Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/шш2024/01804

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/01804

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн *******  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт *******ын *******  холбогдох

 

8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.*******т холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Миний бие Д.*******аас байрлалтай түц авахаар тохиролцож 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Уг өдрөө Д.******* над руу залгаад *******т автобусны буудал дээр тавьчихлаа, ирж түлхүүрээ аваарай гэж хэлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр яармагт заасан байрлалд очиход түц нь тэр байрандаа байгаагүй бөгөөд оронд нь өөр түц тавьсан байсан. Тэгээд ямар учиртайг нь мэдэхээр Д.*******ыг дуудахад Сонгинхайрхан дүүрэгт өөр байрлал санал болгосон. Энд тохижилтын ажил хийгдээд дууссан ачилт орохгүй гэж хэлээд 2024 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө дүүрэгт буулгаж өгсөн боловч 01 дүгээр сарын 15-ны өдөр хороо, дүүргээс хүмүүс ирж ачилт хийгдэх байршил гэж хэлсэн. Тухайн үед Д.*******ыг дуудаад түцээ авахаа болъё гэсэн боловч ирээгүй. Тэгээд тэр орой би бараагаа хураагаад Д.*******ын гэрт очиж өөрт нь түцний түлхүүрийг нь буцааж өгсөн. Маргааш нь түцийг нь ачаад журмын хашаа руу аваад явчихсан байсан. Д.******* нь мөнгөө хэд хоногийн дараа буцааж өгнө гэсэн боловч өгөхгүй, сүүлдээ утсаа огт авахаа больсон. 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Д.*******тай тааралдахдаа яг 1 сарын дараа өгье гэсэн боловч өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Д.*******аас 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.*******ын байрны таньдаг эгч н. нь гэрээс нь дуудаад зарах түц байна уу авъя гэсэн. Түц л зарсан. *******ийн 2 дугаар буудалд байрлалтай ажиллуулж байсан түцээ Б.*******д зарахаар болсон. Тэр орой түцний 8,000,000 төгрөгийг Д.*******ын эхнэрийн данс руу шилжүүлсэн байдаг. Түц гэдэг маань өөрөө жижиг байшин болохоос ямар нэгэн зөвшөөрөлтэй түц гэж хэлээгүй. Нэхэмжлэгч зөвшөөрөлтэй түц гэж яриад байгаа. Түцэнд зөвшөөрөл өгөхгүй сүүлийн 10 жил явж байгаа. Зөвшөөрөл өгөхгүй гэдгийг мэдэж байсан. *******ийн 2 дугаар буудалд ажиллаж байсан ч гэсэн нэхэмжлэгч өөрөө гэр нь дүүрэгт байдаг болохоор дүүрэгт газар хайж байрлуулъя гэсэн болохоор *******аас түцийг ачаад дүүргийн 32 дугаар байрны арын зам дагуу байрлуулаад ингээд наймаа дуусаад явсан. Үүнээс хойш түцний ашиг, орлого гайгүй байна гээд Д.*******т архи, чихэр хүртэл оруулж өгсөн байдаг. 7,8 сарын дараа энэ түцээ ав гээд Д.*******т түцний түлхүүрийг өгчихөөд явсан. Очоод түц байрлуулсан газар очиход түц байгаагүй. Үүнээс хойш чимээгүй байж байгаад 1 жилийн дараа 8,000,000 төгрөгөө авъя гэж нэхэмжлэл гаргасан байна. Иймээс хариуцагчийн хувьд түцээ хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* нь 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.*******т холбогдуулан гаргажээ

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах аман гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу *******ийн автобусны буудалд байршилтай ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-г худалдагч худалдан авагчийн өмчлөлд, худалдан авагч нь 8,000,000 төгрөгийг худалдагчид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагчаас 8,000,000 төгрөгийг хүлээн авсантай маргаагүй бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хаан банкаар хийгдсэн гүйлгээний утгыг харахад ******* түц худалдан авсан төлбөр гэж хийгдсэн байна. /х.х 5 тал/

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд уг эд хөрөнгийг жижиг худалдаа эрхлэх, үйл ажиллагаа явуулах зорилгоор худалдан авсан боловч зөвшөөрөлгүй, жижиг худалдаа хийх боломжгүй эд хөрөнгийг худалдсан, хариуцагч эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 8,000,000 төгрөгөө шаардсан нь үндэслэлтэй.

 

Учир нь хариуцагч нь эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч уг эд хөрөнгийг түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зорилгоор худалдан авсан болох нь талуудын тайлбар, төлбөр төлсөн баримтын гүйлгээний агуулгаар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч түргэн үйлчилгээний цэг ажиллуулах зорилгоор худалдан авсан эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах боломжгүй эрхийн доголдолтой байх тул 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 142,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******аас 8,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 142,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ