Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 02012

 

С.С-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01666 дугаар шийдвэртэй, С.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б-, З.Э- нарт холбогдох,

гэрээний үүрэгт 2 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч З.Э-, хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч нартай утсаар ярьснаар Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны засварын ажлыг 1 сарын хугацаатай, 2 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцож, мөн өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажилласан. Ажлын хөлсийг анх 2 500 000 төгрөгөөр тохирсон боловч 500 000 төгрөгийн талаар нотлох баримт баримт байхгүй, үүнээс 460 000 төгрөг биш 400 000 төгрөг ажлын хөлсөнд авсан. Нэхэмжлэгч 7 өрөөний засвар хийсэн, хариуцагч нар 5 өрөөний засвар хийсэн боловч чанаргүй гээд нураасан гэсэн нь нотлох баримтгүй. Хариуцагч нар “Эм Ти Эм Жи” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дээрх ажлыг хэдэн хүмүүс авч ажиллуулан хийлгэсэн байдаг. Ямар үндэслэлээр ажил нь чанаргүй болж нураагдсан гэдгийг мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг хасч, 1 600 000 төгрөгийг хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт нэхэмжилж байна гэжээ.

 Хариуцагч нар тайлбартаа: Бид “Эм Ти Эм Жи” ХХК-тай гэрээ байгуулж Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны 1, 2 дугаар давхрын засварын ажлыг хийхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч С.С-тай утсаар ярьж энэ ажилд ажиллуулах болсон. Нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ажил эхлээгүй, 11-ний өдрөөс 29-ний өдөр дуустал ажилласан. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас болж хариуцагч Д.Б-тэй муудалцан, түүний хамар, толгой, нүүрэн тус газарт нь цохиж гэмтээсэн учир 30-ны өдөр ажил хийгээгүй. 5 өрөөний засвар болох обой наах, дүүжин тааз, паркетан шал, явган хана хийх, хаалга угсрах, цонхны хуванцар тавцан суулгах зэрэг ажлуудыг хийхэд оролцсон. 2 өрөөний ажлыг А.Төгсбаяр бид 3 хийснээр хүлээлгэн өгсөн. Бид 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилласан боловч компани бидний ажлыг зогсоосон. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас ажил чанаргүй болсон гээд өөр компаниар хийлгэх болсон. Бидний хийсэн өрөөнүүдийн засварыг чанаргүй хийсэн гээд буулгаж нураасан. Нэхэмжлэгчтэй ажлаа бүрэн дуусгаад 2 000 000 төгрөг өгнө гэж тохирсон болохоос 2 500 000 төгрөг гэж тохироогүй. Түүнд ажлын хөлс нийт 460 000 төгрөг төлсөн. Гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохирсон. Компаниас 7 өрөөний засварт 6 545 000 төгрөг өгснийг ажилласан хүмүүст хувааж өгсөн. С.С- ажлаа дуусгалгүй орхиж явсан, ажил доголдолтой чанаргүй болсон гэж нураагдаж буцаагдсан байхад ажил хийгээгүй хүнд хөлс өгөхгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Э-, Д.Б- нараас 781 817 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 318 183 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 22 774 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.Нэхэмжлэгч нь З.Э-гийн бүрдүүлсэн ажлын багт хамтран ажил гүйцэтгэх талаар хэлэлцэж тохирсон нь үнэн. Бидний ажилласан барилга засварын “Эм Ти Эм Жи” ХХК нь Дорноговь аймгийн ЗДТГ-тай гэрээ байгуулж, тус тамгын газрын өрөөг засах болсон. Ингээд тодорхой хэмжээний засвар, тохижилтын ажил гүйцэтгэж байтал 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тус аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг ажил хэрхэн явагдаж байгаад дүгнэлт өгөх талаар хурал хийж, “Эм Ти Эм Жи” ХХК-ийн засварын ажлыг зогсоож, гэрээг цуцалсан.Иймд ажлын баг тарсан, С.С- бид нар ижил үүрэг хүлээсэн засварын ажилчид. Түүнээс нэхэмжлэгчид ямар нэгэн давуу эрх олгоогүйг шүүх анхаараагүй, хариуцагч нарын тайлбарыг сонсоогүй, шийдвэрийг нэг талыг баримталж гаргасан. Бидний ажлыг дүнэсэн хурлын албан протоколд тодорхой байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч С.С- нь хариуцагч Д.Б-, З.Э- нарт холбогдуулан ажлын хөлс 2 100 000 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх62-63/, хариуцагч талын хүсэлтээр асуугдсан гэрч А.Төгсбаярын мэдүүлэг /хх65-66/ зэргийг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч С.С- нь хариуцагч нартай Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд хийх барилгын засварын ажилд оролцож, 1 сарын хугацаанд 2 000 000 төгрөгийн хөлс авахаар тохиролцон 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл ажилласан нь тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнээд хариуцагч нар нь С.С-т түүний ажилласан 13 хоногт төлвөл зохих хөлс буюу 1 181 817 төгрөгөөс нэхэмжлэгчийн урьдчилан авсан 400 000 төгрөгийг хасч, нийт 781 817 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв тодорхойлж, эрх зүйн харилцааг хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн гэж үзнэ.   

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, давж заалдах гомдлын үндэслэлээ, нэхэмжлэгч нь ажлыг дуусгаагүй орхисон, хамт хийж гүйцэтгэсэн 5 өрөөний засварын ажил доголдолтойн улмаас нураагдаж гэрээ цуцлагдсан, түүний ажилласан хугацааны хөлсөнд 460 000 төгрөг төлсөн, шүүх талуудыг ижил үүрэг хүлээсэн ажилчид болохыг анхаараагүй гэж тайлбарлаж байна.

 

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч хариуцагч нар нь нэхэмжлэгчид ажлын хөлс 2 000 000 төгрөг өгөх, нэхэмжлэгч нь тэдний заасан хугацаанд зохих ажлыг хийж гүйцэтгэх үүрэг тус тус хүлээсэн байх тул “ижил үүрэг хүлээсэн ажилчид” гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй байна.  

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн гүйцэтгэхээр тохирсон болон гүйцэтгэсэн ажлын хэмжээ, хийгдээгүй орхигдсон буюу доголдолтой хийсэн ажлын хэмжээ зэргийг хариуцагч тал баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсанаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2019/01666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                         Т.ТУЯА