Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
Хэргийн индекс | 183/2024/01296/И |
Дугаар | 183/шш2024/01805 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/шш2024/01805
2024 оны 04 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/01805 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* ХХК холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорх*******ж байна.
Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр ******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд 23,780,000 төгрөг болон төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 5,945,000 төгрөг нийт 29,725,000 төгрөгийг "******* Энд Сервис" ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн. Талууд давж заалдах журмаар гомдол гаргаж улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай магадлалаар ******* ******* ******* ХХК-иас 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дугаартай "Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд 23,780,000 төгрөг болон төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 11,890,000.00 төгрөг нийт 35,670,000.00 төгрөгийг ******* ******* ******* ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн. Мөн талууд хяналтын журмаар гомдол гаргаагүй тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарсан. Дээр дурдсан ******* ******* ХХК болон ******* ******* ******* ХХК нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан дугаартай "Газрын тосны бүтэгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн дөрвөн өрөө аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу ******* ******* ХХК барьцаанд авсан. Иймд ******* ******* ХХК болон ******* ******* ******* ХХК нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийн гүйцэтгэл буюу нийт 35,670,000 төгрөгийг ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар сайн дураараа биелүүлэхгүй байх тул 90 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн дугаартай дөрвөн өрөө аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай зүгээс ******* ******* ХХК-тай хийсэн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн дээр маргаагүй. Ерөнхийдөө бол шууд гүйцэтгэх хуудас бичүүлсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шат дарааллын дагуу явагдах ёстой гэж бидний хувьд үзэж байгаа. Бид ямар нэгэн байдлаар шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдсэнийг ч бараг мэдээгүй хүмүүс сууж байна. Тэгээд гүйцэтгэх захирал ******* гэдэг хүний хувьд ойрд биеийн байдал маш тааруу учраас гүйцэтгэх хуудас очоогүй байх бас магадлалтай. Тэгэхээр манай компанийг яагаад төлбөрийн чадваргүй гэж үзэж байгаа юм. Тэр талаараа нэхэмжлэгч тайлбар хэлнэ үү. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна, гэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.26-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.26-ны өдрийн дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.30-ны өдрийн дугаартай магадлал, 2021.06.16-ны өдрийн 583 дугаартай Үйлчлүүлэгчийн боловсруулсан баримт бичгийг гэрчилсэн тэмдэглэл, 2021.06.16-ны өдрийн дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2021.06.16-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргаж байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
******* ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 22,000 литр дизель түлшийг нэгж тутам 1,990 төгрөгөөр тооцон нийт 43,780,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ. /х.х 19-24 тал/
Дээрх дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 4 өрөө аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 25-30 тал/
2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч ******* ******* ******* ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар магадлалыг сайн дураар биелүүлээгүй болох нь тус шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдож, төлбөр төлөгч болсон байна.
Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж зааснаар нэхэмжлэгч барьцааны гэрээний дагуу шаардах эрхтэй бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны гэрээ байна.
Иймд дээрх үндэслэлээр 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг 4 өрөө аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр хангуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 158.1-т заасныг тус тус баримтлан 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг 4 өрөө аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр хангуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ