Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/340

 

 

 

 

 

2022                3              29                                      2022/ДШМ/340

           

Ж.Пид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Баасанбаяр,

шүүгдэгч Ж.П, түүний өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Баасанбаярын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Ж.Пид холбогдох 2104001390118 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Жгийн П, 1954 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, статистикч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч Ж.П нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ... тоотод орших өөрийн гэртээ “хүүхдийн аяганд цай хийж өгөөгүй” гэх шалтгаанаар өөрт нь өгсөн аягатай халуун усыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, 64 настай Ю.Дгийн биеийн баруун тал руу цацаж, толгойн баруун хуйх, баруун гарын бугалга, шуу, баруун хөлийн гуя хэсгийг түлсэн,

2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ... тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн хамааралтай хүн болох зээ охин 4 настай Эг “зурагтын залгуур хөдөлгөлөө” гэх шалтгаанаар 2 хөлөөс нь бариад толгойг нь доош харуулан сэгсэрсэн,

2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 13:00 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны 137 тоотод орших өөрийн гэртээ “машинаа чамаас болж зарсан” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, 64 настай Ю.Дгийн зүүн гарыг шилэн аягаар цохиж 3 дугаар хурууны шивнүүр ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 13:00 цагийн орчимд ... тоотод орших өөрийн гэртээ “Чи цадахгүй гэж хэллээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, 64 настай Ю.Дгийн хоолойн тус газарт хутга тулган, улмаар толгойн оройн хэсэгт атгасан гараар цохиж, нуруу хэсгээр нь паар мөргүүлэх зэргээр догшин авирласан зэрэг үйлдлүүдээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, ахмад настан хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Ж.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Пийг ахмад настан хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ж.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Пид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Пид шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр байнга оршин суух ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ажил хийх зорилгоор зорчих үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Ж.Пид тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Поос хохирогч Ю.Д гэм хорын хохиролд хохирол төлбөр нэхэмжлээгүй ба гомдол саналгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Ж.Пийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Баасанбаяр бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Пийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг бага насны эсрэг үйлдсэн үйлдлийг хохирогч Ю.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Тэр үед зээ охин н.Э зурагтын залгуур хөдөлгөсөн чинь Ж.П очоод Н.Эг 2 хөлөөс нь бариад толгойг нь доош харуулаад сэгсэрсэн” гэж дурдсаар байтал шүүх шүүгдэгч Ж.П, насанд хүрээгүй хохирогч О.Э, тухайн үйлдлийг огт хараагүй гэрч Ж.Тамжид нарын мэдүүлгүүдээр тухайн үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн шийтгэх тогтоолын “Тодорхойлох" хэсэгт “шүүгдэгч Ж.Пийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг бага насны эсрэг үйлдсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж дурдсан атлаа анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт шүүгдэгч Ж.Пийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг бага насны эсрэг үйлдсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар огт дурдалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” гэх заалт мөн Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай зөвлөмжийн 3.2.2. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэм хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх тэдгээрийн заримыг хэрэгсэхгүй болгосон бол аль хэрэгт нь шийтгэж, аль хэрэгт нь цагаатгасныг тогтоох хэсэгт нэг бүрчлэн тусгана.” гэх шаардлагад нийцээгүй байна. Иймд шүүгдэгч Ж.Пид холбогдох эрүүгийн 2104001390118 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Пийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчаас насанд хүрээгүй хүүхдийн эсрэг гэмт үйлдлийг Ж. П үйлдсэн болох талаар нотлох баримтыг дурдаагүй бөгөөд энэ талаарх нотлох баримт хавтас хэрэгт байхгүй болно. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдийн биед учирсан гэмтэл байгаа эсэх талаар ямар нэгэн шинжээчийн дүгнэлт байхгүй, хүчирхийлэл үйлдсэн гэж улсын яллагч үзсэн бол цагдаагийн газраар Зээ охин О.Эд аюулын зэргийн үнэлгээ хийлгээгүй шалтгаан, Хүчирхийллийн нөхцөл байдлын дүгнэлтийг хорооны нийгмийн ажилтнаар тодорхойлуулах ажиллагааг яагаад хийгээгүй талаараа тайлбарлаж байжээ. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Ж.П нь насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдсэн гэх үйлдлийн талаар тайлбарлахдаа “Зээ охин маань тогонд цохиулах эрсдэлд орж пис пас гэсэн дуу гарч оч маналзан цахилгаанд наалдах нь гэж ойлгоод хурдан уХ хийн хөлөөс нь татаж цахилгаанаас салгаж хүүхдээ авран хамгаалах ажиллагааг маань Ю.Д буруугаар ойлгож тийм мэдүүлэг өгсөн байх аа. Би бол зээгээ хүчирхийлсэн зүйл байхгүй гэж мэдүүлж байсан болно. Иймд насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдсэн гэх үйлдэл нь тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү. Тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах эрх нь давж заалдах шатны шүүхэд байгаа учир эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүүхдийг сэгсэрсэн асуудал байхгүй. Тухайн үед хүүхэд уйлаагүй. Би тогонд цохиулах гэж байна гэж айгаад хөлөөс нь татсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг Хаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.П нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ... тоотод орших өөрийн гэртээ “хүүхдийн аяганд цай хийж өгөөгүй” гэх шалтгаанаар өөрт нь өгсөн аягатай халуун усыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 64 настай эхнэр Ю.Дгийн биеийн баруун тал руу цацаж, толгойн баруун хуйх, баруун гарын бугалга, шуу, баруун хөлийн гуя хэсгийг түлсэн,

2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 13:00 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны 137 тоотод орших өөрийн гэртээ “машинаа чамаас болж зарсан” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 64 настай эхнэр Ю.Дгийн зүүн гарыг шилэн аягаар цохиж 3 дугаар хурууны шивнүүр ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 13:00 цагийн орчимд ... тоотод орших өөрийн гэртээ “Чи цадахгүй гэж хэллээ” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох 64 настай эхнэр Ю.Дгийн хоолойн тус газарт хутга тулган, улмаар толгойн оройн хэсэгт атгасан гараар цохиж, нуруу хэсгээр нь паар мөргүүлэх зэргээр догшин авирласан зэрэг үйлдлүүдээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ю.Дгийн “...Би зээ охин Эрхцасыг “Цасаа гурилаа элд гэснээ за за чадахгүй байх” гэж хэлэхэд П мах хэрчиж байснаа “чи намайг цадахгүй гэж хэллээ” гэж хэлээд ална гээд мах хэрчиж байсан улаан өнгийн иштэй хутгаа миний хоолойд тулгасан. Тэгэхээр нь би П руу “болиоч ээ чи” гэж хэлээд хойшоо ухраад цонхны тавцанд тулсан. Ингээд П гараа атгаж байгаад миний толгойн орой хэсэгт нэг удаа цохих үед би нуруу хэсгээрээ паар мөргөөд унахдаа толгойгоо цохисон. Тухайн үед миний толгойн орой хэсэгт хуйх улайж, зүүн талын бөөрний орчим арьс зулгарсан байсан юм. ...Гал тогооны өрөөнд ороход ширээн дээр олон хүнд цай хийж өгсөн бололтой аяганууд өрөөтэй байсан. Тэгэхээр нь би Пид хандаж “арай хүүхдүүдийн аяганд хүмүүст цай хийж өгсөн юм биш биз дээ" гэтэл П “би тийм тэнэг хүн үү, юу гэж хүүхдүүдийнхээ аяганд хүнд цай хийж өгөх вэ” гэж хэлээд өөртөө хийсэн аягатай халуун усаа миний баруун гар тал руу цацчихсан. Тухайн үед миний толгойн баруун хуйх, баруун бугалга, шуу, баруун гуяны хэсэг түлэгдсэн. ...Ингээд маргааш өглөө нь П 13 цагийн үед гэрээсээ гарч яваад орж ирэхдээ бөөн ууртай орж ирээд авчирсан махаа чулуудчихаад “чамайг ална” гээд ширээн дээрээс сэнжтэй шилэн аяга аваад миний толгой руу цохисон. Тэр үед би цохиулахаа мэдээд толгойгоо гараараа дарж хамгаалсан бөгөөд цохисон аяга нь миний зүүн гарын дунд хуруун дээр онож хуруу хугалсан. Ер нь би ийм асуудал болдог талаар хүүхдүүддээ хэлдэггүй, цагдаад хэлдэггүй, хүмүүсээс нууж явсан, өөрсдийнхөө нэр хүндийг бодоод нууж хаадаг байсан. ...” гэв /хх 28-29, 32, 33/,

гэрч П.Тамжидын “...Энэ 9 сараас эхлээд аав, ээж хоёр жаахан таарамжгүй болчихоод байгаа нь мэдрэгдээд байгаа.” /хх 36-37/, шинжээч эмч Ө.Шаарийбуу /хх 55/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “...Ю.Дгийн биед зүүн гарын 3 дугаар хурууны шивнүүр ясны хугарал, зулайн орой хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх шивнүүр ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 50-51/,

Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх 59-61/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх 3/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Ж.Пийг ахмад настан хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүгдэгч Ж.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Пид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэв.

Прокурор Э.Баасанбаяр “...Шүүгдэгч Ж.Пийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг бага насны эсрэг үйлдсэн үйлдлийг хохирогч Ю.Д мэдүүлсээр байтал шүүх шүүгдэгч Ж.П, насанд хүрээгүй хохирогч О.Э, тухайн үйлдлийг огт хараагүй гэрч Ж.Тамжид нарын мэдүүлгүүдээр тухайн үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн шийтгэх тогтоолын “Тодорхойлох" хэсэгт “шүүгдэгч Ж.Пийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг бага насны эсрэг үйлдсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж дурдсан атлаа анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт шүүгдэгч Ж.Пийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг бага насны эсрэг үйлдсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар огт дурдалгүй орхигдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Пийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ... тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн хамааралтай хүн болох зээ охин 4 настай Эг “зурагтын залгуур хөдөлгөлөө” гэх шалтгаанаар 2 хөлөөс нь бариад толгойг нь доош харуулан сэгсэрсэн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ” хэсэгт дээрх хэрэгсэхгүй болгосон үйлдлийн талаар дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсэгт заалт оруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасныг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

 Иймд прокурор Э.Баасанбаярын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

Багануур дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Жгийн Пийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ... тоотод орших өөрийн гэртээ гэр бүлийн хамааралтай хүн болох зээ охин 4 настай Эг “зурагтын залгуур хөдөлгөлөө” гэх шалтгаанаар 2 хөлөөс нь бариад толгойг нь доош харуулан сэгсэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Пид шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр байнга оршин суух ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ажил хийх зорилгоор зорчих үүргийг тус тус хүлээлгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Пид шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр байнга оршин суух ... тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргээс өөр газарт зорчихгүй байх үүргийг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Прокурор Э.Баасанбаярын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ