Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/2

 

 

 

 

 

 

         2021         12            22                                       2021/ШЦТ/2

 

 

Б.Э, У.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 1093 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурор Д.Ууганцэцэгийн 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 51 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Э, У.Э нарт холбогдох эрүүгийн 2108012441115 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ын Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, ................ боловсролтой, ..... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., .................... дүүргийн .. дугаар хороо, .................... .. дугаар гудамжны ... тоотод оршин суух, /РД: ......................./,

 

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 15 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 258 дугаар шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар нийт 6 сар баривчлах ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 359 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 хоног хорих ял,

Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 7 сар 8 хоногийг нэмж нэгтгэн, нийт 11 жил 1 сар 8 хоног хорих ялаар тогтоож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 173 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан түүний өмнө шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 10 хоногийн хорих ялыг тэгшитгэл оруулж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил хорих ял болгон өөрчилж, биеэр 5 жил 9 сар 22 хоног эдэлсэн тул суллаж шийдвэрлэсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 185 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 27 хоногийн хорих ял шийтгүүлж, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан.

2. Б......... овгийн У-ын Э, 19.... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн ... настай, эрэгтэй, ................. боловсролтой, ................. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр, .. хүүхдийн хамт ................... дүүргийн ... дугаар хороо, ................... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, /РД:.........................../,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сар хорих, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жил хорих ял шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд багтааж, нийт 4 жил хорих ялаар шийтгүүлж байсан.

Б.Э нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Э-ыг зодож эрүүл мэндэд нь “дагз ясны шугаман хугарал, баруун зулай, дагзны хуйх, дух, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт, нурууны зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан, У.Э нь 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Э-ийг зодож эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, баруун, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: У.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Э-ийн үйдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-ыг 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийг 2 жил 6 сарын хорих ял тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч У.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 460 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас хоёр жилийн хорих ялыг хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-ийн цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Э цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч У.Э, Б.Э нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, хохиогч Б.Э гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой, хохирогч У.Э цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа тус тус бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхтэй болохыг дурдаж, У.Э-т авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжпүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ууганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан байна.

Гэтэл шүүгдэгч Б.Э нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 15 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байхад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас хоёр жилийн хорих ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг зөрчин “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 3 дугаар зүйлийн 3.1- т заасныг зөрчин “хуулийн үйлчлэлд хамаарахгүй хүнийг хамааруулсан” байх тул “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж дүгнэж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 1093 дугаар шийтгэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч “Б.Э-ийг 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Э-ыг зодож эрүүл мэндэд нь “дагз ясны шугаман хугарал, баруун зулай, дагзны хуйх, дух, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун чамархайн хуйханд шарх, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд зулгаралт, нурууны зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ түүний хувийн байдалтай холбоотой баримтууд болох урьд шүүхээр ял шийтгүүлж байсан тогтоолууд болон хугацааны өмнө тэнсэн суллагдсан шүүгчийн захирамж, Өршөөл үзүүлэх комиссын тогтоол зэрэг шаардлагатай баримтуудыг хэрэгт хавсаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, шийтгэх тогтоол гаргахдаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэснийг зөрчиж, шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хассан нь буруу болсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Э нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Өршөөл үзүүлэх комиссын 2802 дугаар тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 5 жил 15 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэж байсан болох нь тогтоогдсон байна.

Иймд, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул хүлээн авч, давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй анхан шатны шүүхийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг дахин хэлэлцүүлэх замаар зөвтгүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/1093 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э, У.Э нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                                          Б.ЗОРИГ