Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2024/00407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1965 онд Баянхонгор аймгийн *******анд төрсөн, өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил байгаа тул шүүхээр тогтоолгох болсон. 1984 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн 203857 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1279 болон 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1043, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1051 дугаартай лавлагаанууд, Байдрагийн үржлийн сангийн аж ахуйн 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаартай тушаалын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс бүрдүүлсэн баримтгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч******* нь 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь:******* нь 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь түүнийг анх ажилд томилсон Байдрагийн үржлийн сангийн аж ахуйн 1984 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаартай тушаал болон ажилд орсон тушаалыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 203857 дугаартай дэвтрийн хуулбар, мөн 1984-1994 он хүртэлх сар бүр авч байсан цалин хөлсийг хүснэгтээр гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1279 болон 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1043 дугаар лавлагаанууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч******* нь 1994 оныг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан баримт байх боловч 1989 оныг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан байх тул 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Мөн хүсэлт гаргагч*******гийн сар бүр авч байсан цалин хөлсийг тэмдэглэсэн архивын лавлагаанаас үзэхэд жил бүрийн 1-3 сард цалин гараагүй боловч бусад саруудад цалин тогтмол гарсан байх тул түүний ажилласан хугацааг тасраагүй байна, гэрч асуух шаардлагагүй гэж үзсэн болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*******гийн 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА