Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 141/ШШ2024/00074

 

    

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нэхэмжлэгч Д.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхүү нарыг оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч багт оршин суугч Ө овогт Д.Л ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1985 онд 8 дугаар анги төгсөөд нэгдлийн даргын тушаалаар Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажилчнаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдож цэрэгт явтлаа буюу 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан. Миний ажилд томилогдсон тушаал болон ажиллаж байсан үеийн цалингийн талаар лавлагаа байдаг болов ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

Мөн би 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дуустал Хилийн цэргийн 0119 дүгээр ангид цэргийн алба хаасан. Гэтэл цэргийн албанд явсан лавлагаа байдаг боловч цэргээс халагдсан лавлагаа байхгүй. Хилийн цэргийн 119 дүгээр анги нь 1990 оны халагдсан цэргийн бүртгэлийг архивт шилжүүлж өгөөгүй, тус анги татан буугдсан учраас лавлагааг гаргах боломжгүй байна. Иймд намайг дээрх хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

1. Нэхэмжлэгч Д.Л нь Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд ажилчнаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан байсан болох нь:

Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаартай “...1. Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгсгөн ХАА-н үйлдвэрлэл дээр илгээлтээр гарч ажиллах залуучуудыг 07 дугаар сарын 01-нээс эхлэн үндсэн бригадад нь хуваарилан ажиллуулсугай. Тушаалын хавсралтын ...8 дугаарт Д Л, туслах бригадад грушик...” гэсэн илгээлтийн эзэн залуучуудыг хуваарилах тухай тушаалын хуулбар,

Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлээс Д.Л 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээн олгож, ажилласан хоног, авсан хөлсийг 1985 онд 10, 11 сар, 1986 онд 1-12 сар, 1987 онд 1-12 сар, 1988 онд 1-4, 6, 7 сарыг дуустал бичиж тэмдэглэн гарын үсэг зурж, олгов тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтэр дэх мэдээлэл,

Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/472 дугаартай “...1985-1988 онд Их-Уул сумын Жаргалант нэгдлийн туслах үйлдвэр бригадад туслах ажилтан байсан Д.Л/Б.Л/-ын цалингийн тодорхойлолтыг олгов гээд Л нэрээр 1985 онд 309,08 төгрөг, 10-11 сар, 1986 онд 4187,05 төгрөг, 1-10 сар, 1987 онд 5176,38 төгрөг, 1-11 сар, 1988 онд 2899,96 төгрөг, 1-4, 7 сар,...” гэсэн лавлагаа,

Завхан аймгийн Их-Уул сумын Туслах үйлдвэр бригадын 1985, 1986, 1987, 1988 онуудад Буянтогтох, Д, Л нарт цалин олгосон цалингийн цэсний хуулбар,

Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн “...Д Л, эрэгтэй, 1969 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Их-Уул сум, Хуягт, Улаан энгэр гэх газарт төрсөн, Их-Уул сумын туслах бригадад нормчин, 1985 оны 11 дүгээр сарын 15-нд бүртгэсэн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,

Гэрч Д.Б “...Д.Л нь манай дээд анги буюу 8в ангид сурдаг би доод анги буюу 7в ангид суралцдаг байсан мөн нэг орон нутагт ажиллаж амьдарч байсан учраас Д.Л талаар сайн мэднэ. ******* нь 8-р анги төгсөж сургуулиас гараад Завхан аймгийн Их-Уул сумын туслах үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Э “...Намайг 1988 онд цэргээс халагдаж ирээд 1988 оны 08 дугаар сард Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Тэжээлийн цехэд туслах ажилчнаар ажилд ороход Д.Л ус цехэд туслах ажилчнаар ажиллаж байсан. Тухайн үед туслах ажилчин нь бүх л ажлыг хийдэг байсан. Д.Л нь мөн надтай адил хавартаа тариа тарьж намартаа хураадаг байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч Д.Л Хилийн 0119 дугаар ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болох нь:

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08/1304 дугаартай “...Д.Л нь Завхан аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс 0119 дүгээр ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦСЕГ-ын 0119 дүгээр ангийн 1990 онд халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул Д.Л цэргийн албанаас халагдсан архивын лавлагаа гарахгүй болно...’’ гэсэн архивын лавлагаа,

Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Д Л нэрээр олгосон түүний зургийг нааж, зургийн баруун доод өнцгийг оруулан цэргийн хэлтсийн тэмдэг дарж,  679233 дугаартай нээж олгосон: “...Хугацаат цэргийн алба хаасан байдал Завхан аймгаас 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, цэрэг татлагын комиссоос цэргийн албанд татав. 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 437 дугаартай тушаалаар хугацаат цэргийн алба дууссан учир бэлтгэлээр халж Завхан аймаг явуулав гээд Нийгмийн аюулаас хамгаалах яамны 0119-р анги гэсэн тэмдэг дарж, цэргийн тангаргийг 0119-р ангид 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өргөв. Хугацаат цэргийн алба хаасан байдал цэргийн ангийн дугаар 0119, орон тооны албан тушаал цэргийн цол цэргийн байлдагч, ангийн дансанд авсан он сар өдөр, тушаалын дугаар 1988.11.20,  ангийн данснаас хассан он сар өдөр 1990.10.12, тушаалын дугаар 437, байлдагч Д.Л нь алба хаах хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 10 удаа сайшаагдаж байсан. ...гэж тэмдэглэсэн 679233 дугаартай цэргийн батлах дахь мэдээлэл,

Гэрч Д.Б “...1988 онд Хилийн цэргийн 0119 дугаар ангид хамт алба хааж 1990 он халагдаж байсан. Хавтаст хэрэгт байгаа фото зураг нь Д.Л дунд суучихсан баруун гар талд нь би, зүүн гар талд Банзай гээд мөн манай нутгаас цэрэгт татагдаж байсан. Одоо гэхдээ нас барчихсан. Дээрх зураг нь 1989 оны цэрэгт байхдаа авхуулсан зураг байгаа юм...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Э “...Д.Л нь 1988 онд цэрэгт явахаар болж ажлаасаа чөлөөлөгдөж байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Мөн Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ДЛхаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбарт наасан гэрэл зураг, Завхан аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Д Л нэрээр олгосон 679233 дугаартай цэргийн батлахад наасан гэрэл зураг нь нэг хүний гэрэл зураг байх тул 679233 дугаартай цэргийн батлахын мэдээллийг үнэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө овогт Д.Л Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд ажилчнаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө овогт Д.Л Хилийн цэргийн 0119 дугаар ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ