Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 334

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

           улсын яллагч Т.Отгонтөгс,

            шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

   Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт Э-н Х-т холбогдох 1708004390043 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ө овогт Э-н Х, РД:... ..

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Х нь 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүй долоон худгийн “Эко” автобусны буудлын орчим хохирогч Э.Х-н нүүрэн тус газар цохиж баруун хөмсөг, хацрын няцарсан шарх, баруун нүдний дээд болон зовхины гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Э.Х нь 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн үед ...21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүй долоон худгийн “Эко” автобусны буудлын орчим хохирогч Э.Х-н нүүрэн тус газар цохиж баруун хөмсөг, хацрын няцарсан шарх, баруун нүдний дээд болон зовхины гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан  болох нь:

            Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан Э.Х-н өргөдөл /хх-3/,

            -хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хүй 7-н хутагт морь үзэхээр гэр бүлийн хамт ирээд морио үзчихээд Эко автобусны эцсийн буудал дээрээс автобусанд суухаар эхлээд дүү ээж 2-ыгоо суулгасан. ...хажуугаас үл таних эмэгтэй цохиод авахаар нь эмэгтэй хүн жирэмсэн байхад цохилоо болиоч гээд хэлээд байж байтал цаанаас 1 эрэгтэй хүн...нүдний шилтэй нүүрэнд гараараа 1 удаа цохиод шил хагарч баруун нүдний доор хацар зүсэгдэж дээд зовхи сэтэрсэн. Би тэр хүмүүсийг цохиж зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-6-7/,

            - гэрч :... Би 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр хүй 7-н худагт морь үзээд Эко автобусны гэх жижиг оврын хүн суух зориулалттай автобусны эцсийн зогсоол дээрээс нөхөр Ч.Э, охин Э.А /9 нас/, эгч Н, хүү Э.Х нарын хамт Эко автобусанд суугаад явах гэтэл автобусны цэнэг дуусаад явахаа больсон буух хүмүүс дайраад бид нарыг буулгаагүй гэтэл нэг эмэгтэй хурдан буугаач гээд хөл хүү өшиглөхөөр нь маргалдсан... манай нөхөр 1 залуутай барьцалдаад заамдалцаад авсан тэгсэн чинь ...салгах хооронд манай хүү Э.Х ирээд тухайн залуугийн заамдсан гарыг татсан тэгээд харахад нөгөө залуугийн нүдний шил хагараад хацарнаас нь цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-9-10/,

            - гэрч Э.М-н:... Тухайн эмэгтэйгийн нөхөр гэх хүн аХ-г заамдсан байж байтал хүүхэд нь гэх 20 орчим насны залуу манай ах Х-н нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиод авсан тэгээд аХ-н нүүрнээс нь цус гараад эхлэхээр нь бид автобуснаас буугаад очсон тэгээд цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-11/

            - шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 9049 дугаартай:...Э.Х-н биед баруун хөмсөг, хацрын няцарсан шарх, баруун нүдний дээд болон доод зовхины гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-16/

            - шүүгдэгч Х-н мэдүүлэг:... Би 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ...Соёолон үзсэн. Үзэж дуусаад Эко автобусанд суусан, автобусны цэнэг дуусаад зогссон. ...Ээжтэй маргалдаж байсан эмэгтэй хүнтэй хамт яваа бололтой эрэгтэй хүн аавтай маргалдан аавыг заамдаж аваад маргалдан зогсож байтал манай нагац эгч Н нь очоод аав тэр эрэгтэй 2-г салгах гэж байгаад газар унасан. Тэгээд би очоод салгах гэхэд салахгүй аавтай боолцоод аав дийлдээд байхаар нь би очоод аавтай боолцож байсан залуугийн нүүрэнд нэг удаа баруун гараа атгаж байгаад цохисон. Тэр залуу нүүрээ дараад доошоо тонгойн хэсэг байж байгаад өндийхөөр нь харахад баруун талын нүдний доод шанаа хэсэгт зүсэгдсэн бололтой шарх үүссэн цус гарч байсан. Удалгүй цагдаа ирсэн. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-30-31/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

 

   Иймд шүүгдэгч Э.Х-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна. 

   Шүүгдэгч нь хохирогч Э.Хд хохирлын төлбөрт 280.000 төгрөг төлсөн байх ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч Э.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.  

Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг  шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 2 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.    

Цаашид хөнгөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд анхаарах дараах асуудал байгааг тэмдэглэж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн зохицуулалтаар хөнгөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд яллагдагчийн “хүсэлт” заавал байх ёстой ба тухайн хүсэлтийг прокурор эсхүл мөрдөгч бие даан шийдвэрлэх “зааг хязгаар”-тай боловч хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шийдвэрлэнэ, тухайн тохиолдолд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон бусад танилцуулах, хянах асуудлууд үүсч байгаа ба эдгээр үндэслэл, журам Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт үйлчлэхгүй гэж үзэх үндэслэл, журам байхгүй гэж үзэхээр байна.  

Мөн тухайн хүсэлтийг прокурор, мөрдөгч шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “бүхий л хэрэг”-ийн материалтай танилцан, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт нэгэн адил үйлчлэх зохицуулалт болох тул цаашид эрүүгийн хэргийг хянан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчих буюу яллагдагч, шүүхийн зарим бүрэн эрхийн зөрчил үүсгэхгүй байХ-г анхаарах шаардлага үүсч байна.

Холбогдох хуулиудын зарим зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хөнгөн ангиллын гэмт хэргийн тухайд нэгэнт яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг шуурхай буюу богино хугацаанд хялбаршуулсан байдлаар явуулж, эрүүгийн хэргийг “хялбаршуулсан журмаар” биш “ердийн журмаар” шийдвэрлүүлэхээр прокурор, шүүхэд шуурхай шилжүүлэх асуудал нээлттэй байж болоХ-г үгүйсгэхгүй болно.  

Шүүгдэгч Э.Х-н үйлдсэн тухайн хөнгөн гэмт хэрэг нь нотолгооны хувьд эргэлзээтэй байдал үүсгээгүй байх тул тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны зарим зөрчлүүд байх боловч буцаахгүйгээр нэг мөр шийдвэрлэсэн болно.   

Тус хэрэгт хураагдан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болоХ-г дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон     

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Х-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Хт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солиХ-г мэдэгдсүгэй.     

 

4. Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болоХ-г тус тус дурдсугай.    

 

            5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болоХ-г мэдэгдсүгэй.  

   

            6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Э.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР