Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 352

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

           улсын яллагч Н.Уранбайгаль,

            шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Б.Ч-т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Х овогт Г. Ө-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2400 0316 дугаартай хэргийг хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 8-ны өдөр..., 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот..., урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Г-н Ө, РД:...

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ө нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 20 цаг 30 минутын орчим ... 31 дүгээр хороо Хүй 7 худгийн замд Хонда фит маркийн ...  УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60км, суурин газрын гаднах замд цагт 80км, тууш замд цагт 100км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож зорчигч Г.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:     

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлэн дүгнэхэд:     

Шүүгдэгч Г.Ө нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 20 цаг 30 минутын орчим ... 31 дүгээр хороо Хүй 7 худгийн замд Хонда фит маркийн ... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас иргэн Г.М-н бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:         

          - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “Хэргийн газар очиход асфалтан, уруу, өгсүүр, хуурай, суурингийн доторхи, үзэгдэх орчин хангалтгүй, зорчих хэсэг гэрэлтүүлэггүй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4-н эгнээгээр зорчдог, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй, 17.0 метрийн өргөнтэй замд Хонда фит маркийн автомашин замаас гарч онхолдон ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан байрлалтай зогсож байв. Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-4-9/       

          - жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-10/

           - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д:...2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн ...би нөхөр Г, өөрийн 3 хүүхэд, Э, Э, Э, ээж Ц, хойд аав Б, миний ээжийн бага дүүгийн хүүхэд болох Г.Ө нарын хамт Хонда фит маркийн ... УБТ улсын дугаартай автомашиныг Г.Ө өөрөө жолоодоод Улаанбаатар хот руу явсан. Хойд талын суудал дээр жолоочийн ар талд хойд аав Б, дунд нь манай ээж Ц, хажуу талд нь нөхөр Г, сууж явсан. Том охин Э аавынхаа өвөр дээр, дунд охин Э эмээ Цгийн өвөр дээр сууж явсан. Би бага охины хамт жолоочийн хажуу суудалд суугаад явж байсан. Орой 20 цаг 20 минутын орчим Хүй 7 худаг руу уруудах үед автомашин гэнэт дайвалзаад замын баруун гар талруугаа онхолдоод нэг удаа хөрвөөгөөд дөрвөн дугуйн дээрээ буусан. Тэгээд бид замын унаанд суугаад ГССҮТ-рүү явсан. Хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Жолооч талаас төлбөр тооцоог хийсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-20/      

          - төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар /хх-22-26/

          - гэрч Н.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 16 цагийн орчим ... Жолоочийн хажуу талд охин Д бага охин М-н хамт суусан. Бусад хүмүүс арын суудалд сууж явсан. Хүй 7 худгийн замд сууж явсан автомашин өгсөж яваад уруудах үед замын ховил дээгүүр ойгоод тэгээд замаас гарч, машин онхолдож дугуй дээрээ зогссон. Машин онхолдох үед машинаас унасан хүн байхгүй, бүгд машин дотроо байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Хөнгөн зэргийн гэмтэлтэй гарсан. Миний эмчилгээний зардлыг жолооч өгсөн. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-27-28/

          - гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумаас би эхнэр Ц, төрсөн охин Д, Дийн нөхөр Г, миний зээ 3 хүүхэд болох Э, Э, Э нар миний эхнэрийн дүүгийн нөхрийн хүүхэд Г.Ө нарын хамт Honda fit  маркийн ... УБТ улсын дугаартай Г.Өын эзэмшлийн жолоодож явсан автомашинд сууж Улаанбаатар руу гарсан...Би машины арын суудал дээр сууж байсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байсан болохоор юу болсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-30/

          -  гэрч Д.Г-мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн орчим ... Улаанбаатар хот орохоор явсан...осол болох үед би унтаж байсан...юунаас болж осол болсныг мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-32/,

          - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5505 дугаартай:...М-н биед зүүн хацрын зулгаралт зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн зулай яснаас сагитал заадас дайрсан шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай чамархай, хатуу хальсан доорхи цусан хураа, эдийн няцрал, тархины зөөлөн бүрхүүл, тенториумын доорхи тархмал цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-36/

          - техникийн шинжээчийн 220 дугаар “Хонда фит маркийн ... УБТ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Г.Ө нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”,  9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-60/             

          - шүүгдэгч Г.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн орчим ... Улаанбаатар хот орохоор өөрийн эзэмшлийн Хонда фит маркийн ... УБТ улсын дугаартай автомашинтай кабиндаа 4 том хүн, 3 бага насны хүүхэд нийт 7 зорчигчтой явж байсан. Тэгээд бид нар 20 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг хүй 7 худгийн замд баруунаасаа зүүн чиглэлтэй замын 1 дүгээр эгнээнд уруудаад явж байтал замын ховил дайрч түүн дээгүүр харайлгаад замын баруун гар тал руу онхолдсон. Би 80км/цагийн хурдтай явж байсан. Хохирогчийн эмчилгээний зардал 1.000.000 төгрөг төлсөн... гэх мэдүүлэг /хх-68-70/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

             Иймд шүүгдэгч Г.Ө-ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Н.Б-г тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй тул шүүгдэгч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнд холбогдох шинжээчийн дүгнэлт, гэрч, шинжээчийн мэдүүлэг зэргийг хууль ёсны гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч хохирогчийн төлөөлөгч С.Д-т 1.000.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /хх-85/ гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хохирогч, түүний төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй болно.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                

 

ТОГТООХ нь:       

 

            1. Шүүгдэгч Г.Өыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Өыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хохирогчоос нэхэмжлэл гаргасан тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.        

 

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч, түүний төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.  

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

 

            7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Г.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР