Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2019/0683/З/Т |
Дугаар | 128/ШШ2019/0537 |
Огноо | 2019-08-22 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2019 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2019/0537
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Д.Очирбатын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн сайдад холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна. Үүнд Эрүүл мэндийн сайдад холбогдуулан гаргасан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр эргүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Эрүүл мэндийн сайдад холбогдуулан гаргасан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа бичгээр илэрхийлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар
зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Очирбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Эрүүл мэндийн сайдад холбогдуулан гаргасан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа ийнхүү шүүх хуралдааны явцад шүүхэд бичгээр гаргасан, энэ нь тэмдэглэлд тусгагдсан ба түүнд итгэмжлэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрх олгогдсон байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Д.Очирбат нь анх 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргахдаа Эрүүл мэндийн сайдад холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг урьдчилан төлсөн бөгөөд дээрх шаардлагынхаа зарим хэсгээс ийнхүү татгалзсан, энэ үндэслэлээр хэргийг тусгаарлаж шийдэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө гэж заасны дагуу 35,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Д.Очирбатын нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн сайдад холбогдох Улсын нэгдүгээр төв эмнэлгийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-т зааснаар Д.Очирбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь шүүгчийн энэхүү захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА