Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 183/шш2024/01695

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 18 өдөр  Дугаар 183/ШШ2024/01695 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.нбилэг даргалж, шүүгч Б.Гончигсумлаа, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 84,984,153 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь гэм хорын хохиролд 84,984,153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Л.******* миний бие 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч ******* ******* ХХК-ийн эзэмшлийн круйзер маркийн ******* УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* ******* ХХК-ийн жолооч нь хариуцагч ******* ******* ХХК-ийн ажил үүргийг гүйцэтгэж явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруугийн улмаас миний бие хохирсон. Миний баруун хөлний өвдөг болон дунд чөмгийг маш хүчтэй дайрч дунд чөмөг (гуяны яс) тэг голоороо хоёр хэсэг болж хугарч хөл буруу тийш эргэсэн. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр миний баруун аарцагт зүсэлт хийж урт төмөр чөмөгний голоор өрөмдөж оруулж нэмэлт 3 хадаасаар хугарсан хөлийг тогтоосон. Хэрэв гуяны хугарал нийлж чадвал бороолох хугацаа доод тал нь "2 жил болж бороолно" гэж эмчлэгч эмч тодорхойлсон. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт дунд чөмөгний хугарлын хагалгаанд орж баруун хөлөнд чөмөгний голоор урт төмөр суулгаж 3 ширхэг хадаасаар түгжиж бэхэлсэн. Урт төмөр хийлгэсэн улмаас удаан сууж чадахгүй аарцаг нуруу өвдөж байна. Ослоос хойш өдөр бүр хар дарж зүүдэлж байнга уйлж, уурлаж байна. Энэ ослоос болж эргэж хэзээ ч хэвийн байдалдаа орж чадахгүй боллоо. 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар миний бие алхаж чадахгүй байна. Баруун хөлний гуяны дотор хэсгийн хугарал нийлээгүй байна. Ослын улмаас байнга өвдөж, баруун чих, шүднүүд өвдөг болсон. Гишгэхэд баруун хөлний өвдөгнөөс шагай хүртэл мэдрэлийн гаралтай өвдөлт өгч хөлөө бүрэн гишгэж чадахгүй далийсаар байгаад нуруу, хүзүү байнга өвддөг боллоо. 2024 он гараад эмчийн үзлэгт орж ясны бороололт явагдаж байгаа эсэхийг тодорхойлуулснаар урт төмөр болон 3 ширхэг хадаасыг авах хагалгаанд орох эмчийн заалттай бөгөөд энэ хагалгааны зардлыг болон эмчилгээний зардлыг хариуцагчаас нэхэмжилнэ. Мөн зам тээврийн ослоос шалтгаалан миний биед хүндэвтэр" хохирол учирч сэтгэл зүйд олон улсын F43.1 оноштой "Гэмтлийн дараах дарамтад эмгэг" өвчнөөр өвчилж сэтгэлийн өвдөлт, түгшил зовнил мэдрэгдэх болсон. Мөн өдөр бүр байнгын айдастай, шөнө хар дарж зүүдлэх "төөрч байна", "машины тоормос ажиллахгүй байна", "том бул хар чулуу өмнө гарч ирлээ, "ажлаасаа хоцорч байна" гэх зэргээр зүүдэлдэг эмгэгтэй болсон. "Сэтгэшгүй ухаан" ХХК-ийн сэтгэл заслын эмчилгээнд 3 удаа хамрагдаж 450,000 төгрөгийн зардал гаргасныг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тоот шүүхийн шийдвэрээр гаргуулсан. 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тооцон тогтоосон. Миний бие нь өрх лсон ээж бөгөөд гэрээсээ ганцаараа ажил хийж настай ээж, гэр бүлээ тэжээдэг байр, цалингийн зээлээ төлдөг. Энэ ослоос болж бие махбодь, сэтгэл санаа, санхүү маш их хохирол амсаж байна. 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тоот шүүхийн шийдвэрээр ******* ******* ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоож, цалин болон бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Л.******* би ХХК-д Ажлын стандарт журмын хянагч албан тушаалд 1745.66 ам долларын цалин хөлстэй ажилладаг бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1,798 ам долларын цалинтай болсон. Миний бие гэмт хэргийн улмаас 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажлаа хийж чадаагүй хохирсон. Мөн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тоот шүүхийн шийдвэртэй эрүүгийн хэрэгт хэлэлцэгдээгүй, баримтаар гаргаж өгөөгүй эрүүл мэндийн гэм хорын хохиролтой холбоотой шаардлага гаргасан. Иймд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Цалин хөлсний хохиролд 70,994,886 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх эмчилгээний зардал 1,344,767 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 12,644,500 төгрөг нийт 84,984,153 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна, гэжээ.

 

Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Л.*******гийн нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох гэм хорын хохиролд нийт 84,984,153 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн буруутай үйлдлээс шалтгаалж нэхэмжлэгчид учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, ХХК нь нэхэмжлэгчид гэм хор учруулсан, учруулах нөхцөл байдлыг бий болгосон этгээд биш бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй гэм хорын хохирлыг барагдуулах үүргийг хүлээхгүй болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг 12,644,500 төгрөгөөр үнэлж тогтоосон аргачлал нь тодорхойгүй Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг хангуулсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд манай компани нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн ямар нэгэн үүрэг, өр төлбөргүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь хуульд заасан үндэслэл шаардлагыг байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье, гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ******* ******* ХХК хариуцахгүй гэж бодож байна. Жолооч болох дээрх төлбөрийг хариуцах ёстой гэж үзэж байна, гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 84,984,153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* ******* ХХК-д жолооч ажилтай нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 24 минутын орчимд дүүргийн 1 дүгээр хороо, Хүүхдийн паркийн урд замд ланд круйзер 78 маркийн ******* УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.*******г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаар шийтгүүлж, хохирогч Л.******* цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар ..... нэхэмжлэх эрхтэй болох нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг арилгахад гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Шүүгдэгч нь ******* ******* ХХК-ийн жолооч бөгөөд түүний жолоодож явсан автомашин нь ******* ******* ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ. Иймээс нь ******* ******* ХХК-ийн жолооч буюу ажилтан болохыг дахин нотлох шаардлагагүй юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.

 

Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолд нэхэмжлэгч Л.*******гийн гэмтлийн зэргийг хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн байх бөгөөд Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалаар хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь гуравдугаар зэрэглэл байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийг олгохоор байна.

 

Дээрх тооцооллоор нэхэмжлэгч Л.*******гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тооцон үзэхэд 12,644,500 /550,000 төгрөг * 22,99 хувь/ төгрөгийн хохирол учирсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Ажил олгогч ХХК нь нэхэмжлэгч Л.*******д 2022 оны 12 сард 2,722,659 төгрөг, 2023 оны 1 сард 6,052,555 төгрөг, 2023 оны 2 сард 6,123,880 төгрөг, 2023 оны 3 сард 1,881,820 төгрөг нийт 16,780,914 төгрөгийн цалин олгосон учраас хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байх тул уг үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иймд хариуцагч ******* ******* ХХК-иас нийт цалин хөлсний хохиролд 54,213,972 /2023 оны 11 сар хүртэл/ төгрөг, эмчилгээний зардалд 1,344,767 төгрөг сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 12,644,500 төгрөг нийт 68,203,239 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,780,914 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 68,203,239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,780,914 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 879,861 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 296,990 төгрөгийг, хариуцагч ******* ******* ХХК-иас 498,966 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ОЮУНБИЛЭГ

 

ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА

 

Д.МӨНХЦЭЦЭГ