Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 354

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

           улсын яллагч Ц.Мөнхжаргал /томилолтоор/

шүүгдэгч Б.Гтүүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б-н Г-т холбогдох 2017 2400 0351 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ... дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст цагдаа, жолооч ажилтай байсан, түр ..., урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх С овогт Б-н Г, РД:...

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Гнь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанчулуут хогийн цэг явах замд ... УНИ улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, мөн дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчидог зам гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин Бонго маркийн ...  УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс ...  ХХК-ний эзэмшлийн Бонго маркийн ...  УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.489.000 төгрөгийн шууд, 2.898.200 төгрөгийн нийт хохирол, жолооч Э.Н, зорчигч Г.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Б.Ө-н амь нас хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд  

- жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /1хх-х-17/

- хохирогчийн төлөөлөгч Б.Ө-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би төрсөн ах нь байгаа юм...Миний дүү 1974 оны 5 дугаар сарын 5-нд .... Д.Г гэж эмэгтэйтэй гэр бүл болоод 14 жил болж байгаа, албан ёсоор батлуулаагүй. Дундаасаа охин Т 14 настай, И нарыг төрүүлсэн, бага хүү нь 1 ой 9 сартай. Талийгаач маань цалингийн зээлтэй байсан...согтуурсан үедээ жолоо барьж миний дүүгийн амь насыг хохироосонд гомдолтой байна. Гийн хувьд хийсэн хэрэгтээ их гэмшсэн хүүхэд, миний дүүтэй хуурай ах дүү байсан, өөрийн амьдарч байсан байраа хохиролд тооцоод талийгаач дүүгийн минь эхнэр хүүхдүүдийг оруулахаар болсон байгааг нь харахад их гэмшсэн харууссан шинж харагдаж байсан. Г-т ямар нэг гомдол тэмцэл гаргахгүй. Г залуу хүн учраас цаашид хөл гараа эдгээгээд ажил амьдралаа үргэлжлүүлээд явна биз, дүүгийн минь хүүхдүүдэд ингэж сайхан хандаж байгаа болохоор түүнд аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсч байна...гэх мэдүүлэг /1х, хх-26-28/,   

- хохирогч Э.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр албаны ...  УБЧ улсын дугаартай Бонго-3 загварын автомашинд ачуулаад уг тээврийн хэрэгслийг жолоодон ажлынхаа Г, Л нарыг хажуудаа суулгаад ... импексийн уулзвараас Улаанчулуутын хогийн цэгийг чиглээд явж байх замд ... 26 дугаар хорооны байрны баруун урд талын авто зам дээр явж байтал урдаас цагийн өнгийн ачааны том хэмжээтэй машин зөрж өнгөрөх үед түүний араас саарал өнгийн Тоёото Приус-20 загварын өөрийн эгнээгээр явж байснаа 50-60 орчим метрийн зайнаас гэнэт миний зорчих хэсгийн эгнээнд орж урсгал сөрж хурдаа нэмсэн, би тормозоо татаанд зогсохын хооронд өөдөөс ирж мөргөсөн. Г, Л бид 3 урд шилээ мөргөсөн....түргэн тусламжийн эмч ирж нөгөө ахлах дэслэгчийн биеийг үзээд энэ хүн нас барсан байна гэж хэлж байсан...миний зорчих хэсгийн зам өгсүүр байсан тул тухайн үед 20 гаран км цагийн хурдтай явж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-37-40/,

- иргэний нэхэмжлэгч Э.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...приус-20 маркийн ...  УБЧ улсын дугаартай автомашин урсгал сөрж орж ирээд миний машины баруун талын хэсгийг таллаад мөргөсөн...миний толгой шалбарч дух хагарсан байсан...үүний улмаас хөнгөн зэргийн гэмтэл гарсан...одоогийн байдлаар 103.000 төгрөгийн хохиролтой байна...гэх мэдүүлэг /1х, хх-41-42/,

- иргэний нэхэмжлэгч Г.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...машин мөргөснөөс болж толгой, шилэн хүзүү их өвдөлттэй байсан...үүний улмаас хөнгөн зэргийн гэмтэл гарсан...104.000 төгрөгийн хохиролтой байна...гэх мэдүүлэг /1х, хх-43-44/, 

- гэрч Г.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Улаанчулуутын хогийн цэг рүү эргэдэг уулзвараар зүүн гар тийш эргээд 50 метр орчим явтал, эгц урдаас Тоёота Приус-20 маркийн автомашин урсгал сөрөөд ороод ирсэн. Тэр үед би жолооч Н-д юу вэ гэж хэлээд дуустал тас түс гээд автомашиныг ирээд мөргөсөн...гэх мэдүүлэг /1х, хх-47-48/  

- гэрч Б.Л-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Бадамжунайн гүүр өнгөрөөд уулзвараар зүүн гар тийш эргээд 50 орчим метр явтал, өөдөөс нэг том ачааны машин зөртөл, түүний араас их хурдтай Тоёота Приус-20 маркийн автомашин урсгал сөрөөд гэнэт гараад ирсэн. “Хүүе” гэхийн завдалгүй урсгал сөрөөд миний сууж явсан автомашины халз урдаас мөргөсөн...гэх мэдүүлэг /1х, хх-49-50/,   

- гэрч Т.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Г, Ө бид 3 нийтдээ 3 ширхэг 2.5 литрийн хэмжээтэй Боргио уусан. Нийт 7.5 литр пиво 3-лаа хувааж уусан, бид 3 тэнцүү аягалаад л уусан. ...ямар ч маргаан болоогүй, таарамжгүй зүйл огт харагдаагүй, зүгээр харьцаатай байсан... Г, Ө 2 ажил руу явж бууна гээд хэлтэс рүү явдаг зам руу явсан...гэх мэдүүлэг /1х, хх-65-66/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн шинжээчийн 1084 дугаартай:...авто осол, цээж, хэвлий, хүзүүний битүү гэмтэл, хүзүүний С4-5-р нугаламын хугарал, нугас дарагдалт, гол судас, уушигны угийн язарсан шарх, элэгний доод дэлбэнгийн цөсний хэвтэш хэсгийн язралт, хальсан доорхи цус хуралт, холбоос дагасан болон гол судас, уушигны угийн цус хуралтууд, цээжний хөндийд цус алдалт, гэмтлийн гаралтай шок, дух хацар гарын сарвуу, шилбэний хаван, зулгаралтууд духны хуйхан дорхи цус хуралт, Б.Өийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношийн хэсэгт дурдсан гэмтлүүд тогтоогдлоо. Б.Ө нь хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн гаралтай шоконд орж нас баржээ. Цус нь ABO-н системээр OI-р бүлэгтэй байна. Шүүх химийн шинжилгээгээр цусанд спиртийн агууламж 2.2 % илэрсэн. Энэ нь дунд зэргийн согтолтонд хамаарна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдохгүй байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой...гэх дүгнэлт /1х, хх-76-78/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн:...Э.Н биед тархи доргилт, духны зулгаралт бүхий гэмтэл догтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ....гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-85/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн:...Г.Г-н биед тархи доргилт, баруун өвдөг зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-89/,

- замын цагдаагийн албаны 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн:...приус-20 маркийн ... УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Гнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчидог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдол эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Бонго маркийн ...  УБЧ улсын дугаартай авто машиныг жолоодож явсан Э.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна...гэх дүгнэлт /1х, хх-112/

- гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1х, хх-161-163/

- “Вендо” автомашин техникийн үнэлгээний тайлан /1х, хх-164-166/

- “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /1х, хх-169-170/

- ял шалгах хуудас /1х, хх-128/

- шүүгдэгч Г.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тухайн үед 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өглөөний 07 цаг 30 минутаас 14 цаг хүртэл 26 дугаар хорооны зам дээр тээврийн хэрэгсэл шалгаж байсан. Толгойтын 3 дугаар хорооны шинэ замын өөдөөс харсан дэлгүүрийн үүдэнд Б-н машин зогсож байсан. Талийгаач зогсож бай уулзаадахъя гээд зогссон. Бид 3 ойр зуурын юм ярьж байгаад талийгаач ганц пиво ууя гэсэн. Б 5.000 төгрөг, би 1.000 төгрөг гаргаад 2.5 литрийн хэмжээтэй пиво 1 савыг авч уусан. Талийгаач хүүхдийн мөнгө орсон гээд гэрээсээ картаа аваад 20.000 төгрөг аваад 2 том пиво аваад ажил руугаа явах гэж байхад Б-н найз нь 65-н буудал дээр байна гэж яриад найз эмэгтэйг нь суулгасан. Уг нь ажил дээр буугаад ууя гэж ярьж байсан. Б-н гэрт 2.5 литрийн хэмжээтэй 2 пивоо уусан. Тэдний гэрээс гараад Б түүний найз эмэгтэй 2-ыг Толгойтын хуучин эцэс дээр буулгасан. Тэгээд талийгаач бид 2 ажил руу явах гэж байгаад замаараа жолооч олох гэж ахмад Наранхүүгийнд очиход гэртээ байгаагүй. Хүүхэд цэцэрлэгээс нь авах цаг болсон болохоор хүүхдээ авах гээд Улаанчулуутын хогийн цэгийн замаар явж байтал талийгаач рульнээс гэнэт татсан. Тэгээд юу болсныг сайн санахгүй хэсэг хугацааны дараа сэрэхэд хүмүүс тойроод зогссон 2 цагдаа байна гээд утсан дээрээ бичлэг хийж зураг аваад байх шиг байсан...гэх мэдүүлэг /1х, хх-118-124/

- мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 7 цагт талийгаач Ө ах бид хоёр хэлтсээс эргүүлийн чиглэл аваад гарсан,  явж байгаад 12-13 цагийн орчим талийгаач торгуулийн хуудсаа тушаах гээд 5 шар руу  явсан. Торгуулийн хуудсаа тушаагаад толгойтоор тойроод явж байтал ажлын Б ахын машин дэлгүүрийн үүдэнд зогсож байсан, талийгаач зогсож бай уулзаадахъя гэсэн. Уулзаад бид 1 пиво ууя гэж тохироод Б ах 5000 төгрөг, би 500 төгрөг гаргаад Б ахынд очоод уусан. Дуусаад гараад явах гэтэл талийгаач миний картад хүүхдийн мөнгө орсон дахиад пиво ууя гэсэн. Б ах бид хоёр ажлаасаа бууж байгаад тухтай ууя гэж хэлсэн гэтэл талийгаач юу ч гэсэн гаръя гэсэн. Гараад АТМ дээр очтол карт байхгүй байна, гэртээ очоод картаа авъя гэсэн, тэгээд бид талийгаачийн гэр рүү очсон. Тухайн үед Б ах машины ард сууж явсан бөгөөд талийгаач доошоо нуугдаж байгаарай, Быг манай эхнэр харвал уурлана, уруудаад зогсож бай гэсэн. Талийгаач гарч ирээд Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ гэдэг зах руу ороод 2 пиво авсан бөгөөд бид бууж байгаад тухтай ууя гэж тохирсон. Гэтэл Б ах манай найз 65 дээр байна тосоод аваач гэж байна гээд бид 65 руу явсан. 65-аас нэг хүүхэн суусан би танихгүй, Б ах талийгаач нар таньж байсан. Тэгээд Б ахыг хүргэж өгөх гээд гэр рүү нь очтол талийгаач 2,3 пиво яав л гэж уучихъя гэсэн. Ингээд бид 4-лээ 3 пиво хувааж уусан. Гараад доошоо явж байтал талийгаач ах орбитын тойрог оръё гэсэн. Би хүүхдээ авах цаг болсон байсан тул би хүүхдээ аваадахъя гээд явж байтал талийгаач  гэнэт жолоо булаасан, надад хариу үйлдэл хийх боломж байгаагүй. Талийгаачид бид хоёр нэг талаар офицер цагдаа нөгөө талаас хуурай ах дүү гэж  нэгнийхээ гэр орноор орж гардаг байсан, би энэ хэргээс болж хүүхдүүдэд нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах 40000000 төгрөгийн өртөг бүхий нэг өрөө байраа өгсөн.  Жолоо барьж байсан 2 хүнд 103000, 104000 төгрөгийн эмчилгээний зардлыг тус тус өгсөн, Портерт 2850000 төгрөгийн хохирол өгсөн.../шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг болно.

 

 Шүүгдэгч Б.Гнь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн үед ... 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанчулуут хогийн цэг явах замд ... УНИ улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог зам гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин Бонго маркийн ...  УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас зорчигч иргэн Б.Өийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогчийн төлөөлөгч Б.Ө-н...согтуурсан үедээ жолоо барьж миний дүүгийн амь насыг хохироосон...гэх мэдүүлэг /1х, хх-26-28/,  

- хохирогч Э.Нн...2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр албаны ...  УБЧ улсын дугаартай Бонго-3 загварын автомашиныг жолоодон...... импексийн уулзвараас Улаанчулуутын хогийн цэгийг чиглээд ... 26 дугаар хорооны байрны баруун урд талын авто зам дээр явж байтал урдаас цагийн өнгийн ачааны том хэмжээтэй машин зөрж өнгөрөх үед түүний араас саарал өнгийн Тоёото Приус-20 загварын өөрийн эгнээгээр явж байснаа 50-60 орчим метрийн зайнаас гэнэт миний зорчих хэсгийн эгнээнд орж урсгал сөрж хурдаа нэмсэн, би тормозоо татаанд зогсохын хооронд өөдөөс ирж мөргөсөн...түргэн тусламжийн эмч ирж нөгөө ахлах дэслэгчийн биеийг үзээд энэ хүн нас барсан байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-37-40/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн...Ө хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн гаралтай шоконд орж нас барсан тухай дүгнэлт /1х, хх-76-78/

- замын цагдаагийн албаны 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн:...приус-20 маркийн ... УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Гнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.2 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй тухай дүгнэлт /1х, хх-112/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, мөн эхнэр, 2 хүүхдийн хамт /1х, хх-52/ амьдардаг зэрэг хувийн байдалтай.

Хохирол төлбөрийн тухайд: 

Шүүгдэгч Б.Гнь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өлзийбатад ... 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3/30 байр 10 тоотод байрлах 15 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай 40.000.000 төгрөгөөр тооцож худалдах, худалдах авах гэрээ байгуулан хохиролд тооцсон /1х, хх-30/ иргэний нэхэмжлэгч Э.Н-д 103.000 төгрөг /1х, хх-175/, иргэний нэхэмжлэгч Г.Гт 104.000 төгрөг /1х, хх-175/, иргэний нэхэмжлэгч Д.Ст 2.556.200 төгрөг /2х, хх-31/ тус тус бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /хх-28, 175/ гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй тухайд 

Шүүгдэгч Б.Г-н 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилсэн нь “гэмт хэргийн ангилал, ял шийтгэлийн хувьд” түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн холбогдох зүйлээр зүйлчлэх нь үндэслэлтэй гэж үзнэ. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрх хасч, хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, Б.Гийн 557231 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:  

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.     

            2. Шүүгдэгч Б.Гг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэгт хэрэгт гэм буруутайд тооцсугай.  

            3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Б.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих ялаар шийтгэсүгэй.   

            4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Шүүгдэгч Б.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан 4 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.   

            7. Уг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сиди”-г хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, Б.Гийн 557231 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

            8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР