Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2024/00085

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн даргаар Б.Батбаяр оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багт оршин суух хаягтай ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон тайлбар, хүсэлтдээ: “...Миний бие 1968 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянтэс суманд төрсөн. Би 1984 оны 07 дугаар сараас 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багт мал маллаж байгаад 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс цэргийн албанд татагдан 1989 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр халагдаж ирсэн. 1989 оны 11 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Зайгал бригадад мөн нэгдэл татан буугдаж “Баянбойжир” ХК болоход дахин үргэлжлүүлэн мал маллаж байсан. Иймд намайг 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Баянбойжир” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар,

Завхан аймгийн Баянтэс сумын “Баянбойжир” ХК-д малчнаар 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн Архивын тасгийн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/2094 дугаартай “...Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Зайгал бригадад мал маллаж байсан *******д хөдөлмөрийн хөлсийг он тус бүрийн 70 дугаар дансанд тусгагдсанаар жагсаавал гээд ...1990 онд 2197,0 төгрөг 10 сар, 1991 онд 2804,74 төгрөг 1-12 сар, 1992 онд 3062,0 төгрөг 1-12 сар, 1993 онд 480,0 төгрөг 5 сар...” гэсэн лавлагаа,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...******* ******* эрэгтэй, 1968 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, Баянтэс сумын Зайгал бригадын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчин ажилтай,...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Эхнэр ******* *******, нөхөр ******* *******, Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчин ажилтай, 1992 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрлэсэн, 2005 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкетын хуулбар,

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын “...Баянтэс сумын “Баянбойжир” ХК нь 79235 дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянбоожир ХХК болон бүртгэгдсэн байна...” гэсэн хуулийн этгээдийн лавлагааны хуулбар,

гэрч А.Т “...Би 1981 онд цэргээс халагдаж ирэхэд ******* нь 1984 оноос эхлэн аав ээжийнх нь хамтаар Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багт мал маллаж амьдарч байсан учраас *******ыг аав ээжийнхээ хамтаар мал маллаж байсан талаар сайн мэднэ. ******* 1984-1987 он хүртэл аав Жамсранжав, ээж болох Содномпил нарын хамт Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Зайгал бригадад үхэр маллаж байсан. Тэгээд 1987 оны 06 дугаар сард ******* нь цэрэгт татагдаж 1989 онд халагдаж ирээд дахин Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Зайгал бригадад малчнаар ээж, аавын хамт бог мал маллах болсон. ******* нь зундаа Дугнайн эрэг, Улаан эрэг гэх газруудаар малаа маллаж амьдарч байсан. Тэр үед ******* нь Дэлгэрэх-Амьдралд ажиллаж байгаад мөн Баянбойжир ХК болоход 1993 он хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байгаа. Одоо ч ******* хувийн малаа маллан амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг,

гэрч О.Н “...Би ******* болон аав ээжийнх нь хамтаар Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багт мал маллаж амьдарч байсан учраас *******ы талаар сайн мэднэ. ******* 1984 оноос эхлэн 1987 он хүртэл аав Ж, ээж болох С л нарын хамт Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Зайгал бригадад үхэр маллаж байсан. Тэгээд 1987 оны 06 дугаар сард ******* нь цэрэгт татагдаж 1989 онд халагдаж ирээд дахин Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн Зайгал бригадад малчнаар ээж, аавынхаа хамт бог мал маллаж амьдарч байсан. Тэр үед ******* нь Дэлгэрэх-Амьдралд ажиллаж байгаад мөн Баянбойжир ХК болоход 1993 он хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байгаа. Одоо ч ******* нь Үнэгт гэх газар хувийн малаа маллан амьдарч байна...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгч *******ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О овогт Ж.Ж Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд малчнаар 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл

Завхан аймгийн Баянтэс сумын “Баянбойжир” ХК-д малчнаар 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ