Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Б.Алтансүх  

Улсын яллагч                                                Э.Болор

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                         С.Энхзул, Э.Батбаяр,  С.Ариунцацрал  нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас /2002 оны/ Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г, Т.О, С.Д нарт холбогдох эрүүгийн 201710010106 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт оршин суух, Т.Г,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт оршин суух, Т.О,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, Буддын гүн ухааны судлаач мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт оршин суух, С.Д,

Прокурорын яллах дүгнэлтээр:  Шүүгдэгч Т.Г, Т.О, С.Д нар нь үгсэн тохиролцож бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 4.500.000 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг зурмал бурхан буюу түүх соёлын дурсгалт зүйлийг 61-69 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Би өөрийн санамсар болгоомжгүйгээс болж хэрэгт холбогдлоо, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би С.Д ламтай 6 сарын өмнө танилцсан. С.Д ламтай уулзахад урдаас хэдэн зурмал бурхан оруулж ирсэн юмаа, зарах гэсэн чинь зарагдсангүй. Урагшаа буцаагаад явуулаад өгөх боломж байна уу гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд ийм хэрэгт холбогдчихлоо. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ зурагнуудын гарал үүсэл нь Өвөрмонгол хүнийх юм. Би Ж гэж хүнтэй 2016 оны 11 дүгээр сарын үед БНХАУ-ын Бээжин хотын Монголын анхдугаар Богдын амьдарч байсан сүм дээр суудаг байсан лам найз маань танилцуулсан юм. Ж гэдэг хүн Цагаан сараар таньруу яръя, та манайд ирж ном уншаад өгөөч гэж хэлж байсан юм. Тэгээд Ж гэж хүн надруу утсаар яриад та нэг айлд очиж ном уншиж өгөөч гэж хэлсэн. Дараа нь Ж надруу утсаар яриад компани нээж байна ажил дээр ирээд ном уншиж өгөөч гэж хэлсэн. Ном уншиж байх үед Ж бурханы зурагнууд гаргаж ирээд энэ зурагнууд бол Хүлэнбуйр нутагт явж байхдаа хүнээс 3 сая төгрөгөөр авсан зурагнууд байгаа юм. Та зурагнуудыг үзээд зараад мөнгө болгоод өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би за яахав үзэж байгаад болъё гэж хэлсэн. Миний хамт шашин хийдийн дээд сургуулийг төгссөн лам найзууд маань байдаг. Тэр хүмүүстэй холбоо барьж зохих хэмжээний мөнгө олох зорилгоор урдаас оруулж ирсэн юм. Улаанбаатар хотод оруулж ирээд ганц, хоёр найз лам нартайгаа уулзаад харуулахад энэ муу зураг, хуучирсан байна, зураас нь бүдгэрсэн байна гэж хэлсэн. Тэгээд би Ж гэж хүнд зурагнуудыг авахгүй байна гэдгийг нь хэлсэн. Урт цагааны тэнд зурагнуудыг үзүүлж яваад хоёр зургийг нь хүн аваад явсан. Эдгээр зурагнуудын нэг зургийг нь 200.000 төгрөгөөр авъя гээд байсан. Энэ талаар би Ж-д таны хэлсэн үнээр зарагдахгүй юм байна гэж хэлсэн. Тэгэхэд та хадгалаад байж бай гэж хэлсэн. Тэгээд нэг өдөр Жожо надруу яриад та наад зурагнуудаа наашаа явуулаач гэж хэлэхээр нь Т.О утсаар ярьсан. Т.О-той 11 сарын үед танилцсан байсан юм. Анх надтай танилцахдаа Б гэдэг нэрээр танилцаж байсан. Тухайн үед Б Замын-Үүд сум болон Эрээн хотын хооронд ачаа тээвэр хийдэг гэж байсан. Тэгэхээр нь би Т.О-д надад нэг бурханы зураг байна, урагшаа явуулах гэсэн юм гэж хэлсэн. Гэтэл Б 2000 юаниар гаргана гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ж-той ярьж 2000 юаниар урагшаа гаргана гэж байна гэдгийг нь хэлсэн. 2000 юанийг Монгол төгрөгөөр биш юаниар тооцож тооцоогоо хийхээр болсон. Тэгэхээр нь би 1200 юанийг нь бурханы зурагтай хамт Т.О-д өгсөн. Энэ талаар би мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлсэн байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Монгол Улсын хилээр түүх, соёлын дурсгалт зүйлийг 2 жилийн хугацаатай Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгох лицензийн дагуу улсын хилээр нэвтрүүлж, хилээр нэвтрүүлсэн этгээд тухайн эд зүйлийг буцааж 2 жилийн дотор Монгол улсад авчрах үүрэгтэй. Тухайн эд зүйлсийг арилжааны зорилгоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Энэ нь 2014 оны 5 дугаар сард батлагдсан мөн оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулагдсан байгаа. Т.Г, Т.О, С.Д нар нь 10 ширхэг зурмал бурханг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл аваагүй байж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн байна. дээрх 10 ширхэг зурмал бурханыг улсын нэгдсэн санд бүртгүүлж, улсын хилээр түр нэвтрүүлэх лиценз авсны дараа үзэгслэнд оролцуулах, палеонтологи, археологийн судалгаа шинжилгээнд оруулах, сэргээн засварлах, язгуур зориулалтаар ашиглах зорилгоор хуулийн дагуу түр хугацаагаар нэвтрүүлэх ёстой байтал ямар нэгэн зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлсэн байна. Мөн дээрх эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхдээ засгийн газраас батлагдсан Соёлын өвийг зөөж тээвэрлэх журмын дагуу зохих хадгалалт, хамгаалалт аюулгүй байдлыг хангаж тээвэрлэх ёстой байтал дээрх хүмүүс 10 ширхэг зурмал бурханыг улсын бүртгэлийн санд бүртгүүлээлгүй, улсын хилээр нэвтрүүлэх лиценз аваагүй, машины жолооны доор нууж улсын хилээр нэвтрүүлсэн байна. Иймд дээрх хүмүүсийн хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн 10 ширхэг зурмал бурханыг хил дээр саатуулж улсын хилээр гаргалгүй хамгаалсан байх тул хохирсон зүйл байхгүй харин эдгээр зүйлийг түүх, соёл зүйлсийг соёлын өвийн сан хөмрөгт шилжүүлж өгнө үү...” гэжээ. /хх-ийн 90-91 тал/

Хойшлуулашгүй ажиллагааны материал /хх-ийн 05-08 тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-21 тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-32 тал/

2017 оны 04 дүгээр сарын 21-ний бдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 25 дугаартай мөрдөн байцаагч М.И-н санал /хх-ийн 34 тал/

2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Автотээврийн үндэсний төвийн 1/142 дугаартай албан тоот, хавсралтын хамт /хх-ийн 39-40 тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл /хх-ийн 68-69 тал/

Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-74,75-79,80-82 тал/

Эд мөрийн баримтаар хурааж хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зураг /хх-ийн 83-86 тал/

Гэрч Б.А-ны мэдүүлэг /хх-ийн 92-95 тал/

Гэрч Р.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдрийн 16 цагийн үед тагнуулаас 61-69 дугаартай ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг сайн шалгаж үзээрэй, эд зүйл нууж авч  гарч болзошгүй гэсэн мэдээлэл өгсний дагуу тус автобусанд шалгалт хийхэд хянах самбарын араас гялгар уутанд скочдсон, 2 хэсэг  зүйл гарч ирсэн. Тэгээд задлаад үзэхэд бурханы зурагнууд гарч ирсэн... гэжээ./хх-ийн 98-97 тал/

Гэрч Ц.Ш-н мэдүүлэг /хх-ийн 99-100 тал/

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 102-104 тал/

2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-107 тал/

Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-ийн 109-118 тал/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 151 тал/

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152, 164,  тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч Т.Г, Т.О, С.Д нар нь үгсэн тохиролцож бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 4500.000 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг зурмал бурхан буюу түүх соёлын дурсгалт зүйлийг 61-69 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч болон гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Т.Г, Т.О, С.Д нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч нарыг бүлэглэн түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г, Т.О, С.Д нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар түүх соёлын дурсгалт зүйл болох 9 ширхэг бурхан, улаан өнгийн уут 2 ширхэг, саарал өнгийн уут 2 ширхэг зэрэг хураагдан ирсэн болно.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт 1500.000 төгрөгөөр үнэлэгдсэн 61-69 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн авто машин нь шүүгдэгч Т.Г-н эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Энэ гэмт хэрэг нь хөрөнгө хураах нэмэгдэл ялтай боловч шүүгдэгч нар нь эд хөрөнгөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул уг ялыг хэрэглэх боломжгүй байна.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Г, Т.О, С.Д нарыг бүлэглэн түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Т.О, С.Д нарын эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар хорьж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Т.О, С.Д нарт оногдуулсан  2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г, Т.О, С.Д нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Хан-Уул, Налайх дүүргүүдийн цагдаагийн газар болон Дорноговь аймгийн Цагдаагийн газарт  даалгасугай.

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй бөгөөд шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн түүх соёлын дурсгалт зүйл болох 9 ширхэг бурханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт шилжүүлж, улаан өнгийн уут 2 ширхэг, саарал өнгийн уут 2 ширхэг  зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Т.Г-н эзэмшлийн 1500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 61-69 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн авто машиныг  улсын орлого болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ