөвхөн яллах талыг барьж хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэж үзэхгүй хорих ял оногдуулсанд туйлын гомдолтой байна. О.О би урьд өмнө ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй, Монголын Үндэсний Их сургуулийн барилгын инженерийн 4-р курсын оюутан бөгөөд сургуулиа төгсөөд эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд дэвшилд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж О.О миний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.А-ын  өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч С.А-ын  өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Шүүгдэгч О.Оын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Шүүгдэгч С.А нь өөрөө өнчин хүүхэд байгаа. Эмээ дээрээ өсөж байгаад түүний эмээ нь нас барсан. Эцэг, эхээсээ тусдаа өссөн хүүхэд байгаа. 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдөр давж заалдах гомдлын хугацаа дууссан. Цагаан сарын баярын өдрүүдэд Ковид-19 тусч, И-Монголиад баталгаажуулан оруулж чадаагүйгээс надад нотлох баримт үлдээгүй. Давж заалдах хоногийн хугацаагаа алдаж дуусгасны улмаас гомдол гаргаж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гараагүй. Нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах тал дээр буруу дүгнэсэн байна. Хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэхдээ мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн үйлдэл байхад гэмт хэргийн зүйлчлэхдээ хуулийг буруу тайлбарлаж дүгнэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолын гол үндэслэлд яллах дүгнэлтэд дурдагдаагүй үндэслэлээр ял шийтгэлийг хүндрүүлэн оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг сонгож хэрэглэсэн гэж үзэж байна. Урьд өмнө нь бас нэг өөр хүүхдийн буюу Мөнхбат, Гүнбилэг нарын утсыг авчихаад буцааж өгч байгаа үйлдэл нь дараагийн А-ын утсыг авсан үйлдлээс харахад тогтвортой шинжтэй үйлдэх санаа зорилготой байсан уу гэдэг. Мөн дээрэмдэх гэмт хэрэг мөн гэж үзэхэд хүрлээ гэсэн дүгнэлтийг гаргасан. Гүнбишрэлтийн утсыг үзчихээд буцааж өгсөн байгаа. Гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байсан боловч өөрөө гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан. Энэ үйлдлийг прокуророос гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж дүгнээгүй. Яллах санал гаргаагүй байхад шүүх энэхүү үйлдэлд ял шийтгэл оногдуулан, хүндрүүлэх шинж болгон авч хэрэглэсэн. Гэм буруутай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шударга ёсны зарчмыг баримтлан шийдвэрлэсэн гэж дүгнэсэн. Гэтэл хууль ёсны зарчмыг анхан шатны шүүхээс хангаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцогдсон хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан. Гэтэл хуулийг төстэй хэрэглэх заалт байхгүй. Гэтэл төсөөтэй хэрэглэж, ялгаж тогтоож чадаагүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч С.А нь тухайн гэмт хэргийг үйлдэхэд оролцсон нь үнэн. Дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тодорхой хэмжээнд гэмт хэрэгт оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ субъектив санаа зорилго нь тухайн хүний утсыг хууран мэхэлж авах аргаар буюу хүч хэрэглэхгүйгээр авах санаа зорилготой байсан. О.Оаас бусад гурав нь тэгэж бодож байсан. Хүч хэрэглэхгүйгээр л авах санаа зорилготой байсан. Гэтэл Д.Б тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдчихсэн. С.А тухайн үйлдлийг гаргах үед орхиж явчихсан байгаа. О.Отай хамт өөр газар явчихсан байхад араас нь дуудаж “...чи хаана байгаа юм бэ. ...” гээд араас нь очсон байдаг. Очихдоо өмнө нь огт уулзаж байгаагүй А-ыг дагуулан ирсэн. С.А анхнаасаа А-ыг танихгүй, хараагүй, дээрэмдэх санаа зорилгоор тухайн хүнтэй учраагүй байсан. Д.Б дагуулан ирсэн. Утсыг нь гуйж авчихаад Д.Бт өгчихөөд явчихдаг. Явсан хойгуур нь Д.Б тухайн хүнийг зодсон юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Хохирогч ямар ч байсан надад гар хүрсэн гэж мэдүүлдэг. Авсан хойно салахгүй дагаад байхаар чи яв л даа гэсэн зүйл яригддаг. Хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл Д.Бт байгаа болохоос, С.А, Т.П, О.О нарт хүч хэрэглэсэн үйлдэл байгаагүй. Цаг хугацааны хувьд шилжилт хөдөлгөөн хийгдэж тодорхой цаг хугацаа өнгөрөөд явчихсан байхад шүүхээс үүнийг ялгаж тогтоож чадсангүй. Нотлох баримтыг буруу үнэлж тогтоосон гэж үзэж байна. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэсэн байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн бол яагаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглээгүй бэ. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх саналыг оруулж ирээгүй. Мөн шүүх дүгнээгүй байхад ялыг хүндрүүлэн хэрэглэхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйл заалтыг баримтлах байсан гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Б ганцаараа үйлдсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гомдолд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэж өгнө үү. Мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын давж заалдах гомдолтой танилцлаа. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч О.О, С.А нарын өмгөөлөгчдийн зүгээс гаргасан санал, тайлбаруудыг анхан шатны шүүх хуралдаанаар мэтгэлцэж оролцсон. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яригдсан асуудлууд байна. Шүүгдэгч О.О нь дээрэмдэх гэмт хэрэгт оролцоогүй гэж мэдүүлдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар С.А, Т.П, Д.Б, О.О нар нь анхнаасаа нэг санаа зорилгод нэгдэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх санаа зорилготой орон байрнаас гарч явсан үйл баримтууд хавтас хэрэгт хангалттай авагдсан байгаа. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Шүүгдэгч О.О тухайн цаг хугацаанд байсан. Гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоороо нэгдсэн үйл баримтууд хавтас хэрэгт авагдсан. Харин шүүгдэгч О.О тухайн гэмт хэрэгт идэвхигүй, оролцоогүй талаарх нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй. Түүнийг гэмт хэрэгт оролцоогүй талаар үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн яллах талын нотлох баримтад үндэслэж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч О.О болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүгдэгч О.От оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн гэм буруугийн зарчимд нийцсэн гэж үзэж байна. Мөн шүүгдэгч С.Аод оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шударга ёсны зарчимд нийцсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх С.А, Т.П, Д.Б, О.О  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч С.А-ыг  1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Пыг 1 /нэг/жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүдэгч Д.Б-ыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь, шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нар нь үйлдсэн хэргийнхээ талаар харилцан зөрүүтэй мэдүүлдэг, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасныг зөрчиж, тус зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэсэн байна.  

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж заасныг илтэд зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй болно.

Иймд шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.     

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг буцаасан тул шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүгдэгчийг цагаатгасан, ял эдлэхээс чөлөөлсөн, ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг суллана...” гэсэн үндэслэлд хамаарахгүй байх тул хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нарт холбогдох эрүүгийн 2105000001500 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч С.А, Т.П, Д.Б, О.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР