Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ДШМ/341

 

 

 

 

 

 

      2022          03            29                                          2022/ДШМ/341

                                               

Ч.А-ад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Галав,

хохирогч Ч.Г,

шүүгдэгч Ч.А,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/269 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Гын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Аад холбогдох 2106038370215 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Ч-ын А, 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “***” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Ч.А нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо *** баруун дэнжийн автобусны хойд талд байрлах дугуй засварын гадна маргаан, зодооныг салгахаар очсон Ч.Гын нүүр хэсэгт нь гараараа цохиж, баруун завжинд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овгийн Ч-ын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ааас 108.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Г //-Т олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: “Анхан шатны шүүхийн шийдвэрт хохирогч Ч.Г нь шүүгдэгч Ч.Аыг автомашиндаа суугаад зугтаахыг оролдсон үйлдлийг таслан зогсоохдоо бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг эсхүл зөрчил мөн эсэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарах эсэх талаар хууль зүйн дүгнэлт байхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэм хэрэгт тооцохгүй байхаар заасан бөгөөд гэмт этгээдийн оргон зугтаах үйлдлийг таслан зогсоох зорилгоор бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан Ч.Гын үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарах тул шүүх энэ талаар дүгнэлт гаргах ёстой гэж үзэж байна. Ял хөнгөдсөн тухай: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгож шийтгэсэн байна. Шүүгдэгчид торгох ял оногдуулснаар шүүгдэгчийн ухамсарт зан үйлд эерэгээр нөлөөлнө гэсэн үг биш юм. Мөн шүүгдэгч Ч.Аыг 900 нэгжийн торгох ялаар шийтгэсэн нь эрүүгийн хуулийн зорилго үзэл санаанд нийцээгүй гэж үзэхээр байна. Тэр тусмаа торгох ялаар оногдуулсан 900.000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн ухамсарт сэтгэхүй, санхүүгийн байдалд огтхон ч нөлөөлөхгүй, торгох ял оногдуулснаар энэ хүн нийгэмшиж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч ухамсарлана гэж байхгүй, харин ч хүн ухаан алдтал зодчихоод торгуулаад л өнгөрдөг юм байна гэсэн сэдлийг өгөхөөр байна гэж хохирогч Ч.Г би үзэж байгаа бөгөөд шүүгдэгчид биеэр эдлэх ял буюу нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх, шүүх эмнэлгийн шинжилгээг дахин хийлгэх тухай: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10408 дугаартай дүгнэлтэд: Ч.Гын биед баруун завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх бөгөөд дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн байсан. Гэтэл шүүгдэгч Ч.Аад ухаан алдатлаа цохиулснаас хойш толгой байнга өвдөж, хамраас их хэмжээний цус гарах болсон бөгөөд тодорхой хугацааны дараа тархи толгойд гэмтлийн хор нөлөө хожуу илрэх вий гэж айж байна. Прокурор шүүх эмнэлгийн явцуу дүгнэлтээр хэргийн мөрдөн байцаах ажиллагааг явуулж, анхан шатны шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул шүүх эмнэлгийн шинжилгээг дахин хийлгэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ч.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг эцсийн байдлаар шийдвэрлэгдсэний дараа хохирлыг төлөх юм байна гэж ойлгосон. 108.000 төгрөгийг би төлнө. Хохирогч өмнө нь өвчтэй байсан талаар дүүгээсээ сонссон. Миний үйлдлээс болж үүссэн гэмтлээ эмчлүүлсэн бол төлбөрийг төлнө. Миний хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл болохоор гэрч нар мэдүүлгүүдээ зөрүүтэй өгсөн. Намайг л эхэлж дайрсан, зодсон мэтээр мэдүүлэг өгсөн байдаг. Би хохирогчийг зүгээр байхад нь цохиогүй. Би дүүгээ л очиж авах гэж очсон. Би хүргэнтэйгээ зодолдоогүй байхад зодооныг эхлүүлсэн хүн хохирогч өөрөө байдаг. Миний машины шилийг хүртэл хагалсан” гэв.

 Прокурор Л.Галав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Ч.Г оролцсон. Эмчилгээ хийлгэсэн талаарх ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Иймд хохирогч Ч.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан штаны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.А нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын баруун дэнжийн автобусны хойд талд байрлах дугуй засварын гадна маргаан, зодооныг салгахаар очсон Ч.Гын нүүр хэсэгт нь гараараа цохиж, баруун завжинд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Гын “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, баруун дэнжийн автобусны хойд талд байх дугуй засвартаа ажлаа хийгээд байж байхад гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад очтол зүс таних Лхагваа ахыг А унагаасан. Тэгээд Ванчинсүрэн ах бид 2 яаж байгаа хүүхэд вэ гээд очтол А Ванчинсүрэн ахын нүүр рүү цохиод унагаасан. Би очиход А хүргэн Цэдэндамбатай зууралдаад байж байхад Ванчинсүрэн ах Аад хандан “цагдаа дуудсан байгаа, чи байж бай” гэхэд А машинаасаа бууж ирээд миний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Би тэр дороо ухаан алдаад газар унасан...” /хх 18-23/,

гэрч М.В-ийн “...Г гарч ирээд саарал хүрэмтэй залууд хандан “чи хөгшин настай хүмүүсийг яахаараа цохиж зоддог юм” гээд байж байтал, саарал хүрэмтэй залуу машиндаа суугаад явах гэхээр нь Г явуулахгүй гээд хаалгыг нь татахад саарал хүрэмтэй залуу бууж ирээд Гын нүүр рүү нь гараараа 1 удаа цохиход Г газар унасан. Г хэсэг хугацаанд ухаан алдсан...” /хх 27-29/,

гэрч У.Ц-н “...дугуй засварын Г ах чи яахаараа хөгшин хүн рүү дайрдаг юм гээд зууралдаад авсан чинь А Гын нүүр рүү нь цохисон чинь Г ах ухаан алдаад уначихсан...” /хх 41-43/,

“Ч.Гын биед баруун завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Ч.Гын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг гарсан гэх хугацаанд үүсэн шинэ гэмтэл байна”  гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10408 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 52-53/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ч.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Ч.Аын Ч.Гын нүүр хэсэгт нь гараараа цохиж, баруун завжинд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Аыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн  нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Хохирогч Ч.Гын “...анхан шатны шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул шүүх эмнэлгийн шинжилгээг дахин хийлгэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Шинжээчийн дүгнэлт бол шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг бөгөөд шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгддэг учиртай.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10408 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 52-53/-ээр хохирогч Ч.Гын биед баруун завжинд язарсан шарх гэмтэл тогтоогдсон, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд энэ шинжээчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, өөр бусад хүчин зүйлийн үйлчлэлээр Ч.Гын биед хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ч.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ялыг шүүх сонгож хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн ба ял хөнгөдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн шийтгэх тогтоолд хохирогч Ч.Гыг хөнгөн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Гын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/269 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.МЯГМАРЖАВ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ