Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч А.Цэрэнханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй, 

Иргэдийн төлөөлөгч                       Д.М

Нарийн бичгийн дарга                   Т.М

Улсын яллагч                                 Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Ш.С

Хохирогч                                         А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой,  техникч мэргэжилтэй, оператор ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт оршин суух,  Т.Б-д холбогдох эрүүгийн 1720000170007 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Т.Б нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Голомтын гудамжид хохирогч А.А-н цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь санаатай хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр наадам дөхөж байсан болохоор хонь гаргуулъя гэж хохирогч А.А-р хонио гаргуулсан. Юунаас болж маргалдсан гэдгээ мэдэхгүй байна. Би араас нь утсыг нь өгөх гээд очсон юм. Хонь муулахад хэрэглэж байсан хутга машинд байсан. Тэгээд хутгалсан байсан. Цус хараад ухаан орж, эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Хохирогчид нийт 3 сая гаран төгрөгийн эмчилгээний зардал төрсөн. ” гэв.

Хохирогч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ“ 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ  байж байхад Т.Б-н ах нь мал гаргаад өгөөч гэж ирсэн. Тэгээд малыг нь гаргаж өгөөд сууж байтал Т.Б гаднаас орж ирээд намайг шууд хутгалсан. Надад эмчилгээний зардалд 3 сая гаран төгрөг төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн схем зураг /хх-ийн 5-8 тал/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 тал/

Гэрч Р.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 09 цагийн үед Б-тай уулзаад Биржийн урд талын 205 дугаар байрны хамгийн зүүн талын орцны 3 дугаар давхарт Б-н гэрт 0.5 литрийн Ерөөл архи уусан, Б хонь ажиллах болоод А гэх хүнийг тээшний орчмоос мөнгийг нь өгч ажиллуулах гээд авч ирээд Б-н орцных нь үүдэнд ажиллаж дуусаад, Б, А нар 3 давхарт махаа оруулаад гарч ирэхдээ маргалдаад гарч ирсэн, би тухайн үед гадаа сууж байсан, тэгэхлээр нь 2-уулаа явья гээд А дагуулаад гэртээ очоод байж байтал араас Б машинтайгаа ирээд “Та миний машин дотроос мөнгө авсан уу?” гэж асуухаар нь би аваагүй гэсэн чинь Б яваад өгсөн, түүнийг яваад өгөхөөр нь А бид хоёр 0.5 литрийн Ерөөл архи аваад манай байшингийн үүдний таамбартаа уугаад сууж байтал Б эргэж орж ирээд нөгөө ажилласан махаа бүүр жижиг болгоод өгчих гэсэн, тэгээд Б нь А-г дагуулаад гэррүүгээ яваад 2 цаг болсон байх, эргээд 18 цагийн үед А гаднаас орж ирээд бид 2 манай үүдний таамбарт ойр зуурын юм яриад сууж байтал А Сим картны үүр гаргаж ирээд энэ миний дугаар би утсаа олохгүй байна гээд би залгах гэтэл гаднаас Б эвхдэг хутга бариж орж ирээд ямар нэгэн үгийн зөрөөгүй шууд хутгаад дэлгээд А-н зүрхнийх нь доод хэсэгрүү хутгалчихсан, дахиад хутгаа сугалаад дахин хутгалах гэхээр нь би Б-н хутгатай гарыг би бариж аваад хутгыг нь булаагаад авсан, энэ үед А-н чээжин тус газраас нь цус гараад гараараа өрөө дараад ойчоод өгсөн, би хүн алчихлаа гээд бахирсан чинь Б гараад явсан хаашаа явсан эсэхийг мэдэхгүй байна.” гэжээ. /хх-ийн 15-16 тал/

Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 тал/

2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 276 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. А.А-н биед цээжний хэнхэрцэгийн зүүн талд хутгалагдаж нэвтэрсэн шарх, үнхэлцэг болон зүүн ховдлын нэвтэрсэн шарх, цээжний хөндий хурц цус алдалт, хуралт гэсэн гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
  3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд  зэрэгт хамаарна.
  4. Хүнд гэмтэл нь эрүүл мэндийг сарниулах хугацаа ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл, төгсгөлийн байдлаас хамаарна гэжээ. /хх-ийн 25 тал/

 “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын тодорхойлолт /хх-ийн 36 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг тоотод хохирогч А.А-н цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь санаатай хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч А.А-н мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Т.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Т.Б-г зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч А.А нь нэхэмжлэх зүйлгүй,  санал гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 см урттай хүрэн алаг өнгийн бариултай эвхдэг 1 ширхэг хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т.Б-г зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Б-г 3 /гурав/  жил, 5 /тав/ сарын  хорих ялаар хорьж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 17 см урттай хүрэн алаг өнгийн бариултай эвхдэг 1 ширхэг хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                             А.ЦЭРЭНХАНД

                                                              Б.НАРМАНДАХ