Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга                                Б.Алтансүх

Улсын яллагч                                              Г.Мөнхтүвшин  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай,  Б.М-д холбогдох эрүүгийн 1720000850037 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:           /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.М нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 6 дугаар хэсэг 1-08 тоотод өөрийн гэртээ эхнэр Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойруу аяга авч шидэн эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эхнэр А.Н болон эхнэрийн найз Т нартай хамт Т гэрт 1 шил архи хувааж уусан. Т гэрээс гараад замаараа 1 шил архи аваад манайд ирж уусан ба тухай үед гаднаас Б, М нар орж ирсэн. Эхнэр маань тэдгээр хүмүүстэй маргаж муудаад байсан учраас би М-г дагуулаад гэрээс гарч мөн М-тай маргалдсан. Тэгээд эргээд гэртээ ороод эхнэртэйгээ маргалдсан ба ширээн дээр байсан цайны аягыг аваад зүглүүлээд шидтэл толгойнд нь оноод цус гарсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:” ...орон дээр зурагт үзээд байж байтал манай нөхөр гаднаас орж ирээд хүнтэй муудалцсан уурандаа надруу аяга шидээд, шидсэн аяга нь миний толгойг онож хагалсан...” гэжээ /хx-ийн 9-10-р тал/

2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 307 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. А.Наранцэцэгийн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтэл нь “Гэмтлий зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
  4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 15 тал/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 19 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ 2017 оны 08 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын өөрийн гэртээ эхнэр А.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой руу аяга авч шидэн эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч А.Н-н мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул шүүгдэгч Б.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол төлбөргүй, хор уршиг арилсан зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй  болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зааснаар шүүгдэгч Б.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Л.БАТЖАРГАЛ