Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 363

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

           улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Б холбогдох 2017 2400 0273 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ..., 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт ...  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н.Б, РД:...

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны орой 18 цагийн үед ... 31 дүгээр хороо Дэнжийн “А” 3 дугаар гудамжны замд Тоёото Витз маркийн ... УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, мөн дүрмийн 2.3. “ Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон,  чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно”, мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Ц мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судлахад:   

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 7-ны орой 18 цагийн үед ... 31 дүгээр хороо Дэнжийн “А” 3 дугаар гудамжны замд Тоёото Витз маркийн ... УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 "Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, мөн дүрмийн 2.3. “ Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон,  чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно”, мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Ц мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт үйлдсэн болох нь:...

- хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл. /хх-4-9/

- хохирогч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...200 метрийн цаана буюу ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй суудлын жижиг саарал автомашин ирж яваа харагдсан. Би тухайн үед тэр автомашиныг хажуугаар явах байх гэж бодоод алхаж байтал шууд араас ирээд миний бөгсөн бие рүү мөргөсөн..баруун хөлийн шагай буюу шилбэ хэсгээр дайраад гарсан. Тэгээд цаана очоод зогссон...надад жолоочийн ар гэрээс нийт 710.000 төгрөг өгсөн. ...цаашид гарах эмчилгээний төлбөрөө иргэний журмаар нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-20-21/, 

- гэрч Б-н Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст эргүүлийн автомашины жолоочоор ажилладаг бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 7-ны ...орой 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Ёлын ам хүнсний дэлгүүрийн гадаа эмэгтэй хүн нөхөртөө зодуулсан гэх дуудлага авч цагдаагийн дэслэгч Б.Д-н хамтаар бүргэд 114 дуудлагатай ... УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодон 31 дүгээр хороо 2 дугаар гудамжаар доош уруудах гээд явж байтал ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй шороон замаар, өөд өөд Витз маркийн ... УБИ улсын дугаартай автомашин ирж байгааг хараад автомашинд зам тавьж өгөхөөр зогсож байтал, өөдөө өгсөж байсан автомашины жолооч замын хажуугаар хүүхдээ хөтлөөд явж байсан эмэгтэйг автомашиныхаа баруун урд талаар мөргөөд зогссон. Бид 2 авто машинаасаа буугаад очтол Витз маркийн ... УБИ улсын дугаартай автомашины жолооч нь хохирогчийн зүүн хөлний шагай хэсгээр нь дайраад гарсан байсан. Би жолоочоос тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэг хоёрыг хурааж аваад, жолоочийг алаг тэрэгний хойно суулгасан... бид 2 жолоочтой уулзахад согтуу байсан болохоор нь шууд алаг машинд суулгасан....Замын хөдөлгөөн сийрэг байсан. Шороон, өөд, зам маш их ухагдсан, овон, товон ихтэй, явган хүний гарц, гэрэл дохио байхгүй, суурингийн доторхи, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ зам байсан...гэх мэдүүлэг /хх-24/

- гэрч Батчулууны Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би ... Цагдаагийн 3 дугаар хэлтэст эргүүлийн офицероор ажилладаг бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр ажил үүргээ гүйцэтгээд байж байтал жижүүрээс 18 цагийн орчим тус дүүргийн 31 дүгээр хороо Ёлын ам хүнсний дэлгүүрийн гадаа эмэгтэй хүн нөхөртөө зодуулсан гэх дуудлага авч, дуудлагын дагуу очиж байтал 31 дүгээр хороо 2 дугаар гудамжаар доош уруудах гээд явж байтал ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй шороон замаар дээш өгсөж байсан Витз маркийн ... УБИ улсын дугаартай автомашины жолооч замын хажуугаар хүүхдээ хөтлөөд явж байсан эмэгтэйг автомашиныхаа урд талаар мөргөөд зогссон. Тэр үед бид хоёр автомашинаасаа бууж ирээд жолоочийг шалгахад согтуу, архи их үнэртэж байсан. Жолоочийг автомашинаас буулгаж цагдаагийн машины хойно суулгасан...гэх мэдүүлэг /хх-26/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4948 дугаартай:...Б.Ц биед тахилзуур ясны хугарал, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шагайн үе, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-33/,

- техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 29587 дугаартай:... Тoyota маркийн Витз загварын мөнгөлөг өнгөтэй ... УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн дугаарын гэрэл, баруун талын ухрахын гэрэл, дуут дохио, баруун толь өөр, 2-р тэнхлэгийн дугуйн тоормос зогсохгүй, өнгө үзэмж, урд их гэрэл стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн номерын гэрэл, баруун талын ухрахын гэрэл, дуут дохио, баруун талын толь өөр байгаа нь ослын өмнө үүссэн учир осолд нөлөөлөх боломжгүй, 2-р тэнхлэгийн дугуйн тоормос зогсохгүй, урд их гэрэл асахгүй байгаа нь осол гарахад нөлөөлөх боломжтой. Хоёрдугаар тэнхлэгийн дугуйн тоормос зогсохгүй байгаа нь зам тээврийн осолд нөлөөлөхийг нарийн тодорхойлох боломжгүй. Toyota маркийн Витз загварын ... УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны ABS системтэй. Хоёрдугаар хэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,8 кН, баруун талдаа 0,7 кН, зөрүү нь 12,5% зогсохгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна...гэх дүгнэлт /хх-38-40/

- Замын цагдаагийн албаны шинжээчийн 192 дугаартай:...Т.Витз маркийн ... УБИ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөа эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаар бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно”, мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн схем зураг, фото зургийн үзүүлэлт дээр Т.Витз маркийн ... УБИ улсын дугаартай автомашины ямар нэгэн тоормосны мөр тусгагдаагүй байх тул хурдыг тодорхойлох боломжгүй. Явган зорчигч Б.Ц Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...гэх дүгнэлт /44-45/,

- шүүгдэгч Н.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...би 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 18 цагийн орчим .... 31 дүгээр дунд Нарангийн гудамжаар гэр лүүгээ харихаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй өөрийн эзэмшлийн Т.Витц маркийн ... УБИ улсын дугаартай автомашиныг жолоодон шороон замаар дээш өгсөж байтал замын баруун гар талд хүүхэд хөтөлсөн эмэгтэй хүн явж байсан. Би хажуугаар нь зөрөх үед өөдөөс нар гялбаад автомашиныхаа нарны хаалтыг буулгах үед тэр хүнийг автомашиныхаа баруун гар талын их гэрэл, буфер хэсгээр мөргөөд тэр хүн газар унах үед нь би автомашиныхаа баруун гар талын хойд дугуйгаар хөлийг шагай хэсгээр гарсан байсан. Хохирогчид эмчилгээнд 710.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-56-60/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Б-г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас  улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нь хохирогч Б.Ц эмчилгээнд 710.000 төгрөг /хх-89/ төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзнэ.

Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.    

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй,  Н.Б-н 317508 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Н.Б-г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний  улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хохирогчоос нэхэмжлэл гаргасан тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.      

 

            5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.  

 

6. Шүүгдэгч Н.Бын 317508 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй. 

 

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

            8. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР