Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/MA2017/0612

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2017/0612

Улаанбаатар хот

 

 

З.Амгалангийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрах, П.Ундармаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0421 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, З.Амгалангийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0421 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтуудыг тус тус баримтлан З.Амгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, З.Амгаланг Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Амгаланд 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх нийт 3 сарын цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 3.276.051 (гурван сая хоёр зуун далан зургаан мянга тавин нэг) төгрөгийг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газарт даалгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрах давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0421 дүгээр шийдвэрээр Загаржавын Амгалангийн нэхэмжлэлтэй8 Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлээр агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгахтай холбогдох харилцааг зохицуулж байгаа бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т; агентлагийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилсан. Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталсантай холбогдуулан “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор Гааль, татварын ерөнхий газрыг татан буулгасан.

Үүний дагуу Гааль, татварын газар татан буугдсанаар дээрх байгууллага эрх хэмжээгүй болж Татварын ерөнхий газар байгуулагдсан. Ажиллаж байсан ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, тухайн чиг үүргийн ажилд нь томилохын тулд холбогдох хуулийн шаардлагыг хангах зохицуулалттай. З.Амгалангийн хувьд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Гааль, татварын ерөнхий газрын даргын Б/714 дугаар тушаалаар Төв аймгийн татварын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалд ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар “… сул орон тоо ...” гарч албан үүрэгт томилогдоогүй гэсэн үг юм.

Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.3-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлага, төсөв хөрөнгөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана”, 271.4-д “Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн даргыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн татварын хэлтсийн даргыг нийслэлийн татварын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилдог.

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1536 дугаар албан бичигт “...Төв аймгийн татварын хэлтсийн даргаар Дашзэвгийн Батсайханыг томилуулах саналыг уламжилж байна ...” гэсэн байна.

Мөн З.Амгалан шүүхэд гаргасан нотлох баримтуудаар “…би ээлжийн амралтаа эдлээгүй, энэ тухайгаа Татварын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын татварын улсын байцаагч Б.Батдоржид утсаар мэдэгдсэн” гэх боловч баримтаас харахад ээлжийн амралтын хуваарийн дагуу биш өөрт эрх олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд тушаал гарган түүнийгээ З.Амгаланг чөлөөлсөн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, эрх шилжүүлэн тушаал гаргаж, өөртөө ээлжийн амралт эдлэх зөвшөөрлийн хуудас олгосон зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна. З.Амгалангийн цалин хөлсийг Төв аймгийн татварын хэлтсээс бууруулалгүй олгож байсан бөгөөд Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-д татварын албан хаагчийн хувьд ажлын цаг бүртгүүлэлгүй ажил албан тушаалдаа ирэхгүй байгаа учраас 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс цалин олгоогүй байгаа юм. Үүнтэй холбоотой асуудлыг шүүх тодруулахгүйгээр ажиллаагүй хугацааны цалин хөлсийг бүхэлд нь гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч З.Амгалан “Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төв аймгийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан шатны уг шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

З.Амгалан нь анх Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс ажилд томилогдсоноос хойш Татварын байгууллагад 15 жил ажилласан бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/185 дугаар тушаалаар Төв аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/645 дугаар тушаалаар Төв аймгийн Татварын хэлтсийн даргаар жинхлэн томилогдсон “Төрийн жинхэнэ албан хаагч” байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан “сул орон тоо гарсан” гэдгийг мөн хуулийн 23, 24, 25 дугаар зүйл болон 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан аль нэг үндэслэлээр “ажлын байрны сул орон тоо” гарсан байхыг ойлгох ёстой. Нэхэмжлэгч З.Амгалангийн тухайд дээрх тохиолдол үүсээгүй тул, Төв аймгийн Татварын хэлтсийн даргын “сул орон тоо” гараагүй байна.

Гэтэл Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг хариуцагчийн зүгээс буруу ойлгон, хэрэглэж, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаалаар З.Амгаланг үндэслэлгүйгээр чөлөөлж, Төв аймгийн Татварын хэлтсийн мэдэлд шилжүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн шийдвэр болжээ.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заажээ.

Төв аймгийн тухайд урьд өмнө нь болон одоо ч Гаалийн хэлтэс, тасаг, газар байгаагүй, зөвхөн Татварын хэлтэс л үйл ажиллагаа явуулж байсан байх бөгөөд тухайн аймагт 2 агентлаг нэгдсэн, нийлсэн гэх мэт ямар нэгэн зохион байгуулалтын өөрчлөлт хийгдээгүй байна. Иймд тухайн агентлагийн хувьд ямар нэгэн байдлаар даргын орон тоо цөөрсөн, хасагдсан гэж үзэх тохиолдол бий болоогүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар тус тус өөрчлөн байгуулагдаж, 3 дахь заалтаар Гааль, татварын ерөнхий газрын татан буулгасан байна. Ийнхүү Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар өөрчлөн байгуулагдсан нь “төрийн жинхэнэ албан хаагч”-ийг үндэслэлгүйгээр чөлөөлөх, орлон гүйцэтгэгч болгож ”хувиргах” замаар “сул орон тоо”  бий болгох үндэслэл болохгүй.

Мөн Сангийн сайдын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 301 дүгээр тушаалыг үндэслэн Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Татварын ерөнхий газрын харьяа нэгжийн бүтэц, чиг үүргийг батлах тухай” А/03 дугаар тушаалыг гаргажээ. Уг тушаалын 1 дүгээр хавсралтаар аймгийн Татварын хэлтсийн бүтцийг 5 тасагтай байхаар баталсан байх бөгөөд Төв аймгийн Татварын хэлтсийн орон тоог батлаагүй байсан нь “Татварын ерөнхий газрын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 03/1380 дугаартай албан бичиг болон дээрх тушаалаар тогтоогдож байна. Түүнчлэн Төв аймгийн Татварын хэлтсийн бүтэц өөрчлөгдөөгүй, өмнөх болон сүүлд батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан харахад хэлтсийн даргын орон тоо, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, уг ажлын байр хасагдаагүй байна.

Дээрхээс үзэхэд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хангах үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчийн өмнө хариуцах үүрэгтэй байхад хариуцагч Татварын ерөнхий газрын дарга нь энэхүү үүргээ биелүүлэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим болон 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчиж, Төв аймгийн Татварын хэлтсийн даргаар Д.Батсайханыг томилсон байна.

Эдгээр болон бусад үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0421 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                               Г.БИЛГҮҮН

                                    ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР