Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/01801

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 4 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/01801

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А-д холбогдох,

 

14,698,061 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авсан.

 

Шүүх хуралдаанд: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Ат холбогдуулан 9,798,707.80 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Б.А нь манай компанид сектор менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас их хэмжээний авлага үүсгэсэн ба уг асуудлаа хүлээн зөвшөөрч нийт үүссэн өр төлбөр болох 9,798,707.80 төгрөг дээр 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ... тоот өр, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хуваарьт төлөлтөөр төлөхөөр тохиролцсон бөгөөд одоогийн байдлаар 9,798,707.80 үлдэгдэлтэй байгаа бөгөөд одоог хүртэл сайн дураар төлөөгүй байна. Иймд Б.Ааас 9,798,707.80 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг тус тус гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ. 

 

Нэхэмжлэгч А ХХК нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэн Б.А нь манай компанид сектор менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас их хэмжээний авлага үүсгэсэн ба уг асуудлаа хүлээн зөвшөөрч нийт үүссэн өр төлбөр болох 9,798,707.80 төгрөг дээр 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр №... тоот өр, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.1-т хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон төлөх талаар дурдсан бөгөөд хугацаа хэтэрсэн 181 хоног тутамд ногдох алдангийн хэмжээ 8,867,830 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 4,899,354 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Иймд Б.А 4,899,354 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.А нь нэхэмжлэгч А ХХК-д 2021 оны 5 дугаар сард Сүлжээний дэлгүүрүүдийн борлуулалт хариуцсан Борлуулалтын менежерээр ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний дагуу миний хүлээсэн ажил үүргийн хуваарь бол Сүлжээ дэлгүүрүүдтэй байгуулсан гэрээний дагуу зайрмагуудыг борлуулах, ингэхдээ 3 худалдааны төлөөлөгчөөр дамжуулан борлуулалт хийх үүрэгтэй байсан. Сар бүр тодорхой тооны борлуулалт хийх төлөвлөгөө гарган ажилладаг байсан бөгөөд ийнхүү төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд Сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ байгуулах, борлуулалтыг дэмжих бусад ажиллагааг хийж гүйцэтгэдэг байсан болохоос барааг хүргэж өгөх үүргийг хүлээдэггүй байсан. Барааг дэлгүүрт хүргэж өгөх тооцоо нийлэх, хөргөгч бүрийг тоолж бүрэн бүтэн байдлыг шалгах чиг үүрэг нь дэлгүүрүүдтэй шууд харилцдаг Худалдааны төлөөлөгчдөд байсан. Миний хувьд сүлжээ дэлгүүрүүдэд байршсан нийт 210 орчим хөргөгчийг нэг бүрчлэн хаана байгаа, ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй, мэдэх боломжгүй бөгөөд зөвхөн тухайн сүлжээ дэлгүүрүүдээс ирсэн захиалгыг нэгтгэх, ирсэн захиалгыг биелүүлэх даалгаврыг худалдааны төлөөлөгч нарт өгөх, шаардлагатай тохиолдолд гэрээ байгуулах, компаниас зарлаж байгаа урамшууллын мэдээллийг түгээх гэх мэтээр зохион байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Тус компанид ажиллаж байх хугацаандаа өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэн борлуулалтын төлөвлөгөөг биелүүлж ажиллахыг маш их хичээж ажилладаг байсан боловч надад хариуцуулсан худалдааны төлөөлөгчид нь надтай ажиллахаас өмнө үүсгэсэн өр төлбөрөөс болж сар бүрийн сүүлээр миний хариуцдаг худалдааны төлөөлөгчдийн борлуулалт хийх, бараа хүлээн авах эрхийг хаачихдаг байснаас төлөвлөгөөгөө биелүүлэх ямар ч боломжгүй болчихдог байсан. Үүнээс шалтгаалж миний бие ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалингаа ч авч чадахгүй байсан бөгөөд дунджаар сар бүр 700,000 орчим төгрөгийн цалин авдаг байсан. Надаас №... тоот гэрээний дагуу нэхэмжилж буй 9,798,70.80 төгрөгийн зайрмаг нь нэхэмжлэгч компанийн буруутай, зохион байгуулалтгүй, борлуулалтын менежер миний ажиллах нөхцөлийг бүрэн хангаж ажиллаагүйгээс хайлсан зайрмагийн үнэ юм. Учир нь, 2022 оны 05 сарын 21-ний өдрөөс 06 сарын 01-ний өдрийн хооронд сүлжээ сектор буюу Анхбаяр миний хариуцаж байсан бүс дээр урамшуулалт худалдаа зарласан. Миний бие тус урамшуулалт худалдааны талаарх мэдээллийг ... сүлжээ дэлгүүрт мэдэгдэж улмаар харилцан тохиролцож 13,000,000 төгрөг орчим барааг борлуулахаар тохиролцож мөнгийг нь шууд компанийн дансанд хийлгүүлсэн. Ингээд 13,000,000 төгрөгийн үнэ бүхий барааг дэлгүүрт хүргүүлэхэд тус барааг тус дэлгүүр нь хадгалах агуулах савгүй тул буцаасан байсан. Нэгэнт борлуулалтад гарчихсан мөнгө нь төлөгдчихсөн барааг халуун зунаар хадгалах агуулах савгүй надад хариуцуулсан нэрээр буцаагаад үйлдвэр ч хүлээж авахгүй гэсэн. Миний хувьд түр агуулах гэх хөргүүртэй контэйнэрт тус барааг хадгалж худалдан авагчийн хүсэлтээр бага багаар хүргүүлэх ажлыг зохион байгуулсан боловч тус хөргүүр нь эвдэрчихсэний улмаас бараа хайлж эхэлсэн. Ингээд худалдан авагчийн захиалсан барааг хайлж буй зайрмагаар хангах нь ёс зүйд нийцэхгүй учир үйлдвэрээс шууд нийлүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь агуулахгүй байж урамшуулалд нь болж их хэмжээгээр захиалсан барааг нэгэнт борлуулсан бараа гээд компани маань буцааж авахгүй байснаас энэ их хэмжээний зайрмаг хайлсан. Миний хувьд компанийг хохироохгүйн тул хайлж эхэлсэн барааг Төв аймаг руу өөрийн машинаараа зөөж борлуулах зэргээр арга хэмжээ авч ажилласан боловч чанарын шаардлага хангахгүй болсноос их хэмжээний зайрмаг устаж гэмтсэн. Компанийн өөрийн хариуцлагагүй, зохион байгуулалтгүй ажилласнаас болж хайлсан тэр их зайрмагийн үнийг миний бие хувьдаа ашиглаж, идэж шамшигдуулсан зүйл огт байхгүй байхад ажлаас гарах үед хүчээр №... тоот гэрээнд гарын үсэг зуруулсан. Намайг ажлаас гарахад надад амралтын мөнгө, авах ёстой цалин гэх мэтийг тооцож огт өгөөгүй. Бодвол тэр өрнөөсөө хасаад надаас нэхэмжилж байгаа байх гэж найдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д "Ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болно гэж заасны дагуу ажилтан миний хүлээх эд хөрөнгийн хариуцлага нь миний буруугаас болж нэхэмжлэгчид учирсан хохирол байх ёстой. Гэтэл ажил олгогчийн өөрийн ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллаагүй буруугаас үүдэн учирсан их хэмжээний хохирлыг ажилтан надаар хариуцуулах нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А нь А компанид сектор менежерээр 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд буюу 2022 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд сүлжээ дэлгүүрийн урамшууллын хөтөлбөр зарласантай холбоотой өнөөдөр авлага үүссэн. Нийт авлагын үлдэгдэл 9,798,707.80 төгрөг байгаа энэ дээрээ анх бид нар харилцан тохиролцож өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Б.А 7 сар хүртэл төлж барагдуулна гэж бичсэн байдаг. Энэ хүсэлтийг харгалзан үзэж 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ... тоот өр, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Үүний хүрээнд нийт 3 хувааж төлнө гэсэн байдлаар харилцан тохиролцсон энэ хугацаанд ямар нэгэн байдлаар төлбөр төлөх байдлаар хандаагүй төлбөрөө төлөхгүй байсан. Тийм болохоор бид эвлэрүүлэн зуучлалд хандсан. Эвлэрүүлэн зуучлалд хандаад төлбөрөө барагдуулна гэсэн боловч Б.А шүүхээр явна гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн өр төлбөр барагдуулах гэрээнд заасан алданги авахаар харилцан тохиролцсон талууд нийт алдангийн хэмжээ 4,899,354 төгрөг болж байгаа үүнийгээ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэл гаргасан. Нийт 14,698,061 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Б.А хариу тайлбартаа зайрмаг хайлсан компани буцааж аваагүй гэсэн байдлаар хандсан байгаа энэ хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаа нь ямар нэгэн байдлаар буцаалт өгье гэж манай компанид хандаж байгаагүй буцаалтыг манай компани албан ёсоор санхүүгийн баримттай хүлээн авч бүртгээгүй энэ талаар ямар нэгэн баримт байхгүй. Б.А өөрөө энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Б.А нь тухайн төлбөр үүсэхэд А компанид бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгээгүй гэдэг байдлаар бичсэн байдаг. Гэтэл Б.А нь өр төлбөр барагдуулах гэрээ байгуулах явцад Б.А А компанийн ажилтан биш байсан. 2023 оны 12 дугаар сарын 31-нд А компаниас чөлөөлөгдөж А трейд гэдэг компанид сектор менежерээр томилогдсон байгаа холбогдох баримтыг шүүхэд өгсөн. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага нь болохоор хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаа ажилтны хувьд яригддаг асуудал байгаа гэтэл Б.А нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр А компанийн ажилтан биш болсон учраас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хүсэлтийг үндэслээд өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас нийт 14,698,061 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн ... хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 180 дугаар баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №... дугаар өр, төлбөр барагдуулах гэрээний хуулбар, Б.Аын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гараар бичсэн өргөдлийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, А ХХК-ийн 2023 оны 4 дү сарын 11-ний өдрийн 02/126 дугаар мэдэгдлийн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, тайлангийн хуулбар, А ХХК-ийн өглөгийн товчоо тайлангийн хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ..518 дугаар захирлын тушаалын хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар захирлын тушаал, хавсралтын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн .. дугаар захирлын тушаалын хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн зөвшөөрлийн хуудасны хуулбар, А ХХК-ийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн .. дугаар хөдөлмөрийн гэрээний хуулбар, А ХХК-ийн авлагын товчоо тайлангийн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, авлагын товчоо тайлангийн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, борлуулалтын картын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .. дугаар захирлын тушаалын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .. дугаар хөдөлмөрийн гэрээний хуулбар, А ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын хуулбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, авлагын дэлгэрэнгүй тайлан, зарлагын хуулбар баримтууд, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, авлагын товчоо тайлангийн хуулбар зэргийг ирүүлжээ.

 

Хариуцагчаас хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Ат холбогдуулан 14,698,061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 4 сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид 2024 оны 04 дугаар сарын 04-ний өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 4 сарын 11-ний тус тус мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч хариуцагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Иргэн Б.А нь манай компанид сектор менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас их хэмжээний авлага үүсгэсэн ба уг асуудлаа хүлээн зөвшөөрч нийт үүссэн өр төлбөр болох 9,798,707.80 төгрөг дээр 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ... тоот өр, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хуваарьт төлөлтөөр төлөхөөр тохиролцсон. Дээрх өр төлбөр барагдуулах гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул алданги 4,899,354 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж, нийт 14,698,061 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд: Худалдан авагч нь агуулахгүй байж А ХХК-ийн зарласан урамшуулалд хамрагдах гэж их хэмжээгээр зайрмаг захиалсан. Тус барааг хүргэж очиход агуулах байхгүй гэх шалтгаанаар буцаасан. А ХХК захиалсан барааг нэгэнт борлуулсан бараа гэж үзээд буцааж авахгүй байснаас энэ их хэмжээний зайрмаг хайлсан. Миний хувьд компанийг хохироохгүйн тул хайлж эхэлсэн барааг Төв аймаг руу өөрийн машинаараа зөөж борлуулах зэргээр арга хэмжээ авч ажилласан боловч чанарын шаардлага хангахгүй болсноос их хэмжээний зайрмаг устаж гэмтсэн. Компанийн өөрийн хариуцлагагүй, зохион байгуулалтгүй ажилласнаас болсон тул хохирол учирсан. Мөн компанийн зүгээс эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг Б.Атай байгуулаагүй байсан. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Б.А нь А ХХК-д тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 5 сарын 24-ны өдрийн ..518 дугаар Дадлагажигч ажилтнаар ажиллуулах тухай тушаалаар 2021 оны 5 сарын 24-ны өдрөөс эхлэн дадлагажигч ажилтнаар, 2021 оны 8 сарын 10-ны өдрийн ... дугаар Үндсэн ажилтнаар томилох тухай тушаалаар 2021 оны 8 сарын 10-ны өдрөөс эхлэн Борлуулалтын албанд Сектор менежерийн албан тушаалд үндсэн ажилтнаар тус тус томилогджээ.

Харин тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн .. дугаар тушаалаас Б.Аын 2022 оны 12 сарын 30-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож чөлөөлжээ.

5.Талууд Б.Аыг А ХХК-д ажиллаж байсан, хохирлын хэмжээ 9,798,707.8 төгрөг болох, хариуцагч Б.А болон нэхэмжлэгч А ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 4 сарын 18-ны өдрийн Өр, төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр болох, тус гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан алданги 4,899,354 төгрөг болсон талаар талууд маргаагүй.

Харин их хэмжээгээр зайрмаг хайлсан буюу 9,798,707.8 төгрөгийн хохирол учрахад нэхэмжлэгч А ХХК өөрөө гэм буруутай эсэх, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу хохирлыг шаардах эрхтэй эсэх талаар маргаж байна.

6.Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан тооцоо нийлэх гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

7.Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг гэм буруу гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчтэй 2023 оны 4 сарын 18-ны өдрийн Өр, төлбөр барагдуулах гэрээг байгуулж, тус гэрээгээр 9,798,707.8 төгрөгийг 2023 оны 4 сарын 25-ны өдрөөс 2023 оны 7 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд 4 хувааж төлөхөөр харилцан тохиролцсон, тус гэрээ хүчин төгөлдөр байгаагаас үзвэл хохирол учирсан гэм буруу, хохирлыг хэмжээг өмнө хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

8.Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч нь 9,798,707.8 төгрөгийг, тус хуулийг 466 дугаар зүйлийн 466.5-д зааснаар Тооцоо нийлэх гэрээний дагуу төлөх төлбөрт хүү тооцож болно. гэж, 466 дугаар зүйлийн 466.6-д Тооцоо нийлэх гэрээний дагуу үүссэн шаардлагыг үүргийн гүйцэтгэлийг хангах аль нэг аргаар хангасан бол үүрэг гүйцэтгүүлэгч тооцоо нийлсний дараа ийнхүү хангасан хэмжээгээр тооцооны үлдэгдлийг төлөхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. гэж зааснаар 4,899,354 төгрөгийг тус тус хариуцагч Б.Ааас шаардах эрхтэй.

8.Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй гэж тайлбарласан.

Харин Б.А нь 2021 оны 8 сарын 10-ны өдрөөс эхлэн Сектор менежерийн албан тушаалд ажиллаж байгаад 2022 оны 12 сарын 30-ны өдрөөр дуусгавар болж ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд талууд 2023 оны 4 сарын 18-ны өдөр өр төлбөр барагдуулах гэрээ байгуулах үед хариуцагч А ХХК-ийн ажилтан байгаагүй бөгөөд хөдөлмөрийн харилцаа дууссан байжээ.

Өөрөөр хэлбэл талууд хөдөлмөрийн эрх зүйн харилцааны явцад бус хожим харилцан тохиролцсоны үндсэн дээр иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан тооцоо нийлэх гэрээний эрх зүйн харилцаа бий болсон байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Ааас 14,698,061 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэв.

9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 466 дугаар зүйлийн 466.5, 466 дугаар зүйлийн 466.6-д зааснаар хариуцагч Б.Ааас 14,698,061 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас 265,069 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА