Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/339

 

 

 

 

 

2022               3              29                                       2022/ДШМ/339

 

А.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Батбямба,

яллагдагч А.Эын өмгөөлөгч Б.Тэнгис, Я.Оюун-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/201 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцэлд үндэслэн А.Эт холбогдох 2102000000191 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С овгийн Аийн Э, 1981 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Яллагдагч А.Э нь иргэн Д.Батболдын иргэний бүртгэлийн мэдээлэл болох нэр, хаягийг ашиглан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан 3 хэсэг уутны хамт нийт 951.9 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй “метамфетамины” агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Малави Улсын иргэн Арнолд Смит /Arnold Smith/-д захиалж,

улмаар Бүгд Найрамдах Малави Улсын иргэн Арнолд Смит /Arnold Smith/-д 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Fedex” /Пэдэкс/ улс хоорондын буухиа шуудан илгээмжийн байгууллагаар дамжуулан илгээсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан 3 хэсэг уутны хамт нийт 951.9 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй “метамфетамины” агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодис нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис Хаан” олон улсын агаарын замаар 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр тээвэрлэгдэн хилийн гаалийн хяналтын бүсэд нэвтэрч 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын /DHL/ хяналтын бүсээр хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: А.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг шинжлэн судлахад тухайн бараа бүтээгдэхүүн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис Хаан” Олон улсын агаарын замаар Монгол Улсын хилээр нэвтэрч, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал буусан, замдаа задрахгүйгээр нисэх онгоцны буудлаас тээвэрлэгдэн DHL дэх гаалийн хяналтын бүсэд буусан, улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Fedex улс хоорондын шуудан илгээмжийн газраас тухайн барааг захиалсан хүнд олгогдсоноор гаалийн хяналтын бүсээс гарсан буюу гэмт хэрэг төгссөн газар, цаг хугацааг тооцохоор байна. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Fedex улс хоорондын шуудан илгээмжийн газрын 3 дугаар давхарт “774340317280 дугаартай Батболд Дашдондог” гэсэн хаягтай ачааг хүлээн авагч Д.Батболд хүлээн авах үед ачаа тээшинд үзлэг хийж, тэмдэглэл хөтөлсөн баримтаас үзэхэд Дашдондогийн Батболд нь гаалийн хяналтын бүсэд байсан ачааг хүлээн авснаар тухайн гэмт хэрэг төгссөн гэж үзнэ. Тухайн барааг хууль бус гэдгийг илрүүлэх ажиллагаа DHL дэх гаалийн хяналтын бүс болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, хуучин Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын баруун хойно байрлах хяналтын бүсэд явагдсан бөгөөд тухайн бараа гаалийн хяналтын бүсээс гараагүй, хяналтын бүсэд хийгдсэн, шалгагдсан ажиллагаа ба тухайн барааг захиалагч хүлээн авснаар гаалийн хяналтын бүсээс гарсан буюу Монгол Улсын хил нэвтэрсэн гэж үзэхээр байна. Тухайн барааг хууль бус гэдгийг илрүүлсэн газрын нутаг дэвсгэр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр энэ хэргийг төгссөн гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай, тухайн гэмт хэрэг хаана төгссөн буюу үйлдэгдсэн болохыг тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Шаардлагатай бол энэ талаар холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас асуух нь хэрэгт ач холбогдолтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ гэж заасан бөгөөд прокурорын яллах дүгнэлтэд тухайн гэмт хэргийн төгссөн газрыг тодорхой бичээгүй, Хан-Уул дүүрэгт төгссөн, үйлдэгдсэн гэж бичсэнээс дүгнэхэд тухайн хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх боломжгүйг тэмдэглэж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч, түүний өмгөөлөгч нараас “хамтран ажиллах этгээдээр тогтоолгох, энэ талаар шүүхээс шийдвэр гаргаж егнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй, хамтран ажиллах этгээдээр тогтоолгох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3, 13.4, 13.5, 13.6, 13.7 дугаар зүйлд тухайлан заасан бөгөөд хамтран ажиллах этгээдийг прокурорын дүгнэлтийг үндэслэн тусгай шүүгч тогтоодог журамтай, мөн яллах дүгнэлт, үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргадаг хуулийн зохицуулалттай юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Яллагдагчийг цагдан хорьсон шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэх тухай” Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1237 дугаар захирамж авагдсан бөгөөд уг захирамжийн захирамжлах хэсэгт “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаартай захирамжийг хүчингүй болгож, яллагдагч А.Эыг нэн даруй суллаж, түүнд Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсугай...” гэсэн бөгөөд яллагдагч А.Эт холбогдох эрүүгийн 2102000000191 дугаартай 2 хавтас 250, 62 хуудас бүхий хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаартай захирамж, тэмдэглэлийн хамт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Эыг яллагдагчаар үргэлжлүүлэн цагдан хорьсон тухай шийдвэр хэзээ гарсан болох нь тодорхойгүй, А.Эыг цагдан хоригдож байсан хугацаа хэзээ дууссан, хэзээнээс үргэлжлүүлэн цагдан хорьсон талаарх баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүхээс яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд яллагдагч нийт хэдэн хоног цагдан хоригдсон болохыг тооцох боломжгүй байна. Тухайн шүүгчийн захирамжийг прокурор өөрөө хэрэгт хийх байсан, хэрэг мөрдөгчөөр хийлгэх байсан бол энэ ажиллагаагаа хянаагүй, хэргийн бүрдэл дутуу байгааг тэмдэглэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн ажиллагааг  хэрэгт бүрэн дүүрэн хийлгэх шаардлагатай бөгөөд энэ талаар хяналтаа прокурор бүрэн хэрэгжүүлж байхыг анхааруулан тэмдэглэж байна. Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь ач холбогдолтой байх тул яллагдагч А.Эт холбогдох эрүүгийн 2102000000191 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх яллагдагч А.Эт холбогдох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад тухайн бараа бүтээгдэхүүн 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис Хаан" Олон улсын агаарын замаар Монгол Улсын килээр нэвтэрч, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд буусан, замдаа задрахгүйгээр нисэх онгоцны буудлаар тээвэрлэгдэн DHL дэх гаалийн хяналтын бүсэд буусан, улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Fedex улс хоорондын шуудан илгээмжийн газраас тухайн барааг захиалсан хүнд олгогдсоноор гаалийн хяналтын бүсээс гарсан буюу гэмт хэрэг төгссөн газар, цаг хугацааг тооцохоор байна. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Fedex улс хоорондын шуудан илгээмжийн газрын 3 давхарт "774340317280 дугаартай Батболд Дашдондог” гэсэн хаягтай ачааг хүлээн авагч Д Батболд хүлээн авах үед ачаа тээшинд үзлэг хийж, тэмдэглэл хөтөлсөн баримтаас үзэхэд Д.Батболд нь гаалийн хяналтын бүсэд байсан ачааг хүлээн авснаар тухайн гэмт хэрэг төгссөн гэж гаалийн хяналт шалгалт хийгдээгүй буюу Fedex улс хоорондын шуудан илгээмжийн газар илгээмжийг хүлээн авагчид улс хооронд шилжүүлэн тээвэрлэж, захиалагч бус хүлээн авагч Д.Батболдод олгож байгаа газар, цаг хугацааг улсын хилээр хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн үйлдлийг төгссөн гэж дүгнэсэн. Гэвч тухайн барааг хууль бус гэдгийг илрүүлсэн газрын нутаг дэвсгэр Хан- Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр энэ хэргийг төгссөн гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай, тухайн гэмт хэрэг хаана төгссөн буюу үйлдэгдсэн болохыг тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ гэж заасан бөгөөд прокурорын яллах дүгнэлтэд тухайн гэмт хэргийн төгссөн газрыг тодорхой бичээгүй, Хан-Уул дүүрэгт төгссөн, үйлдэгдсэн гэж бичсэнээс дүгнэхэд тухайн хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх боломжгүйг тэмдэглэж байна гэсэн нь Эрүүгийн Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн яаж зөрчсөн талаар тодорхой дурдалгүй, шүүх гэмт хэрэг гарсан газрыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр гэж дүгнэсэн дүгнэлтээсээ зөрүүтэй гэмт хэрэг хаана төгссөн буюу үйлдэгдсэн болохыг тогтоож чадаагүй, гэмт хэргийн төгссөн газрыг Хан-Уул дүүрэг гэж тодорхой бичсэнийг бичээгүй гэж дүгнэсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д Шүүхийн “шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Fedex улс хоорондын шуудан илгээмжийн газраас төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын DHL дэх гаалийн хяналтын байгууллагад ачаа, барааг мэдүүлсэн мэдүүлгийн дагуу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын DHL дэх гаалийн хяналт шалгалтаар оруулж, илгээмжийг илгээгчээс хүлээн авч, тээвэрлэн, хүлээн авагчид хүлээлгэн өгөх үүрэг бүхий тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулсан аж ахуй нэгжийн хаягт Улсын хилээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн гэмт хэрэг төгссөн газар /Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын DHL дэх гаалийн салбар Fedex улс хоорондын шуудан илгээмжийн газар/ гэж үзэж байгаа нь хэт буруу ерөнхий эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан /барааг П.Батболдоос хураан авсан, үзлэг, нэгжлэг хийсэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан/ газар байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Хэрэгт шаардлагатай гэрч нараас мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байна. Гэрч М.Баттулгын "...тухайн ачааны хувьд 12021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр нислэгээр орж ирээд Монгол улсын хилээр нэвтэрч, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын хилийн гаалийн хяналтын бүсэд орж гаалийн хяналтад орж хуваарилалт хийгдээд Олон улсын шуудан илгээмжээр ирсэн ачаа, бараа нь ангилагдаад манай Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын DHL дэх гаалийн хяналтын бүсийн хяналтад ирсэн. Уг барааг хууль бус гэдгийг илрүүлэх ажиллагаа DHL дэх гаалийн хяналтын бүс болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, хуучин Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын баруун хойд талд байрлах хяналтад бүсэд явагдсан..." гэсэн мэдүүлэг /2хх-17/, Туушин ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 3/549 дугаартай "...Дашдондогийн Батболдын нэр дээр 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр ОМ7304 дугаартай нислэгээр 289-5293 5175 тээврийн баримттай 774340317280 ачаа дугаартай 40 ам.доллар бүхий 3,95 кг PULLEY нэртэй илгээмж ирснийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаалийн хяналтаар оруулж, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хаягт эзэнд нь гардуулсан болно...” гэсэн лавлагаа /1хх 111- 114/ авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагааны авч шалгалтыг хийсэн байна. Fedex улс хоорондын шуудан илгээмжийн газар нь Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын DHL дэх гаалийн салбар гэсэн таамаглалд үндэслэн тухайн гэмт хэрэг хаана төгссөн буюу үйлдэгдсэн болохыг тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна гэдэг нь үндэслэлгүй юм. Хэрэгт үзлэг хийж, гэрч нараас мэдүүлэг авч нотлох баримтыг хууль ёсны дагуу бэхжүүлж авсан. Нотлох баримтын шаардлага хангахгүй, эсхүл хууль зөрчиж бэхжүүлсэн эсэх талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулах 3 зүйл болох ажиллагаа, нотлох баримт, шийдвэр гэснийг зөрчөөгүй. Прокуророос А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3 3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "Гэмт хэрэг нь нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ" гэж заасны дагуу Төв аймгийн нутагт тухайн ачааны хувьд 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр нислэгээр орж ирээд Монгол улсын хилээр нэвтэрч, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын хилийн гаалийн хяналтын бүсэд орж, гаалийн хяналтад орж хуваарилалт хийгдээд Олон улсын шуудан илгээмжээр ирсэн ачаа, бараа нь ангилагдаад манай Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын DHL дэх гаалийн хяналтын бүсийн хяналтад Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, хуучин Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын баруун хойд талд байрлах хяналтын бүсэд ирж, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гаалийн хяналт шалгалт явагдсан нь хэргийг харьяалах Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. А.Эт холбогдох 21020000001911 дугаартай 2 хавтас 250, 62 хуудас бүхий хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 142 дугаартай захирамж, тэмдэглэлийн хамт авагдаагүй байна гэсэн боловч 2 дугаар хавтаст хэрэгт шүүгчийн захирамж авагдсан, харин шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байгааг тэмдэглэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байтал анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн хууль зүйн дүгнэлтийг хийсэн нь Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчмыг ноцтой зөрчсөн байна. Иймд А.Эт холбогдох эрүүгийн 2102000000191 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/201 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч А.Эын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Харьяаллын асуудал эргэлзээтэй гэж анхан шатны шүүхээс уг хэргийг хоёр удаа прокурорт буцаасан. Гаалийн хяналт шалгалт хийдэг хоёр хүнээс мэдүүлэг аваад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзсэн. Шүүхээс дүгнэхдээ “Батболд Сүхбаатар дүүргээс илгээмжийг авч байгаад баривчлагдсан. Энэ утгаараа А.Э гэх хүний цагдан хорих асуудлыг Сүхбаатар дүүргийн шүүх шийдвэрлэсэн байна” гэсэн байдаг. Эргэлзээ бүхий нөхцөл байдлууд дээр шүүхээс дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан. Миний хувьд Төв аймгийн Сэргэлэн сумыг Монгол Улсын хил гэж үзнэ. Гаалийн хяналтын бүсийг хил гэж үзэхгүй. Хуульд Гаалийн хяналтын бүсийг нэвтрүүлсэн бол гэх үг, өгүүлбэр байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсгүүдэд заагдсан нөхцөл байдлууд байгаа болохоор шүүхийн захирамж үндэслэлтэй гарсан. Хэргийг мөрдөн шалгах явцдаа шүүхийн харьяаллыг тогтоолгосон бол энэ асуудлаар маргахгүй байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч А.Эын өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд ачаа бараа ирсэн байдаг. Ачаа бараа ирсэн даруй мэдээгээ Гаалийн төв газар руу явуулсан байдаг. Гэрч Нямаа мэдүүлэхдээ “мэдээгээ оруулж байх үед өмнө нь зөрчил илэрч байсан хаягаас дахин илгээмж ирсэн байна гэж мэдээлсэн” гэдэг. Төв аймгийн нутаг дэвсгэрт ачаа бараа ирсэн үед дээрх мэдээ, мэдээллийг оруулсан учир Төв аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүхийн тогтоож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүгчийн захирамжаар “...Тухайн барааг хууль бус гэдгийг илрүүлсэн газрын нутаг дэвсгэр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр энэ хэргийг төгссөн гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай, тухайн гэмт хэрэг хаана төгссөн буюу үйлдэгдсэн болохыг тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэлтэй. ...прокурорын яллах дүгнэлтэд тухайн гэмт хэргийн төгссөн газрыг тодорхой бичээгүй, Хан-Уул дүүрэгт төгссөн, үйлдэгдсэн гэж бичсэнээс дүгнэхэд тухайн хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх боломжгүй. ...хамтран ажиллах этгээдийг прокурорын дүгнэлтийг үндэслэн тусгай шүүгч тогтоодог журамтай, мөн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргадаг хуулийн зохицуулалттай юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Яллагдагчийг цагдан хорьсон шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэх тухай” Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1237 дугаар захирамж авагдсан бөгөөд уг захирамжийн захирамжлах хэсэгт “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаартай захирамжийг хүчингүй болгож, яллагдагч А.Эыг нэн даруй суллаж, түүнд Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсугай...” гэсэн бөгөөд яллагдагч А.Эт холбогдох эрүүгийн 2102000000191 дугаартай 2 хавтас 250, 62 хуудас бүхий хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаартай захирамж, тэмдэглэлийн хамт авагдаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Эыг яллагдагчаар үргэлжлүүлэн цагдан хорьсон тухай шийдвэр хэзээ гарсан болох нь тодорхойгүй, А.Эыг цагдан хоригдож байсан хугацаа хэзээ дууссан, хэзээнээс үргэлжлүүлэн цагдан хорьсон талаарх баримт хэрэгт авагдаагүй. ...” гэсэн үндэслэлүүдийг зааж хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлдэг үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой.

Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

 

Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.т “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил /цаашид "улсын хил" гэх/ гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.” гэж хуульчлан тодорхойлсон байна.

 

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12.-т “"хилийн боомт" гэж улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хилийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх зориулалтаар төхөөрөмжилсөн, тусгайлан тогтоосон газрыг;” гэж, 3.1.16.-д ““хилийн хяналтын байгууллага” гэж улсын хил нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт шалгалт явуулах, бүртгэх эрх бүхий улсын хил хамгаалах, гааль, гадаадын иргэн, харьяатын байгууллагыг;” гэж, 3.1.21.-т “"хяналт шалгалтын бүс" гэж хилийн хяналтын байгууллага хилийн боомтод хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар тусгайлан тоноглосон газрыг.” гэж тус тус хуульчилжээ.

 

Яллах дүгнэлтэд “...сэтгэцэд нөлөөт бодис нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис Хаан” олон улсын агаарын замаар 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тээвэрлэгдэн хилийн гаалийн хяналтын бүсэд нэвтэрч 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын /DHL/ хяналтын бүсээр хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Учир нь, яллагдагч А.Эын хүлээж авах улс хоорондын буухиа шуудан илгээмж нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис Хаан” олон улсын агаарын замаар 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тээвэрлэгдэн хилийн гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэнд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр “Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын /DHL/ хяналтын бүсээр хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн” гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, зорчигчийн хилийн хяналт нь Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, ачаа тээвэр нь Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд хийгдэх талаар зохицуулсан зохицуулалт байхгүй байна.

 

Иймд Буянт-Ухаа олон улсын нисэх буудал Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хооронд журам хэрэгждэг эсэх, хэрэгждэг бол тус гэмт хэргийг төгссөн гэж үзэх үндэслэл болох эсэхэд хууль зүйн дүгнэлт хийн яллах дүгнэлт үйлдэх шаардлагатай тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...гэмт хэргийг хаана төгссөн буюу үйлдэгдсэн болохыг тогтоож чадаагүй. ...” гэсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж хэргийн харъяаллыг зөв тогтоолгохоор прокурорт буцаах нь зүйтэй.

 

Хавтас хэргийг бүхэлд нь судлахад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаартай захирамж, тэмдэглэлийн хамт авагдаагүй байгааг анхаарах нь зүйтэй.

 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/201 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Батбямбын 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/201 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Батбямбын 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч А.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ