| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2023/04116/И |
| Дугаар | 183/ШШ2024/01802 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/01802
| 2024 оны 04 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2024/01802 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.М-д холбогдох,
Гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Л.Б,
Хариуцагч Х.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Х.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Л.Б миний бие Х.Мтай 2012 оноос найзалж, 2013 онд гар бул болсон. Бид 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний Бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлтийн .. дугаартай гэрчилгээ авсан. Миний бие 2013 онд Х.Мтай суухдаа Ц.Г хүүгийн хамт нийлсэн. Х.Мтай гэрлэсний дараа буюу 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр М.Д хүү маань төрсөн. Сүүлийн 4 жилийн хугацаанд бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. 2022 онд Х.М нь гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргасан ч Эвлэрүүлэн зуучлалаар эвлэрсэн. Дахин эвлэрсэн ч бидний харилцаа таарамжгүй хэвээр байна. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Х.Мтай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, М.Дийг өөрийн асрамжид авах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг өөрийн нэр дээр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн .. орон сууцтай. Миний бие 2023 онд Хан-Уул дүүргийн...өрөө байрыг Х.Мын нэр дээр бэлэглэлээр шилжүүлж өгсөн болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, Хүү М.Дийг миний асрамжид үлдээн, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ...өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж байгааг шийдвэрлэж өгнө. гэжээ.
Хариуцагч Х.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал болох Л.Бгийн нэхэмжлэлтэй танилцлаа. ... өрөө байрыг Бгийн нэр дээр шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. Хүү М.Дийг Бгийн асрамжид үлдээхэд санал нийлэхгүй байна. Л.Б нь хүүхдүүдтэйгээ сайн ярилцдаггүй, юу хүсэж мөрөөдөж байгааг нь мэддэггүй. Зөв хүн болох тал дээр нь анхаарч ажилладаггүй. Зөвхөн ажлаа нэгдүгээрт тавьдаг байсан. Ажлын цаг 17:00-д дуусдаг бол Б нь байнга орой тардаг. Би ажлыг нь сайн ойлгодог байсан тул оройтох болгонд нь ажлаа дуусгаад ирдээ гээд 2 хүүхэдтэйгээ хамт ихэнх цагийг өнгөрөөдөг. Миний бие 2 хүүхдийнхээ бүхий л ажлыг хөөцөлдөж бүх юманд нь анхаарал хандуулдаг. Б нь хүүхдүүддээ анхаарал хандуулдаггүйгээс болж Ц.Гэ өсвөр насан дээрээ өөрөөсөө ах хүүхдүүдтэй нийлж тэдгээр хүүхдүүд нь хэрэг тарихаар надад сайн ханддаг гээд тэдгээр хүүхдүүдийн өмнөөс нь хэрэг хүлээчих гээд байсан тул Орбитод эмээгийнд нь 1 жил гаран амьдруулсан. Энэ шийдвэр бол Ц.Гийг хамгаалсан буруу хүүхдүүдтэй нийлүүлэхгүй гэсэн шийдвэр байсан. 1 жил гаран тусдаа амьдарсан одоо ойлгож ухаарсан байх та 2 хүрээд ир 3 уулаа ярилцья буцаад хамтдаа амьдрая хүүхдийн баяраар гэр бүлээрээ гадуур гарья наадмаар гадуур гарья гэж олон удаа хэлсэн боловч Ц.Гээс асууя гээд таг болчихдог байсан. Удаж байгаад өгдөг хариу нь Ц.Гэ зөвшөөрөхгүй байна чамайг бүүр үзэн ядсан байна гэдэг байсан. Л.Б бид 2-ын дунд гүүр болж зөвөөр ойлгуулах байтал намайг хүүхдүүддээ муулж ярьдаг гэдгийг Ганаагаас сонсож байсан. Ингээд Ц.Гэ надтай хамт амьдрахгүй гэсэн болохоор Л.Б хүүхдээ сонгоод салах шийдвэр гаргалаа гэдгээ надад хэлсэн. 9-10 жилийн маань хамтдаа хөдөлмөрлөж сэтгэл зүрхээ зориулж босгосон амьдрал ингээд салалтаар төгсөж байгаад харамсаж байна. Найман настай хүүхэд эцэг эхийнхээ хэнтэй амьдрахыг сонгох эрхтэй тул Л.Б бид 2-ын хэн нь ч М.Дд нөлөөлөхгүйгээр М.Дий хажууд нь байхгүйгээр хөндлөнгийн 2-3 хүнийг байлцуулан өөрөөс нь хэнтэйгээ амьдрах хүсэлтэй байгааг нь асуулгах саналтай байна. Надад заяасан цор ганц хүүхэд маань учир, миний бие М.Дий төлөө сайн хүн болгохын төлөө чадах бүхнээ зориулахыг хүсэж байна. гэжээ.
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хайдав овогтой Мөнхтулгатай харилцан тохиролцож, дундын өмчлөл болох Хан-Уул дүүргийн ...өрөө байрыг нэр дээрээ шилжүүлж авахаар болсон тул шүүхэд гаргасан эд хөрөнгийн нэхэмжлэлээс татгалзаж байна. Мөн хүүдийн тэтгэлгээс татгалзаж байна. гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Л.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х.М, Л.Б нарын гэрлэсний бүртгэлийн .. дугаартай гэрчилгээний хуулбар, Ц.Гийн төрсний гэрчилгээний хуулбар, М.Дий төрсний гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн .. дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл, зэрэг баримтыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн аюулгүй байдал дээр баталгаа гаргаж өгнө гэвэл хүлээн зөвшөөрч байна. Би хүүхэдтэйгээ уулзах нь чөлөөтэй юу гэхэд чөлөөтэй гэсэн. Тиймээс хүүхдийн асрамжийг Х.Мд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна гэв. гэжээ.
Хариуцагч Х.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс Ц.Гэ, М.Дд анхаарч хэрэгтэй зүйл гарсан тохиолдолд дэмжээд явна. М.Дийг аюулгүй орчинд өсгөх тал дээр бүх нөхцөлийг хангаж хичээнэ. Мэдээж ээжтэйгээ чөлөөтэй уулзах нөхцөлөөр сайн хангана гэж тохиролцсон. гэжээ.
Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн .. дугаартай шүүгчийн захирамжаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Х.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Б нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа хариуцагчтай харилцан тохиролцсон тул дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа талаар тайлбарлаж байна.
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Л.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэсэн. Үүнд: Бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай байна, эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид би Х.Мтай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, М.Дийг өөрийн асрамжид авах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг өөрийн нэр дээр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. гэв.
3.Хариуцагчаас гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Л.Б болон хариуцагч Х.М нар 2012 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. Тэдний дундаас 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр М.Д төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгч Л.Б болон хариуцагч Х.М нар зан харилцаа болон бусад таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарч байгаа талаар тайлбар гаргаж байна.
7.Мөн гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон нь хэрэгт цугларсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн .. дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
8.Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаагаа тайлбарласан, талуудын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хийх шаардлагагүй гэх талуудын тайлбар зэрэг нөхцөл байдлыг дүгнэж нэхэмжлэгч Л.Б болон хариуцагч Х.М нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
9.Хүүхдийн асрамжийн тухайд нэхэмжлэгч Л.Б нь хүү М.Дий асрамжийг эцэг Х.М үлдэхийг хүлээн зөвшөөрч байх ба талууд энэ талаар харилцан тохиролцож шүүхэд тайлбар гаргаж байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү М.Дийг эцэг Х.Мын асрамжид үлдээх нь зүйтэй.
10.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй, 26.4-т эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж тус тус заасан ба Л.Б нь хүү М.Дтэй чөлөөтэй уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг Х.Мд даалгаж шийдвэрлэв.
11.Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Шалдагууд овогт Х.Мболон , Лн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү М.Дийг эцэг Х.Мын асрамжид үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч Л.Б нь дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Л.Б нь хүү М.Дтэй чөлөөтэй уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг Х.Мд даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА