Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/18

 

 

Н.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

           Прокурор: Г.Г,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.М /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/34 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн дээд шатны прокурор С.Ц-ийн эсэргүүцлээр шүүгдэгч Н.Мд холбогдох 2119000000101 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Д овгийн Н-ийн М

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.М нь 2020 оны 10 дугаар сард өөрийн оршин суудаг газар болох Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын * дугаар баг, *** гэх газарт 2020 оны 07 дугаар сард О.И-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унаж ирээд орхиод явсан хохирогч Б.Г-ны эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоциклийг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Б.Г-д 850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Н-ийн М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Б.Г-ны 250000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар Б.Г нь эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээс хохирлоо нөхөн төлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Хэрэгт эд баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор С.Ц эсэргүүцэлдээ: “...1. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан яллах талын болон хавтаст хэргийн 27-29, 146-150, 183-184, 200-201 дүгээр хуудаст авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, үнэлгээ тогтоох боломжгүй талаарх албан бичиг, мөн хэргийн 135-145, 65-69 дүгээр хуудаст байгаа хохирогч Б.Г-ны мэдүүлэг зэргийг шинжлэн судалсан талаар дурдаж, “дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв” гэж дурдсан атлаа шийдвэрт “хохирлын үнэлгээний талаар зөрүүтэй дүгнэлтүүд авагдсан, дүгнэлтүүдийг хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримт гэж үзээгүй болно” гэх өмнөхөөс илт зөрүүтэй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт тодорхойгүй болжээ.

2. Шүүхийн цагаатгах тогтоолын 5-6 дахь талд шүүх Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлж дүгнэн, улмаар “...мотоцикл бусдын буюу хэн нэгний өмчлөл, эзэмшилд байгааг Н.М мэдэж байсан, гээгдэл эд хөрөнгө болох нь тогтоогдож байна гэж үзлээ”, “...М-н мөрдөн шалгах ажиллагаанд удаа дараа өгсөн мэдүүлэг нь гэрч Б.Ү-, С.Ч, Д.М нарын мэдүүлгээр давхар нотлогдож, бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж ямар нэгэн үнэ хөлсгүйгээр шилжүүлж захиран зарцуулснаар “гэмт хэрэг” төгссөн гэж үзэх үндэслэлтэй” гэх дүгнэлтүүдийг хийсэн атлаа “хохирогчийн үнэлгээгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гол шинжийг хангахгүй байна гэж шүүх дүгнэлээ” гэх ойлгомжгүй дүгнэлтийг хийж, хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний аль шинжийг хангахгүй байгаа нь тодорхойгүй байна.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна. Мөн шүүх хохирогч Б.Г-ны “өөрийн мотоциклыг 250000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлгийг үнэн зөвд тооцож, хэргийг хянах шийдвэрлэсэн талаар дүгнэсэн боловч хавтаст хэрэгт хохирогчоор Б.Г-ны: “...Би мотоциклоо 1000000 төгрөгөөр үнэлж байна” /хх-ийн 6-7, 45-47 дугаар хуудаст/ гэх мэдүүлгийг үндэслэн үгүйсгэсэн, няцаасан дүгнэлт хийгээгүй ба хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийж чадаагүй байна.

Шүүх дээрх байдлаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөрүүтэй үнэлж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т: “...улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” заасантай нийцээгүй, шүүх хэт нэг талыг баримтлан, хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг дутуу дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан: “Шүүх, прокурор, мөрдөгч нь ...нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэх заалтыг зөрчжээ.

3. Шүүх хохирогч Б.Г-ны “...2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр... шүүх хуралд орох өглөө М нь өмгөөлөгчтэйгөө шүүхийн гадаа надтай уулзаж ...чи И гэх хүнээс бэлгэнд авсан гэж хэлээрэй, харин тэгж хэлбэл би хохирол мөнгийг чинь бүрэн барагдуулж өгнө... гэж хэлсэн. Тэгээд би 2020 онд И ахаас бэлгэнд авсан гэж хэлсэн, мөн дараагийн удаа И ахаас 2000000 төгрөгийн өрөнд авсан гэж хэлсэн. Би хуулийн мэдлэг дутаа болохоор болдог юм болов уу гэж бодоод М-н хэлснийг хэлсэн...” гэх бусдын нөлөөнд автаж өгсөн мэдүүлэгт ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, мөн хохирогчийн өөрт учирсан хохирлын үнэлгээг эрс багасгаж, түүнээс гарах хууль зүйн үр дагаврыг бүрэн ойлгоогүй өгсөн мэдүүлгийн “мотоциклоо 250000 төгрөгөөр үнэлж байна” гэх хэсгийг авч, түүнийг дангаар нь үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит  байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл болно.

Шүүхээс шүүгдэгч Н.М нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж гэрч Б.Ү-д ямар нэгэн үнэ хөлсгүйгээр шилжүүлж захиран зарцуулсан нь нотлогдож, гэмт хэрэг төгссөн гэж дүгнэсэн боловч хохирогч Б.Г-ны нэхэмжилсэн 250000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээдээс хохирлоо нөхөн төлүүлэхээр иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад нийцэж байх боловч үүний цаана хохирогчийн зөрчигдсөн эрх нөхөн сэргээгдээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй байгаад дүгнэлт хийгээгүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн ажиллагаанд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Н.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж, хохирогчийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх ажиллагааг орхигдуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэв.

5. Шүүхээс Н.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатган шийдвэрлэхдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан үүргээ биелүүлээгүй...” гэж дурдсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон эсэх асуудал бөгөөд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж нотлоогүй нь шүүгдэгчийн хийсэн үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэх, түүнд ял завшуулах үндэслэл болохгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гаргасан дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дагаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/34 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.

 

Прокурор Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтууд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дүгнэж үзэх юм бол агуулгын хувьд нэгт “Ашид-Билгүүн” ХХК-с гаргасан мотоциклийн үнэлгээ нь 950 000 төгрөг байдаг. “Хас үнэлгээ” ХХК-с гаргасан мотоциклийн үнэлгээ нь 100 000 төгрөг байдаг. Энэ хоёр үнэлгээний эргэлзээг гаргахаар хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудсанд авагдсан мотоциклийн үнэлгээг 850 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байгаа. Энэ шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэх байтал хохирогчийн мэдүүлэг дотроос зөвхөн мотоциклийг 250 000 төгрөгөөр үнэлж байна гэсэн хэсгийг л авч хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт хохирогч Б.Г нь шүүгдэгч Н.М түүний өмгөөлөгч нарын зааж өгсөн мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн талаар хавтаст хэргийн 178-179 дүгээр талд тодорхой мэдүүлэг өгсөн байдаг. Түүнд шүүхээс дүгнэлт хийгээгүй. Зөвхөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгч байгаа мотоциклийн үнэлгээгээ 250 000 төгрөг болгож бууруулсан гэдэг тэрхэн хэсгийг л авч үнэлэлт дүгнэлт хийгээд байгаа болохоос биш анх мотоциклоо алдчихлаа гэдэг гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргаад хохирогчоор өгсөн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлэг дээр мотоциклоо 1 000 000 төгрөгөөр үнэлнэ гэсэн байдаг. Энэ нь хэний ч нөлөөнд автаагүй өгсөн анхны мэдүүлэг. Энэ 2 мэдүүлэгт шүүхээс ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Бусад нотлох баримтаар Н.М-г гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ нь төгссөн гэмт хэрэг байна. Цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байна гэж шүүх дүгнээд байгаа боловч энэ хэсгийг нь орхигдуулсан нь зөв шийдвэр болоогүй гэж үзэх үндэслэл бий болж байна. Ингэсний эцэст зөвхөн шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй. Үүний цаана хохирогчийн зөрчигдсөн эрх хэвээр үлдэж байгаа. Хохирогч яагаад эрх нь зөрчигдсөн юм гэхээр нэгдүгээрт мотоциклоо бусдад завшуулсан. Хоёрдугаарт бусдын нөлөөнд автаж төөрөгдөлд орж хууль зүйн үр дагаврыг мэдэхгүйгээсээ болж шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн. Надад ашигтай мэдүүлэг өгвөл чиний хохирлыг төлж өгнө гэсэн үгэнд нь төөрөгдөлд орсон үүнд нь дүгнэлт өгөөгүй шүүхийн шийдвэр гарсан нь хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй хэвээр үлдэж байгаа. Эцэст нь эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар Н.М-н гэм бурууг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаа юм бол хохирогчийн зөрчигдсөн эрхийг орхиж шүүгдэгчид ашигтай байдлаар энэ хэргийг шийдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хуульд заасан шаардлагуудад нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 5/94 дүгээр яллах дүгнэлтийн үндэслэл болсон “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээ байгаа. Энэ гарсан дүгнэлтийг хуульд заасан шаардлага хангахгүй байна гэж үзээд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар хууль бус гэдгийг нь тогтоосон энэ захирамж хүчин төгөлдөр байгаа. Уг захирамжаар “Хас үнэлгээ” ХХК-г шинжээчээр томилж, шүүхээс асуулт тавьсан байдаг. Асуултаар хохирогчийн мэдүүлгийг үндэслээд Даюун маркийн мотоциклын урд дугуй олгой нөхөөстэй, орос мотоциклийг үрүүлийг сольж хийсэн гэсэн байдаг. Гэтэл шинжээч “Хас үнэлгээ” ХХК нь шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн үнэлгээ хийх боломжгүй гэж мэдүүлсэн байдаг. Шүүхээс мотоциклийн үнэлгээ буруу гарсан гэж хэргийг буцаасан. Үүний дараа нэмэлт шинжээч томилж шинжилгээ гаргахдаа “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчийг томилсон. Ингэхдээ уг мотоциклийн зургийг фото зураг болгон шинжээчид хүргүүлсэн байдаг. “Хас үнэлгээ” ХХК нь тухайн мотоцикл нь 100 000 төгрөгийн үнэлгээтэй гэж үнэлсэн дүгнэлт гаргасан. Уг шинжээчийн дүгнэлтийг хохирогчид танилцуулсан баримт хавтаст хэрэгт байдаг. Энэ талаар ямар нэгэн санал гомдол байхгүй гэж бичсэн байдаг. Мөн мөрдөгч 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш ямар ч ажиллагаа хийгээгүй байдаг. Мөрдөн байцаалтын хугацаа 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын хугацаа дуусаж байхад нэмэлт шинжээч томилж шинжилгээ гаргасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд нэмэлт шинжилгээ хийхээр заасан. Гэтэл мөрдөгчөөс хуульд заасан яг ямар үндэслэлээр энэ “Хас үнэлгээ” ХХК-ийн томилсон нь тодорхойгүй бүрэн бус эсхүл ямар шинэ нөхцөл байдал бий болсон гэж үзээд дахин шинжээч томилсон юм тодорхойгүй. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн бодит байдлыг тогтоох гэж байгаа. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн байдаг. Тэгэхээр энэ шүүх хуралдаанд хохирогч удаа дараа би энэ мэдүүлгээ өгсөн, хэн нэгэн надад нөлөөлөөгүй гэсэн байдаг. Тэгэхээр миний хувьд хохирогчтой уулзсан тохиолдол байхгүй. Цахимаар хуралдаа оролцдог. Ингээд үндэслэлгүй зүйл хэлээд байгаад нь эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Прокурор гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгаагүй гээд байна. Гэтэл энэ тухай шүүхийн тогтоолд байгаа шүү дээ. Хохирогч хохирлоо хэдийд ч нэхэмжлэх эрхтэй гээд эрх нь нээлттэй байж байгаа. хохирогч өөрөө энэ талаараа гомдол гаргаагүй байгаа. Гэтэл прокуророос ийм үндэслэлээр эсэргүүцээд байгаа нь үндэслэлгүй юм аа. Эцэст нь прокурорын эсэргүүцлийн хамгийн ноцтой нь Эрүүгийн хэрхэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шинжлэн судлаагүй. Шүүгдэгчийн хийсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэх түүнд ял завшуулах үндэслэл болохгүй гэж байна. Үүнийг ойлгохгүй байна. Яагаад гэхээр прокурор өөрөө хэлэлцүүлэгтээ нотолбол зохих байдал нотлогдлоо гээд шүүхэд шилжүүлсэн байгаа. Гэтэл прокурорын эсэргүүцэл бичээд байгаа санаа нь дахиад гэмт хэргийн шинжийн нөхцөлд боломж олгооч гээд мөрдөгч прокурор зөвхөн яллах талын баримтыг бүрдүүлж шүүхэд шилжүүлсэн шүү дээ. Хохирогчийн хэлж байгаа таалагдахгүй байгаа. Мотоциклоо 1 200 000 төгрөгөөр худалдаж авсан. Айлын гадаа 900 000 төгрөг, 850 000 төгрөгөөр үнэлэхүйц эд хөрөнгө байсан юм уу? энэ нь ямар баримтаар тогтоогдоод байгаа юм. Харин ч хэрэгт авагдсан нөхцөл байдлуудыг нь дүгнээд үзэхээр тийм 900 000, 850 000 төгрөгөөр үнэлэхээр мотоцикл айлын гадаа байсан бол түүнийг зарахын оронд яагаад зөвхөн кропийг нь л аваад тавьсан юм. Үүнээс дүгнээд үзэхээр мотоцикл нь үнэлсэн үнэлгээдээ хэр тохирч байна. Хохирлын хэмжээ нь гэмт  хэргийн шинзжийг хангахгүй байхад ял завшууллаа гэдэг зүйл яриад байгааг үндэслэлгүй гэж харж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Хохирогчид шүүх хуралдааны танхимд өөрийн амаар мэдүүлэг өгөхдөө 250 000 төгрөг гэж өөрийн хохирлоо тодорхойлсон. Иймд шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнэсэн гэж үзэж байна. Эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын Ерөнхий  прокурор С.Цэрэнсамбуугийн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос  шүүгдэгч Н.М-г 2020 оны 10 дугаар сард өөрийн оршин суудаг газар болох Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын * дугаар баг, *** гэх газарт 2020 оны 07 дугаар сард О.И-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унаж ирээд орхиод явсан хохирогч Б.Г-ны эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоциклийг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Б.Г-д 850000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “...гээгдэл эд хөрөнгө ... ийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ...” гэмт  хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд  шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч  Н.М-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн нэг гол шинжийг “...бага хэмжээнээс дээш ...” гэж хохирлын хэмжээг заасан бөгөөд анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон нотлох баримтыг “ ... хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй ба шүүхийн шийдвэр үндэслэл болох нотлох баримт ...” гэж үзээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шалгаж, үнэлэх журамд нийцсэн гэж үзэв.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор, мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж зааснаас үзэхэд бага хэмжээний хохирол  нь 300000 /гурван зуун мянга/ төгрөг, түүнээс доош байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5- дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... бага хэмжээнээс дээш ...” гэдэг нь 300000 төгрөг түүнээс дээш байхаар ойлгогдож байна.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан энэ талаарх нотлох баримтуудыг авч үзвэл:

 

  1. Шинжээчийн дүгнэлт /2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-821/1276 дугаар ”Ашид билгүүн” ХХК/-ээр /1хх 27-29/ 2019 оны Даюун маркийн мотоциклийг 2020 оны 07 дугаар сарын байдлаар 950000 төгрөгөөр үнэлсэн байх боловч уг дүгнэлтэд үнэлгээний хандлага, арга, зүй, мэдээллийн эх сурвалж, үнэлгээний зүйлийн шинж байдлын талаар дүгнэхдээ “...хуучин утасны талаар судалгааны материалд үндэслэсэн...” талаар заасан, мөн дүгнэлтийн үнэлгээний хариуцлага хязгаарлах нөхцөл, нийцэлтийн мэдэгдэл хэсэгт үнэлгээг ... үнэлгээчин Ч.Жн ... гүйцэтгэсэн гэсэн атлаа үнэлгээчин Б.Ш дүгнэлт гаргаж гарын үсэг зурсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 18.1.4, 18.1.6-д тус тус заасан шинжилгээ хийсэн шинжээчийн талаарх мэдээлэл, шинжилгээний обьектын талаарх мэдээлэл нь зөрүүтэй,  дүгнэлтэд үнэн зөв бодитой тусгаагүй,
  2. Шинжээчийн дүгнэлт /2021 оны 10 дугаар сарын 01 №315 “Хас үнэлгээ” ХХК/-ээр /1хх 184-185/ Даюун маркийн мотоциклийг 2020 оны 07 дугаар сарын байдлаар 100000 төгрөгөөр үнэлсэн ба мөрдөгч шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоолоо нэмэлт шинжилгээ хийлгэх гэж заасан атал уг тогтоолын агуулгад нэмэлт шинжилгээ хийлгэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т тус тус  заасан “... шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл  байдал бий болсон ...” гэх үндэслэлүүдээс дурдаж заагаагүйгээс уг шинжилгээг нэмэлт гэж тодорхойлох боломжгүй болсон,
  3. Шинжээчийн дүгнэлт /2021 оны 12 дугаар сарын 15 №01/88 “Хөрөнгө эстимэйт” ХХК/-ийн дүгнэлтээр /1хх 200/ Даюун маркийн мотоциклийг 2020 оны 07 дугаар сард архивт бүртгэгдсэн байдал, цахим хуудас дахь  мэдээ мэдээллүүд зэргээс үндэслэн 850000 төгрөгөөр үнэлсэн ба энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалд бүрэн нийцээгүйн гадна Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2-т заасан “шинжилгээний обьект нь эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх” шаардлагыг хангасан эсэх нь тодорхойгүй, мөрдөгч тогтоолдоо шинжилгээний обьектод юу шилжүүлсэн талаар болон шилжүүлэх боломжгүй талаар дурдаагүй, мөн мөрдөгч шинжээч томилсон тогтоолоо нэмэлт шинжилгээ хийлгэх гэсэн атлаа тогтоолд энэ талаарх хуульд заасан үндэслэлийг заагаагүй байна.

 

Иймээс анхан шатны шүүх эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүйгээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэх боломжгүй гэж үзсэн нь нотлох баримтыг шалгаж, үнэлэх журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн хохирогч Б.Г гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад мотоциклийг 1000000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд 250000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилсэн байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, иргэний нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

 

Учир нь иргэний нэхэмжлэл гаргах эрх нь эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эсэхийг өөрөө шийдвэрлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд үндэслэгддэг бөгөөд энэ утгаараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах нь түүний энэ эрхэд хамаарахын зэрэгцээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзнэ.

 

Харин хохирлын хэмжээ гэдэгт Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой орлогыг хамааруулж үзэх бөгөөд ийнхүү хохирлын буюу гэм хорыг арилгах хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтооно.

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад ийнхүү хохирлын хэмжээг тогтоохдоо нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5, 16.14 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөний гадна мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлээгүйгээс дээрх хохирлын хэмжээг тогтоох зорилготой нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр энэ үндэслэлээр буюу “... мотоциклийн үнэлгээг бодитой тогтоох ...” оор хэргийг прокурорт буцаасан боловч мөрдөгч шинжээч томилж, шинжилгээ хийлгэхдээ хуульд заасан журмыг баримтлаагүй,  дахин шинжилгээ хийлгэх нөхцөл үндэслэл байсан эсэхийг нягтлалгүй,  шинжилгээ хийлгэх шаардлага, зорилгыг тодорхойлоогүйгээр нэмэлт шинжилгээ хийлгэхээр тогтоол гаргасан ба одоо дахин энэхүү үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй болно.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог тул хохирлын хэмжээг хохирогчийн иргэний нэхэмжлэлд үндэслэн дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т заасан хохирол, гэм хорын хэмжээг тодорхойлох зарчимд нийцсэний гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13, 14, 15, 16.3 дугаар зүйлийн 9-д тус тус заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Н.М-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/34 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны  прокурор С.Ц-ийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БАТЧИМЭГ