Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 141/ШШ2024/00066

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж, шүүгч Б.Уртнасан, Ш.Одонзул нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Баасанжав,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А /цахим/,

Иргэдийн төлөөлөгч В.Р,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч оршин суух хаягтай Б овогт Б С холбогдох төрд учруулсан хохирол 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар *******ыг, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/02 дугаартай Ц.Д тушаалаар тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. С.Д, Ц.Д нар нь шүүхэд Завхан аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.С 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01, Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, программ хангамж, сүлжээ хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгөхийг хүссэн нэхэмжлэлийг гаргасан байна. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 289 дугаартай захирамжаар С.Д, Ц.Д, хариуцагч байгууллагын төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь С.Д 3,500,000 төгрөг, Ц.Дашзэвэгт 3,000,000 төгрөгийг өгөх, нэхэмжлэгч *******, Ц.Дашзэвэг нар нь ажилдаа эргэн орохгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхгүйгээр эвлэрсэн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Б ирүүлсэн албан бичигт“...хууль бус шийдвэр гаргаж, албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.С дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэх ажиллагаанд прокурор оролцож өгнө үү” гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор нь нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд Б.С нь хууль бус шийдвэр гаргасны улмаас төрийн ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт программ хангамж сүлжээ, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан С.Д, жолоочоор ажиллаж байсан Ц.Д нарыг ажлаас чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасан Б.С 6,500,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулж өгнө үү. Б.С нь үндэслэлгүй халсны улмаас талуудтай эвлэрсэн байна. Хүнс, хөдөө аж ахуй газрын дараагийн дарга Б нь шүүхэд нэхэмжлэл өгснөө нэхэмжлэлээсээ татгалзсан. Татгалзсан захирамж нь дахин нэхэмжлэл гаргахыг үгүйсгэсэн баримт биш учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Завхан аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд 2020 оны 02 сарын 08-ны өдөр Б.С төсөвт учруулсан хохирол 6,500,000 төгрөгийг буцаан төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 110 дугаартай шүүгчийн захирамжаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1.6-д “нэхэмжлэлд дурдсан үйд баримт, зохигчийн гэр буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан байдаг. Мөн яамнаас өгсөн чиглэл, шинэчилсэн бүтцээр ажилласан бөгөөд яамнаас өгсөн чиглэл удирдлагын дагуу цомхотголд хамруулсан. Тухайн хариуцагч нь төрийн жинхэнэ албан хаагч байсан. Төрийн албаны тухай хуульд зааснаар шийдвэрлэх ёстой. Хууль бус шийдвэр гаргасан нь буруутай албан тушаалтнаар төлүүлнэ гэж зохицуулсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон нь заавал биелэгдэх шинжтэй. Энэ хэрэгт буруутай гэж тогтоогдсон баримт байхгүй. Шүүхийн тухай хуульд шүүхийн шийдвэрээр буруутай нь тогтоогдсон хүнээс гаргуулна гэж заасан. Хавтаст хэрэгт буруутай нь тогтоогдсон шүүхийн шийдвэр байхгүй. Хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд магадлал, тогтоолоор тогтоогдсон байх ёстой. Ийм шийдвэр хэрэгт байхгүй. Тийм учраас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон гэж үзэж байгаа талаар шийдвэр байхгүй. Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгосон. Хохирол, хор уршиг шалтгаант холбоо байх ёстой. Төрд учирсан хохирол гэж үзэхгүй байна. Тухайн ажилтнуудыг орон тооны цомхотголоор халсан. Харин ч Хэмнэлтийн тухай хуульд зааснаар хэмнэсэн асуудал яригдана. Эвлэрсэн болохоос биш буруутай нь тогтоогдсон шийдвэр байхгүй. Нэгэнт шүүгчийн захирамжаар тогтоогдсон. Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд оролцох хэрэгтэй. Цалин хөлстэй маргааныг төрийн албаны зөвлөл нэхэмжлэхээр байгаа. Прокурор давхардуулж орж ирээд байна. Үүнд гэм буруугийн асуудал яригдахгүй. Гэм хорын асуудал яригдана. Үүнд шалтгаант холбоо хэрэгтэй. Прокурор нэхэмжлэл гаргах субъект биш. Гэм буруу гэхээсээ илүү хууль бус шийдвэр гарсны улмаас халсан гэдэг баримт хавтаст хэрэгт байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч В.Р нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Төрд хохирол учруулсан бол төлөх нь зөв...” гэжээ.

Нэхэмжлэгч талаас шүүхэд:  Монгол улсын ерөнхий прокурорын газрын хохирол нөхөн төлүүлэх тухай 2022.12.27-ны өдрийн 5/161 дугаартай албан тоотын хуулбар, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 289 дугаартай шүүгчийн захирамж, Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 дугаартай тушаал, төлбөрийн хүсэлтийн 110, 28 дугаартай баримт, Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/02 дугаартай тушаал, төлбөрийн хүсэлтийн 29, 111 дугаартай баримт, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нотлох баримт хүргүүлэх тухай 2022.11.29-ний өдрийн01/3743 дугаартай албан тоот, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Монгол улсын ерөнхий прокурорын газарт төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай 2022.10.28-ны өдрийн 01/3403 дугаартай албан тоот, Завхан аймгийн Прокурорын газрын прокурор томилсон албан тоотыг тус тус нотлох баримтаар,

Хариуцагч талаас шүүхэд: Итгэмжлэл, тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 119 дугаартай шүүгчийн захирамжийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.А, Б.С, Э.Б нараас гэрчийн мэдүүлэг авч, хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан болно.

            Хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газар нь хариуцагч Б.С хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 6,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, үндэслэлийг “...Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа хууль бус шийдвэр гаргаж тус газрын программ хангамж, сүлжээ хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Д жолооч Ц.Д үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн болох нь Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 289 дугаартай зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаар нотлогдож байна. Уг захирамжийн дагуу Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас С.Д, Ц.Д нарт нөхөн төлбөр 6,500,000 төгрөгийг олгосон байна. Иймд Б.С хууль бус шийдвэрийн улмаас төрд 6,500,000 төгрөгийн хохирол учирсан байх тул гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч тал нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...прокурор нэхэмжлэл гаргах субъект биш. Б.С хууль бус шийдвэр гаргасан буюу түүнийг гэм буруутай болохыг шүүхийн шийдвэрээр нотлоогүй. Хавтаст хэрэгт буруутай нь тогтоогдсон шүүхийн шийдвэр байхгүй. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 289 дугаартай зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж нь Б.Солонгыг хууль бус шийдвэр гаргасныг нотолсон шийдвэр биш юм. Завхан аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд ******* төсөвт учруулсан хохирол 6,500,000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан тул тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 110 дугаартай шүүгчийн захирамжаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд:

1. Хариуцагч Б.С нь Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллах байх хугацаандаа 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар С.Д тус газрын программ хангамж, сүлжээ хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээс,

2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар Ц.Д жолоочийн үүрэгт ажлаас тус тус чөлөөлжээ.

С.Д, Ц. Д нар нь Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч С.Д, Ц.Д хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.С нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь С.Д 3,500,000 төгрөг, Ц.Д 3,000,000 төгрөгийг тус тус өгөх, нэхэмжлэгч С.Д, Ц.Д нар нь ажилдаа эргэн орохгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхгүйгээр эвлэрсэн эвлэрлийг Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 289 дугаартай захирамжаар баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт “Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ” гэж зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байх тул хариуцагч Б.Сг Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллах байх хугацаандаа тус газрын программ хангамж, сүлжээ хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Д, жолооч Ц.Д нарыг үүрэгт ажлаас тус тус чөлөөлснийг үндэслэлтэй эсэхийг дахин нотлох шаардлагагүй байна.

2. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 289 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь ажилгүй байсан хугацааны олговорт С.Д 3,500,00 төгрөг, Ц.Д 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн болох нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 110 дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 111 дугаартай төлбөрийн хүсэлтүүдээр тогтоогдож байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Завхан аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар нь Б.С төсөвт учруулсан хохирол 6,500,000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 110 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буюу нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад Завхан аймгийн Прокурорын газар нь нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус, прокурор дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргажээ.

Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нь тус шүүхэд хариуцагч Б.С холбогдуулан төрд учруулсан хохирол 6,500,000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэлийг гаргаж уг нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 110 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрхээс үзвэл Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нь хариуцагч Б.С холбогдуулан байгууллагад учруулсан хохирол гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

3.1. Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/3403 дугаартай төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай Монгол Улсын Прокурорын ерөнхий газарт хүргүүлсэн албан тоот,

Монгол Улсын Прокурорын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 05/161 дугаартай хохирол нөхөн төлүүлэх тухай Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт хүргүүлсэн албан тоотууд нь прокурор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нотолж байна.

Завхан аймгийн прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/259 дугаартай прокурор томилох албан тоотоор прокурор Н.Баасанжав нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ...Прокурор төрийн ...ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцож болно гэж заасан бөгөөд дурдагдаж буй хуулийн 25, 26 дугаар зүйл нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн бүхий л эрх, үүргийг зохицуулсан хэм хэмжээ юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2002 оны 263 дугаар тогтоолын 7-д “Хуулийн 31.1 дэх заалтын “прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх” үндэслэлд ...төрийн өмчийн зүйлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, ...зэрэг асуудлаар Үндсэн хууль болон бусад хуулиар тодорхойлсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцох явцад маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд уул асуудлыг хариуцах төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд байхгүй, тийм этгээд бий боловч тэрээр нэхэмжлэл гаргахаас татгалзсан, эсхүл нэхэмжлэл гаргах боломжгүй байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нь тухайн байгууллагын эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд байгууллагыг төлөөлж аливаа эрх бүхий байгууллагад хандах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан тохиолдолд төрд учирсан хохирлыг гаргуулахаар прокурор санаачилгаараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах нь хууль зөрчихгүй.

Иймд прокурор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

4. Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж мөн зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заажээ.

Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь хариуцагч Б.Солонгыг тус газрын даргаар ажиллаж байх хугацаандаа хууль бусаар С.Д, Ц.Д нарыг үүрэгт ажлаас чөлөөлсний улмаас тэдгээрт ажилгүй байсан хугацааны олговорт С.Д 3,500,00 төгрөг, Ц.Д 3,000,000 төгрөг өгсөн болох нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 110 дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 111 дугаартай төлбөрийн хүсэлтүүдээр тогтоогдсон.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2-т ...заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж зааснаар Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь хариуцагч Б.С хууль бус үйлдлийг улмаас С.Д, Ц.Д нарт ажилгүй байсан хугацааны олговорт олгосон 6,500,000 төгрөгийг ******* шаардах эрхтэй байна.

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардана.

Гэм хор учруулагч этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул хариуцагч Б.С 6,500,000 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэдийн төлөөлөгчийн “...Төрд хохирол учруулсан бол төлөх нь зөв...” гэсэн дүгнэлтийг шүүх харгалзан үзсэн болно.

 5. Нэхэмжлэгч прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 6,500,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 118,950 төгрөгийг хариуцагч Б.С гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Б овогт Б.С төрд учруулсан хохирол 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С улсын тэмдэгтийн хураамжид 118,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.