Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 114/2016/0044/3/

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум Өргөө баг 17 дугаар байрны ******* тоотод оршин суудаг Боржигон овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороонд холбогдох

        Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолын  Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч:                                                              Б.*******

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                     Д.Цагаандарь, Н.Баттунсаг

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:             Б.Идэржавхлан

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:              Б.Саранчимэг  нар оролцов.  

                                               

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

            Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан  тайлбартаа:  Миний бие Дархан сумын Засаг даргын үүрэгт ажлыг эрхэлдэг бөгөөд Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхийг хэрэгжүүлж, 2016 оны орон нутгийн сонгуульд оролцохоор, Дархан-Уул аймгийн 17 дугаар тойрогт Аймгийн Иргэдийн төлөөлөгчид МАН-аас  нэр  дэвшүүлж, Сонгуулийн  тухай  хуулийн  154  дүгээр  зүйлд  заасны дагуу аймгийн     сонгуулийн хороонд бүртгүүлэхээр холбогдох материалаа хүргүүлж, Сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр намайг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах тухай 12 тоот тогтоол гарсан байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй.

            Сонгуулийн хорооны 12 тоот тогтоолд “...ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө эд зүйл тараах, хүлээн авалт дайллага цайллага зохион байгуулсан зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр нэрийг жагсаалтаас хассан байна.

            Миний бие эрхэлж буй ажил үүргийнхээ хувьд 2016 оны цагаан сарын баярын өмнө Дархан   сумын  Засаг даргын   Тамгын газар,  болон   Иргэдийн   хуралд   ажиллаж   байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл  үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан. Энэ нь сонгуулийн сурталчилгаатай ямар ч холбоогүй юм. Би Дархан сумын Засаг даргаар 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилогдон хуулийг дээдлэн ажиллаж ирсэн бөгөөд дараах хууль, тогтоомж, журмын хүрээнд сумын Засаг даргын Тамгын газраас сүүлийн 21 жилийн туршид зохион байгуулж хэвшсэн сумын Засаг даргын Тамгын газраас өндөр настны тэтгэвэрт гарсан ахмад настнуудад, Монгол түмний цагаан сар, сар шинийн баяраар хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд сүүлийн 4 жилийн турш оролцож, тухайн жилд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудаа дурьдаж, ирэх жилийнхээ зорилго, зорилтыг танилцуулах, ахмадуудынхаа санаа бодлыг сонсож, хүндэтгэн цаашид хийгдэх ажилдаа тусгаж ирсэн билээ.

            Дархан сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан арга хэмжээ нь холбогдох хууль тогтоомж, журмын заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн байгууллагуудаас өндөр настны тэтгэвэрт гарсан ахмад настнуудын хүрээнд хийгддэг ажил болно. Үүнд: Дархан сумын ЗДТГ-аас зохион байгуулласан арга хэмжээ нь холбогдох хууль тогтоомж, журмын заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн байгууллагуудаас өндөр настны тэтгэвэрт гарсан ахмад настнуудын хийгддэг ажил болно.Үүнд:

            1.Монгол Улсын Ахмад настны нийгмийн хамгаалалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгэн болон бусад тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага ажиллаж байсан ахмад настандаа хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна” гэж заасныг

            2. Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2015 оны 54 тоот захирамжаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмийн 16 дугаар зүйлийн 16.1.1  “Монгол Улсын Ахмад настны нийгмийн хамгаалалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу Дархан сумын ЗДТГ-аас тэтгэвэрт гарсан ахмад настнуудыг жил бүрийн сар шинийн баяр, олон улсын ахмадын баяраар хүлээн авч хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгал гардуулна” гэж тусгасныг тус тус хэрэгжүүлэх хүрээнд сумын ЗДТГ-ын 2016 оны төсөв, жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

            Гэтэл аймгийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 70.1.1, 70.1.4 дэх заалтыг зөрчсөн гэж хууль бусаар нэрийн жагсаалтаас хаассанд гомдолтой байна. Иймд аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай тогтоолын 1 дэх заалтын Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.   

 

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Аймгийн сонгуулийн хороо нь иргэн Б.*******, Э.******* нарын ирүүлсэн өргөдлийг авч хэлэлцэн нэр дэвшигч Б.******* нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Дархан сумын байранд ахмадуудыг хүлээн авч бэлэг сэлт, хийсэн, хийх ажлын талаар ярьсан нь  Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь заалт, 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1, 40.1.4, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтыг үндэслэн зөрчил гаргасан байна гэж үзэн нэр дэвшигчийн жагсаалтаас хассан. Холбогдох нотлох баримт болох бичлэгийг өргөдөл гаргарч ирүүлсэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

            Нэхэмжлэгчийн “Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн 12 дугаартай тогтоолын Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  

           Хариуцагчийн “нэр дэвшигч Б.******* нь 2016 оны цагаан сарын баярын өмнөхөн Дархан сумын байранд ахмадуудыг хүлээн авч бэлэг сэлт өгсөн, хийсэн ажлын талаар ярьсан нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1, 70.1.4, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтуудыг зөрчсөн” гэх тайлбарын тухайд:

 

         Дархан сумын Засаг даргын Тамгын газраас 2016 оны цагаан сарын баярын өмнө  Засаг даргын Тамгын газар,  болон   иргэдийн   хуралд   ажиллаж  байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн арга хэмжээ нь  Монгол Улсын Ахмад настны нийгмийн хамгаалалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу жил бүр зохион байгуулж хэвшсэн  ажил байх бөгөөд энэхүү ажиллагаанд Засаг дарга Б.*******  өөрийн биеэр оролцон тухайн жилд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудаа дурьдаж, ахмадуудынхаа санаа бодлыг сонсож, хүндэтгэл үзүүлсэн үйлдэл нь өөрийнх нь эрхэлж буй ажил үүрэгтэй нь холбоотой болох нь хэрэгт авагдсан  Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2015 оны 54 тоот захирамжаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”  Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны  өдрийн 13\04 дугаар “Сумын 2016 оны төсөв батлах тухай” тогтоол, урилга, СД бичлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа төдийгүй  хуулийн 70.1-д заасан сонгогчдын саналыг татах зорилго  агуулаагүй  байна.

            Мөн иргэн Б.*******, Э.******* нарын 2016 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн өргөдөл, Дархан сумын Засаг даргын Тамгын газраас  ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн СД бичлэгийг хүлээн авч улмаар Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн 12 дугаартай тогтоолоор 17дугаар тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Б.*******ыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1, 70.1.4 дэх заалтуудыг, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-т” ... нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл...” нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах заалтыг баримталсан нь буруу бөгөөд энэхүү хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөгдсөн байх тул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаар тогтоолын           Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хариуцагч аймгийн Сонгуулийн хороо түүний гишүүд нь сонгуулийн үйл явцыг зохион байгуулахдаа хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих, маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх зарчим, хуралдааныхаа дэгийг баримтлаж ажилладаггүй болох нь хэрэгт авагдсан Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 24-ний  өдрийн 08 дугаар “Хуралдааны тэмдэглэл”  хариуцагчийн тайлбараар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.2.1,  дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаар тогтоолын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 2016 оны сонгуулийн 17дугаар тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч ******* овогтой *******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

            3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73, 81 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээд  шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНЧИМЭГ