Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/17

 

 

Ш.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

           Прокурор: Л.,

           Яллагдагчийн өмгөөлөгч: Т.Д /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/125 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурор Г.А-н эсэргүүцлээр яллагдагч Г.Н-д холбогдох 2219000180030 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагч: Ө овгийн Ш-гийн Н

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс яллагдагч Ш.Н-ыг 2021 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хөвсгөл сумын * дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёл, спортын төвийн гадна байсан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн цайран 2 тонны багтаамжтай усны ёмкосыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн Киа бонго-3 маркийн 51-76 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, нийт 800000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэсэн үндэслэлээр буюу “1. ...Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолыг яллагдагчид танилцуулаагүй нь ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна гэснийг зөрчсөн, мөн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээчийг татгалзан гаргах хүсэлт гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах зэрэг оролцогчийн эрхийг эдлүүлээгүй. 2.Яллагдагч Ш.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн атлаа яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Прокурорын тогтоолтой танилцсан эсэх, тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар мэдүүлэгт тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг нь зөрчсөн байна. 3. ...Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардагдах үнэн зөв, баримт мэдээллээр үнэлгээчнийг хангасан эсэх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг бодитой тогтоосон эсэхийг шинжээчийн мэдүүлгээр давхар нотлох шаардлагатай” гэсэн үндэслэлээр яллагдагч Ө овгийн Ш-ийн Н-д холбогдох эрүүгийн 2219000180030 дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, яллагдагч Ш.Н-ын эзэмшлийн Киа бонго 3 маркийн 51-76 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэргийн хамт хүргүүлж, хэргийг прокурорт очих хүртэл яллагдагч Ш.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.А эсэргүүцэлдээ: “...Тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганцолмон нь 221900018 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээч томилсон, прокуророос эрүүгийн 2219000180030 дугаартай хэрэгт Ш.Нармандахыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжээч томилох шийдвэрийг танилцуулна..” гэж зааснаар прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас хойш мөрдөгч шинжээч томилсон тохиолдолд буюу мөрдөн байцаалтын шатанд хийгдэх ажиллагаа юм.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан “хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардагдах үнэн зөв, баримт мэдээллээр үнэлгээчнийг хангасан эсэх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг бодитой тогтоосон эсэх”-ийг шинжээчийн мэдүүлгээр давхар нотлох гэсэн нь шинжээчийн дүгнэлтийн аль хэсэг нь эргэлзээтэй, мөн хуульд заасан текстийг бичсэн учраас чухам юуг тодруулах нь тодорхойгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана...” гэсний дагуу дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах байтал шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь буруу байна. Ш.Н-ыг эрүүгийн 2219000180030 дугаартай хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг үндэслэж, мөрдөгч яллагдагчаас мэдүүлэг авахдаа бичиг техникийн алдаа гаргасан, түүнчлэн прокурорын тогтоолыг яллагдагч Ш.Н-д танилцуулж гарын үсэг зуруулсныг яллагдагч өөрийн эрх, үүргийг ойлгоогүй гэж дүгнэх боломжгүй. Хэргийг прокурорт буцааж энэхүү ажиллагааг хийлгэснээр хэргийн үйл баримт, тогтоогдсон нөхцөл байдал, зүйчлэлд өөрчлөлт орохгүй юм. Иймд 125 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

            Прокурор Л.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокуророос юу гэж үзэж байгаа вэ гэхээр энэ гэмт хэрэг нь хулгайн гэмт хэрэг гэж үзэж байгаа. Шууд хохирол нь усны сав. Үүнийг байгууллага 200.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний эрх бүхий байгууллага нь 800.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ хэрэг дээр 2 дүгнэлт гарсан. Нэг нь ёонкос нөгөөх нь ёонкосыг хулгайлахдаа ашигласан тээврийн хэрэгслийг үнэлсэн байгаа. Шүүгчийн захирамжийн агуулга нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тухайн тээврийн хэрэгсэл гэж үзсэн харагдаж байгаа. Мөрдөгч болон прокуророос хяналтын явцад гаргасан нэг алдаа нь юу вэ гэхээр шинжээч томилсон тогтоолыг тухайн хэргийн оролцогч нарт тухайн үед нь танилцуулаагүй гэдэг асуудал яригдаад байгаа. Гэтэл 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэхэд шүүгдэгчийг яллагдагчаар татаагүй байсан. Хуульд шинжээч томилсон тогтоолыг яллагдагч, хэргийн оролцогчид танилцуулна гэж заасан байдаг. Бид бүгдийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргаад байгаа зүйл нь шинжээч томилсон тогтоолыг тухайн цаг хугацаанд хэргийн оролцогч нарт танилцуулаагүй асуудал байгаа. Захирамжийн 1 дэх заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гүйцэт тогтоох ёстой гэсэн агуулгатай заалт гэж үзээд байгаа. Энэ нь үндэслэлгүй юм. 2 дахь заалт нь прокурор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан байгаа. 1 дүгээр сарын 24-ний өдөр уг тогтоолыг мөрдөгч шүүгдэгч Ш.Н-д танилцуулсан.  Энэ тогтоол дээр “прокурорын тогтоолтой танилцууллаа” гээд биччихсэн байгаа. Прокурорын тогтоол яриад байгаа. Прокурорын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэж үзэж яллагдагчаар татаж байна гэсэн байгаа. Тогтоолын дор шүүгдэгчээр гарын үсгийг нь зуруулсан. Тэгээд мөрдөн байцаагч нь уг тогтоолтой холбогдуулан мэдүүлэг авсан байгаа. Мэдүүлэг авахдаа шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад орсон 20.17 буюу буруу бичиг техникийн алдаа гаргасан гэж бичсэн байгаа. Энэ талаар шүүгч нь яллагдагч нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг нь зөрчсөн байна гээд байгаа. Прокурорын тогтоолыг танилцуулчихсан шүү дээ. Тухайн тогтоолыг танилцуулаад ямар хэрэгт холбогдсон талаар нь хэлээд гарын үсэг зуруулснаараа яллагдагчийн эрхийг хангасан гэж үзэж байгаа. 3 дахь заалт нь шинжээчийн дүгнэлт нотлох баримтад тулгуурлаагүй үндэслэлгүй, гарсан гэсэн. Хавтаст хэрэгт байгаа гэрэл зургууд тээврийн хэрэгслийн гэрчилгээ эдгээр зүйлсийг шинжээч томилсон тогтоол дээрээ тавьчихсан. Шинжээч хэлэхдээ ямар, ямар нотлох баримтад үндэслэж энэ дүгнэлтийг гаргасан юм гэдгээ дүгнэлт дээрээ биччихсэн байгаа. Түүн дээр юу хавсаргасан юм гэхээр тухайн “Бонго” гэдэг тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ, мөн тээврийн хэрэгслийн ерөнхий байдлыг харуулсан 3-4 төрлийн зургийг аваад явуулсан. Шинжээч нь эдгээр болон бусад зүйлсийг үндэслээд эрхийнхээ хүрээнд 15.000.000 төгрөгөөр үнэлсэн. Энэ тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан эд зүйлийг улсын орлого болгохоор заасан.  Энэ шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад байгаа. Прокуророос энэ заалтыг юу гэж үзэж байна гэхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бүртгэлийн лавлагаа, зураг байхгүй. Мөрдөгчийн тогтоол дээр л тийм маркийн машин гээд биччихсэн. Тэрийг үндэслээд дүгнэлт гаргачихсан бол өнөөдрийн шүүгчийн захирамжийн заалтад заагдсан ажиллагаа нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд авагдах ёстой. Яагаад гэхээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг бодитойгоор тогтоох нь бид бүхний үүрэг юм. Тэгэхээр энэ чиглэлийн холбогдох ажиллагаануудыг үйлдсэн байхад шүүх дахин шинжээчийг суулгах шаардлагатай гэж үзэж байгаа бол шинжээчийг цахимаар оролцуулж гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах боломжтой гэж үзэж байна. Эдгээр зүйлсийг үндэслэн шүүгчийн захирамжид бичсэн эсэргүүцэлтэйгээ холбогдуулж тайлбар хийж байна.” гэв.

 

            Яллагдагчийн өмгөөлөгч Т.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж шинжилгээ хийсэн дүгнэлтээ яллагдагчид танилцуулаагүй байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Шинжээчийн дүгнэлтийг яагаад танилцуулаагүй юм гэхэд “яллагдагчаар татаагүй байсан” гэдэг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол энэ шатанд явагдах бүх ажиллагааг явуулна гэж заасан байдаг. Энэ ажиллагаа нь өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болж байгаа. Яллагдагчаар татсанаас хойш шинжээч томилсон бол яллагдагчид танилцуулахгүй гэж гаргаж байгаа эсэргүүцэл нь үндэслэлгүй юм. Яллагдагч Ш.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт яллагдагчаар татсан тэмдэглэл үйлдсэн. Гэтэл яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таныг яллагдагчаар татлаа гэдэг байдлаар асуусан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагч нь ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа бүрэн ойлгоогүй байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан яллагдагчаар татсан тогтоол, байцаасан мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт яллагдагчаар татаж байна гэсэн асуултад хариулсан байдаг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн яллагдагчаар татсан тогтоол энэ хэрэгт байгаа юм шиг ярьж байна. Гэтэл энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялдагдагчаар татсан тогтоол энэ хэрэгт байдаггүй.  Мөн 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол байгаа. Шинжээч томилсон тогтоол дээр “Хас үнэлгээ” ХХК нь үнэлгээ гаргасан байдаг. Уг үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үнэлгээнд тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна” гэсэн байдаг. Тэгэхээр тухайн үнэлгээ дээр биечлэн гэдэг асуудал байгаа. Биечлэн очоогүй тээврийн хэрэгслийн зургийг үндэслээд дүгнэлт гаргасан байдаг. Мөн энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дугаар зүйлийн 9.3.8 дахь хэсэгт “хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл” зэрэг эдгээр зүйлүүдийг хангаж ирүүлээгүй. Тийм учраас энэ хөрөнгийн үнэлгээ нь бодит байдалд нийцсэн бодит үнэлгээ гарсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Тиймээс шүүгчийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан захирамж нь үндэслэлтэй.  Мөн шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дурдсан байсан. Шинжээчийн дүгнэлт нь хууль бус зөрүүтэй дүгнэлт байгаа учраас шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгүүлж үнэлэх боломжгүй. Хуулийн процесс нь ийм байгаа учраас шүүхийн шинжээч оролцуулж эргэлзээтэй байдлыг гаргана гэдэг нь үндэслэлтэй. Тиймээс шүүгчийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЗ/125 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

1. Энэхүү эрүүгийн хэргийн хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан учраас хулгайлсан эд хөрөнгөд “хөрөнгийн үнэлгээ”-г хийлгэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Тухайлбал шүүгчийн захирамжид дурдсан “...яллагдагч Ш.Н-ын холбогдсон хэрэгт хөрөнгийн үнэлгээг хийлгэхдээ хуульд заасан оролцогчийн эрхийг хангаагүй” тухай дүгнэлт үндэслэлтэйн гадна холбогдох эд зүйл болох усны цайран савны үнийн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчээс мэдүүлсний зэрэгцээ хохирогчоос уг хөрөнгийн үнийг байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд тусгасан баримт/1хх 14/-ыг гаргаж өгсөн байхад эрх бүхий этгээдээс хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлгүй байх ба уг хөрөнгийн үнэлгээг зайлшгүй тусгай мэдлэг бүхий хөрөнгийн үнэлгээний байгууллага/үнэлгээчин/-аар тогтоолгох шаардлагагүй болохыг  анхаараагүй байна. 

 

2. Мөрдөгчөөс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг яллагдагчид танилцуулах ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн байх хэдий ч яллагдагчаас мэдүүлэг авахдаа түүнд танилцуулсан тогтоол/1хх 81/-оос өөр буюу Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг буруутган ялласан тухай прокурорын тогтоолтой танилцсан эсэх, тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа/1хх 85/ талаар мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа “хууль ёсны байх” хуулийн шаардлагад нийцээгүйн зэрэгцээ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй, танилцуулаагүй тогтоолд үндэслэн яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагаа явуулсан нь буруу бөгөөд үүнийг үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гаргасан алдаа гэж үзэх үндэслэлгүй юм.  

 

3.  Энэ хэрэгт эрх бүхий албан тушаалтан болон мөрдөгчөөс хулгайн эд зүйл болох усны сав, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан KIA. Bongo 3 загварын 51-76 ДУЭ автомашины “Хөрөнгийн үнэлгээ”-г тус тус тогтоолгохдоо тухайн эд зүйлсийн чанар, эдэлгээ, үйлдвэрлэсэн хугацаа зэрэг нөхцөл байдлыг анхаарч, дүгнэлгүйгээр 2021-12-08-ны байдлаар буюу гэмт хэрэг үйлдсэн өдрийн зах зээлийн үнэ, ханшид нийцүүлэн үнэлгээг гаргуулахаар “шинжээч томилсон” нь үндэслэлгүй. Учир нь эдгээр эд зүйлс устаж, үгүй болсон нөхцөл байдал хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байхад шинжээчийн мэдэлд зөвхөн фото зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хөрөнгийн бүртгэлийн хуудас /усны сав 2020 оны тооллогын бүртгэл 1 хуудас/ зэрэг баримтыг шилжүүлсэн нь “шинжилгээний объект эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх” хуулийн шаардлагыг зөрчжээ.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог учир хөрөнгийн үнэлгээг бодитой, үндэслэлтэй тогтоосон гэж үзэхгүй.

 

            Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр “Хэргийг прокурорт” буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЗ/125 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.А-н эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дүгээр зүйлд зааснаар яллагдагч Ш.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                                  Н.БОЛОРМАА