Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2024/02030

 

 

 

 

 

 

 

 

2024 04 16

101/ШШ2024/02030

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох 1,853,265.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Би 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс *** тоот хаягт байрлах өргөтгөлийн АНУ гоо салоныг одоо болтол түрээсэлж ажиллаж байгаа юм. Хариуцагч Э.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай салонд үс засахаар үсчингийн суудал 1 /нэг/ өдрийн 22,000.00 төгрөгөөр түрээслэсэн. Гэвч хариуцагч нь ажиллах хугацаандаа эхний 1, 2 сар түрээсийг төлбөрийг өдөрт нь өгөхөө больж хэд, хэдэн хоногоор удаашруулж байгаад сүүлдээ төлхөө больсон бөгөөд шаардахаар хүүхдийн мөнгө, нөхрийн цалин энэ тэр гэж худал ярьдаг байсан.

Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл түрээс 40 хоногийн түрээсийн төлбөр 880,000.00 төгрөгийг төлөөгүй, мөн ажлаас гарах тухайгаа ямар нэгэн байдлаар хэлээгүй, утсаа авахгүй, надтай ирж уулзаагүй, мессэж бичээд хариу өгөөгүй ба үл хүндэтгэж гэрээггээ зөрчсөн. Гэрээнд зааснаар аль нэг тал хэрэв гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа 1 /нэг/ сарын өмнө мэдэгдэх ёстой. Иймд, хариуцагчийн төлөөгүй түрээсийн төлбөр 880,000.00 төгрөг, алданги 792,000.00 төгрөг, түүнийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 181,265.00 төгрөг, нийт 1,853,265.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2022 оны 04 сарын 26-ны өдөр нэхэмжлэгчтэй үсчингийн суудал түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан ба гэрээний өдрийн төлбөр 22,000.00 төгрөгийг өдөр, өдөрт нь төлдөг байсан. Гэвч би, жирэмсэн болоод ачаалалтай ажилласны улмаас үр маань зулбаад бие муудаад эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Гэхдээ би, эмнэлэгт хэвтэхээс өмнө хамт ажиллаж байсан ажлынхан болон нэхэмжлэгчийн эхнэрт энэ талаар хэлсэн. Ингээд эмнэлэгээс гарч ирээд нэхэмжлэгч Ж.*******т утсаар цаашид түрээслэж чадахгүй, бие минь муу байна гэж хэлсэн.

 

Түүнчлэн тухайн үед ээжийн маань нуруу нь хугараад хэвтэрт байсан учир түүнийг асрахаас аргагүй байдалд орсон гэдгээ ч хэлж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 500,000.00 гаруй төгрөг төлөөрэй, чамайг гарсан цагаас хойш хүн ороогүй гэхээр нь би яагаад төлөх ёстой бэ, өвчтэй зовлонтой эмнэлгээр явж байхад гэхэд чамаас мөнгөө авахдаа л авна, хараарай гэж намайг баахан загинаж дарамталсан. Би, тэгээд хамт ажилладаг байсан үсчин нараас тодруулахад хэд хоног бид нар үсчин байхгүй гээд амрахгүй ажилласан, удахгүй нэг үсчин ирсэн учир бид хэд хуваарийн дагуу амарч ажилладаг болсон гэж хэлсэн. Хэд хоногийн дараа нэхэмжлэгч нь над руу 500,000.00 төгрөг дээр мөнгө нэмэгдээд 600,000.00 гаруй төгрөг болсон гэсэн зурвас бичээд өгөхгүй бол Fасеbоок дээр тавина, нөхрийн чинь ажил дээр очно гэж дарамталсан.

 

Нэхэмжлэгч нь урьд өмнө ажиллаж байсан хүмүүсээс оронд нь ажиллах үсчингнн олоод яваарай, аль эсхүл 10 хоногийн төлбөр төлөөд яваарай гэдэг байсан. Тэгээд энэ хүн надаасс мөнгө нэхээд салахгүй болохоор нь ядаж 10 хоногийн мөнгөө өгье гэсэн чинь үгүй ажиллаагүй хугацаан дахь бүх мөнгөө бүтнээр нь авна гээд загнаад байсан учир ойлголцож чадаагүй. Би, нэхэмжлэгчид 1,853,565.00 төгрөгийг төлөх ёсгүй гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

Нэхэмжлэгчийн өгсөн баримт,

 

1.  Улсын тэмдэгтийн хураамжид 44,598.00 төгрөг төлсөн баримт,

2.  албан бичиг,

3.  Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

4.  Түрээсийн гэрээ,

5.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,

6.  2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн түрээсийн гэрээ,

 

Хариуцагчийн өгсөн баримт,

 

1.  Хариу тайлбар,

2.  Э.*******ын хаан банкин дахь дансны хуулга,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

 

1.  т ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын 2022 оны 10 дугаар сард үр хөндүүлсэн тухай лавлагаа мэдээлэл болон эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримт,

2.  Үзлэг хийсэн баримт.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.            Нэхэмжлэгч Ж.*******оос хариуцагч Э.*******д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 880,000.00 төгрөг, алдангид 792,000.00 төгрөг, эрэн сурвалжлуулах болон бусад зардалд 181,265.00 төгрөг, нийт 1,853,265.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ж.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Э.*******тай үсчин-гоо сайхны үйл ажиллагааны чиглэлээр суудал түрээслэх гэрээ байгуулж, хариуцагч нь гэрээний зүйлийг аж ахуйн буюу үс засах үйл ажиллагаа эрхлэн явуулахаар 3 /гурав/-н жилийн хугацаатай 1 /нэг/ өдрийн 22,000.00 төгрөгөөр түрээслэхээр тохирсон байна /х.х-ийн 16 хуудас/.

 

2.            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж, тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 318.2Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Э.*******д аж ахуйн зориулалтаар ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг түүний эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгөх, хариуцагч нь тийнхүү гэрээний зүйлийг хүлээн авснаар түрээслэх боломжтой болж, улмаар гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ.

Энэ талаар дээр дурдсан хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан ба талууд гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй.

3.            Ингээд талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон үзлэг хийсэн баримтаар хариуцагч Э.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаад түрээсийн зүйлийг ашигласан боловч 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ашиглаагүй бөгөөд тэрхүү ашиглаагүй хугацаа нь зохигчдын хооронд төлбөр төлөх эсэх талаарх маргааныг бий болгожээ.

 

Талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийг түрээсийн зүйлийг ашиглаж байсан хугацааны талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд түрээсийн зүйлийг ашигласан гэж үзнэ.

4.            Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан түүний ашиглаагүй буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны 40 /дөч/ хоногийн түрээсийн төлбөр /40х22,000=880,000.00 төгрөг/-ийг алданги 792,000.00 төгрөг болон хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,265.00 төгрөгийн хамт тус тус нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, 292 дугаар зүйлийн 292.4Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээ нь бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний төрөлд хамаардаг тул эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт нэгэн адил үйлчлэх ба түрээслэгч нь түрээсийн зүйлийг өөрийн буруугаас ашиглаагүй бол уг хугацааны төлбөрийг зохих ёсоор төлөх үүрэг хүлээнэ.

5.            Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Нийслэлийн Амгалан амаржих газраас ирүүлсэн баримтаар хариуцагч Э.******* нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд өвчний учир эмнэлгийн хяналтад байсан ажээ. Тодруулбал, хариуцагч нь дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас түрээсийн зүйлийг ашиглаж чадаагүй болох нь тогтоогдож байх тул тэрээр энэхүү 17 хоногийн түрээсийн төлбөр болох 374,000.00 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөнө /х.х-ийн 42-49 хуудас/.

Харин хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас түрээсийн зүйлийг ашиглаж чадаагүй гэсэн тайлбараа нотлоогүй тул нэхэмжлэгчид 23 өдрийн түрээсийн төлбөрт 506,000.00 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ.

6.            Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, мөн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авадсан түрээсийн гэрээний дагуу хариуцагч нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр төлөх үүрэгтэй байх тул 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 506,000.00 төгрөгөөс алданги тооцоход 253,000.00 төгрөг болж байна.

7.            Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Э.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл түрээсийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан боловч ураг зулбасан гэсэн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байснаас улбаалан үүнээс хойш хугацаанд хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн төлбөл зохих алдангийн хэмжээг 50 хувиар чөлөөлж, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт 506,000.00 төгрөг, алдангид 126,500.00 төгрөг, нийт 632,500.00 төгрөг төлөх нь зүйтэй гэж үзэв.

8.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 200,000.00 төгрөгийг түрээс дууссан гэсэн утгатай нэхэмжлэгчид төлсөн ба үүнийг зохигчдын байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон гэж тайлбарлаж байна /х.х-ийн 51 хуудас/.

Гэтэл хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Ж.*******т түрээсийн гэрээг цуцлах тухайгаа мэдэгдсэн гэдгээ баримтаар нотлохгүй байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, 204.2Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж тус тус заасан.

Иймд, нэгэнт хариуцагч буюу түрээслэгч тал гэрээг цуцлах тухай түрээслүүлэгчид мэдэгдээгүй учир талуудыг 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгож гэрээг дуусгавар болсон гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

9.            Харин зохигчдын байгуулсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлд хариуцагч нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон байгаагаас үзвэл 2022 оны 09 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5-д Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ гэж зааснаар хариуцагчийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнөх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн гэж үзнэ.

 

10.         Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тоот шийдвэр болон 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тоот шийдвэрээр нэхэмжлэгч Ж.*******ын хүсэлтээр хариуцагч Э.*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоохоор шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ /х.х-ийн 4, 5, 10-12 хуудас/.

 

Хэдийгээр талуудын байгуулсан түрээсийн гэрээнд хариуцагч Э.*******ын оршин суух хаягийг *** тоот гэж тэмдэглэсэн боловч хожим хариуцагч нь өөрийн оршин суух хаягаа өөрчлөхдөө энэ талаар нэхэмжлэгч Ж.*******т мэдэгдээгүй байна.

 

11.         Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан бусад зардал гэх 38,365.00 төгрөг нь чухам ямар зардал болох, яагаад хариуцагчаас шаардаж байгаа талаар үндэслэл бүхий тайлбар өгөөгүй.

 

Иймд, нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний үүргийг шүүхийн журмаар нэхэмжлэхтэй холбоотойгоор түүнийг эрэн сурвалжлуулахад 140,400.00 төгрөгийн зардал гаргасан байгааг үндэслэн хариуцагчаас түрээсийн төлбөр 506,000.00 төгрөг, алданги 126,500.00 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 140,400.00 төгрөг, нийт 772,900.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,080,365.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Э.*******аас 772,900.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,080,365.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,598.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,100.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ