Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 239

 

 

 

 

                                                  ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2017 оны 09 сарын 14 өдөр               Дугаар 239                           Улаанбаатар хот

                                                                                                                                                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч С.Олзод, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буян овогт Пүрэвжавын Цэрэнбүтэдэд холбогдох эрүүгийн 201526020831 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Соёлмаа /томилолтоор/, иргэдийн төлөөлөгч Ч.Тунгалаг, хохирогч Ц.Уранбилэг, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа, хохирогч “Очир Ундраа ОМЗ” Банк бус санхүүгийн байгууллагын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч П.Цэрэнбүтэд, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, эмэгтэй, 51 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 46-502 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” хотхоны 103-8 тоот хаягт түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Буянт овогт Пүрэвжавын Цэрэнбүтэд /РД:ЧЖ66071500/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

 Шүүгдэгч П.Цэрэнбүтэд нь:

1. Сингапур улсад амьдарч байсан өөрийн зээ дүү болох Ц.Уранбилэгтэй утсаар болон яахоо мессенжэр-/yahoo messenjer/-ээр холбогдож тохиролцсоны дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барих ажлыг гүйцэтгэж байсан “Суман Кореа” компаний барилгаас “ХД 46-502 тоотод байрлах 132.6 мкв  талбай бүхий 4 өрөө орон сууцыг, урамшуулалд нь үнэгүй дагалдуулан өгсөн зоорийн  давхрын  502 дугаартай автомашины зогсоолын хамт 188.539.000 төгрөгөөр худалдан авахаар “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”, мөн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г Ц.Уранбилэгийн нэрийн өмнөөс “Суман Кореа” компанитай 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд иргэн Ц.Уранбилэгийн өөртөө орон сууц худалдаж авахуулах зорилгоор Сингапур улсаас Сингапур улсын иргэн Квек Кианг Вү Жон /KWEK KIANGWOO JOHN/-ны нэрээр 3 удаа Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан П.Цэрэнбүтэдийн нэр дээр шилжүүлсэн нийт 140.000 америк доллар буюу 203.520.000 төгрөгнөөс 188.539.000 төгрөгийг 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Суман Кореа” компанид хүлээлгэн өгч,

- 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр уг 4 өрөө орон сууцны “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхдээ, хууль ёсны өмчлөгч Ц.Уранбилэгээс гадна, өөрийгөө өмчлөгч мэтээр нэмж оруулан, Ц.Уранбилэг, П.Цэрэнбүтэд нарын 2 иргэний дундын өмч гэж үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206016515 бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээг гаргуулж, дараа нь буюу 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг хуурамчаар үйлдэж, Ц.Уранбилэгийн нэрийг хасуулж, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр иргэн Ц.Уранбилэгийн 188.539.000 төгрөгийн үнэ бүхий, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “ХД 46-502 тоот 132.6 мкв 3 өрөө орон сууц, зоорийн давхрын 502 тоот автомашины зогсоол”-ыг П.Цэрэнбүтэд нь 100 хувь өөрийн өмчлөлийн зүйл болгон өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах замаар итгэл эвдэх болон хуурч мэхлэх аргаар, 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд итгэл эвдэх болон хуурч мэхлэх аргаар иргэн Ц.Уранбилэгийн “ХД 46-502 тоот 132.6 метр квадрат 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 502 тоот автомашины зогсоол”-ын өмчлөх эрхийг залилан мэхэлж авсан,

 

2. Мөн Ц.Уранбилэгийн “ХД-46-502 тоот 132.6 мкв 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 502 тоот автомашины зогсоол”-ын өмчлөх эрхийг залилан мэхэлж авсны дараа, давтан үйлдлээр Ц.Уранбилэгт орон сууц худалдан авахад урамшуулал болгон үнэгүй дагалдуулан өгсөн зоорийн давхрын 18 мкв талбайтай 502 тоот автомашины зогсоолыг иргэн Г.Дүгэрдуламд “өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө” мэтээр итгүүлэн зарж, 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд 5 удаа бэлнээр, нийт 19.100.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан авч, иргэн Г.Дүгэрдуламд үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

3. Ц.Уранбилэгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХД 46-502 тоот 3 өрөө орон сууцыг, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Очир Ундраа ОМЗ” Банк бус санхүүгийн байгууллагад “Сандэй плаза төвд лангуу худалдаж авах гэж байгаа юм” хэмээн итгэл төрүүлэн, хуурамч бичиг баримт үйлдэж 120.000.000 төгрөгийн зээлийн барьцаа болгож, хуурч мэхлэх аргаар “Очир Ундраа ОМЗ” Банк бус санхүүгийн байгууллагын 120.000.000 төгрөгийг зээл нэрээр залилан авч, онц их хэмжээний хохирол учруулж, 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 3 удаагийн давтан үйлдлээр бусдын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, өмчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж аван, бусдад нийт 327.639.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад                   

            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Шүүгдэгч П.Цэрэнбүтэдээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Уранбилэг нь манай дүүгийн хүүхэд юм. 1992 оноос хойш Юмжир, Уранбилэг, Даваацэрэн нарыг нөхөр бид хоёр өсгөж, дээд боловсролтой болгосон. Юмжирыг Түшээ дээд сургууль төгсгөөд Сингапур улсад суралцуулахаар явуулсан. Сингапурт Юмжир нь орчуулагч хийгээд 2, 3 жил болсон байсан. Тэгээд би Юмжирт “Уранбилэг дүү чинь удахгүй 10 дугаар ангиа төгсөнө, Сингапурт сургууль хөөцөлдөөд өгөөч” гэж хэлсэн. Тэгээд Сингапурт Уранбилэгийг сургуульд явуулахаар болж, анх явахад нь Сингапурт очиход бүрдүүлэх бичиг баримт, зардал, төлбөр зэргийг машинаа зарж, дүү Цэрэнбатаас хүртэл туслалцаа авч авч байгаад сургуульд явуулж байсан түүхтэй.

Уранбилэгийн эхний жилийн төлбөрийг төлсний дараа Юмжир нь “Жонтой яриад Уранбилэгийг гэрт нь байлгахаар боллоо, хөлсөнд нь сургалтын төлбөр төлөхөөр боллоо” гэсэн. Түүнээс хойш Уранбилэгт төлбөр хийгдээгүй, гэхдээ суралцаж байх хугацаанд нь өөрийнхөө чадлын хэрээр хувцас, хоол унд явуулж, Монголд ирэхэд нь аятайхан газар амраах ч юм уу, ер нь хайр халамжаар дутааж байгаагүй гэж бодож байгаа. Уранбилэгийг бага байхад нь түүний ээж, миний төрсөн дүү Цэрэндолгор нас барсны дараа миний найз Жавхлан, Ариунчимэг нарынд өргүүлсэн, тэр айлдаа 2 жил 4 сарын хугацаатай амьдарсан байх. Тэгэхэд нь би хүүхэд тусад нь гаргаж байгаа юм шиг бүх зүйлийг нь бэлдээд явуулж байсан. Тухайн айлд хүүхдийн асрагч шиг амьдарч байхад нь манай нөхөр Уранбилэгийг очиж авчирсан. Эргээд Уранбилэгийг авахад нэг ч хувцас нэмэгдээгүй байсан.

Тэгээд энэ хугацаанд анх 2005 онд Жон Монголд ирж бид нар танилцаж байсан. Жонд Монгол улсыг үзүүлж, гэр бүлээрээ танилцаж, амралтанд явсан. Жон нь буянтай ажил их хийдэг хүн байсан. Тухайн үед Жон манай нөхөр, бид хоёрыг “та хоёрыг ийм буянтай ажил хийж байгааг үнэлж байна, та хоёрт тусална аа, Юмжирээр дамжуулаад холбогдоорой” гэж хэлж байсан. 2009 онд нөхөр, бид хоёр Юмжирээр дамжуулаад Сингапурт очиж, Жоны гэрт 5 хоносон. Тэгээд Сингапурт очиход Жон “та хоёрт тусална, та хоёр юугаар туслуулмаар байна, ямар бизнес хийж байна” гэж асууж байсан. Тэр үед Жон өөр бизнес хийж байсан учраас бид хоёрын хийж байгаа бизнесийг огт сонирхоогүй.

Ингээд 2010 оны 09 дүгээр сард зээ дүү Уранбилэг над руу яриад “Жон байр авч өгнө гэсэн, та байр судлаад өгөөч” гэхэд нь би тухайн үед 5-6 байрны зураг, судалгааг явуулж байсан. Би анх жижиг байр хайж байсан юм. Гэтэл Уранбилэг нь “олуулаа амьдрах юм чинь арай том байр авъя” гэсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ХД-46 байрны 502 тоотын 4 өрөө байрыг авсан.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 46 байрны 502 тоот 4 өрөө байр нь м2 нь 150 доллар, граж нь 5 доллар байсан. Тухайн үед байр олж авах гэж сар гаран болсон. Тэгээд “Суман Кореа” ХХК-ийн барьсан байрыг үзэж сонирхоод явж байхад манай нөхрийн найз, бас миний найз хоёр байр сонрхож байсан тул хэлээд “Суман Кореа” ХХК-иас тэд нар байр худалдан авч байсан юм.

Тэгээд тус компаниас “та манай байрыг худалдан авах хүн олж өгч, хоёр байр зарагдлаа, та ч өөрөө байр авах гэж байгаа учир танайд байрны доорх автомашины зогсоолоос нэг гаражийг үнэгүй урамшуулалд нь олгож байгаа юм” гэж хэлээд өгч байсан. Тухайн үед “Суман Кореа” ХХК-ийн захриал нь Кан гээд солонгос хүн байсан. Тэгээд би гаражийг юу гэж ойлгосон бэ гэхээр “бид нар байр худалдаж авсан, найз нараараа байр авахуулсан учраас дагалдаж үнэгүй өгсөн” гэсэн ойлгосон. “Суман Кореа” ХХК-иас байр худалдан авсан анхны худалдан авагч байгаа. Түүнээс хойш байр нь зарагдахгүй байсан учраас гаражаа үнэгүй өгч эхэлсэн гэж сонссон.

Тухайн үед тус компанийн ажилтан Хашцэцэгтэй “Орон сууц худалдах, худалдан авах” нэг дугаартай гэрээг би хийсэн юм. Уранбилэг амралтаараа Монголд ирдэг, “бүгдээрээ амьдрах байр хэрэгтэй” байртай боллоо гэж ярьдаг байсан. Жон бид нарт тусална гэж ярьж байсан болохоор нь “байр авч өгч байгаа юм байна” гэсэн бодлоор би анх орон сууцыг бүртгүүлэхдээ өөрийн нэрийг оруулж бүртгүүлсэн юм.

Уранбилэг нь анх надад “намайг өөрийнхөө нэрээ битгий оруулаарай” гэж ч хэлээгүй. Би Уранбилэгт “бид энэ байранд байх биш, чи ирээд байрандаа орно, чи нэг объект аваад түрээслүүлчихгүй юу” гэж зөвлөж байсан удаатай. 2011 онд Уранбилэгийг амрахаар Монголд ирэхээр нь зөвшөөрөл авч, би түүний байрыг 32.000 ам.долларын барьцаанд тавьж байсан. Уранбилэгээс “дахин байрыг чинь барьцаанд тавих гэсэн юм, чи надад итгэмжлэл явуулаад өгөөч” гэхэд Уранбилэг “байраа барьцаанд тавиад яах юм, хэдэн төгрөгийн хэрэг гараад байгаа юм бэ” гэхэд “150.0 сая төгрөгийн хэрэг гараад байна” гэж хэлсэн. Уранбилэг энэ талаар John-д хэлэхэд “өндөр хүүтэй мөнгө зээлээд яах юм. John 100.000 ам.доллар өгье гэж байна, нэг жилийн хугацаатай зээлье гэж байна, намайг байрны гэрчилгээн дээрээс нэрээ хасуулах юм бол энэ 100.000 ам.долларыг шилжүүлье” гэж хэлсэн юм. Тэгэхэд нь би нэрээ хасуулъя, хэрхэн яаж хасуулах талаар хоорондоо ярилцаад Уранбилэг нь Сингапураас Тунгалагболор гэдэг хүнд итгэмжлэл өгч явуулсан. Тэр итгэмжлэлийг нь үндэслээд Тунгалагболор бид хоёр хамтран өмчлөлөөс нэр хасуулах гэрээ, 100.000 ам.доллар зээлэх гэсэн хоёр гэрээг хийсэн. Ингээд Тунгалагболор гэрээ, бүх баримтаа авсан. Тунгалагболор надад “та Уранбилэгтэй яриа, танд мөнгө өгмөөргүй юм ярьсан” гэж хэлсэн. Би Уранбилэгээс “мөнгө авна” гээд итгэсэн хүлээлттэй байсан. Тэр орой нь 21:00 цагийн үед Уранбилэг над руу яриад “мөнгө зээлэхээ болилоо” гэж хэлсэн. Тэгээд Тунгалагболороос би гэрээ, баримтуудыг авсан.

Үүний дараа нэг өдөр Багшийн дээдийн ойролцоо явж байтал Уранбилэгтэй их адилхан охин зөрөөд өнгөрсөн. Тэрүүхэн хугацаанд надад Уранбилэгтай яасан адилхан хүүхэд вэ гэж бодоод өнгөрсөн боловч тэр охиныг дуудаж уулзаад, учир байдлаа хэлээд, тэр охиныг дагуулаад Энхтайваны гүүр даваад баруун талд нь байрлах Нотариатын газарт очоод “Уранбилэгийг байрны өмчлөгчөөс хасуулах” итгэлцлийн гэрээ хийгээд маргааш нь үл хөдлөхөд очиж бүртгүүлээд гэрчилгээгээ авсан. 4 өрөө байр нь миний өмч биш, хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байна.

Тэгээд дараа нь Банк бус санхүүгийн байгууллагаас 120.000.000 төгрөгийн зээл авч, байрыг барьцаанд тавьсан. Тухайн үед энэ ажил маш хурдан бүтсэн, би өөрөө юу хийж байгаа талаар ч дүгнэх, шинжлэх боломж гараагүй. Энэ асуудлыг талаар би Уранбилэгт огт хэлээгүй, нуусан. ББСБ-аас авсан зээлийг Хялгантад хавтангийн үйлдвэрийн ажилд зарцуулсан юм.

Анх орон сууцыг “Суман Кореа” компаниас худалдан авах үед дагалдуулж өгсөн автомашины зогсоолыг 20.000.000 төгрөгөөр Дүгэрдуламд зарахаар тохиролцсон байсан. Би тэр үедээ би амьдарч байсан ХД-46 дугаар байрныхаа СӨХ-ийн дарга байсан. Гражийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй, “Суман Кореа” компани нь нэгдсэн журмаар гаргуулна гэж байсан юм. Гаражийн үнэнд Дүгэрдуламаас авсан 19.100.000 төгрөгийг би өөрийн эмчилгээнд зарцуулсан. Дүгэрдулам нь энэ автозогсоолыг авсан цагаасаа эхлэн бусдад түрээслүүлэн тодорхой ашиг олж ашиглаж байсан тул түүнийг хохирсон гэж бодохгүй байна.

Миний хувьд банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах үед Сандэй худалдааны төвд Эрдэнэбаатарын гутлын лангууг түрээслэн ажиллуулж байсан нь үнэн бөгөөд баримтад Эрдэнэбаатар өөрөө гарын үсэг зурсан боловч минийх биш гэдэг.

Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байна. “Очир ундраа ОМЗ” ББСБ болон Дүгэрдулам нарт төлөх хохирлыг нөхөн төлж барагдуулна. Уранбилэгийн орон сууцыг суллаад өөрт нь хүлээлгэж өгсөн, Уранбилэг одоо тэр байрандаа амьдарч байгаа. Уранбилэгийг хохирол гомдолгүй болгох боломжтой. Миний бие гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Би нойр булчирхайн өвчний улмаас сахартай болсон, Сүүлийн үед өвчин хүндэрч тархи, зүрх, элэгний судас бөглөрсөн гэсэн хүндрэл өгч эмчилгээ хийлгэж байгаа. Миний эрүүл мэндийн байдлыг шүүх харгалзан үзнэ үү.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Ц.Уранбилэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би 1992 онд төрсөн, миний төрсөн ээж Цэрэндулам 1996 онд буюу намайг 4 настай байхад нас барсан. 1996-1999 онуудад эмээ дээрээ байдаг байсан. манай эмээ 1999 онд нас барсан. Тэгээд Жавхлан, Ариунчимэг гэх айлд 1999-2003 оны хооронд өргүүлсэн. 2003 оноос Цэрэнбүтэд, Батмөнх нар намайг буцааж авсан. Цэрэнбүтэд нь манай ээжийн төрсөн эгч юм. 2003-2008 онуудад 5 жил ах эгч нартайгаа хамт амьдарсан. Тухайн үед Батмөнх ахын хамаатны дүү Сингапур улсад амьдардаг байсан. Тэгээд 10 жилийн сургуулиа төгсөхөөр нь Уранбилэгийг авч хэлний бэлтгэлд сургана гэж ярьдаг байсан. Тэгээд 2008 онд 10 жилээ төгсөөд, Сингапур улсыг зорьж Юмжир эгч дээр очсон. Юмжир эгч Сингапур улсад нөхөртэйгөө хамт амьдардаг. Би гэрт нь байрлаж хэлний бэлтгэлд 2 жил сурсан.

Энэ хугацаанд төлбөр болон хэрэглээний зардлыг ар гэрээс явуулж байгаагүй. John гэдэг хүний компанид Юмжир эгч ажилладаг байсан. Тэгээд намайг John гэдэг хүнтэй танилцуулж ажил хийлгэх боломж байна уу гэсэн байгаа. Сингапурт оюутан учраас ажил хийх хориотой. John өөрөө буяны ажил их хийдэг байсан болохоор тухайн үед миний амьдрал байдлын талаар мэдээд, их тусалж дэмжин хүндэтгэж харьцдаг байсан. Багаасаа өнчирч, айл айл дамжиж явсан гэдэг утгаар намайг сургуульд сургаж өгье, боловсролтой болгож өгье, гэхдээ манайд байрлаж гэрийн үйлчлэгч хий гэсэн.

John нь эхнэр болон ач охинтой хамт амьдардаг байсан. Тэгээд John-д байрлаж гэрийнх ажилд тусалдаг байсан. Миний суралцаж байсан сургуультай ч тэдний гэр нь ойрхон байсан тул тэндээс хичээлдээ явдаг байсан. John надад хэрэглээний мөнгө өгдөг байсан. Тэгээд жилийн дараа John “чиний амьдралыг сонссон, миний охиноос ялгаагүй хүүхэд байна, амьдралд туслана” гэдэг байсан. John намайг сургуулиа төгсөөд Монголд очсон хойно чинь чамд амьдрах байр авч өгнө гэхэд нь би их баярлаж, хүлээн зөвшөөрсөн.

Тэгээд Монгол улсад 2009 оны өвлийн амралтаар ах, эгч дээрээ ирэхэд Цэрэнбүтэд эгч, гэр бүлийнхэнтэйгээ олуулаа түрээсийн байранд хэцүү байдалтай амьдарч байсан. Би тухайн үед ах, эгчийгээ хараад өрөвдөөд Сингапурт очихдоо John-д санал тавьж “намайг өгсөсөн ах, эгч нар ийм байдалтай амьдарч байгаа юм байна, төгсөж очоод байр авах гэхээр 3, 4 жил болно, өмнө нь байраа авч болох уу, намайг очтол ах, эгч нар маань амьдарч байг” гэж ятгасан. Тэгэхэд John “хичнээн танай ах, эгч ч гэсэн хүн мөнгө харахаараа хүн биш болдог юм, чи заавал өөрөө буцаж очиж байж байраа ав” гэхэд нь зөрөөд байр авахуулахыг зөвшөөрүүлсэн юм.

2009 оны 11 сараас 2010 оны 02 сарын хооронд John 20.000 доллар, 50.000 доллар, 70.000 доллараар 3 удаа мөнгө шилжүүлсэн. Энэ үед би Монгол улсад байгаагүй. Би тухайн үед эгчид их итгэсэн. 2009, 2010 оны үед намайг ямар байдалтай байгааг хармаар байна гээд John-р бүх зардлаа даалгаад, Цэрэнбүтэд эгч, нөхөртэйгээ Сингапур улсад ирж байсан. Тэр үед нь би орчуулагч хийж байсан. Тэр үед John нь “байр авч өгнө” гэсэн асуудлыг Цэрэнбүтэд эгчид хэлж байгаагүй. Тэгээд би амралтаараа Монголд ирэхэд Цэрэнбүтэд эгч “нэг ажил бүтээх гэсэн чинь хүнд хахууль өгөх хэрэгтэй байна, 50 гаруй сая төгрөгийн хэрэг байна, байрны гэрчилгээг барьцаанд тавьмаар байна” гээд нь байхад дургүйцэж байсан. Намайг ирсэн байхад шаналгаад, хэрэгтэй болоод байна гээд зээл авч байсан.

2013 оны 08 дугаар сард эгч утсаар болон уаhoo-р холбогдож 100.000 долларын хэрэг байна, “байраа барьцаалмаар байна” гэхэд нь “үгүй” гэж хэлж байсан. Би шууд “үгүй” гэж хэлсэн. Тэгээд би John-оос 100.000 доллар зээлж өгөхөөр гэрээ хийхээр тохирсон байсан. Би Сингапурт тухайн үед хэлмэрчээр ажиллаж байсан. Тунгалагболор гэдэг надтай хамт сурдаг байсан эгчтэй холбогдоод “би танд итгэмжлэл өгч явуулъя, та миний өмнөөс Цэрэнбүтэд эгчтэй гэрээ хийгээд өгөөч” гэж гуйсан. Тэгэхэд байрны ордер нь байгаагүй. Тунгалагболорт Цэрэнбүтэд эгч “чи Уранбилэгт байрны бичиг баримт байгаа юм шиг хэлчих” гэж хэлсэн байсан. Тэгээд тэр хүн “би эгч дүүсийн хэрэгт ормооргүй байна, чи өөрөө ирж байгаад гэрээгээ хий” гэж хэлээд төлөөлөхөөс татгалзсан. Тэр үед байрны бичиг барьцаанд байсан юм билээ. Тэгээд 09 дүгээр сарын сүүлээр би өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа аваад ир гэхээр нь лавлагаа авахаар бүртгэлийн байгуулахад хандахад миний нэр орон сууцны өмчлөгчөөс сайн дурын үндсэн дээр хасагдсан, байр Цэрэнбүтэд эгчийн өмч болсон байсан. Мөн их хэмжээний зээлийн барьцаанд тавьсан байсныг мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм.

Тухайн орон сууц нь анхнаасаа миний нэр дээр өмчлөгдөх байтал намайг Монгол улсад байхгүй байхад эгч хамтран өмчлөгч гэж бүртгүүлээд, дараа нь өөрийнхөө нэр дээр бүртгүүлж авсанд гомдолтой. Байрны өмчлөх эрхээ шилжүүлэн авах хүсэлтэй байна. Мөн уг байрны хамт, үнэгүй дагалдуулж өгсөн гаражийг түрээсэлж байгаа гэсэн боловч хүнд зарсан байсан. Өнөөдрийн байдлаар Цэрэнбүтэд эгч миний 4 өрөө орон сууцыг суллаад надад хүлээлгэн өгсөн, би уг орон сууцандаа өөрөө амьдарч байгаа. Гэхдээ Цэрэнбүтэд эгч өмчлөгчөөр бүртгэлтэй хэвээрээ байна. Иймд байр, гаражийн өмчлөх эрхээ өөр дээрээ шилжүүлээд авчихвал миний хувьд Цэрэнбүтэд эгчид гомдолгүй. Түүнийг ял шийтгэл эдлүүлээд явуулах хүсэлгүй байна. Анхнаасаа би Цэрэнбүтэдэд ял шийтгэл өгөх гэж яваагүй..” гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч “Очир ундраа ОМЗ” Банк бус санхүүгийн байгууллагын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгээс:

Хохирогч Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхзул нь ажилтай болсон учир шүүх хуралдаанд өөрийн биеэр ирж оролцох боломжгүй болсон тул миний бие хохирогч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан энэ шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч Цэрэнбүтэдийн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэх хэргийн жинхэнэ хохирогч нь бодитоор Банк бус санхүүгийн байгууллага болоод байна. Шүүгдэгч нь хуурамч баримт бичиг бүрдүүлэн “Очир ундраа ОМЗ” банк бус санхүүгийн байгууллагаас зээл нэрээр 120.0 сая төгрөг 2013 оны 10 сард аваад зээл, хүүгийн төлбөр огт хийгээгүй байдаг. Мөн зээлийн барьцаанд тавьсан орон сууцны өмчлөх эрхийг хууль бус аргаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авч барьцаанд тавьсан байдал нь байна. Барьцаа хөрөнгө нь эрхийн зөрчилтэй болсон учир барьцааны зүйлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. ББСБ нь шүүгдэгчээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 185.0 сая гаран төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн талаар тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Энхзул нь хэрэгт удаа дараа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн байгаа тул энэ шаардлагыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна.” гэсэн мэдүүлэг

 

Эрүүгийн 201301061169 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Ц.Уранбилэгийн: “...Миний ээж Цэрэндулам 1996 онд нас барж, би эмээтэйгээ хамт амьдарч байгаад 1999 онд эмээ нас барсан. Миний ээжийн эгч Цэрэнбүтэд намайг Жавхлан, Ариунчимэг гэх хоёр хүнд өргүүлсэн. Тэр айлд 4-5 жил амьдарч байгаад Цэрэнбүтэд эгч намайг буцаан авсан. Би 16 настай байхдаа Сингапур улсад суралцахаар явсан. Тэнд суралцаж байхдаа Жон гэж хүний гэрт нь амьдарч байсан, Жон нь эхнэр ач охиныхоо хамт амьдардаг. Надад их тусалдаг сайхан сэтгэлтэй хүн. Намайг Сингапур улсад байхад Жон нь надад “100.000 ам.долларт багтааж чамд Монголд амьдрах байр худалдаж авах мөнгө өгнө” гэж хэлсэн. Намайг нэг амралтаараа ирэхэд Цэрэнбүтэд эгч түрээсийн байранд, тохь тухгүй, их хэцүү амьдарч байсан болохоор, би байр аваад, өөрийгөө Монголд байхгүй байх хойгуураа гэрийхнийгээ байлгаж, амьдруулъя гэж бодсон. Тэгээд Сингапурт буцаж очоод Жонд эгчийнхээ гэр бүлийн нөхцөл байдлын талаар яриад “одоо байраа авч өгч чадах уу” гэхэд “намайг байраа судла” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би Монгол руу эгч Цэрэнбүтэд рүү залгаж, энэ тухай хэлээд “байр судлаад байж байгаарай, би очиж байгаад байр авна” гэж хэлсэн. Тэгэхэд эгч “за байр судлъя” гэсэн. Хэсэг хугацааны дараа эгч над руу залгаад “Хан-Уул дүүргийн 1 хороо ХД-н 46-502 тоот 4 өрөө орон сууц байна, энэ байрны үнэ нь 140.000 ам.доллар болох юм байна, их аятайхан байр, чи энийг алдаж болохгүй, шууд авах хэрэгтэй, тиймээс мөнгөө хурдан явуулаарай” гэж хэлсэн. Тэгээд худалдан авахаар болж, Жон эгч лүү мөнгө явуулсан. Ингэж энэ байрыг анх худалдаж авах болсон.

Байрны гэрчилгээ гарах үед би Монгол улсад байгаагүй. Миний өмнөөс манай эгч байрны гэрээ хийсэн. Гэхдээ хамтран өмчлөгчөөр эгчийг оруулна гэж бид тохироогүй байсан. ...Би Цэрэнбүтэд эгчээс “байрны гэрчилгээ миний нэр дээр гарна биздээ” гэж асуухад эгч “тиймээ” гэж байсан. Дараа нь надад “Суман Кореа” компаний тодорхойлолт гаргаж өгч байсан. Тэр тодорхойлолт дээр байрны мөнгө бүрэн төлөгдсөн, Уранбилэгийн нэр дээр гэрчилгээг гаргуулахад татгалзахгүй гэж бичсэн байсан. Тэгэхээр нь би байрны гэрчилгээ над дээр гарах нь тодорхой гэж ойлгоод гэрчилгээг миний нэр дээр гарсан байх ёстой гэж ойлгосон. Эгчийн надад өгсөн байр зарсан компанийн орон сууцны гэрчилгээг миний нэр дээр гаргуулна гэх тодорхойлолтыг би Жонд орчуулж үзүүлж байсан. Учир нь Жон надаас байрны талаар асуугаад байсан юм.

Тэгээд би Монголд ирээд байрны гэрчилгээгээ үзтэл эгч хамтран өмчлөгчөөр өөрийн нэрээ оруулчихсан байсан. Яагаад ингэсэн талаар нь асуухад “байр худалдан авах гэрээ хийж төлбөр төлсөн хүн нь нэрээ оруулах ёстой гээд байсан болохоор нь би нэрээ оруулсан, түүнээс биш би чиний байрыг авах гээгүй” гээд байсан.

Тухайн орон сууцны гэрчилгээ анх гарах үед миний зүгээс маргаан гаргах боломжгүй, би өөрөө Монгол улсад байгаагүй болохоор эгч өөрийн нэрээ нэмж оруулсныг мэдээгүй байсан. Үүнийг хожуу мэдсэн юм. Би ойлгохдоо ганцхан миний нэрээр орон сууцны гэрчилгээ гарч байгаа л гэж бодож байсан.

2013 оны 10 сард Монголд ирээд байрныхаа гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх талаар өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад өмгөөлөгч надад “Улсын бүртгэлийн газраас өөрийн байртайгаа холбоотой бүх баримт бичгийг авах ёстой” гэж зөвлөсөн. Тэгээд би Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандахад ....миний байр барьцаанд тавигдсан, миний нэрийг өмчлөгчөөс хасуулсан байсныг мэдсэн. Цэрэнбүтэд эгч “мөнгө хэрэгтэй байна, байрыг барьцаанд тавья” гэхэд нь би зөвшөөрөөгүй, үнэхээр 100.000 ам доллар хэрэгтэй байгаа бол би Жоноос асууж, зээлж өгье гэж байсан юм. Гэтэл тэр үед байрны гэрчилгээ барьцаанд байсан гэдгийг Тунгалагболороос мэдсэн. 32.000 долларын зээл төлөгдөөд гэрчилгээг барьцаанаас чөлөөлсөн гэж бодож байтал үгүй байсан. Цэрэнбүтэд эгчийн энэ үйлдэл нь надад таалагдаагүй учир би мөнгө зээлдүүлээгүй.

Жон надад анх байр авч өгөх үедээ “Монгол улсад хуулийн дагуу чамайг төлөөлөөд явах хүн хөлслөөд, байрныхаа гэрчилгээг чиний нэр дээр гарах хүртэл эрх ашгийг чинь хамгаалах хүн хөлсөл” гэж хэлж байхад нь би “эгчдээ итгэж байна” гээд бүх зүйлээ даатгасан.

...Цэрэнбүтэд эгч шүүх хурал дээр ХУД-ийн 15 дугаар хороо, ХД-н 46-502 тоот 4 өрөө орон сууц 100 хувь миний өмч болохыг хүлээн зөвшөөрөөд, ББСБ-аас чөлөөлөөд, өөрийнхөө нэрийг хасуулаад миний нэр дээр шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн. Эгч “энэ байр бол чиний байр” гэж байнга хэлдэг байсан боловч хамтран өмчлөх эрхээс нэрээ сайн дураараа хасуулдаггүй байсан. ...Цэрэнбүтэд эгч гаражийг хүнд түрээслүүлж байгаад худалдсан, гражийн мөнгөө гүйцэд аваагүй гэж хэлж байсан. Би өөрийн байр, гаражаа эргүүлэн авмаар байна. Байр, гаражийг надад буцаан өгөх юм бол Цэрэнбүтэд эгчид ямар нэг гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 14х, 15-16х, 153х, хэргийн 2-р хавтас 147х, 250х, 4-р хавтас 41х, 137х, 5-р хавтас 123х/,

 

2. Хохирогч Г.Дүгэрдуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2013 оны 09 сард “автомашины зогсоол зарна” гэсэн зарын дагуу Батмөнх гэдэг хүнтэй нөхөр Цог-Очирын хамт очиж уулзахад Хан-Уул дүүргийн 15 дүгээр хороо, Үйлдвэр ХД-ийн 46 дугаар байрны доод подвальд байрлах нэг автомашины зогсоолыг 25.000.000 төгрөгөөр зарна гэхэд нь түүний гэрт, эхнэр Цэрэнбүтэдийнх нь хамт бид дөрөв ярилцаад 20.0 сая төгрөгөөр авахаар тохиролцсон.

...2013 оны 09 сарын 27-ны өдөр 10.0 сая төгрөгийг Цэрэнбүтэдэд бэлнээр өгсөн. 2013 оны 10 сарын 01-ний өдөр 7.0 сая төгрөгийг бэлнээр, дараа нь 2013 оны 10 сарын 30-ны өдөр 1.0 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Дээрх мөнгийг Цэрэнбүтэд өөрөө авсан. 2014 оны 02 сарын 15-ны өдөр Цэрэнбүтэдийн хүү Жавхлан 500.000 төгрөг, 2014 оны 03-р сард өдрийг нь санахгүй байна нөхөр Батмөнх нь манай нөхөр Цог-Очироос 600.000 төгрөг авсан байсан. Нийтдээ Цэрэнбүтэдэд 19.100.000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 58-60х, 169-170х/,

 

3. Хохирогч “Очир ундраа ОМЗ” Банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхзулын мөрдөн байцаалтын шатанд хохирогч, ирэний нэхэмжлэгчээр өгсөн:

 “...2013 оны 09 дүгээр сарын дундуур “Очир-Ундраа ОМЗ” ББСБ дээр Цэрэнбүтэд, гэр бүлийн хүний хамт ирсэн. Манайхаас 150.000.000 төгрөгийн зээл тухайн үед хүсэж ирсэн. Зээл хүсэхдээ “Сандэй плаза” төвд гутлын лангуу түрээслэн ажиллуулдаг, нэмж лангуу худалдан авах гэж байгаа талаар дурьдсан байсан. Тэгэхээр нь “материалаа бүрдүүлээд ир” гээд бүрдүүлэх материалын жагсаалтыг өгөөд явуулсан. Цэрэнбүтэд 2-3 хоногийн дараа Хан-Уул дүүргийн 1-р хороо 46-502 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг аваад ирсэн. Тэр гэрчилгээ нь сүүлийн нэг жилийн дотор шилжилт хөдөлгөөн хийсэн байсан тул Улсын бүртгэлийн газраас орон сууцны өмчлөх эрхийн дэлгэрэнгүй лавлагаа авсан. Тэгэхэд Цэрэнбүтэдийн нэр дээр байсан. Манай байгууллагаас зээлийн судалгаа хийж, “Сандай плаза” төв дээр очиж лангууг нь үзсэн. Мөн Хан-Уул дүүрэг дэх 4 өрөө орон сууцыг үзээд 120.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай олгосон. Би Цэрэнбүтэдийн хамт Улсын бүртгэлийн газарт очиж барьцааг бүртгүүлсэн.

...Зээл олгосны дараа сараас нь эхлээд огт хүүгээ төлөхгүй байсан. Тэгээд гэрт нь ирэхээр гэртээ байхгүй, ажил дээр нь очихоор ажил дээрээ байхгүй байдаг байсан. Ар гэрийнхэнтэй нь холбогдохоор сахарын өвчин нь хөдлөөд эмчилгээ хийлгэж байгаа гэдэг. Шүүхийн шатанд Цэрэнбүтэд нь авсан зээлээ нөхөр Батмөнхийн бизнесийн үйл ажиллагаанд компанид нь хэрэглэсэн гэдэг. Тэгээд Цэрэнбүтэд нь манай байгууллагад хайрга нийлүүлж төлбөрөө барагдуулах талаар санал тавьсаны дагуу Цэрэнбүтэдийн зээлж авсан 120.0 сая төгрөгийг барагдуулахын тулд 2015 оны 04 сарын 27-ны өдөр “Очир ундраа” ХХК-ийн охин компани болох “Бүтээгч” компанитай нөхөр Батмөнх нь хайрга бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 6000 кубметрийг нийлүүлэхээр гэрээнд тусгасан бөгөөд нийт үнэ нь 111.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Мөн үлдэгдэл 9.0 сая төгрөгийг нь 2015 оны 05 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэсэн албан бичиг өгсөн боловч хайргаа ч нийлүүлээгүй, хайрганыхаа үнийг гэрээнд заасан 18.500 төгрөгнөөс нэмэгдүүлсэн тул “Бүтээгч” ХХК худалдаж аваагүй. Энэ гэрээг байгуулснаар манай ББСБ-ын хохирол төлөгдсөн гэж үзэх боломжгүй, хэдийгээр гэрээ байгуулсан боловч гэрээнийхээ үүргийг огт биелүүлээгүй. Цэрэнбүтэд нь манай байгууллагаас зээл авахдаа зөвхөн орон сууц барьцаалсан, гараж барьцаалаагүй. “Очир Ундраа” ББСБ нь одоо П.Цэрэнбүтэдээс үндсэн зээл 120.000.000 төгрөг, зээлийн хүүг 2015 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл тооцож 63.000.000 төгрөг, хугацаа хэтэрсний нэмэгдүүлсэн хүүд 2.319.199 төгрөг, бүгд 185.319.199 төгрөг нэхэмжилж байна. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн зээл, хүүгийн төлөлт төлөгдөөгүй байна. Цэрэнбүтэдийн манай байгууллагаас авсан зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга, гэрээ баримтуудыг бүгд хэргийн материалд хавсарган өгч байна” гэсэн мэдүүлэг, /хэргийн 2-р хавтас 144х, 249х, 5-р хавтас 70-71х/,

 

4. Сингапур улсын иргэн Квек Кианг Вү Жон /KWEK KIANGWOO JOHN/-ны Сингапур улс дахь Монгол улсын ЭСЯ дахь нотариатын үүрэг гүйцэтгэгч гэрчилж, Гадаад харилцааны яамны Консулын газрын Монгол улсын нотариатын баталгаа мөн болохыг нотолсон тамга тэмдэг бүхий мөрдөн байцаалтын шатанд ирүүлсэн Хууль ёсны мэдүүлэгт: “...Би нийт 140.000 доллар 3 тохиолдлоор доор дурьдсан өдрүүдэд илгээсэн болно.

а. 2009 оны 11 сарын 30-нд 20.000 US$,

б. 2010 оны 01 сарын 18-нд 50.000 US$,

в. 2010 оны 02 сарын 01-нд 70.000 US$

Миний явуулсан мөнгө нь (Монголд олгосон Е0812015 дугаарын гадаад паспорттой, Монгол улсын УХ92021068 /IC №UKh 92021068/ регистрийн дугаартай) Цэрэндулам овогт Уранбилэгт хаус худалдан авах зориулалттай байсан юм. Хаяг: Монгол улс, Улаанбаатар, нэгжийн дугаар 502, хаусны дугаар 46, Хан-Уул дүүрэг, 15 хороо.

Намайг мөнгө явуулах үеэр Цэрэндулам овогтой Уранбилэг нь Сингапур улсад суралцаж байсан учраас би мөнгийг түүний гэр бүлийн гишүүн болох Пүрэвжав овогтой Цэрэнбүтэд рүү явуулсан. Би Пүрэвжав овогтой Цэрэнбүтэдтэй ямар ч холбоогүй учир тус мөнгийг явуулсан нь Пүрэвжав овогтой Цэрэнбүтэдэд зориулагдаагүй.

Би тус албан мэдүүлгийг Тангараг ба Мэдүүлгийн актын /CAP.211/ нөхцөлийн ачаар хийж байгаа бөгөөд Актад тусгасны дагуу албан мэдүүлэгт худал мэдүүлэг өгвөл шийтгэл ноогдохыг ухаарч буй бөгөөд тус мэдүүлэгт багтсан мэдээллүүд аливаа талаараа үнэн байна гэдэгт итгэн мэдүүлгийг хийж байна” гэсэн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичиг, орчуулсан баримт бичиг /хэргийн 1-р хавтас 73-81х/,

 

5. Квек Кианг Вү Жон- /KWEK KIANGWOO JOHN/-ы ярилцлага бүхий CD-г хураан авч, эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргасан тогтоол, мөрдөн байцаагчийн тогтоолоор орчуулагч томилж CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5-р хавтас 28-29х, 124-127х/, 

 

 

6. П.Цэрэнбүтэдийн Худалдаа хөгжлийн банк дахь 45.....851 тоот долларын дансанд 2009 оны 12 сарын 01-нээс 2010 оны 02 сарын 01-ны өдөр хүртэл 3 удаагийн гүйлгээгээр KWEK KIANG WOO JOHN-оос 19.978 ам доллар, 50.000 ам доллар, 70.000 доллар тус тус орсон харилцах дансны гүйлгээний хуулга, ханшийн мэдээлэлтэй /хэргийн 1-р хавтас 87х/,

 

7. Гэрч Ё.Тунгалагболорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...2013 оны 9 дүгээр сарын сүүлээр Уранбилэг надруу утсаар яриад “би Сингапур улсад байна, танд итгэмжлэл хийгээд өгье, эгч Цэрэнбүтэдэд яаралтай мөнгө хэрэг болоод, би хүүгүй мөнгө зээлэх гэж байгаа юм, гэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс эгч нэрээ хасуулах юм” гэж яриад надад Уранбилэг нь Сингапур улсаас мөнгө зээлнэ гэсэн гэрээнд оролцох итгэмжлэл, байрны гэрчилгээнээс эгчийнхээ нэрийг хасуулах хэлцэлд намайг Уранбилэгийн өмнөөс төлөөлөн оролцоно гэсэн 2 итгэмжлэл цуг ирсэн. Тэр итгэмжлэл дээр би “ямар үүрэгтэй оролцох талаар тодорхой бичээрэй” гэж хэлж байсан юм. Би Гадаад Явдлын яамнаас итгэмжлэлийг нь аваад Цэрэнбүтэдтэй холбогдож Барилгачдын талбайн ойролцоо уулзахад Цэрэнбүтэд нь “үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ барьцаанд байгаа, Уранбилэгээс мөнгө шилжүүлэнгүүт үлдэгдэл мөнгөө төлөөд би нэрээ хасуулчихъя” гэж гуйсан. Хоёулаа ямар ч байсан зээлийн гэрээ байгуулъя гэхээр нь би “та нууж яах юм бэ, барьцаанд байгаагаа Уранбилэгт үнэнээ хэлээд гуй, зөвшөөрөх юм бол хамаа алга” гэж хэлсэн.

Тэр даруй хамт зогсож байгаад Уранбилэг рүү утсаар ярьсан. Уранбилэг “тийм үү” гээд уурлангуй байдалтай ярьсан. Цэрэнбүтэд гуай гуйгаад байх шиг байсан. Тэгээд Цэрэнбүтэд гуай надад “Уранбилэгийг зөвшөөрүүлээд өгөөч, чамайг шагнана шүү” гэхээр нь би “шагнал хэрэггүй, бид хоёр найзууд, тэгээд туслаж байгаа юм” гэж хэлээд салаад явсан. Орой нь Уранбилэг над руу залгаж “мөнгө төгрөг зээлэх боломжгүй юм шиг байна” гэж хэлсэн. Би Цэрэнбүтэд гуай руу яриад “та хоёрын хоорондын асуудалд оролцохоо болилоо, ирж баримт бичгээ аваарай” гэж хэлсэн. Цэрэнбүтэд бид нар хоорондоо Зээлийн гэрээ байгуулаагүй. Уранбилэг Сингапурт байхдаа өөрөө байр авч байгаа гэж хэлж байсан. Цэрэнбүтэд хэд хоногоос над дээр ирж бүх бичиг баримтаа авч явсан. Түүнээс хойш холбоо тасарсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 17-19х, 4-р хавтас 142-143х/,

 

8. Мөрдөн байцаалтын шатанд Х.Навчаагийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн нотариатчаар 2001 оноос үйл ажиллагаа эхэлж, одоог хүртэл ажиллаж байна. Нотариатын хууль, гэрээ хэлцэл хийх заавар, журмаа баримтлан ажилладаг. 2013 оны 09 сарын 26-ны өдөр ажил тарах үеэр манай ажлын байранд 2-3 хүн үйлчлүүлж байсан. Гаднаас 2-3 хүн зэрэг орж ирсэний дотор 50 орчим насны тарган шар эмэгтэй, 24 орчим насны хүүхэн, бас нэг эрэгтэй дагуулж ирээд “энэ манай охин байгаа юм. Орон сууцны өмчлөлөөс нэрээ хасуулах гэрээ хийлгэх” гэсэн юм.

Нэр хасуулах гэрээнд оролцох хүмүүсийн бичиг баримтыг шалгаж үзэхэд ямар нэг зөрчил байгаагүй. Орон сууцны өмчлөлөөс нэр хасуулах гэрээний маягт нотариатын танхимаас баталсан загвар байдаг. Орон сууцны өмчлөлөөс нэр хасах тохиолдолд байрны гэрчилгээ иргэний үнэмлэх, тухайн хүмүүс биеэрээ ирсэн байх ёстой байдаг. Байрны гэрчилгээ эх хувиараа байсан. Иргэний үнэмлэхийг тулгаж үзэхэд таарч байсан. Ямар учраас өмчлөлөөс гарах гэж байгаа талаар асуухад “манай охин өрх тусгаарлачихсан, тусдаа амьдардаг, боломжийн амьдралтай хүмүүс байдаг” гээд “одоо хасалтаа хийлгэх гэж байгаа юм” гэж хэлсэн. Энэ талаар нэр хасуулах хэлцэл дээр өөрсдөөс нь тодруулж асуун тухайн орон сууцны хаяг, квадрат метр, өрөөний тоо, зах зээлийн үнэ ханшийг тодорхой бичиж гэрээнд тэмдэглэсэн. Нэрээ хасуулахыг зөвшөөрч байна гэснийг үндэслэн гэрээнд тусгаж өгөөд нотариатаар баталсан. Төлбөр тооцоогоо хийгээд явсан. Цэрэнбүтэдийн дагуулж ирсэн охин зурган дээрх охин мөн байна. Уранбилэг гэх эмэгтэйн биеийн байцаалтыг лавлагаатай нь тулгаж нягталж харсан. Нэр хасуулахад татгалзах зүйл байна уу гэхэд татгалзах зүйлгүй гээд зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан.

Тэр охин нь юм яриагүй, Уранбилэг мөн үү гэхэд мөн, зөвшөөрч байна уу гэхэд зөвшөөрч байна гэж хэлээд гарын үсгээ зурсан. Иргэний үнэмлэхийн лавлагаагаар байрны гэрчилгээн дээрээс нэр хасуулах хэлцлийг баталж болохгүй гэсэн юм байхгүй. Тэр лавлагааг хурууны хээгээр авдаг учир хүчинтэйд тооцдог. Би Цэрэнбүтэд гэж хүнийг танихгүй, харж байгаагүй. Би нотариатын ажлаа хийх ёстой ном дүрэм, журмын дагуу хийж, хэлцлийг баталсан. Тэр хүн ижил төстэй хүн дагуулж ирж зохион байгуулалтайгаар залилан мэхэлсэн байна. Байрны гэрчилгээн дээр хасалт хийлгэхэд сайн тулгалт хийдэг.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 17х, 159-161х/,

 

9. Гэрч Н.Хашцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манай Суман Корей ХХК нь 2009 оноос хойш Монгол улсад барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулж байгаа. Манайх 2009 онд Хан-Уул дүүргийн 15-р хороонд 21 айлын 7 давхар орон сууц барьж 2010 онд ашиглалтад оруулж борлуулт хийсэн. Тэр үед Пүрэвжав овогтой Цэрэнбүтэд 132,6 мкв 4 өрөө орон сууцыг 188.539.000 төгрөгөөр худалдан авч гэрээ байгуулсан. Тэр үед байр худалдан авсан хүн бүрт 1 автомашины зогсоол үнэгүй дагалдуулан өгч байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 138-139х/,

 

10. “Суман Корей” ХХК болон П.Цэрэнбүтэд нарын хооронд 2010 оны 02 сарын 18-ны өдөр байгуулсан №1 дугаартай “Орон сууц худалдах худалдан авах гэрээ” болон “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” болон тодорхойлолт /хэргийн 1-р хавас 88-90х, 129-131х, хэргийн 4-р хавтас 168х/

 

11. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, ХД-46 дугаар байрны 502 тоот орон сууцны зориулалттай 132,6 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016515-рт П.Цэрэнбүтэд, Ц.Уранбилэг нарын 2 иргэний өмчлөлд 2011 оны 01 сарын 13-ны өдөр бүртгэж олгосон 000129735 тоот болон уг орон сууцыг нэг хүний өмчлөлд буюу П.Цэрэнбүтэдийн өмчлөх эрхэд бүртгэж 2013 оны 09 сарын 26-ны өдөр олгосон 000274982 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтууд /хэргийн 1-р хавтас 61х, 64х/,

 

12. Ц.Уранбилэг Монгол улсын хилээр орсон, гарсан талаархи Хил хамгаалах ерөнхий газрын 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2б/160 тоот албан бичгийн хавсралт, хилийн шалганы лавлагаа /хэргийн 1-р хавтас 103х/,

 

13. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн албан бичиг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, ХД-46 дугаар байрны 502 тоот орон сууцны зориулалттай, 132,6 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016515-рт бүртгэгдсэн 4 өрөө орон сууцны хувийн хэрэг /хэргийн 1-р хавтас 105-132х, хэргийн 4-р хавтас 93-98х/,

 

14. ШШҮХ-ийн Кримининалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 тоот дүгнэлт:

1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүрэг дэх Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архивт хадгалагдаж буй “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” гэх баримт дээрх шинжилж буй гарын үсгийг Ц.Уранбилэг зураагүй байна.

2. Дээрх шинжилж буй гарын үсгийг хувилан олшруулаагүй, хэвлээгүй, хуулбарлаагүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 21-26х/,

 

15. Гэрч Б.Цог-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2013 оны намар манай 57 дугаар байрны үүдэнд авто зогсоол худалдана гэсэн зар байсан. Тэгээд зар дээр тавигдсан утсаар холбогдоход хажуу байранд байдаг СӨХ-ны даргын гэр бүл болох Батмөнх гэдэг хүн байсан юм. Тэгсэн “чи авто зогсоол сонирхож байгаа бол ирж үзээ, тэгээд үнэ мөнгөн дээрээ тохиръё” гэж хэлсэн. Түүний дагуу би эхнэрээ дагуулан 46 дугаар байрны зоорийн давхарт байх авто зогсоолыг үзэхээр очсон. Тэгтэл 46-57 дугаар байрны СӨХ-ны дарга Цэрэнбүтэдийн хамт Батмөнх нь бид хоёртой уулзаж авто зогсоолыг үзүүлсэн. Тухайн зогсоол нь манай гэр бүлийн хүн, бид хоёрт таалагдахгүй давчуу зогсоол байсан. Тэгээд үнээ буулгаад Цэрэнбүтэдтэй 22.0 сая төгрөгөөр худалдан авахаар тохирсон юм. Манай гэр бүлийн хүн Дүгэрдулам нь “Цэрэнбүтэд дарга СӨХ-ны тамга тэмдгээ үзүүллээ, үл хөдлөхөөс шууд гэрчилгээ нь гарахгүй юм байна, сарын дотор асуудал шийдэгдэх юм байна, асуудлыг Цэрэнбүтэд бүрэн шийдэж өгөх юм байна, тэр болтол тал мөнгийг нь би өгөхөөр боллоо” гээд тал мөнгийг нь манай эхнэр өгсөн. Хэд хоногийн дараа Цэрэнбүтэд гуай “гражийн үнээ 20.0 сая төгрөг болгож буулгая, бичиг баримт удахгүй гарна, үлдэгдэл мөнгөө өгөөч” гээд байна, би уулзаад ирье” гээд манай эхнэр явсан. Тэгээд Цэрэнбүтэдтэй уулзаад үлдэгдэл мөнгийг нь өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 171х/,

 

16. П.Цэрэнбүтэдийн “Очир ундраа ОМЗ” ББСБ-аас зээл авахдаа бүрдүүлэн өгсөн баримтууд /хэргийн 4-р хавтас 194-208х/,

 

17. Гэрч Ш.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Цэрэнбүтэд гэх эмэгтэйг 2010 оноос сахарын өвчний улмаас эмнэлэг дээр эмчлүүлж явж байгаад танилцсан юм. Тухайн үед би “Сандэй” худалдааны төв дээр гутлын лангуу түрээслүүлж ажиллуулдаг байсан. Одоо ч гэсэн гутлын лангуугаа түрээслүүлэн амьдарч байна. Одоо оныг нь санахгүй байна, 2012 он билүү, 2013 онд Цэрэнбүтэд 3-4 сар Сандэй худалдааны төвд тус бүр нь 6 мкв, хоёр гутлын лангууг сарын 800.000 төгрөгөөр түрээслэн ажилласан. Тэгээд ажиллуулж байх хугацаандаа “зээл хөөцөлдөж байгаа, манай нөхөр карьер ажиллуулж байгаа, хүний газар дээр карьер ажиллуулж байгаа ба хүн нь газраа авч, карьерийн газар 100.0 гаруй сая төгрөгөөр худалдан авах гэж байгаа” гэж ярьж байсан.

Зээл авах гэтэл эргэн төлөлт болохгүй байна, гутлын лангуунд мөнгө дэндүү ихэдчихлээ, би ажлын байр худалдаж авна гэж оруулахаас өөр аргагүй болоод байна, Эрдэнэбаатар аа “чи надад энэ хоёр лангууг түрээслэхээс гадна, дахиад нэг лангуу зарна гээд бичээд өгөөч” гэж гуйсан. Тэгээд гуйгаад байсан учир би “лангуугаа зарах гэж байгаа талаар бичиг хийж өгье” гэж хэлээд тийм бичиг хийж өгөөгүй. Нэг өдөр л Цэрэнбүтэд “гутлын лангуу ажиллуулах хэцүү юм байна, нөхрийн компанид карьерийн ажлаа хийнэ” гээд лангуу түрээслэхээ больсон. Зээл авлаа л гэж байсан, би ямар баримт бичиг бүрдүүлсэн, хэдэн төгрөгийн зээл авсан талаар нь асуугаагүй, тэр нь ч надад хамаагүй.

Тэр үед надад лангуугаа зарах ямар ч санаа зорилго байгаагүй. Банкнаас ирж лангуу үзсэн гэсэн, би тухайн үед нь байгаагүй. Би Цэрэнбүтэдээс 102.300.000 төгрөг аваагүй. Би Цэрэнбүтэдэд лангуу зарсан гэж нэг ч төгрөг аваагүй. Би лангуугаа зараагүй. Тодорхойлолт гэсэн баримт дээрх 102.300.000 төгрөгийг 2013 оны 10 сарын 12-ны өдөр хүлээн авсан гэсэн бичиг миний бичвэр биш байна. Би ийм тодорхойлолт гаргаж өгөөгүй. Наадахыг чинь Цэрэнбүтэд өөрөө бичсэн байх аа. Би түүнээс 102.300.000 төгрөг авсан бол Цэрэнбүтэд өнөөдөр лангуугаа ажиллуулаад, надаас лангууны бичиг баримтаа авна биз дээ, юу гэж өнөөдрийг хүртэл гэрчилгээгүй яваад байх юм. Ер нь 6 мкв талбай лангуу дээр 6-8 сая төгрөг байхад хангалттай гутлаа авч, ажиллуулж болно. Би гарын үсэгтээ 3 үсэг л бичдэг, 8 жилийн боловсролтой, бичгийн хэв муутай болохоор юм бичээд байдаггүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 144-147х/,

 

18. ШШҮХ-ийн Криминалисикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 2071 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Ш.Эрдэнэбаатар, П.Цэрэнбүтэд нарын гарын үсэг болон гар бичвэрийн туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Тодорхойлолт” гэсэн баримт хуулбар байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн “Иргэний үнэмлэх”-н хуулбартай “6026, 6027 дугаартай...” гэж эхлээд “...эзэмшиж байгаа” гэж төгссөн баримт дээр бичигдсэн бичвэрийг П.Цэрэнбүтэд бичсэн байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн “Иргэний үнэмлэх”-н хуулбартай “6026, 6027 дугаартай...” гэж эхлээд “...эзэмшиж байгаа” гэж төгссөн баримт дээр зурсан “П.Цэрэнбүтэд” гэсэн гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн П.Цэрэнбүтэдийн зурсан гэх гарын үсгийн туршилтын загвартай тохирч байна.

5. Уг баримтын “Ш.Эрдэнэбаатар” гэсэн гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд туршилтын болон харьцангуй чөлөөт загвараар ирүүлсэн Ш.Эрдэнэбаатарын зурсан гэх гарын үсгийн загваруудтай бүтцээр тохирохгүй байна.

Жич: Шинжээчийн 2071 тоот дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, шинжилгээнд ирүүлсэн зүйлийг бүрэн хүлээлгэн өгсөн болно” гэсэн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гар бичвэрийн ерөнхий шинж тэмдгийн боловсруулалт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-р хавтас 234-250х, 5-р хавтас 1х/,

 

19. “Очир Ундраа ОМЗ” банк бус санхүүгийн байгууллага болон П.Цэрэнбүтэд нарын хооронд 2013 оны 10 сарын 07-ны өдөр байгуулсан ЗГ13/406 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, уг зээлийн гэрээний №2 хавсралт Барьцааны гэрээ, П.Цэрэнбүтэд /нэг иргэний өмч/ өмчлөгчтэй Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримт болон хохирогчийн нэхэмжлэлтэй холбоотой төлбөрийн тооцоолол баримт /хэргийн 1-р хавтас 67-70х, 96-100х, 5-р хавтас 72х/,/,

 

20. Б.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагаар өгсөн:

“...2013 оны 10 сард манай эхнэр Цэрэнбүтэдийн нэр дээр “Очир-Ундраа” ББСБ-с 120.000.000 төгрөгний зээл авсан. Би Эрдэнэт хотод карьерийн аж ахуй, хавтангийн үйлдвэрийн бизнес эрхэлж байсан. Үйлдвэртээ тоног төхөөрөмж худалдан авахад энэ мөнгийг зарцуулсан. Одоо энэ тоног төхөөрөмжийн төсөл нь “БМТХ” ХХК-ны өмчид байдаг. Манай компани үйлдвэрлэл эхлэх шатандаа орчихсон байж байгаа. Манай компани өнгөрсөн зун санхүүгийн асуудал үүсээд зогсонг байсан одоо үйл ажиллагаа эхлэх гээд байж байгаа. Цэрэнбүтэдийн манай компанид оруулсан хөрөнгө оруулалтыг “БМТХ” ХХК-аас төлж барагдуулна. Манай компаний зүгээс “Очир-Ундраа” ХХК-ийн төлөөлөгчтэй уулзаж энэ мөнгийг төлөх тал дээр санал солилцоод иргэний журмаар шийдвэрлүүлэхээр аман тохиролцоонд хүрсэн.

ХД-46-н 502 тоот 4 өрөө сууц нь Цэрэнбүтэд, Уранбилэг гэдэг 2 хүний дундын өмч гэдгийг мэднэ. Дундын өмчлөлд байсныг өөрийн өмчлөлд шилжүүлсэнийг сүүлд мэдсэн. Энэ 120.000.000 төгрөг анхнаасаа үйлдвэрт орно гэж байгаагүй. Цэрэнбүтэдийн эрхлэх гэж байсан гутлын лангуу худалдан авах гэж байсан бизнес нь бүтэлгүйтсэн учраас нэгэнт авсан зээлийг нь өөрийн хавтангийн үйлдвэр сэргээн босгох, засварлах, үйл ажиллагаанд оруулсан. “БМТХ” ХХК нь 50:50 хувийн хөрөнгө оруулалтаар боссон компани байгаа юм.

...2013 оны сүүлээр манай эхнэр орон сууцыг үнэгүй дагалдаж ирсэн 502 тоот автомашины зогсоолыг зарна гэж надад ярьж байсан. Тэгэхээр нь би ганц нэг хүнээс асууж өгье гээд өөрийн танил болох Цог-Очирт хандан “эхнэр гаражаа зарна гэнэ, сонирхож байгаа хүн байвал хэлээрэй” гэж захиж байсан. Тэгсэн Цог-Очир ”танай эхнэр гаражаа ямар үнээр зарах гэж байгаа юм, би сонирхож байна” гэсэн. Тэгэхээр нь би “үнэ ханшны талаар мэдэхгүй, эхнэртэй ярилцаад, та нар хоорондоо наймаагаа хийцгээ” гэж хэлж байсан юм. Гараж зарах болон мөнгө өгч, авах үед нь би Дүгэрдулам гэдэг хүнтэй холбогдож байгаагүй, нүүр тулж уулзаж байгаагүй. Гаражийн мөнгө гэж авсан 19.100.000 төгрөгийг эхнэр юунд зарцуулсныг би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 146х, 4-р хавтас 43х, 5-р хавтас 154х/,

 

21. Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн гаргасан “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД-ийн 46-р байр, 502 тоотод байршилтай 4 өрөө орон сууц болон автомашины зогсоолны зах зээлийн 2010 оны 02 сар, 2011 оны 01 сарын байдлаарх үнэ цэнэ тодорхойлох зорилгоор үнэлэгдсэн бодит үнэ цэнийг 193.410.000 төгрөг /үүнд: 4 өрөө орон сууцыг 179.010.000 төгрөг, авто зогсоолыг 14.400.000 төгрөг/ гэж тогтоосон” үнэлгээний тайлан /хэргийн 5-р хавтас 180-192х/,

 

22. Гэрч Ц.Баяр-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Батмөнх, Цэрэнбүтэд нартай 2015 оны 09 сард анх танилцсан. Манай Төрийн бус байгууллага нь авто замын засварт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт сурталчилгаа явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Тэгээд манай байгууллагын хэрэгжүүлэхээр төлөвлөөд хөөцөлдөж байсан Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Түшиг сум чиглэлийн авто зам барих төслийн хүрээнд Зүүн бүрэн сумын нутагт авто замын хайрга нийлүүлэх чиглэлээр 2015 оны 06 сараас 08 сар хүртэлх хугацаанд Батмөнх ажиллахаар болж, суманд байрласан байсан. Тус хугацаанд төсөл нь хэрэгжээгүй бөгөөд ажил нь явагдаагүй. Би уг төслийг ахалж хэрэгжүүлэх гэж байсан юм. Батмөнхийг Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сум руу хамгийн анх Вегас зам ХХК-ийн захирал Алтанхуяг гэж надтай хамтарч ажиллаж байсан хүн ярилцаж тохиролцон явуулсан байсан. Батмөнх гэдэг хүн анх 2015 оны 09 сард надтай утсаар холбогдоод уулзалдсан. Тэр үед эхнэр Цэрэнбүтэд нь бие муутай байгаа, мөнгөний хэрэгцээ их байна гэж хэлж байсан. Би 2015 оны 09 сараас хойш өнөөдрийг хүртэл ойролцоогоор 100.000.000 орчим төгрөгийг Батмөнх болон түүний эхнэр Цэрэнбүтэдэд өгсөн. Тэрнээс биш би Батмөнх гэдэг хүнээс бэлэн мөнгө авсан тохиолдол байхгүй.       Би Батмөнх, Цэрэнбүтэд нартай танилцсанаасаа хойш ах дүүгийн дотно харьцаатай болсон бөгөөд өвчин зовлонгоос нь хуваалцаж, дэмжиж тусална гэж хэлж байсан юм. Тэрнээс биш би Батмөнх, Цэрэнбүтэд нараас мөнгө авч байгаагүй, тэдэнд төлөх бодит өр төлбөр ч байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 66-67х/,

 

23. Прокурорын зөвшөөрлөөр “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах” арга хэмжээ авсан 2013 оны 12 сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол” /хэргийн 1-р хавтас 48х/,

 

24. Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, яллагдагчид холбогдох зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын 254, 255, 280, 281 дугаартай тогтоолууд /хэргийн 5-р хавтас 52-53х, 97-99х/,

 

25. Шүүгдэгч П.Цэрэнбүтэдийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Байрны гэрчилгээг Уранбилэг болон өөрийн нэр дээр бичүүлсэн. Уранбилэг бид нар байнга харьцаа холбоотой байдаг ба 2011 оны 12 дугаар сард Уранбилэгийг амрахаар Монголд ирэхэд нь би түүний байрыг 32.000 ам.долларын барьцаанд Уранбилэгээс зөвшөөрөл авч тавьсан. Энэ мөнгөө 2013 оны 08 сарын сүүлээр төлж дуусгасан. 2013 оны 08 сарын сүүлээр Уранбилэгээс “дахин байрыг чинь барьцаанд тавих гэсэн юм, чи надад итгэмжлэл явуулаад өгөөч” гэхэд Уранбилэг “байраа барьцаанд тавиад яах юм, хэдэн төгрөгийн хэрэг гараад байгаа юм” гэхэд нь би “150.0 сая төгрөгийн хэрэг гараад байна” гэж хэлсэн. Уранбилэг энэ талаар John-д хэлэхэд “өндөр хүүтэй мөнгө зээлээд яах юм, John 100.000 ам.доллар өгье гэж байна, нэг жилийн хугацаатай зээлье гэж байна” гэсэн.

Уранбилэг над руу яриад “байрны гэрчилгээн дээрээс нэрээ хасуулах юм бол би энэ 100.000 ам.долларыг шилжүүлье” гэсэн. Би тухайн үед байрны гэрчилгээн дээр миний нэр байж байвал хожим чамд хэрэг болно, энэ байраа битгий зараараа, голомтоороо тоглодоггүй юм” гэж хэлж байсан. Тэр үед нь би ч нэрээ хасуулъя гээд хэрхэн яаж хасуулах талаар асуухад Сингапураас эгч Тунгалагболорт итгэмжлэл явуулъя гэж ярьсан. Тэр итгэмжлэлийг үндэслээд Тунгалагболор бид хоёр хамтран өмчлөлөөс нэр хасуулах гэрээ, 100.000 ам.доллар зээлэх гэрээ хийсэн. Тунгалагболор гэрээгээ авсан. Тэр орой Тунгалагболор бид хоёр байрны гэрчилгээн дээрээс нэр хасуулах гэрээ хийх үед тухайн байрны гэрчилгээ 32.000 ам.долларын зээлийн барьцаанд байсан. Тунгалагболортой гэрээ хийх үедээ “байрны гэрчилгээ нь байгаа гэж Уранбилэгт хэлвэл 10% шагнал болгож өгөх” тухай яриагүй.

Харин тэрнээс өмнө байраа барьцаанд тавих талаар Уранбилэгтэй ярьж байх үедээ Тунгалагболорт “чи итгэмжилсэн төлөөлөгч болоод өгөөч, би чамд ажлын чинь хөлсийг өгье” гэж хэлсэн. Бид бүгд л зээл бүтээх талаар олон хувилбар гаргаж байсан. Итгэмжлэл яаж явуулах, хэн төлөөлөн оролцох талаар хэн нь ч ямар нэг мэдлэг ойлголт байгаагүй. Тэгээд Уранбилэг над руу “яриад мөнгө зээлэхээ болилоо” гэхээр нь би хэд хоногийн дараа Тунгалагболороос гэрээ, баримтуудаа очиж авсан.

2013 оны 09 сард би Уранбилэгтэй адилхан охинтой тааралдаад, тэр охиныг дагуулаад Энхтайваны гүүр даваад баруун талд Нотариатын газар харагдахаар нь ороод, Уранбилэгийг байрнаас хасуулах итгэлцлийн гэрээ хийсэн. Надад Уранбилэгийн иргэний үнэмлэхийн хуулбар баримт нь байсан юм. Үүнийг үндэслэн 120.000.000 төгрөгийн зээлийг авсан. Энэ талаараа би Уранбилэгт огт хэлээгүй. Мөн анх худалдаж авах үеэр нэмэгдсэн өртөгийн албан татвар 10% болох мөнгийг төлсөн. Тэр мөнгийг мөн Уранбилэгээс авсан. Аль банкнаас, хаанаас авсан талаараа санахгүй байна. Уранбилэгээс шилжүүлж ирсэн мөнгө хүрдэггүй байсан, мөнгийг нь би гүйцээж өгч байсан. Энэ талаараа ийм мөнгө өгсөн гэж хэлж байгаагүй. Мөнгө гүйцээж хийдэг байсан шалтгаан бол долларын ханшны зөрүү гардаг байсан. Хэдэн төгрөг хэзээ гүйцээж хийж байсан талаараа тодорхой баримтгүй болохоор одоо санахгүй байна.

...ХД-н 46-502 тоот 4 өрөө орон сууцны гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан авахад Уранбилэг бид хоёрын дунд өмчлөх эрх дээр ямар нэг маргаан гарч байгаагүй. Байр худалдан авах гэрээг анх би хийсэн, тэр гэрээг үндэслэн “Суман Кореа” ХХК нь байрны гэрчилгээг нэгдсэн журмаар гаргаж өгсөн. Тэр үед Уранбилэг бид хоёрын хооронд ямар нэг өмчлөх эрхийн маргаан байгаагүй. Өмчлөх эрхийн маргаан 2013 оны 08 сард Уранбилэг надад “100.000 доллар зээлнэ, зээлэхгүй” гэдгээс болж маргаан гарсан юм.

Одоо би 50 хувийн өмчлөх эрхээс татгалзан Уранбилэгийн нэр дээр байрыг бүрэн шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. “Очир-Ундраа” ББСБ-аас зээлж авсан 120.000.000 төгрөгийг “БМТХ” ХХК-ны бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн.

Энэ орон сууцыг манай гэр бүлд Жон авч өгсөн. ...Ер нь анхнаасаа энэ орон сууцыг Уранбилэг нь надтай хамтран өмчлөгч гэж мэдэж байсан ба хамтран өмчлөгчөөс нэрээ хасуулъя гэж яриа гаргаж байгаагүй, миний нэр дээр байр өмчлөхөө шилжүүлнэ гэж ярьдаг байсан. Надад мөнгөний хэрэг гараад би Уранбилэгээс байраа дахин барьцаанд тавих санал тавихад, хүүтэй зээл аваад яах гэсэн юм бэ, би Жоноос хүүгүй мөнгө аваад өгье гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 34-35х, 37х, 155х, 2-р хавтас 148х, 217-218х, 3-р хавтас 63-64х, хэргийн 4-р хавтас 42х, 57х, 91х/

 

- Мөн шүүгдэгчийн яллагдагчаар 2017 оны 05 сарын 19-ны өдөр дахин өгсөн:

“...Уранбилэг 1992 онд төрсөн, миний дүү Цэрэндуламын төрсөн охин байсан юм. Дүү маань 1996 онд нас барсан. Түүний охин Уранбилэгийг би БГД-н Засаг даргын захирамжаар өсгөх болсон. 2008 онд Уранбилэгийг би Сингапур улсад суралцуулахаар явуулсан. Би 2008 онд Сингапур улсад очиж дүүгийнхээ амьдралтай танилцсан. Тэр суралцаж байх хугацаандаа 2009 оны 12 дугаар сараас 2010 оны 02 сарын хооронд 3 хуваан 140.000 ам.доллар над руу John явуулж “байр худалдаж ав” гэсэн. Би байр судалж байгаад ХУД-н 15-р хороо 46 байрны 502 тоот 4 өрөө байрыг, мөнгөнд нь тааруулж худалдаж авсан. Энэ байрыг мкв-г нь 1050 доллараар бодож анх авч байсан.

...Надад сонсгосон хуулийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би Уранбилэгийг залилсан гэж үзэхгүй байна. Энэ байрны гэрчилгээн дээрээс Уранбилэгийг хасуулсан үйлдэл бол миний буруутай, алдаатай зүйл болсон. Энийг хүлээн зөвшөөрч байна. Энэ байрны гэрчилгээ гарах үед Уранбилэг нь “ганцхан миний нэр дээр гарах ёстой” гэж хэлж байгаагүй. Уранбилэгийг 2009 онд амралтаараа Монгол улсад ирэхдээ Жон “ах, эгч хоёрт чинь тусалъя, хаана ямархуу байдалтай амьдарч байгаа байдлыг баталгаажуулаад ир” гэсэн гээд түрээсийн байранд амьдарч байгаа байдлыг гэрэл зургаар баталгаажуулаад аваад явсан. Тэгээд тэр оныхоо сүүлээр “өвгөн байр авч өгье гэж байна, шууд орчихоор ашиглалтад орсон байр хайж олооч” гэсэн. Тэгээд олон байр санал болгосноос ХУД-ийн 15-р хороо, ХД-н 46-502 тоот 4 өрөө байрыг сонгосон. Тэгээд над руу 3 удаагийн шилжүүлгээр 140.000 ам доллар шилжиж ирсэн. Тухай бүрт нь “Суман кореа” ХХК-нд шилжүүлээд баримтыг нь эргүүлээд Уранбилэгт өгч байсан.

2010 оны 02 дугаар сард, өдрийг нь санахгүй байна 188.539.000 төгрөгийг “Суман Кореа” ХХК-д шилжүүлж өгсөн. Тухайн байрыг “Жон, бид нарт авч өгч байна” гэж ойлгосон бөгөөд байрны гэрчилгээнд гэр бүлийн бүх гишүүдийн нэрийг бичүүлж болох байсан боловч зөвхөн өөрийнхөө нэрийг Уранбилэгийн нэртэй хамт 2 иргэний өмчлөлд бүртгүүлж гэрчилгээ авсан.

Би өмнөх шигээ дахин байраа барьцаанд тавих гэсэн боловч “Уранбилэг надад хүүгүй мөнгө зээлнэ” гэчихээд мөнгө зээлээгүй болохоор нь Уранбилэгтэй адилхан охин нотариатын газар дагуулж очоод, нэрийг нь хасуулаад, улсын бүртгэлээс ганцхан өөрийнхөө нэр дээр байрны гэрчилгээг гаргаад “Очир ундраа” ББСБ-д 120.0 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. ХД-н 46-502 тоот орон сууцыг худалдан авахад 502 тоот нэг автомашины зоорийн давхрын зогсоол үнэгүй дагалдан ирсэн. Сүүлд мөнгө хэрэг болоод тус автомашины зогсоолыг зарахаар болж, энэ талаар Уранбилэгт хэлсэн чинь “тэрийг та өөрөө мэдэхгүй юу даа” гэж хэлсэн.

Тэгээд би зогсоолоо зарахаар 2013 оны 08 дугаар сард зар тавьсан. Зарын дагуу Дүгэрдулам ирсэн бөгөөд бид хоёр ярилцаад 20.0 сая төгрөгөөр зарахаар амаар харилцан тохиролцоод 2013 оны 09 сараас эхлэн 19.100.000 төгрөгийг цувуулж авсан. Байр, автомашины зогсоолыг дундын өмч гэж ойлгосон учраас зогсоолыг би Дүгэрдуламд зарсан. Дүгэрдуламыг залилсан гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл энэ 4 жилийн хугацаанд Дүгэрдулам нь зогсоолыг ашиглаж байсан, түүнд хохирол учраагүй гэж үзэж байна. 502 тоот автомашины зогсоолыг зарсан асуудал дээр манай нөхөр Батмөнхийн оролцоо байхгүй ээ. Манай нөхөр намайг дүү Уранбилэгтэйгээ ярилцаад зогсоолоо зарж байна гэж ойлгож байсан. Би эмнэлэгт хэвтэж байсан учир хүү Жавхлангаар нэг удаа, нөхөр Батмөнхөөр нэг удаа мөнгө авахуулж, бусад үед нь өөрөө мөнгө авч байсан. Энэ 19.100.000 төгрөгийг дандаа бэлнээр авч байсан ба эмчилгээ болон өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулаад дууссан.

“Очир ундраа ОМЗ” ББСБ-аас авсан 120.0 сая төгрөгөөр нь “Сандэй плаза” төв дээр гутлын лангуу худалдан авах гэж байсан юм. Миний зээл нь удаан гарсан учраас нөгөө хүн маань лангуугаа өөр хүнд зарсан. Тэгээд нэгэнт зээл авсан болохоор нөхөр Батмөнхийн ДСП хавтангийн тоног төхөөрөмж байрлуулах байр сав, зөөвөрлөх зардал, ажилчдын цалин, хоол хүнс гээд зарцуулаад дууссан” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 207-208х/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Цэрэнбүтэдийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч П.Цэрэнбүтэд нь Сингапур улсад амьдарч байсан өөрийн зээ дүү Ц.Уранбилэгтэй ярилцан тохиролцсоны дагуу түүний өөртөө орон сууц худалдан авах зориулалтаар /өөрөөр хэлбэл Ц.Уранбилэгийн даалгаснаар/ Сингапур улсын иргэн Квек Кианг Вү Жоноос /KWEK KIANGWOO JONH/ 2009 оны 11 сарын 30, 2010 оны 01 сарын 08, 2010 оны 02 сарын 01-ны өдрийн гадаад гуйвуулгаар /хэргийн 1-р хавтас 77-79х/ Худалдаа Хөгжлийн банк дахь шүүгдэгчийн дансаар дамжуулж шилжүүлсэн 140.000 ам доллар буюу тухайн үеийн ханшид хөрвүүлэхэд /хэргийн 1-р хавтас 38х/ 203.520.000 төгрөгнөөс “Суман Кореа” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ ХД-46 тоот хаяг дахь “Rosse Villaj” 21 айлын 7 давхар орон сууцны 5 давхрын 502 тоот 132,6 мкв талбай бүхий 4 өрөө байрыг, уг байрны доорх автомашины зогсоолын хамт /“Орон сууц худалдах, худалдан авах” гэрээний Хоёр: Ерөнхий нөхцөл, 2.1 заалт:, хэргийн 1-р хавтас 129-131х/ 188.539.000 төгрөгөөр худалдах авах “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг тус компанитай Ц.Уранбилэгийн нэрийн өмнөөс байгуулсан, улмаар дээрх орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ “өөрийгөө өмчлөгчөөр, хохирогч Ц.Уранбилэгийг хамтран өмчлөгчөөр” бүртгүүлэх мэдүүлэг, өргөдөл гаргаж /хэргийн 1-р хавтас 106х, 108х/, хууль ёсны өмчлөгч Ц.Уранбилэгээс гадна, өөрийгөө өмчлөгч мэтээр нэмж оруулан Ц.Уранбилэг, П.Цэрэнбүтэд нарын 2 иргэний дундын өмчид эрхийн улсын бүртгэлийн Y-2206016515-рт бүртгэсэн 2011 оны 01 сарын 13-ны өдрөөр огноолсон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000274982 дугаартай гэрчилгээ гаргуулан авсан, 

- улмаар 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зээ дүү Ц.Уранбилэг нь “мөнгө зээлэхээ болилоо” гэсэн шалтгаанаар “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах” хэлцэлд Ц.Уранбилэгийн гарын үсгийг өөр хүнээр төлөөлөн зуруулж, нотариатаар гэрчлүүлэн “Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах” хэлцлийг хуурамчаар үйлдэж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр Ц.Уранбилэг нь орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдаж, 188.539.000 төгрөгийн үнэ бүхий, эрхийн улсын бүртгэлийн Y-2206016515 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, ХД-46-р байрны 502 тоотын 132,6 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг Буян овгийн Пүрэвжав Цэрэнбүтэдийн /нэг иргэний/ өмчид бүртгэсэн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн огноотой №000274982 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авч хохирогч Ц.Уранбилэгийн орон сууц өмчлөх эрх болон “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний зүйл болж орон сууцны үнэнд тооцогдож, урамшуулалд нь дагалдаж ирсэн Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17041/, ХД-46-р байрны доорх 502 тоотын автомашины зогсоолыг эзэмших, ашиглах эрхийг тус тус хуурч, итгэл эвдэх замаар залилан мэхэлж авсан, 

2. Мөн давтан үйлдлээр орон сууцны өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авсны дараа “Сандэй плаза” төвд гутлын лангуу түрээслэн ажиллуулдаг, бизнесээ өргөжүүлэхээр иргэн Ш.Эрдэнэбаатараас гутлын лангуу худалдан авч байгаа, эргэлтийн мөнгөний зориулалтаар хөрөнгө оруулалт шаардлагатай гэж итгүүлэн, иргэн Ш.Эрдэнэбаатараас гутлын лангуу худалдан авсны төлбөрийг төлсөн талаарх Тодорхойлолт баримтыг хуурамчаар үйлдэн 2013 оны 10 сарын 07-ны өдөр 120.000.000 төгрөгийг 2 жилийн буюу 2015 оны 10 сарын 20-ныг хүртлэх хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлэх ЗГ13/406 тоот Зээлийн болон Барьцааны гэрээг “Очир Ундраа ОМЗ” Банк Бус Санхүүгийн байгууллагатай байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож өөрийн өмчлөх эрхэд хуурамч баримт бүрдүүлэн хууль бус аргаар шилжүүлэн авсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, ХД-46-р байр 502 тоотын 132,6 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалж, ББСБ-аас авсан зээлээ буцаан төлөх бодит баталгаагүй, уг зээлийг анх олгосон зориулалтын дагуу /Сандей плазад гутлын лангуу авч байгаа гэх/ ашиглах боломжгүй нөхцөл байдлаа нуун далдалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн зөрчилтэйг мэдсээр байж, зээл нэрээр “Очир Ундраа ОМЗ” ББСБ-ийн эд хөрөнгө буюу 120.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

3. Мөн давтан үйлдлээр, “Суман кореа” ХХК-тай байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, ХД-46-р байрны 502 тоотын 132,6 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан авах үед уг орон сууцны үнэнд тооцогдож, урамшуулалд нь дагалдуулж өгсөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, ХД-46-р байрны доорх 502 тоотын автомашины зогсоолыг “өөрийн өмч мэт ойлгуулж, 20.0 сая төгрөгөөр зарна” гэж иргэн Г.Дүгэрдуламаас 2013 оны 09 сарын 27-ны өдрөөс 2014 оны 3-р сар хүртэлх хугацаанд 5 удаа бэлнээр 19.100.000 төгрөгийг залилан мэхэлж аван, нийт бусдын эд хөрөнгө, эд хөрөнгө өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад нийт 327.639.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- Хохирогч Ц.Уранбилэгийн: “...Би Сингапур улсад суралцаж байхдаа Жоны гэрт нь амьдарч байсан, Жон нь эхнэр, ач охиныхоо хамт амьдардаг. Надад их тусалдаг сайхан сэтгэлтэй хүн. Намайг Сингапур улсад байхад Жон нь надад “100.000 ам.долларт багтааж чамд Монголд амьдрах байр худалдаж авах мөнгө өгнө” гэж хэлсэн. Намайг амралтаараа Монгол улсад ирэхэд Цэрэнбүтэд эгч түрээсийн байранд, тохь тухгүй амьдарч байсан нь хэцүү санагдаад буцахдаа байр аваад, өөрийгөө Монголд байхгүй байх хойгуураа гэрийхнийгээ байлгаж, амьдруулъя гэж бодсон. Тэгээд Сингапурт буцаж очихдоо Жонд эгчийнхээ, гэр бүлийн нөхцөл байдлын талаар яриад “одоо байраа авч өгч чадах уу” гэж асуухад намайг “байраа судла” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би Монгол руу эгч Цэрэнбүтэд рүү залгаж, энэ тухай хэлээд “байр судлаад байж байгаарай, би очиж байгаад байр авна” гэсэн. Тэгэхэд эгч “за байр судлая” гэсэн. Хэсэг хугацааны дараа эгч над руу залгаад “Хан-Уул дүүргийн 1 хороо ХД-н 46-502 тоот 4 өрөө орон сууц байна, энэ байрны үнэ нь 140.000 ам.доллар болох юм байна, их аятайхан байр, чи энийг алдаж болохгүй, шууд авах хэрэгтэй, тиймээс мөнгөө хурдан явуулаарай” гэсэн. Тэгээд худалдан авахаар болж, Жон нь эгч рүү мөнгө явуулсан. Ингэж энэ байрыг анх худалдаж авах болсон юм.

Байрны гэрчилгээ гарах үед би Монгол улсад байгаагүй. Миний өмнөөс манай эгч байрны гэрээ хийсэн. Гэхдээ хамтран өмчлөгчөөр эгчийг оруулна гэж бид тохироогүй байсан. ...Би Цэрэнбүтэд эгчээс “байрны гэрчилгээ миний нэр дээр гарна биз дээ” гэж асуухад ...эгч “тийм ээ” гэж байсан. Дараа нь надад “Суман Кореа” компанийн тодорхойлолт гаргаж өгч байсан. Тэр тодорхойлолтод байрны мөнгө бүрэн төлөгдсөн, Уранбилэгийн нэр дээр гэрчилгээг гаргуулахад татгалзахгүй гэж бичсэн байсан. Тэгэхээр нь би байрны гэрчилгээ над дээр гарах нь тодорхой юм байна гэж ойлгоод гэрчилгээг миний нэр дээр гарсан байх ёстой ойлгосон. Эгчийн надад өгсөн байр зарсан компанийн орон сууцны гэрчилгээг миний нэр дээр гаргуулна гэх тодорхойлолтыг би Жонд орчуулж үзүүлж байсан. Учир нь Жон надаас байрны талаар асуугаад байсан юм. Тэгээд би Монголд ирээд байрны гэрчилгээгээ үзтэл эгч өөрөө хамтран өмчлөгчөөр өөрийн нэрээ оруулчихсан байсан.

Яагаад ингэсэн талаар нь асуухад “байр худалдан авах гэрээ хийж төлбөр төлсөн хүн нь нэрээ оруулах ёстой гээд байсан болохоор нь би нэрээ оруулсан, түүнээс биш би чиний байрыг авах гээгүй” гээд байсан. Тухайн орон сууцны гэрчилгээ анх гарах үед миний зүгээс маргаан гаргах боломжгүй, би өөрөө Монгол улсад байгаагүй болохоор эгч өөрийн нэрээ нэмж оруулсныг би мэдээгүй байсан. Үүнийг хожуу мэдсэн юм. Би ойлгохдоо ганцхан миний нэрээр орон сууцны гэрчилгээ гарч байгаа л гэж бодож байсан.

2013 оны 10 сард ирээд байрныхаа гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх талаар өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад өмгөөлөгч надад “Улсын бүртгэлийн газраас өөрийн байртайгаа холбоотой бүх баримт бичгийг авах ёстой” гэж зөвлөсөн. Тэгээд би Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандахад “....миний байр барьцаанд тавигдсан, миний нэрийг өмчлөгчөөс хасуулсан” байсныг мэдсэн. Цэрэнбүтэд эгч “мөнгө хэрэгтэй байна, байрыг барьцаанд тавья” гэхэд нь би зөвшөөрөөгүй, үнэхээр 100.000 ам доллар хэрэгтэй байгаа бол би Жоноос асууж, зээлж өгье гэж байсан юм. Гэтэл тухайн үед байрны гэрчилгээ барьцаанд байгаа юм байна гэдгийн Тунгалагболороос мэдсэн. 32.000 долларын зээл төлөгдөөд гэрчилгээг барьцаанаас чөлөөлсөн гэж бодож байтал үгүй байсан. Цэрэнбүтэд эгчийн энэ үйлдэл надад таалагдаагүй учир би мөнгө зээлдүүлээгүй.

Жон надад анх байр авч өгөх үедээ “Монгол улсад хуулийн дагуу чамайг төлөөлөөд явах хүн хөлслөөд, байрныхаа гэрчилгээг чиний нэр дээр гарах хүртэл эрх ашгийг чинь хамгаалах хүн хөлсөл” гэж хэлж байхад нь би “эгчдээ итгэж байна” гээд бүх зүйлээ даатгасан.

...Цэрэнбүтэд эгч шүүх хурал дээр ХУД-ийн 15 дугаар хороо, ХД-н 46-502 тоот 4 өрөө орон сууц 100 хувь миний өмч болохыг хүлээн зөвшөөрөөд, ББСБ-аас чөлөөлөөд, өөрийнхөө нэрийг хасуулаад миний нэр дээр шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн. Эгч “энэ байр бол чиний байр” гэж байнга хэлдэг байсан боловч хамтран өмчлөх эрхээс нэрээ сайн дураараа хасуулдаггүй байсан. ...Цэрэнбүтэд эгч гаражийг хүнд түрээслүүлж байгаад худалдсан, гражийн мөнгөө гүйцэд аваагүй гэж хэлж байсан. Би байр, гаражаа эргүүлэн авмаар байна. Байр, гаражийг надад буцааж өгөх юм бол Цэрэнбүтэд эгчид ямар нэг гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 14х, 15-16х, 153х, хэргийн 2-р хавтас 147х, 250х, 4-р хавтас 41х, 137х, 5-р хавтас 123х/,

 

- Сингапур улсын иргэн Квек Кианг Вү Жон /KWEK KIANGWOO JOHN/-ны Сингапур улс дахь Монгол улсын ЭСЯ дахь Нотариатын үүрэг гүйцэтгэгч гэрчилж, Гадаад харилцааны яамны Консулын газрын Монгол улсын нотариатын баталгаа мөн болохыг нотолсон тамга тэмдэг бүхий мөрдөн байцаалтын шатанд ирүүлсэн Хууль ёсны мэдүүлэгт: “...Би нийт 140.000 доллар 3 тохиолдлоор доор дурьдсан өдрүүдэд илгээсэн болно.

а. 2009 оны 11 сарын 30-нд 20.000 US$,

б. 2010 оны 01 сарын 18-нд 50.000 US$,

в. 2010 оны 02 сарын 01-нд 70.000 US$

Миний явуулсан мөнгө нь (Монголд олгосон Е0812015 дугаарын гадаад паспорттой, Монгол улсын УХ92021068 /IC №UKh 92021068/ регистрийн дугаартай) Цэрэндулам овогт Уранбилэгт хаус худалдан авах зориулалттай байсан юм. Хаяг: Монгол улс, Улаанбаатар, нэгжийн дугаар 502, хаусны дугаар 46, Хан-Уул дүүрэг, 15 хороо.

Намайг мөнгө явуулах үеэр Цэрэндулам овогтой Уранбилэг нь Сингапур улсад суралцаж байсан учраас би мөнгийг түүний гэр бүлийн гишүүн болох Пүрэвжав овогтой Цэрэнбүтэд рүү явуулсан. Би Пүрэвжав овогтой Цэрэнбүтэдтэй ямар ч холбоогүй учир тус мөнгийг явуулсан нь Пүрэвжав овогтой Цэрэнбүтэдэд зориулагдаагүй.

Би тус албан мэдүүлгийг Тангараг ба Мэдүүлгийн актын /CAP.211/ нөхцөлийн ачаар хийж байгаа бөгөөд Актад тусгасны дагуу албан мэдүүлэгт худал мэдүүлэг өгвөл шийтгэл ноогдохыг ухаарч буй бөгөөд тус мэдүүлэгт багтсан мэдээллүүд аливаа талаараа үнэн байна гэдэгт итгэн мэдүүлгийг хийж байна” гэсэн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичиг, орчуулсан баримт бичиг /хэргийн 1-р хавтас 73-81х/,

 

- Квек Кианг Вү Жон- /KWEK KIANGWOO JOHN/-ы ярилцлага бүхий CD-г хураан авч, эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргасан тогтоол, мөрдөн байцаагчийн тогтоолоор орчуулагч томилж CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5-р хавтас 28-29х, 124-127х/,

 

- П.Цэрэнбүтэдийн Худалдаа хөгжлийн банк дахь 45.....51 тоот долларын дансанд 2009 оны 12 сарын 01-нээс 2010 оны 02 сарын 01-ны өдөр хүртэл 3 удаагийн гүйлгээгээр KWEK KIANG WOO JOHN-оос 19.978 ам доллар, 50.000 ам доллар, 70.000 доллар тус тус орсон харилцах дансны гүйлгээний хуулга, ханшийн мэдээлэлтэй /хэргийн 1-р хавтас 87х/,

 

- Гэрч Ё.Тунгалагболорын: “...2013 оны 09 дүгээр сарын сүүлээр Уранбилэг надруу утсаар яриад “би Сингапур улсад байна, танд итгэмжлэл хийгээд өгье, эгч Цэрэнбүтэдэд яаралтай мөнгө хэрэг болоод, би хүүгүй мөнгө зээлэх гэж байгаа юм, гэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс эгч нэрээ хасуулах юм” гэж яриад надад Уранбилэг нь Сингапур улсаас мөнгө зээлнэ гэсэн гэрээнд оролцох итгэмжлэл, байрны гэрчилгээнээс эгчийнхээ нэрийг хасуулах хэлцэлд намайг Уранбилэгийн өмнөөс төлөөлөн оролцоно гэсэн 2 итгэмжлэл цуг ирсэн. Тэр итгэмжлэл дээр би “ямар үүрэгтэй оролцох талаар тодорхой бичээрэй” гэж хэлж байсан юм. Би Гадаад явдлын яамнаас итгэмжлэлийг нь аваад Цэрэнбүтэдтэй холбогдож Барилгачдын талбайн ойролцоо уулзахад Цэрэнбүтэд нь “үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ барьцаанд байгаа, Уранбилэгээс мөнгө шилжүүлэнгүүт үлдэгдэл мөнгөө төлөөд би нэрээ хасуулчихъя” гэж гуйсан. Хоёулаа ямар ч байсан зээлийн гэрээ байгуулъя гэхээр нь би “та нууж яах юм бэ, барьцаанд байгаагаа Уранбилэгт хэлээд үнэнээ хэлээд гуй, зөвшөөрөх юм бол хамаа алга” гэж хэлсэн.

Тэр даруй хамт зогсож байгаад Уранбилэг рүү утсаар ярьсан. Уранбилэг “тийм үү” гээд уурлангуй байдалтай ярьсан. Цэрэнбүтэд гуай гуйгаад байх шиг байсан. Тэгээд Цэрэнбүтэд гуай надад “Уранбилэгийг зөвшөөрүүлээд өгөөч, чамайг шагнана шүү” гэхээр нь би “шагнал хэрэггүй, бид хоёр найзууд, тэгээд туслаж байгаа юм” гэж хэлээд салаад явсан. Орой нь Уранбилэг над руу залгаж “мөнгө төгрөг зээлэх юм бол боломжгүй юм шиг байна” гэж хэлсэн. Би Цэрэнбүтэд гуай руу яриад “та хоёрын хоорондын асуудалд оролцохоо болилоо, ирж баримт бичгээ аваарай” гэж хэлсэн. Цэрэнбүтэд бид нар хоорондоо Зээлийн гэрээ байгуулаагүй. Уранбилэг Сингапурт байхдаа өөрөө байр авч байгаа гэж хэлж байсан. Цэрэнбүтэд хэд хоногоос над дээр ирж бүх бичиг баримтаа аваад явсан. Түүнээс хойш холбоо тасарсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 17-19х, 4-р хавтас 142-143х/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд Х.Навчаагийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн нотариатчаар 2001 оноос үйл ажиллагаа эхэлж, одоог хүртэл ажиллаж байна. Нотариатын хууль, гэрээ хэлцэл хийх заавар, журмаа баримтлан ажилладаг. 2013 оны 09 сарын 26-ны өдөр ажил тарах үеэр манай ажлын байранд 2-3 хүн үйлчлүүлж байсан. Гаднаас 2-3 хүн зэрэг орж ирсэний дотор 50 орчим насны тарган шар эмэгтэй, 24 орчим насны хүүхэн, бас нэг эрэгтэй дагуулж ирээд “энэ манай охин байгаа юм. Орон сууцны өмчлөлөөс нэрээ хасуулах гэрээ хийлгэх” гэсэн юм.

Нэр хасуулах гэрээнд оролцох хүмүүсийн бичиг баримтыг шалгаж үзэхэд ямар нэг зөрчил байгаагүй. Орон сууцны өмчлөлөөс нэр хасуулах гэрээний маягт нотариатын танимаас баталсан загвар байдаг. Орон сууцны өмчлөлөөс нэр хасах тохиолдолд байрны гэрчилгээ иргэний үнэмлэх, тухайн хүмүүс биеэрээ ирсэн байх ёстой байдаг. Байрны гэрчилгээ эх хувиараа байсан. Иргэний үнэмлэхийг тулгаж үзэхэд таарч байсан. Ямар учраас өмчлөлөөс гарах гэж байгаа талаар асуухад “манай охин өрх тусгаарлачихсан, тусдаа амьдардаг, боломжийн амьдралтай хүмүүс байдаг” гээд “одоо хасалтаа хийлгэх гэж байгаа юм” гэж хэлсэн. Энэ талаар нэр хасуулах хэлцэл дээр өөрсдөөс нь тодруулан асууж тухайн орон сууцны хаяг, квадрат метр, өрөөний тоо, зах зээлийн үнэ ханшийг тодорхой бичиж гэрээнд тэмдэглэсэн. Нэрээ хасуулахыг зөвшөөрч байна гэснийг үндэслэн гэрээнд тусгаж өгөөд, нотариатаар баталсан. Төлбөр тооцоогоо хийгээд явсан. Уранбилэг гэх эмэгтэйн биеийн байцаалтыг лавлагаатай нь тулгаж нягталж харсан. Нэр хасуулахад татгалзах зүйл байна уу гэхэд татгалзах зүйлгүй гээд зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Тэр охин нь юм яриагүй, Уранбилэг мөн үү гэхэд мөн, зөвшөөрч байна уу гэхэд зөвшөөрч байна гэж хэлээд гарын үсгээ зурсан. Иргэний үнэмлэхийн лавлагаагаар байрны гэрчилгээн дээрээс нэр хасуулах хэлцлийг баталж болохгүй гэсэн юм байхгүй. Тэр лавлагааг хурууны хээгээр авдаг учир хүчинтэйд тооцдог. Би Цэрэнбүтэд гэж хүнийг танихгүй, харж байгаагүй. Би нотариатын ажлаа хийх ёстой ном дүрэм, журмын дагуу хийж, хэлцлийг баталсан. Тэр хүн ижил төстэй хүн дагуулж ирж, зохион байгуулалтайгаар залилан мэхэлсэн байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 17х, 159-161х/,

 

- Гэрч Н.Хашцэцэгийн: “...Манай Суман Корей ХХК нь 2009 оноос хойш Монгол улсад барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулж байгаа. Манайх 2009 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 21 айлын 7 давхар орон сууц барьж 2010 онд ашиглалтад оруулж борлуулт хийсэн. Тэр үед Пүрэвжав овогтой Цэрэнбүтэд 132,6 мкв 4 өрөө орон сууцыг 188.539.000 төгрөгөөр худалдан авч гэрээ байгуулсан. Тухайн үед байр худалдан авсан хүн бүрт нэг автомашины зогсоол үнэгүй дагалдуулан өгч байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 138-139х/,

 

- “Суман Корей” ХХК болон П.Цэрэнбүтэд нарын хооронд 2010 оны 02 сарын 18-ны өдөр байгуулсан №1 дугаартай “Орон сууц худалдах худалдан авх гэрээ” болон “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” болон тодорхойлолт /хэргийн 1-р хавас 88-90х, 129-131х, хэргийн 4-р хавтас 168х/

 

- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, ХД-46 дугаар байрны 502 тоот орон сууцны зориулалттай 132,6 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016515-рт П.Цэрэнбүтэд, Ц.Уранбилэг нарын 2 иргэний өмчлөлд 2011 оны 01 сарын 13-ны өдөр бүртгэж олгосон 000129735 тоот болон уг орон сууцыг нэг хүний өмчлөлд буюу П.Цэрэнбүтэдийн өмчлөх эрхэд бүртгэж 2013 оны 09 сарын 26-ны өдөр олгосон 000274982 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтууд /хэргийн 1-р хавтас 61х, 64х/,

 

- Ц.Уранбилэг Монгол улсын хилээр орсон, гарсан талаарх Хил хамгаалах ерөнхий газрын 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2б/160 тоот албан бичгийн хавсралт, хилийн шалганы лавлагаа /хэргийн 1-р хавтас 103х/,

 

- Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, ХД-46 дугаар байрны 502 тоот орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016515-рт бүртгэгдсэн, 132,6 мкв талбайтай, 4 өрөө орон сууцны хувийн хэрэг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн албан бичиг, /хэргийн 1-р хавтас 105-132х, хэргийн 4-р хавтас 93-98х/,

 

- ШШҮХ-ийн Кримининалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 тоот дүгнэлт:

1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүрэг дэх Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын архивт хадгалагдаж буй “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл” гэх баримт дээрх шинжилж буй гарын үсгийг Ц.Уранбилэг зураагүй байна.

2. Дээрх шинжилж буй гарын үсгийг хувилан олшруулаагүй, хэвлээгүй, хуулбарлаагүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 21-26х/,

 

- Хохирогч Г.Дүгэрдуламын: “...2013 оны 09 сард “автомашины зогсоол зарна” гэсэн зарын дагуу Батмөнх гэдэг хүнтэй нөхөр Цог-Очирын хамт очиж уулзахад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-ийн 46 дугаар байрны доод подвальд байрлах нэг автомашины зогсоолыг 25.000.000 төгрөгөөр зарна гэхэд нь түүний гэрт, эхнэр Цэрэнбүтэдийнх нь хамт бид дөрөв ярилцаад 20.0 сая төгрөгөөр авахаар тохиролцсон. ...2013 оны 09 сарын 27-ны өдөр 10.0 сая төгрөгийг Цэрэнбүтэдэд бэлнээр өгсөн. 2013 оны 10 сарын 01-ний өдөр 7.0 сая төгрөгийг бэлнээр, дараа нь 2013 оны 10 сарын 30-ны өдөр 1.0 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Дээрх мөнгүүдийг Цэрэнбүтэд өөрөө авч байсан. 2014 оны 02 сарын 15-ны өдөр Цэрэнбүтэдийн хүү Жавхлан 500.000 төгрөг, 2014 оны 03-р сард өдрийг нь санахгүй байна нөхөр Батмөнх нь манай нөхөр Цог-Очироос 600.000 төгрөг авсан байсан. Нийтдээ Цэрэнбүтэдэд 19.100.000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 58-60х, 169-170х/,

- Гэрч Б.Цог-Очирын: “...2013 оны намар манай 57 дугаар байрны үүдэнд “авто зогсоол худалдана” гэсэн зар байсан. Тэгээд зар дээр тавигдсан утсаар холбогдоход хажуу байранд байдаг СӨХ-ны даргын гэр бүл болох Батмөнх гэдэг хүн байсан юм. Тэгсэн “чи авто зогсоол сонирхож байгаа бол ирж үзээ, тэгээд үнэ мөнгөн дээрээ тохиръё” гэж хэлсэн. Түүний дагуу би эхнэрээ дагуулан 46 дугаар байрны зоорийн давхарт байх авто зогсоолыг үзэхээр очсон. Тэгтэл 46-57 дугаар байрны СӨХ-ны дарга Цэрэнбүтэдийн хамт Батмөнх нь бид хоёртой уулзаж, авто зогсоолыг үзүүлсэн. Тухайн зогсоол нь манай гэр бүлийн хүн, бид хоёрт таалагдахгүй давчуу зогсоол байсан. Тэгээд үнээ буулгаад Цэрэнбүтэдтэй 22.0 сая төгрөгөөр худалдан авахаар тохирсон юм. Манай гэр бүлийн хүн Дүгэрдулам нь “Цэрэнбүтэд дарга СӨХ-ны тамга тэмдэгээ үзүүллээ, үл хөдлөхөөс шууд гэрчилгээ нь гарахгүй юм байна, сарын дотор асуудал шийдэгдэх юм байна, асуудлыг Цэрэнбүтэд бүрэн шийдэж өгөх юм байна, тэр болтол тал мөнгийг нь би өгөхөөр боллоо” гээд тал мөнгийг нь манай эхнэр өгсөн. Хэд хоногийн дараа Цэрэнбүтэд гуай “гаражийн үнээ 20.0 сая төгрөг болгож буулгая, бичиг баримт удахгүй гарна, үлдэгдэл мөнгөө өгөөч гээд байна, би уулзаад ирье” гээд манай эхнэр явсан. Тэгээд Цэрэнбүтэдтэй уулзаад үлдэгдэл мөнгийг нь өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хэргийн 5-р хавтас 171х/,

 

- Хохирогч “Очир Ундраа ОМЗ” Банк Бус Санхүүгийн Байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхзулын хохирогч, ирэний нэхэмжлэгчээр өгсөн: “...2013 оны 09 дүгээр сарын дундуур “Очир-Ундраа ОМЗ” ББСБ дээр Цэрэнбүтэд, гэр бүлийн хүний хамт ирсэн. Манайхаас 150.000.000 төгрөгийн зээл тухайн үед хүсэж ирсэн. Зээл хүсэхдээ “Сандэй плаза төвд гутлын лангуу түрээслэн ажиллуулдаг, нэмж лангуу худалдан авах гэж байгаа” талаар дурьдсан байсан. Тэгэхээр нь “материалаа бүрдүүлээд ир” гээд бүрдүүлэх материалын жагсаалтыг өгөөд явуулсан. Цэрэнбүтэд 2-3 хоногийн дараа Хан-Уул дүүргийн 1-р хороо 46-502 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг аваад ирсэн. Тэр гэрчилгээ нь сүүлийн нэг жилийн дотор шилжилт хөдөлгөөн хийсэн байсан тул Улсын бүртгэлийн газраас орон сууцны өмчлөх эрхийн дэлгэрэнгүй лавлагаа авсан. Тэгэхэд Цэрэнбүтэдийн нэр дээр байсан. Манай байгууллагаас зээлийн судалгаа хийж, “Сандай плаза” төв дээр очиж лангууг нь үзсэн. Мөн Хан-Уул дүүрэг дэх 4 өрөө орон сууцыг үзээд 120.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай олгосон. Би Цэрэнбүтэдийн хамт Улсын бүртгэлийн газарт очиж барьцааг бүртгүүлсэн.

...Зээл олгосноос хойш дараа сараас нь эхлээд огт хүүгээ төлөхгүй байсан. Тэгээд гэрт нь ирэхээр гэртээ байхгүй, ажил дээр нь очихоор ажил дээрээ байхгүй байдаг байсан. Ар гэрийнхэнтэй нь холбогдохоор “сахарын өвчин нь хөдлөөд эмчилгээ хийлгэж байгаа” гэдэг. Шүүхийн шатанд Цэрэнбүтэд нь авсан зээлээ нөхөр Батмөнхийн бизнесийн үйл ажиллагаанд компанид нь хэрэглэсэн гэдэг. Тэгээд Цэрэнбүтэд нь манай байгууллагад хайрга нийлүүлж төлбөрөө барагдуулах талаар санал тавьсаны дагуу Цэрэнбүтэдийн зээлж авсан 120.0 сая төгрөгийг барагдуулахын тулд 2015 оны 04 сарын 27-ны өдөр “Очир ундраа” ХХК-ийн охин компани болох “Бүтээгч” компанитай нөхөр Батмөнх нь хайрга бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 6000 кубметрийг нийлүүлэхээр гэрээнд тусгасан бөгөөд нийт үнэ нь 111.0 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Мөн үлдэгдэл 9.0 сая төгрөгийг нь 2015 оны 05 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэсэн албан бичиг өгсөн боловч хайргаа ч нийлүүлээгүй, хайрганыхаа үнийг гэрээнд заасан 18.500 төгрөгнөөс нэмэгдүүлсэн тул “Бүтээгч” ХХК худалдаж аваагүй. Энэ гэрээг байгуулснаар манай ББСБ-ын хохирол төлөгдсөн гэж үзэх боломжгүй, хэдийгээр гэрээ байгуулсан боловч гэрээнийхээ үүргийг огт биелүүлээгүй. Цэрэнбүтэд нь манай байгууллагаас зээл авахдаа зөвхөн орон сууц барьцаалсан, гараж барьцаалаагүй. “Очир Ундраа” ББСБ нь одоо П.Цэрэнбүтэдээс үндсэн зээл 120.000.000 төгрөг, зээлийн хүүг 2015 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл тооцож 63.000.000 төгрөг, хугацаа хэтэрсний нэмэгдүүлсэн хүүд 2.319.199 төгрөг, бүгд 185.319.199 төгрөг нэхэмжилж байна. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн зээл, хүүгийн төлөлт төлөгдөөгүй байна. Цэрэнбүтэдийн манай байгууллагаас авсан зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга, гэрээ баримтуудыг бүгд хэргийн материалд хавсарган өгч байна” гэсэн мэдүүлэг болон нэхэмжлэлийн тооцоолол баримт /хэргийн 2-р хавтас 144х, 249х, 5-р хавтас 70-71х, 72х/,

 

- П.Цэрэнбүтэдээс “Очир ундраа ОМЗ” ББСБ-аас зээл авахдаа бүрдүүлэн өгсөн баримтууд /хэргийн 4-р хавтас 194-208х/,

 

- гэрч Ш.Эрдэнэбаатарын: “...Цэрэнбүтэд гэх эмэгтэйг 2010 оноос сахарын өвчний улмаас эмнэлэг дээр эмчлүүлж явж байгаад танилцсан юм. Би “Сандэй” худалдааны төв дээр гутлын лангуу түрээслүүлэн ажиллуулдаг юм. Одоо ч гэсэн гутлын лангуугаа түрээслүүлэн амьдарч байна. Одоо оныг нь санахгүй байна, 2012 он билүү, 2013 онд Цэрэнбүтэд 3-4 сар “Сандэй худалдааны төв”-д тус бүр нь 6 мкв, хоёр гутлын лангууг сарын 800.000 төгрөгөөр түрээсэлж ажилласан. Тэрээр ажиллуулж байх хугацаандаа “зээл хөөцөлдөж байгаа, манай нөхөр карьер ажиллуулж байгаа, хүний газар дээр карьер ажиллуулж байгаа ба хүн нь газраа авч, карьерийн газар 100.0 гаруй сая төгрөгөөр худалдан авах гэж байгаа” гэж байсан. Зээл авах гэтэл эргэн төлөлт болохгүй байна, гутлын лангуунд мөнгө дэндүү ихэдчихлээ, би ажлын байр худалдаж авна гэж оруулахаас өөр аргагүй болоод байна, Эрдэнэбаатар аа, чи надад энэ хоёр лангууг түрээслэхээс гадна, дахиад нэг лангуу зарна гээд бичээд өг” гэж гуйсан.

Тэгээд гуйгаад байсан учир би “лангуугаа зарах гэж байгаа талаар бичиг хийж өгье” гэж хэлээд тийм бичиг хийж өгөөгүй. Нэг өдөр л Цэрэнбүтэд “гутлын лангуу ажиллуулах хэцүү юм байна, нөхрийн компанид карьерийн ажлаа хийнэ” гээд лангуу түрээслэхээ больсон. Зээл авлаа гэж байсан, би ямар баримт бичиг бүрдүүлсэн, хэдэн төгрөгийн зээл авсан талаар нь асуугаагүй, тэр нь ч надад хамаагүй.

Тухайн үед надад лангуугаа зарах ямар ч санаа зорилго байгаагүй. Банкнаас ирж лангуу үзсэн гэсэн, би тэр үед нь байгаагүй. Би Цэрэнбүтэдээс 102.300.000 төгрөг аваагүй. Би Цэрэнбүтэдэд лангуу зарсан гэж нэг ч төгрөг аваагүй. Би лангуугаа зараагүй. Тодорхойлолт гэсэн баримт дээрх 102.300.000 төгрөгийг 2013 оны 10 сарын 12-ны өдөр хүлээн авсан гэсэн бичиг миний бичвэр биш байна. Би ийм тодорхойлолт гаргаж өгөөгүй. Би гарын үсэгтээ 3 үсэг л бичдэг. Наадахыг чинь Цэрэнбүтэд өөрөө бичсэн байхаа. Би түүнээс 102.300.000 төгрөг авсан бол Цэрэнбүтэд өнөөдөр лангуугаа ажиллуулаад, надаас лангууны бичиг баримтаа авна биз дээ, юу гэж өнөөдрийн хүртэл гэрчилгээгүй яваад байх юм. Ер нь 6 мкв талбай лангуу дээр 6-8 сая төгрөг байхад хангалттай гутлаа авч, ажиллуулж болно. Би 8 жилийн боловсролтой, бичгийн хэв муутай учир юм бичээд байдаггүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 4-р хавтас 144-147х/,

 

- ШШҮХ-ийн Криминалисикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 2071 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн Ш.Эрдэнэбаатар, П.Цэрэнбүтэд нарын гарын үсэг болон гар бичвэрийн туршилтын загварууд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Тодорхойлолт” гэсэн баримт хуулбар байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн “Иргэний үнэмлэх”-н хуулбартай “6026, 6027 дугаартай...” гэж эхлээд “...эзэмшиж байгаа” гэж төгссөн баримт дээр бичигдсэн бичвэрийг П.Цэрэнбүтэд бичсэн байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн “Иргэний үнэмлэх”-н хуулбартай “6026, 6027 дугаартай...” гэж эхлээд “...эзэмшиж байгаа” гэж төгссөн баримт дээр зурсан “П.Цэрэнбүтэд” гэсэн гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн П.Цэрэнбүтэдийн зурсан гэх гарын үсгийн туршилтын загвартай тохирч байна.

5. Уг баримтын “Ш.Эрдэнэбаатар” гэсэн гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд туршилтын болон харьцангуй чөлөөт загвараар ирүүлсэн Ш.Эрдэнэбаатарын зурсан гэх гарын үсгийн загваруудтай бүтцээр тохирохгүй байна.

Жич: Шинжээчийн 2071 тоот дүгнэлт, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, шинжилгээнд ирүүлсэн зүйлийг бүрэн хүлээлгэн өгсөн болно” гэсэн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гар бичвэрийн ерөнхий шинж тэмдгийн боловсруулалт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-р хавтас 234-250х, 5-р хавтас 1х/,

 

- “Очир Ундраа ОМЗ” банк бус санхүүгийн байгууллага болон П.Цэрэнбүтэд нарын хооронд 2013 оны 10 сарын 07-ны өдөр байгуулсан ЗГ13/406 дугаартай Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөх хуваарь, уг зээлийн гэрээний №2 хавсралт Барьцааны гэрээ, П.Цэрэнбүтэд /нэг иргэний өмч/ өмчлөгчтэй Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримт /хэргийн 1-р хавтас 67-70х, 96-100х/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд Б.Батмөнхийн иргэний хариуцагаар өгсөн: “...2013 оны 10 сард манай эхнэр Цэрэнбүтэдийн нэр дээр “Очир-Ундраа” ББСБ-с 120.000.000 төгрөгний зээл авсан. Би Эрдэнэт хотод карьерийн аж ахуй, хавтангийн үйлдвэрийн бизнес эрхэлж байсан. Үйлвэртээ тоног төхөөрөмж худалдан авахад энэ мөнгийг зарцуулсан. Одоо энэ тоног төхөөрөмжийн төсөл нь “БМТХ” ХХК-ны өмчид байдаг. Манай компани үйлдвэрлэл эхлэх шатандаа орчихсон байж байгаа. Манай компани өнгөрсөн зун санхүүгийн асуудал үүсээд зогсонги байсан одоо үйл ажиллагаа эхлэх гээд байж байгаа. Цэрэнбүтэдийн манай компанид оруулсан хөрөнгө оруулалтыг “БМТХ” ХХК-аас төлж барагдуулна. Манай компаний зүгээс “Очир-Ундраа” ХХК-ийн төлөөлөгчтэй уулзаж, энэ мөнгийг төлөх тал дээр санал солилцоод иргэний журмаар шийдвэрлүүлэх тал дээр аман тохиролцоонд хүрсэн.

ХУД-ийн 15-р хороо ХД-46-502 тоот 4 өрөө сууц нь Цэрэнбүтэд, Уранбилэг гэдэг 2 хүний дундын өмч гэдгийг мэднэ. Дундын өмчлөлд байсныг өөрийн өмчлөлд шилжүүлсэнийг сүүлд мэдсэн. Энэ 120.000.000 төгрөг анхнаасаа үйлдвэрт орно гэж байгаагүй. Цэрэнбүтэдийн эрхлэх гэж байсан гутлын лангуу худалдан авах гэж байсан бизнес нь бүтэлгүйтсэн учраас нэгэнт авсан зээлийг нь өөрийн хавтангийн үйлдвэр сэргээн босгох, засварлах, үйл ажиллагаанд оруулсан. “БМТХ” ХХК нь 50 50 хувийн хөрөнгө оруулалтаар боссон компани байгаа юм. ...2013 оны сүүлээр манай эхнэр орон сууцыг үнэгүй дагалдаж ирсэн 502 тоот автомашины зогсоолыг зарна гэж надад ярьж байсан. Тэгэхээр нь би ганц нэг хүнээс асууж өгье гээд өөрийн танил болох Цог-Очирт хандан “эхнэр гаражаа зарна гэнэ, сонирхож байгаа хүн байвал хэлээрэй” гэж захиж байсан. Тэгсэн Цог-Очир ”танай эхнэр гаражаа ямар үнээр зарах гэж байгаа бол би сонирхож байна” гэсэн. Тэгэхээр нь би үнэ ханшны талаар мэдэхгүй, эхнэртэй ярилцаад та нар хоорондоо наймаагаа хийцгээ гэж байсан юм. Гараж зарах болон мөнгө өгч, авах үед нь би Дүгэрдулам гэдэг хүнтэй би холбогдож байгаагүй, нүүр тулж уулзаж байгаагүй. Гражийн мөнгө гэж авсан 19.100.000 төгрөгийг эхнэр юунд зарцуулсныг би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 146х, 4-р хавтас 43х, 5-р хавтас 154х/,

 

- Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн гаргасан “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД-ийн 46-р байр, 502 тоотод байршилтай 4 өрөө орон сууц болон автомашины зогсоолны зах зээлийн 2010 оны 02 сар, 2011 оны 01 сарын байдлаарх үнэ цэнэ тодорхойлох зорилгоор үнэлэгдсэн бодит үн цэнийг 193.410.000 төгрөг /үүнд: 4 өрөө орон сууцыг 179.010.000 төгрөг, авто зогсоолыг 14.400.000 төгрөг/ гэж тогтоосон” үнэлгээний тайлан /хэргийн 5-р хавтас 180-192х/, шүүгдэгч П.Цэрэнбүтэдийн хэргээ хүлээн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдэж, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс, эрхийг олж авч болох ба энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө / эд хөрөнгө нь: үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө/ болж тухайн этгээдийн хувьд хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эд хөрөнгийн эзэмшил,өмчлөл үүсгэнэ.

Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй бөгөөд  энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд нь эзэмшигч байна. 

 

Энэ хэргийн хохирогч Ц.Уранбилэг нь Сингапур улсад суралцаж амьдарч байх хугацаандаа “өөртөө орон сууц худалдан авах зориулалтаар”-аар Сингапур улсын иргэн Квек Кианг Вү Жон /KWEK KIANGWOO JOHN/-оос 3 удаагийн гүйлгээгээр, Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан нагац эгч Д.Цэрэнбүтэдийн харилцах дансанд 140.000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 203.520.000 төгрөгийг шилжүүлсэн, П.Цэрэнбүтэд нь Ц.Уранбилэгийн даалгаснаар, дээрх шилжүүлсэн мөнгөөр Монгол улсад шууд худалдан авах боломжтой орон сууц хайж олох үүрэг хүлээсэн,

- “Суман Кореа” компанийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж гүйцтгэсэн ХД-46 дугаар байрны 502 тоотын 132.6 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан авах боломжтой талаар Уранбилэгтэй Цэрэнбүтэд ярилцан тохиролцож, тухайн цаг хугацаанд Монгол улсад байгаагүй өөрийн зээ дүү Ц.Уранбилэгийг төлөөлөн 2010 оны 02 сарын 18-ны өдөр уг орон сууцыг 188.539.000 төгрөгөөр худалдан авах хэлцлийг “Суман Кореа” компанитай байгуулж,

- улмаар уг худалдан авсан орон сууцны төлбөр тооцоо бүрэн төлөгдөж дууссан учир үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Ц.Уранбилэгийн нэр дээр гаргахад татгалзахгүй гэсэн утга бүхий 2010 оны 2 сарын 18-ны өдрийн 21 дугаартай “Тодорхойлолт” баримтыг /хэргийн 2-р хавтас 13х/ “Суман Кореа” компаниас гаргуулан хохирогчид танилцуулан “худалдан авсан тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Ц.Уранбилэгийн нэр дээр нь гарах юм байна гэсэн ойлголт итгэл, үнэмшил төрүүлж, Улсын бүртгэлийн байгууллагад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа “өөрийгөө тус байрны хууль ёсны өмчлөгч, хохирогч Ц.Уранбилэгийг хамтран өмчлөгч” хэмээн мэдүүлснээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ ХД-46 тоот хаяг дахь “Rosse Villaj” 21 айлын 7 давхар орон сууцны 5 давхрын 502 тоот 132,6 мкв талбай бүхий 4 өрөө сууц нь Ц.Уранбилэг, П.Цэрэнбүтэд нарын 2 иргэний дундын өмчид эрхийн улсын бүртгэлийн Y-2206016515 дугаарт бүртгэгдэж 2011 оны 01 сарын 13-ны өдрийн №000274982 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон үйл баримт тогтоогдсон.

Сингапур улсын иргэн Квек Кианг Вү Жон /KWEK KIANGWOO JOHN/-ы шилжүүлсэн 140.000 ам доллар нь энэ хэргийн хохирогч Ц.Уранбилэгт зориулагдаж, түүнд орон сууц худалдан авах зорилгоор шилжүүлсэн нь Квек Кианг Вү Жон /KWEK KIANGWOO JOHN/-ы гэрчийн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 73-81х/, ярилцлага бүхий CD-д орчуулагч томилж байлцуулан үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 5-р хавтас 28-29х, 124-127х/, Ц.Уранбилэгийн удаа дараа хохирогчоор өгсөн мэдүүлэг баримтуудаар тус тус нотлогдсон ба уг шилжүүлсэн гэх мөнгө нь шүүгдэгч П.Цэрэнбүтэдэд өөрт нь болон түүний гэр бүлд нь зориулагдсан гэх байдал, мөн шүүгдэгч нь дээрх эд хөрөнгийг худалдан авахад өөрийн зүгээс тодорхой мөнгө, хөрөнгө оруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тус тус тогтоогдоогүй.

 

Нөгөө талаар шүүгдэгч нь хохирогч Уранбилэгийг бага насандаа өнчин үлдэхэд өсгөж хүмүүжүүлсэн, сургуульд суралцахад нь дэмжиж тусласан, садан төрлийн холбоо харилцаатай зэрэг байдал нь түүнд зээ дүү гэх Ц.Уранбилэгийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн үзэмжээр, түүний хүсэлт, зөвшөөрөлгүйгээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах давуу эрх эдлэх үндэслэлийг үүсгэхгүй юм.

 

Дээрх маргааны зүйл болох 4 өрөө орон сууцыг 188.539.000 төгрөгөөр “Суман Кореа” ХХК-иас худалдан авахад үнэгүй, дагалдуулан өгсөн автомашины зогсоол нь “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээний Хоёр: Ерөнхий нөхцөл, 2.1 заалтад зааснаар /хэргийн 1-р хавтас 129-131х/ гэрээний зүйл болж, орон сууцны үнэнд тооцогдсон болох нь Орон сууц худалдах, худалдан авах” гэрээ, гэрч Н.Хашцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэгэнт тогтоогдсон тул уг 502 тоот зогсоол нь тухайн орон сууцны зориулалттай байрны бүрдэл хэсэгт хамаарах бөгөөд хууль ёсоор гэрээний үндсэн дээр анх тутамд орон сууцыг эзэмших өмчлөх эрхийг олж авч буй этгээд уг автомашины зогсоолын өмчлөгч нь байна.

 

Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болох ба түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж, мөн эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна гэж Иргэний хуулийн 85 дугаар зүйл, 101 дүгээр зүйлд тус тус хуульчлан тогтоосон.

 

Иймд хохирогч Ц.Уранбилэг нь Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр /17041/ ХД-46 тоот хаяг дахь “Rosse Villaj” 21 айлын 7 давхар орон сууцны 5 давхар байшингийн зоорын давхрын 502 тоот автомашины зогсоолыг /эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй/ эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй хууль ёсны өмчлөгч гэж тооцогдох юм. 

 

Жич: Үйлдвэр 17041, ХД-46 дугаар байр нь  эрхийн улсын бүртгэлийн Y-2206016515 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөийн гэрчилгээ баримтад Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт гэж тэмдэглэгдсэн ба Хан-Уул дүүргийн 1-р хороо нь засаг захиргааны нэгжийн бүтцээр хуваагдаж 15 дүгээр хороо шинээр үүссэн тул дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутагт дэвсгэрт харъяалагдах болсныг тэмдэглэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяраас “Прокуророос миний үйлчлүүлэгч П.Цэрэнбүтэдэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, П.Цэрэнбүтэд нь хохирогч Ц.Уранбилэгийн орон сууц болон “Очир Ундраа ОМЗ” санхүүгийн байгууллагын эд хөрөнгийг залилсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Харин хохирогч Г.Дүгэрдуламыг залилсан гэх үйлдлийн тухайд автомашины зогсоолын өмчлөл эзэмшил нь тодорхой бус, тухайн зогсоол байрыг худалдан авахаад үнэгүй дагалдаж ирсэн, өмчлөх эрхийн гэрчилгээгүй, тухайн хөрөнгийн өмчлөгч хэн болох нь тогтоогдоогүй, хэрхэн яаж, ямар аргаар залилсан гэх үйлдлийн арга хэлбэрийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоож чадаагүй. Иймд П.Цэрэнбүтэдэд холбогдох хэргээс Г.Дүгэрдуламыг залилан мэхэлж 19.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн санал гаргаж мэтгэлцсэнийг дээр дурьдсан үндэслэлээр шүүх хүлээн авч, хангах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Цэрэнбүтэдийг хуурч, итгэл эвдэх замаар 3 удаагийн давтан үйлдлээр бусдын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон өмчийг залилан мэхэлж аван нэр бүхий хохирогч нарт нийт 327.639.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

П.Цэрэнбүтэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 сарын 03-ны батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс дагаж мөрдсөн ба уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялын хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна”, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хохирлын хэмжээг доор дурьдсанаар ойлгоно”, 4.1 дэх хэсэгт “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.2 дахь хэсэгт “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж хуульд хохирлын хэмжээг тодорхойлж тогтоосноос гадна мөн хуулиар 2002 оны Эрүүгийн хуульд заасан “давтан үйлдэл”, “онц их хэмжээний хохирол” гэх хууль зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалтыг халсан байна.

 

Шүүгдэгч П.Цэрэнбүтэдийн давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгө өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад нийт 327.639.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжид бүрэн нийцэж буй нь тогтоодсон ба тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хөнгөрүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч П.Цэрэнбүтэдийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, түүний гэмт үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийг хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус тодорхойлон заасан.

Түүнчлэн “Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, ”Эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн зохицуулалттай.

 

Шүүгдэгч П.Цэрэнбүтэд нь хэргийн хохирогч Ц.Уранбилэгт Хан-Уул дүүргийн 15-р хороо, ХД-46 байрны 502 тоотын 132.6 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцыг бүрэн суллаж биет байдлаар нь хүлээлгэн өгсөн, уг байрандаа хохирогч өөрийн биеэр амьдарч байгаа талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ хэдий ч хохирогч Ц.Уранбилэгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл нь эрхийн зөрчилтэй хэвээр байх тул Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 17041, ХД-46 дугаар байрны 502 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2206016515 дугаарт бүртгэгдсэн, 132.6 мкв талбай бүхий, 4 өрөө орон сууцыг П.Цэрэнбүтэд, Ц.Уранбилэг нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн 2011 оны 01 сарын 13-ны өдрийн бүртгэл болон 2013 оны 09 сарын 26-ны өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах” тухай хэлцэл, П.Цэрэнбүтэд, “Очир-Ундраа ОМЗ” ББСБ хооронд 2013 оны 10 сарын 07-ны өдөр байгуулсан ЗГ/13/406 тоот Зээл, Барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 дахь хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, эрхийн улсын бүртгэлийн Y-2206016515 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 15 дүгээр хороо, Үйлдвэр 17041, ХД-46 дугаар байрны 502 тоотын 132.6 мкв талбай бүхий 4 өрөө орон сууц, тус ХД-46 дугаар байрны зоорийн давхрын 502 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр хохирогч Ц.Уранбилэгийг /РД:УХ92021068/ тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Мөн хэргийн хохирогч “Очир Ундраа ОМЗ” ББСБ нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч П.Цэрэнбүтэдээс зээлийн гэрээний дагуу олгосон үндсэн зээл гэх 120.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрийг 2015 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар тооцож 63.000.000 төгрөг, хугацаа хэтэрсний нэмэгдүүлсэн хүүд 2.319.199 төгрөг, нийт 185.319.199 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх нэхэмжлэлээс 120.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд, 2015 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар тооцсон зээлийн хүү гэх 63.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүсэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцож, шүүгдэгч П.Цэрэнбүтэдээс 183.000.000 төгрөгийг гаргуулан “Очир Ундраа ОМЗ” ББСБ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.319.199 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба шүүгдэгчийн хохирогч Г.Дүгэрдуламаас “автомашины зогсоол зарна” гэж бэлнээр авсан 19.100.000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан шууд үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдох тул нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба П.Цэрэнбүтэд нь өөрийн гэм буруутай үйлдлээ шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг арилгаж нэр бүхий хохирогч иргэн, байгууллагыг хохиролгүй болгохоо илэрхийлсэн, мөн тэрээр чихрийн шижин өвчний II хэлбэр, ээнэгшил алдалт, чихрийн шинжингийн гаралтай бөөрний эмгэг өвчтэй, дотоод шүүрлийн булчирхайн нарийн мэргэжлийн эмчийн байнгын хяналтад байдаг /хэрэгт баримттай/ түүний эрүүл мэндийн байдал зэргийг тус тус харгалзан, шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших зорилго,  шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч П.Цэрэнбүтэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ялын төрлийг сонгож хэрэглэсэн болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд /хэргийн 2-р хавтас 88-92х, 140х/ нийт 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгий төгрөгөөр тооцож эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 /нэг/ ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, ХУД-ийн 15-р хороо /хуучнаар 15 дугаар хороо/, ХД-46 байрны 502 тоотын 4 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрх хязгаарласан мөрдөн байцаагчийн 2013 оны 12 сарын 10-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Цэрэнбүтэдээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурьдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас П.Цэрэнбүтэдэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Буянт овогт Пүрэвжавын Цэрэнбүтэдийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан, баримт бичиг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

 

3. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан П.Цэрэнбүтэдийг 12.000 /арван хоёр мянга/ тооцох нэгж буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Цэрэнбүтэдийн цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан торгох ялаас 825.000 төгрөгийг хасч, эдэлвэл зохих ялыг 11.175.000 /арван нэгэн сая нэг зуун далан таван мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

5. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар П.Цэрэнбүтэдийн эдэлвэл зохих 11.175.000 төгрөгийн торгуулын ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан П.Цэрэнбүтэдэд мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1, 56.10 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 17041, ХД-46 дугаар байрны 502 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2206016515 дугаарт бүртгэгдсэн, 132.6 мкв талбай бүхий, 4 өрөө орон сууцыг П.Цэрэнбүтэд, Ц.Уранбилэг нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн 2011 оны 01 сарын 13-ны өдрийн бүртгэл болон 2013 оны 09 сарын 26-ны өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах” тухай хэлцэл, П.Цэрэнбүтэд, “Очир-Ундраа ОМЗ” ББСБ хооронд 2013 оны 10 сарын 07-ны өдөр байгуулсан ЗГ/13/406 тоот Зээл, Барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дүгээр хороо, Үйлдвэр 17041, ХД-46 дугаар байрны 502 тоот, эрхийн улсын бүртгэлийн Y-2206016515 дугаарт бүртгэгдсэн, 132.6 мкв талбай бүхий, 4 өрөө орон сууц болон уг орон сууцны зоорийн давхрын 502 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Боржигон овогт Цэрэндуламын Уранбилэгийг /РД:УХ92021068/ тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгасугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар П.Цэрэнбүтэдээс 202.100.000 /хоёр зуун хоёр сая нэг зуун мянган/ төгрөг гаргуулж,

- Хан-Уул дүүргийн 15-р хороо, 57-30 тоот оршин суух хаягтай Боржигон овогт Гончигийндампилийн Дүгэрдуламд /РД:НЭ71031209/ 19.100.000 /арван есөн сая нэг зуун мянган төгрөгийг,

- Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Бизнес плаза төвд байрлах, “Очир Ундраа ОМЗ” Банк бус санхүүгийн байгууллагад 183.000.000 /нэг зуун наян гурван сая/ төгрөгийг тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 /нэг/ ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, эрхийн улсын бүртгэлийн Y-2206016515 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 15-р хороо 46 дугаар байрны 502 тоотын 4 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан П.Цэрэнбүтэдэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАЗАРХАНД 

 

ШҮҮГЧИД                                                       С.ОЛЗОД

 

П.ТУЯАТ